Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 302

 

       Л.Дашжамц, С.Лхамаажав нарт холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Д.Гансүх, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Нарангаравын өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ,

            ялтан Л.Дашжамц, С.Лхамаажав нарын өмгөөлөгч Г.Баяржаргал,

            нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 76 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Л.Дашжамц, С.Лхамаажав, тэдгээрийн өмгөөлөгч Г.Баяржаргал нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Л.Дашжамц, С.Лхамаажав нарт холбогдох 201624001015 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигон овгийн Лхамаажавын Дашжамц, 1999 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 78 дугаар гудамжны 890 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: УИ99021134/;

2. Боржигон овгийн Сэнгээгийн Лхамаажав, 1972 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 78 дугаар гудамжны 890 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ХЙ72120817/;

Л.Дашжамц нь 2016 оны 11 дүгээр сарын 6-ны орой, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Бэлхийн замд С.Лхамаажавын эзэмшлийн 68-17 УНН улсын дугаартай, “Хьюндай Соната 6” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 а, 2.5.а.б.в-д заасан заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Н.Наранцогийг мөргөж, бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан, мөн дээрх ослыг гаргаад осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан,

С.Лхамаажав нь 2016 оны 11 дүгээр сарын 6-ны орой Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Бэлхийн замд өөрийн эзэмшлийн 68-17 УНН улсын дугаартай, “Хьюндай Соната 6” загварын тээврийн хэрэгслийг Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 б-д заасныг зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд болох Л.Дашжамцад жолоогоо шилжүүлсний улмаас явган зорчигч Н.Наранцогийг мөргөж, бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

Тээврийн прокурорын газраас: Л.Дашжамцын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар, С.Лхамаажавын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Л.Дашжамцыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан, мөн зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, С.Лхамаажавыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсний улмаас хүний бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар Л.Дашжамцыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, С.Лхамаажавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Л.Дашжамцад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ялын зарим болох 6 сарыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Л.Дашжамц, С.Лхамаажав нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Л.Дашжамцаас 540.700 төгрөг, С.Лхамаажаваас 540.700 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Нарангаравт олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж, иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар хохирогч “Бичил глобус” ББСБ-н эзэмшлийн 68-17 УНН улсын дугаартай, “Хьюндай соната 6” загварын автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар Л.Дашжамц, С.Лхамаажав нарт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, шүүгдэгч нарыг цагдан хорьж шийдвэрлэжээ.

Ялтан Л.Дашжамц давж заалдах гомдолдоо: “...Би 2016 оны 11 дүгээр сарын 6-ны орой аавынхаа машиныг жолоодож яваагүй юм. Тэр хүүхдийг мөргөж гэмтээсний дараа аав найзуудтайгаа утсаар ярьж байгаад “хууль мэддэг найзууд хурдан нөгөө газраа очиж хэмжилт хийлгэх юм бол зугтаасан гэж шалгахгүй, мөн чамайг машин барьж явсан гэж хэл гэлээ, насанд хүрээгүй хүүхдэд хөнгөн ял шийтгэл оногдуулдаг юм байна... хэрэв аав нь мөргөснөө хэлэх юм бол шоронд орж магадгүй, аав нь халтуур хийж мөнгө олохгүй бол яаж амьдрах вэ” гэж надаас асуусан. Тэгээд би аавын хэлснийг шууд зөвшөөрсөн. Бас аавын найзуудын хэлсэн үгэнд итгэсэн. Би одоо үнэнээ хэлж байна. Би шорон гэдэг газар маш их айж, өдөр хоногийг түгшин өнгөрөөж байна. Би ямар ч хэрэг хийгээгүй, мөн аав надад одоо үнэнээ хэл гэж зөвшөөрсөн. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.   

