Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 43

 

Н.Аын нэхэмжлэлтэй 
  иргэний хэргийн тухай    

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;
Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 136/ШШ2016/00304 дүгээр шийдвэртэй 
Нэхэмжлэгч: Аын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Мд холбогдох 
Гэрлэлт цуцалж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг 
Хариуцагч А.Мгийн давж заалдсан гомдлыг үндэслэн шүүх 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.А, хариуцагчийн өмгөөлөгч Б.Д,  нарийн бичгийн дарга Б.Баярмаа нар оролцов. 


ТОДОРХОЙЛОХ НЬ:


Нэхэмжлэгч Н.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: А.Мтай гэр бүл болж 2008 оны 11 дүгээр сарын 18-нд гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас охин М.Э 2013.09.12-нд, хүү М.Ж 2009.05.29-нд төрсөн. А.М нь гэр бүл болсноос хойш байнгын гэр орондоо хэрүүл хэл ам гарган, үр хүүхдүүд болон намайг байнгын зодож дарамталж, гэр бүлийн хүчирхийллийг үйлддэг болсон. Энэ талаар аймгийн Цагдаагийн газарт хандан өргөдөл, гомдол гаргадаг боловч Мгийн үгээр намайг буруутган бидний дундах асуудлыг шийдвэрлэж чаддаггүй.  Мгийн гаргаж  байгаа  хүчирхийлэл  нь сүүлдээ арай бүр дэндэж, тэвчиж суухын аргагүй байдалд хүргэсэн. Намайг орой ажлаа тараад ирэхээр л үр хүүхдүүддээ хоол унд хийж өгөөгүй байдаг ба намайг барьж авч зодож, хувцас хунар урж тайлж нүцгэлэх, үсдэж чирэх, хамар амнаас цус гартал цохих зэрэг нь маш олон удаагийн үйлдэл болж байна. Сүүлдээ би тус тусдаа байя, салъя гээд М аавындаа, би хүүхдүүдтэйгээ цуг ээжийнхээ хажууд байж байна. Тэгсэн хэдий ч М нь элдэв ямар нэгэн шалтаг шалтгааныг тоочин үр хүүхдүүдтэйгээ уулзана гэж гэрт ирэх үедээ ч тэр, энд тэнд таарахаараа зодож цохиод надад маш их дарамтыг үзүүлж байна. М нь үр хүүхдүүдээ аав шиг хайрлаж халамжлаад хүний хань шиг байдаггүй. М нь маш их харгис хэрцгий зантай. Хүүхдүүдтэйгээ хойд эцэг шиг харьцдаг. Хүүхдүүдээ маш их зоддог, хүүхдүүд ч маш их айдастай байдаг. Хүүгийнхээ нуруу ууцыг нь хугалах шахам айхавтар зодсон сорви ч бий. Ийм харгис догшин авиртай хүнтэй амьдрах ямар ч боломжгүй. Иймээс Мгаас гэрлэлтээ цуцлуулан, 2 хүүхдээ өөрийн асрамжинд авч,  тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна гэжээ. /хх-1, 129/
Хариуцагч А.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2007 онд Атай танилцан үерхээд 2008.11.18-нд гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас 2009.05.29-нд хүү, 2013.09.13-нд охин минь мэндэлсэн. Би 2010 онд эхнэр Аын дүү Отай хамт гэмт хэрэгт холбогдоод би өөрийн болон Оын хэргийг хүлээн 2 жил 6 сар ял эдлээд 2012.05 сард суллагдсан. Суллагдаж ирээд эхнэр хүүгийн хамт баян тансаг биш ч гэсэн сэтгэл дүүрэн жаргалтай сайхан амьдарсан. Бид хоёрын хооронд үл ойлголцол гарч ялимгүй зүйлээс хоорондоо муудалцах хүү үг дуулахгүй болохор алгадаад авахад л А, хадам ээж Н, Аын дүү нар нь намайг хулгайч, шоронгийн хадаас, ялтан, сэтгэц мэдрэлийн өвчтэй гэх мэтээр байнга доромжлоод байхаар нь би уурлаад би хулгайч ч гэсэн чиний дүүгийн ялыг үүрсэн хүн чанартай хулгайч шүү гээд алгадаад өшиглөөд авахад хамраас нь цус гарсан нь үнэн.  
