| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 183/2024/03463/И |
| Дугаар | 210/МА2025/00339 |
| Огноо | 2025-02-12 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 210/МА2025/00339
*******ы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2024/03817 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлтэй
Хариуцагч *******т холбогдох
Эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болно, Шүүх шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т шинжээч гэж шүүх шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон тусгай мэдлэг бүхий хүнийг, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-т үнэлгээчин гэж энэ хуулийн 15.1-д заасан үнэлгээ хийх эрх авсан иргэнийг гэж тус тус заажээ. *******нь шинжээчээр ******* ХХК-ийг буюу хуулийн этгээдийг томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан шинжээчийг томилсон гэж үзэхгүй. Шинжээчээр иргэнийг томилох байтал хуулийн этгээдийг томилсон нь төрийн байгууллага, албан тушаалтан Төрийн албаны тухай хуульд заасан хууль дээдлэх зарчмаа баримтлаагүйг харуулж байна. Иймд хууль зөрчиж шинжээчээр ******* ХХК-ийг томилсон учир эрх зүйн чадамжгүй этгээдийн үйлдсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар хандаж байна гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй. Улмаар талуудад үнийн санал ирүүлэх мэдэгдлийг хүргүүлж, төлбөр авагч ******* банк ХК-ийн зүгээс төлбөр төлөгч ******* ирүүлсэн үнийн саналыг зөвшөөрөөгүй тул ******* ХХК-ийг шинжээчээр томилсон. Манай байгууллагын хувьд гэрээ байгуулсан хуулийн этгээдүүдийг шинжээчээр томилдог бөгөөд ******* ХХК-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасанд нийцсэн, үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэжээ.
3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* банк ХК-ийн тайлбарын агуулга:
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Үнэлгээ үндэслэлтэй болсон учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******т холбогдох ******* ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.
5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
Хариуцагч ******* 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 5/146 дүгээр тогтоолоор ******* ХХК-ийг шинжээчээр томилсон байдаг. Хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг үндэслэн шинжээчээр хувь хүнийг томилолгүй хуулийн этгээдийг томилсон нь буруу хэмээн мэтгэлцсэн атал шүүх энэ үйл баримтад үнэлэлт өгөөгүй байна. ******* нь шинжээчээр ******* ХХК-ийг буюу хуулийн этгээдийг томилсныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан шинжээчийг томилсон гэж үзэхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
6.Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт тусгай мэдлэг шаардсан хувь хүнийг гэж заагаагүй этгээдийг гэж заасан, үүнд хувь хүн болон хуулийн этгээдийн аль аль нь хамаарна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж маргажээ. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд хариуцагчийн байр суурийг дэмжиж тайлбар гаргажээ.
3.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2022/02103 дугаар шийдвэрээр *******, ******* нараас 365,068,807 төгрөг гаргуулж *******банк ХК-д олгож, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.
4.******* нь дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулж, барьцаа хөрөнгө болох *******ы өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Маршал таун хотхон, Олимп гудамж, 118 дугаар байр, ******* хаягт байрлах, 135 м.кв талбайтай орон сууцыг 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр битүүмжилж, 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хураасан байна.
5.Төлбөр төлөгч ******* орон сууцыг 880,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч ******* банк ХК эс зөвшөөрч шинжээч томилуулах хүсэлт гаргасан тул шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 5/146 дугаар тогтоолоор шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д заасантай нийцжээ. Уг үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.
Тогтоолд шинжээчээр ******* ХХК-ийн үнэлгээчин *******ийг томилсон байх ба уг ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болно гэж заасныг зөрчөөгүй байна.
Тодруулбал, үнэлгээчин *******д 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 3 жилийн хугацаатай олгосон тусгай зөвшөөрөл үнэлгээний тайланд хавсаргагдсан, мөн үнэлгээг ******* биечлэн гүйцэтгэж, үнэлгээний тайланг баталгаажуулж гарын үсэг зурсан байх бөгөөд шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд үнэлгээчний харьяалагддаг ******* ХХК-ийг тусгасан нь дээрх хуулийн зохицуулалтыг зөрчөөгүй. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиар үнэлгээ хийх эрх авсан иргэнийг үнэлгээчин гэж, хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан компанийг үнэлгээний хуулийн этгээд гэж тус тус тодорхойлсон ба үнэлгээг хөрөнгийн үнэлгээ хийх эрх авсан үнэлгээчин ******* гаргасан тул шинжээч дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
6.Анхан шатны шүүх дээрх үндэслэлээр хариуцагч *******т холбогдуулан гаргасан эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасанд нийцжээ.
7.Харин нийтийн эрх ашгийг хөндсөн хөрөнгийн үнэлгээг үнэлгээний хуулийн этгээдээр гүйцэтгүүлэх үндэслэлийг зохицуулсан Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.2-д заасныг шүүх дүгнэсэн нь маргаанд хамааралгүй тул зөвтгөх шаардлагатай. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт төлбөр авагчийн гомдол гаргах эрхийг зохицуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг зөв баримталсан боловч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдлыг хянан хэлэлцэх хүрээг тогтоосон мөн хуулийн 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэг, түүнчлэн тус маргаанд хамааралгүй зохицуулалт Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.2-д заасныг баримталсан нь буруу тул шийдвэрт зохих өөрчлөлт оруулж залруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Түүнчлэн, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлөхөөр заасан хэдий ч 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар тус хуулийн 7 дугаар зүйлд шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой шүүхэд гаргах гомдолд энэ хуулийн 7.1.2-т заасан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураах тухай 7.1.4 дэх заалтыг нэмж тусгайлан зохицуулсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхгүй. Иймд давж заалдах шатны шүүх гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүргийн хүрээнд шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг залруулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2024/03817 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...122 дугаар зүйлийн 122.4, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.2 гэснийг хасаж, 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Д.ЗОЛЗАЯА