 Ялтан С.Лхамаажав давж заалдах гомдолдоо: “...Би бусдаас сонссон үндэслэлгүй заавар зөвлөгөөнөөс болж хүү болон өөрийгөө ялтан болгож байгаадаа маш ихээр гэмшиж байна. Тухайн үед миний хүү насанд хүрээгүй байсан. Хэрэг гардаг өдөр би өөрөө машинаа жолоодож явсан юм. Би 2016 оны 11 дүгээр сарын 5-ны орой машинаа засаж хоноод 1 шил архи уугаад унтсан. Маргааш орой нь Бэлхийн замд нэг хүүхдийг шүргэж унагаасан. Зам гулгаатай, цас орсон байсан учир дороо зогсож чадалгүй 50 метр орчим яваад зогссон. Тэгээд буцаад хүүхэд мөргөсөн газраа ирсэн боловч юм харагдаагүй. Энэ тухайгаа таньдаг хүмүүстээ хэлтэл “хүүгээ машин барьж явсан гэж хэлүүлчих, хүү чинь насанд хүрээгүй учир ял авахгүй” гэсэн. Тэгэхээр нь хүүгээ машин жолоодож явсан гээд хэлчих гэсэн. Би хүүдээ ял шийтгэл хүлээлгэх болсондоо эцэг хүний хувьд маш их эмзэглэж байна. Эхнэр ганцаараа ажил хийдэг бөгөөд би машинаараа халтуур хийж мөнгө олдог байсан. Би шүүхийн шийдвэрээр гарсан мөнгө болон бусад хохирлыг төлж барагдуулсан. Манай амьдрал болон миний хүүгийн ирээдүйг бодож, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж, миний хүүг ялаас чөлөөлж өгнө үү...” гэжээ.

 Ялтан Л.Дашжамц, С.Лхамаажав нарын өмгөөлөгч Г.Баяржаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

1. Л.Дашжамц нь мөрдөн байцаалтын явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруутай эсэхдээ маргаагүй боловч түүний эрх зүйн байдлыг дордуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахдаа Замын цагдаагийн газрын шинжээчийн дүгнэлтийг прокурор яллах дүгнэлтэд бичихдээ дутуу бичиж оруулсан, мөн шүүх дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна. Уг дүгнэлтийн 3-т “явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна... гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй” гэж тодорхой дүгнэсэн байтал яллах тал болон шүүх хэт нэг талыг барьж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасны дагуу давхар зүйлчлэн ял халдаасан нь хуулийг зөрчсөн гэж үзнэ.

            Насанд хүрээгүй гэрч Б.Баасандоржийн мэдүүлэгт “...Наранцог бид хоёр тоглож байгаад Наранцог баруунаас зүүн тийшээ зам хөндлөн гүйхэд хойноос хар өнгийн суудлын автомашин Наранцогийг мөргөж, замын зүүн талд унагаачихаад зогсоогүй урагшаа зугтаагаад явсан...” гэж мэдүүлснээр хохирогч гэнэт зам хөндлөн гүйсэн болох нь давхар нотлогддог. Тээврийн прокурорын газрын хяналтын прокурорууд гарцгүй газраар зам хөндлөн гарч байгаад амь насаа алдсан хүнийг хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсныг өмгөөлөгчийн ажлын практикаас мэдэх юм.

            Насанд хүрээгүй шүүгдэгчид яагаад энэ байдал үйлчлэхгүй байгааг ойлгохгүй байна.

            2. Миний үйлчлүүлэгч нар нь санамсар болгоомжгүйгээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн тэдний хувийн байдал зэргийг харгалзан үзэхийг хүсэж байна. Шийтгэх тогтоолд дурдсан хохирлын үнийн дүн болох 1.085.400 төгрөгийг төлж барагдуулснаас гадна насанд хүрээгүй хохирогчийн хичээл сурлагын хоцрогдлыг арилгах зорилгоор нэмж төлбөр төлсөн байгаа.

  Анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасны дагуу хэт нэг талыг барьж тогтоол гаргасан гэж үзэж байгаа тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү.