2016 оны 01 сард бид муудалцаад А гэрээ буулгаж аваад явсан. Би аавындаа ирсэн. Би хэд хэдэн удаа уулзаж уучлалт гуйж 2 хүүхдээ өнчрүүлээд яахав дээ гэхэд миний хүүгийн дэргэд чиний аав чинь хулгайч, шоронгийн хадаас, ялтан, мэдрэл сэтгэцийн өвчтэй, наад тэнэг юмаа аав гэж битгий дууд гэж хэлдэг. Уулзахгүй байхаар утсаар 2 хүүхдэд тийм, ийм юм хэрэгтэй байна, мөнгө олж өг гэдэг, би ээжээсээ 2 хүүхдэд хоол хүнс авах мөнгө байвал өгөөч гэхэд ээж мөнгө байвал харамгүй өгдөг.  Би өөрөө чихний дунд сувгийн мэдрэлийн өвчний улмаас халамжийн группт байдаг. А группийн дэвтрийг барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалан 8 сарыг дуустал 450000 төгрөг авсан байсан. Намайг ер нь энэ чинь хүн гэж хардаггүй. Мөн 2016.05.18-ны орой хүү маань ааваа би таньтай хоноё гэсэн. 5 сарын 19-ний өглөө хүүгээ хүргээд очиход А нь хүмүүсээ хараарай, хулгайч ирлээ, сайн хараарай гэж хашгачаад тэр хавийн хүмүүсийн анхаарлыг татсан. А нь өөрийгөө өрөвдүүлж уйлж хашгачаад хүний анхаарал татаад миний нэр төрийг гутаан доромжилж миний эрхийг зөрчдөг.  Амьдралд тохиолддог санаа нийлэхгүй зүйл дээр ам муруйж хүүгээ үг дуулахгүй, сахилгагүйтээд байхаар нь хэд цохиод авахад л бүх зүйлийг хүндээр тусган авч ээжтэйгээ нийлээд намайг муу муухайгаар хэлж байж л санаа нь амардаг. Гэвч би 2 хүүхдээ бодоод Ааас салахыг хүсэхгүй байна. Сэтгэл дотор минь байнга шаналгаж  байдаг хар муу өдрүүдийн тухай ам нээх бүртээ намайг доромжилдог Ад гомддог ч бидний амьдралын алдаанаас болж 2 хүүхдээ өнчрүүлэхийг хүсэхгүй байна гэжээ. /хх 19-21/
Анхан шатны шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт зааснаар А.М, Н.А нарын гэрлэлтийг цуцалж,
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7 дахь хэсэгт зааснаар хүү М.Ж, охин М.Э нарыг эх Н.Аын асрамжинд үлдээж,
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү М.Ж, охин М.Э нарыг 11 нас хүртэл нь түүний амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг А.Мгаар сар бүр тэжээн  тэтгүүлж, 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Аын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч А.Мгаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Ад олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Мгаас улсын тэмдэгтийн хураамжинд 56420 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж,
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Ц.Чинбаярт даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар шийдвэрийг гардан авах болон давж заалдах гомдол гаргах эрхийг дурдаж шийдвэрлэжээ. /хх 136-138/
Хариуцагч А.М давж заалдсан гомдолдоо: “... нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Гэр бүлийн тухай хуулийн 14.4, ИХШХШТХуулийн 132.4-ийг үндэслэн ...эвлэрэх боломжгүй, гэр бүлийн гишүүний ... амь нас, эрүүл мэнд, ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй...тогтоогдсон гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримт байхгүй байхад шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр нотлох баримтанд үндэслэгдээгүй хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй гэж үзэж байна. Тус гэр бүл 6-7 жил тогтвортой амьдарсан байх ба цаашид хамтран амьдрах хүсэлтээ гаргасаар байтал зохигчийн саналыг үнэлж үзсэнгүй шийдвэрлэсэн. Шүүх хүүхдүүдийг эх Аын асрамжинд үлдээж шийдвэрлэсэн нь эрхэлсэн тодорхой ажилгүй, өөрийн гэсэн орлогогүй хүнд маш хүнд ачаа дарамт үүссэн. Үүнийг хариуцагч би мэдэж байгаа учраас хүү Жийгөө өөрийн асрамжинд үлдээж өгөхийг хүсч цаашид зөв хүмүүжилтэй хүн болж төлөвших бүрэн боломжийн талаар эцэг М, эмээ Н нарын тайлбарыг анхаарч үзсэнгүй зөвхөн Аын хүсэлтээр мэдүүлэг өгсөн гэрч Долгорсүрэн, түүний ээж Н, найз Аззаяа нарын нэг талын гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэл болгосон нь шүүхийн өмнө тэгш эрхтэй байх зарчмыг алдагдуулсан шийдвэр болсон гэж үзэж байна. 
           Хүү Ж нь 5 сараас хойш эцэг Мн асрамжинд байна, тэнд амьдарч байна. охин бол хаяа аавындаа ирдэг, буцаж явах дургүй л байдаг. Манай хадамынх нялх 2 ихэр хүүхэдтэй, юун Ад тус дэм болох бүү хэл өөрсдийгөө яая гэсэн амьдралтай хүмүүс байдаг юм. Энэ байдлыг шүүх харгалзан үзэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Шүүх биднийг эвлэрүүлэх тухай шийдвэр гаргах байх гэж их итгэж байлаа, манай хүүгийн тайлбар, миний хүсэлт, миний өндөр настай ээж, аав нар энэ шийдвэрийг хүлээж байсан юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хүү М.Жийг эцэг Мгийн асрамжид өгөхөөр шийдвэрлүүлэх гомдол гаргаж байна гэжээ. /хх -140/
Нэхэмжлэгч Н.А давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: Миний бие давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа тул дараах тайлбарыг гаргаж байна. М надтай гэр бүл болсноос хойш байнга намайг хэл амаар доромжлон, зодож цохиж үр хүүхдүүд биднийг айлган, дарамталж гэр бүлийн хүчирхийллийг үйлддэг байсан. Би үр хүүхдүүдээ элэг бүтэн байлгахын тулд Мгийн гаргаж байгаа зан авирыг тэсэж тэвчээд явдаг байсан бол энэ удаад арга барагдаад хуулийн байгууллагад хандсан. Эцэст нь би Мд зодуулснаас болж тархи толгойны өвчтэй болж, өөрөө эрүүл мэнд, бие эрхтэн, амь насаараа хохирч ч магадгүй болсон. М намайг ална гээд миний хоолойд хутга тулгаад байж байхад гаднаас хүн орж ирж салгаж шүүх хурлын дараа мөн л зодсон. Миний хувьд Мг зодох болгонд нь Цагдаад дуудлага өгөөд байж чаддаггүй байсан. 2-3 удаа л хандсан. Давж заалдах шатны шүүх хурлын дараа мөн л зодсон. М гэр бүлдээ анхаарал, хайр халамж тавьдаггүй, маш харгис хэрцгий зан авирыг л гаргадаг. Үр хүүхдүүдийнхээ дэргэд хүртэл намайг зодож, зохисгүй хараалын үгийг хэлж хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөх байдал их харагддаг. Ж хараалын зохисгүй үгийг нь сурчихсан хаяа нэг хэлж дуулддаг. Мөн Жийг 2015 онд 1-р ангид орж үсэг үзэж байх үеэр хичээлд нь явуулахгүй тасдуулснаас болж хүүхэд хичээлийн хоцрогдолтой болсон, зуны амралтаар нь багшид явуулахаар төлбөр хөлсийг нь төлчихсөн байхад надтай Жийг булаацалдаад хүүхдээ сургалтанд явуулаагүй. хүүхдийнхээ ирээдүй, эрдэм боловсролд санаа тавьдаггүй, ажил төрөл хийж ар гэрийнхээ амьдралыг авч явъя, дус дэм больё гэсэн бодол байдаггүй, М группийнхээ дэвтэр байнга ломбарданд тавьдаг учир группийн мөнгө гэж авдаггүй. Би өөрөө ажил хийж амьдрал ахуйгаа залгуулж, үр хүүхдээ өсгөн өдийг хүрсэн. Одоогоор би аав, ээжийнхээ барьж өгсөн 5 ханатай гэрт хүүхдүүдтэйгээ хамт амьдарч байгаа, өвөлдөө байр түрээслээд зундаа гэртээ байдаг. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. 