Хэрэв хэргийг давж заалдах шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар миний үйлчлүүлэгч нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү..” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хууль ёсны шийдвэр гаргасан гэж үзэж байна. Явган зорчигч Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогддог. Би анх С.Лхамаажавыг автомашиныг жолоодож явсан гэж хардаж байсан. Гэтэл мөрдөн байцаалтын шатанд энэ байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч нар өөрсдөө ослын талаар цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. Гэрч Энхбат машиных нь дугаарыг хараад таньдаг хүн С.Лхамаажав байж магадгүй гээд залгасан. Ингээд С.Лхамаажав буцаж ирсэн. Энэ хооронд бусдаас эрх зүйн туслалцаа авах боломж байгаагүй гэж үзэж байна. Хохирогч, шүүгдэгч нарын хэн хэнийх нь ар гэрийн нөхцөл байдал сайнгүй, шүүгдэгч нар хохирлыг өөрсдийн боломжоороо төлж барагдуулсан. Иймд шүүгдэгч нарт хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Л.Дашжамц нь 2016 оны 11 дүгээр сарын 6-ны орой Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Бэлхийн замд С.Лхамаажавын эзэмшлийн 68-17 УНН улсын дугаартай, “Хьюндай Соната 6” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 а, 2.5 а.б.в-д заасан заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Н.Наранцогийг мөргөж, бие махбодид нь хүнд гэмтэл учруулаад, осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан,

С.Лхамаажав нь 2016 оны 11 дүгээр сарын 6-ны орой Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Бэлхийн замд Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 б-д заасныг зөрчиж, өөрийн эзэмшлийн 68-17 УНН улсын дугаартай, “Хьюндай Соната 6” загварын тээврийн хэрэгслийг жолооны эрхгүй Л.Дашжамцад шилжүүлсний улмаас Л.Дашжамц зам тээврийн осол гаргаж, явган зорчигч Н.Наранцогийг мөргөж бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Насанд хүрээгүй хохирогч Н.Наранцогийн: “...2016 оны 11 дүгээр сарын 6-ны орой Баасандоржийн хамтаар 19 цагийн орчим автобусны буудал орохоор явсан. Тэгээд зам хөндлөн гарахаар болж Баасандорж цаашаа явсан. Гэтэл намайг зам хөндлөн гарах үед миний зүүн гар талаас машин ороод ирсэн. Би тэр машиныг хараад тэр чигээрээ зугтаах гээд шууд замынхаа нөгөө тал руу гүйх үед зам дээр тоормос гишгээд чихрах дуу гараад намайг мөргөсөн. Би мөргүүлээд өнхрөөд замынхаа нөгөө талд гарсан байсан. Баасандорж намайг машинд мөргүүлсний дараа гүйж ирээд босгосон. Мөргөсөн машин ойрхон байсан. Машинаас хүн бууж ирээгүй, тэр чигээрээ хот руу чиглээд зугтаагаад явсан. Над дээр нэг ах машинтайгаа ирээд “ахын дүү чамайг машин мөргөсөн үү” гээд араас нь машинтайгаа явсан. Манай найз намайг үүрээд дэлгүүр оруулаад аав руу утсаар ярьсан...” /хх 16/,

Насанд хүрээгүй гэрч Б.Баасандоржийн: “...Наранцог бид хоёр тоглож байгаад Наранцог баруунаас зүүн тийш зам хөндлөн гүйхэд хойноос хар өнгийн суудлын автомашин Наранцогийг мөргөж замын зүүн талд унагаачихаад зогсоогүй зугтаагаад явсан. Би Наранцогийг үүрээд дэлгүүрт оруулсан...” /хх 38-39/,

Гэрч Г.Энхбатын: “...Би тухайн өдөр ажил үүргээ гүйцэтгэж байсан. Ослын газар яаралтай оч гэсний дагуу очиход автомашинд мөргүүлсэн гэх хүүхэд дэлгүүрт байсан. Би машины дугаараар шүүж үзэхэд Лхамаажав гэж машины эзэмшигч гарахаар нь урд нь надтай хамт ажиллаж байсан миний таньдаг Лхамаажав мөн байж магадгүй гэж бодоод гар утас руу нь залгаад “та Бэлхийн орчим машинтай явж байгаад хүүхэд мөргөсөн үү” гэж асуухад “тийм ээ, ойрхон байна, яваад очих уу” гэхээр нь “хүрээд ир” гэж хэлсэн... Хүүхэд мөргөх үед машиныг Лхамаажавын хүүхэд барьж явсан гэж байсан...” /хх 54/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Наранцогийн биед аарцгийн цагирагын хэлбэр алдагдсан, зүүн талын сүүжний тогооны урд багана доод хэсэгтээ ясны жижиг хэмжээний сэлтэрхий бүхий зөрүүтэй, мөн зүүн талд умдаг ясны доод салаа зөрүү ихтэй хоёрлосон, суудал яс хугарал хооронд зөрүүтэй хугаралтай, хугарлуудын эргэн тойрны булчингуудад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, симфиз үений харьцаа алдагдан, симфиз үений зайгаар зөрүүтэй салалт бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн 1463 дугаар дүгнэлт /хх 59/,

Техникийн шинжээчийн “...68-17 УНН улсын дугаартай, “Хьюндай Соната 6” загварын автомашины жолооч Л.Дашжамц нь Замын хөдөлгөөний дүрмийн “Жолоочийн үүрэг, 2.1 Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна. а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, 2.5 Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог, нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллагад мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 68-17 УНН улсын дугаартай, “Хьюндай Соната 6” загварын автомашины жолооч С.Лхамаажав нь Замын хөдөлгөөний дүрмийн “2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. б/ “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй... хүнд жолоогоо шилжүүлэх” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэсэн 706 дугаар дүгнэлт /хх 69-70/,

насанд хүрээгүй хохирогч Н.Наранцогийн өвчний түүхийн хуулбар /хх 60-67/, Л.Дашжамц нь “жолооны эрхгүй” тухай лавлагаа /хх 97/, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт Л.Дашжамц, С.Лхамаажав нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд /хх 82-90, 170-178/ зэрэг хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхээс Л.Дашжамц, С.Лхамаажав нарт оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл, тэдний хувийн байдал, гэм бурууд тохирсон байх ба шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Ялтан Л.Дашжамц, С.Лхамаажав нараас “...тухайн машиныг С.Лхамаажав унаж яваад осол гаргасан, ослын дараа насанд хүрээгүй хүү Л.Дашжамцаар унуулж явж байсан гэж бид мэдүүлсэн нь худлаа тул үнэн зөв шийдвэрлэж, Л.Дашжамцыг шоронгоос гаргаж өгнө үү” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол тус тус гаргасны дагуу хэргийн материалыг судалж үзэхэд, Л.Дашжамц, С.Лхамаажав нар нь эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнөх тайлбараар, мөрдөн байцаалтын шатанд С.Лхамаажав нь гэрчээр, мөн тэд сэжигтэн, яллагдагчаар, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувиар “автомашиныг Л.Дашжамц жолооодож яваад тухайн ослыг гаргасан” талаараа тус тус тогтвортой мэдүүлж ирсэн ба тэдний давж заалдах гомдолд дурдсан нөхцөл байдал тогтоогдохгүй тул энэ талаар дахин шалгах үндэслэлгүй.  

Ялтан нарын өмгөөлөгч Г.Баяржаргалаас “... хохирогч гарцгүй газраар зам хөндлөн гарсан зохих буруутай нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр хэт нэг талыг барьж, хэргийг шийдвэрлэсэн тул мөрдөн байцаалтад буцааж өгнө үү, хэрэв хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзвэл Л.Дашжамц, С.Лхамаажав нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэсэн өөр утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргаж, түүнийгээ дэмжиж тайлбарлав.   

Хэдийгээр техникийн шинжээч насанд хүрээгүй хохирогч Н.Наранцогийг Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, гарцгүй газраар зам хөндлөн гарсан гэж дүгнэсэн боловч энэ нь хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах үндэслэл болохгүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх зохих дүгнэлт хийсэн байна.  

Харин Л.Дашжамц, С.Лхамаажав нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах явцад бүрэн төлж барагдуулсан, тэдний хувийн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “шүүгдэгч нарт хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгүүлэх” тухай хүсэлт гаргасан зэргийг харгалзан, оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах хугацаа тогтоох боломжтой гэж үзэв.

Иймд ялтны өмгөөлөгч Г.Баяржаргалын давж заалдах гомдлоос “хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү” гэснийг хүлээн авах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.