ХЯНАВАЛ: 

Нэхэмжлэгч Н.А нь хариуцагч А.Мд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүү М.Ж, охин М.Э нарыг  өөрийн асрамжинд үлдээж. эцэг А.Мгаар тэжээн тэтгүүлэхээр нэхэмжлэл гаргаж,  харин хариуцагч А.М нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гэрлэлтээ цуцлуулахгүй, хүү М.Жийг өөрийн асрамжинд авна гэж маргажээ.   


Анхан шатны шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт зааснаар А.М, Н.А нарын гэрлэлтийг цуцалж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-д зааснаар хүүхдүүдийг эх Н.Аын асрамжинд үлдээж,  хуулийн 40.1.1, 40.1.2  дахь хэсэгт зааснаар эцэг Б.Мгаар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэжээ.


Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч А.М “... шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ аваагүй, хүүхдийн асрамжийг нотлох баримтанд үндэслэж шийдвэрлээгүй ...” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргасан байна. 


Гомдлыг үндэслэн хэргийг хянан үзэхэд анхан шатны шүүх Гэр бүлийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.


Нэхэмжлэгч Н.А, хариуцагч А.М нар нь 2008 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлэн, гэр бүл бүлж, 2009 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүү М.Ж, 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр охин М.Э нар төрж, тэд таарамжгүй харьцааны улмаас 2015 оны 4 дүгээр сараас тусдаа амьдарч байгаа болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон байх бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй байна. 

 

Харин зохигчид хүүхдийн асрамж болон гэрлэлт цуцлах шалтгааны талаар маргасан байх ба анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар  тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлж, хүүхдүүдийг эхийн асрамжинд үлдээж, эцэг А.Мгаар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ. 


Тодруулбал гэрлэгчдийн таарамжгүй харьцаанаас үүдэлтэй тэдний бие биеэ үл хүндэтгэсэн харьцаа, түүнчлэн хариуцагч А.М нь эхнэр Н.А болон хүү М.Жийн бие эрх чөлөөнд халдаж хүчирхийлэл үзүүлсэн, энэ нь гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй болох нь зохигчдын тайлбар болон гэрч Ш.Должинсүрэн /хх-26/, Ю.Н /хх-29/, М.Энхзаяа /хх-32/ нарын мэдүүлэг, Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын иргэдээс ирүүлсэн гомдол мэдээлэл хүлээн авах дэвтэр /хх-16/ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байх тул шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцалсан нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4-т тус тус нийцжээ. 


Түүнчлэн хариуцагч А.М 2009 оны 05 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү М.Жийг өөрийн асрамжинд авахаар маргасан байх ба хэрэгт цугларсан нотлох баримтаар хүү М.Жийг эх Н.Аын асрамжинд үлдээж болохгүй хуульд харшлах нөхцөл, үндэслэл тогтоогдоогүйн зэрэгцээ анхан шатны шүүх хүүхдүүдийг эх Н.Аын асрамжинд үлдээж шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-д заасныг зөрчөөгүй болно.  

Иймд хариуцагч А.Мгийн гаргасан давж заалдсан гомдол нь үндэслэлгүй тул хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 


Харин анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа нэхэмжлэлийн үнийн дүнг зөв тодорхойлж чадаагүй, улмаар  улсын тэмдэгтийн хураамжийг зөв тооцоогүй, тэтгэлэгийг хүүхэд тус бүрт олгохоор заагаагүй байна. 


Энэ нь Улсын бүртгэл, Статистикийн Ерөнхий газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/106 дугаар тушаалаар Төвийн бүс буюу Дорноговь аймагт амьжиргааны доод түвшингийн хэмжээг 163000 төгрөг байхаар тогтоосон байхад 164300 төгрөгөөр тооцсон, мөн хүүхдүүд 11 насанд хүрээгүй тул нэхэмжлэлийн нийт үнийн дүнг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар тооцвол 1956000 төгрөг /163000х12/ болох ба үүнээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцоогүй хүүхдийн тэтгэлэгийн хэмжээнээс тооцсон нь  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д нийцээгүй тул дээрх үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулав. 
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:


1. Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 136/ШШ2016/00304 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтын “... Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү М.Ж, охин М.Э нарыг ...” гэсний дараа “... тус бүр ...” гэж нэмж, 
5 дахь заалтын “... 56420 ...” гэснийг “... 46246 ...” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.    


2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Мгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 


3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.


4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.  

 

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.БОЛОРМАА

                   ШҮҮГЧИД                                              Х.БАЙГАЛМАА

                                                                                  Н.БАТЧИМЭГ