Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 37

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Амарзаяа даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар  сумын иргэн Э. нарын нэр бүхий 13 иргэний нэхэмжлэлтэй Завхан аймгийн ын газрын Г.д холбогдох 2017 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн Төлбөр хариуцуулж төсвийн орлого болгох тухай 15/15/ЗАН-2017/131/СТА-ТШЗ дугаартай актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С., нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., М., Т., нэхэмжлэгч нарын өмгөөлөгч В., хариуцагч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллагын 2016 оны санхүүгийн тайланд аудит хийгдсэн. Энэхүү аудитаар Засгийн газрын 2012 оны 150 дугаар тогтоолын 1.5 дахь заалтыг зөрчсөн гэж акт тавьсан. Энэ бол үндэслэлгүй юм. Учир нь 150 дугаар тогтоолд 1.5 гэсэн заалт байхгүй. Мөн актын хавсралтаар манай байгууллагын ажилтнуудаас төлбөр нэхэмжилсэн байгаа. Ийнхүү төлбөр нэхэмжилсэн актыг бид нар хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ нь бид нарын эрх ашгийг хөндөж байгаа учраас Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Манай байгууллагын ажилтнууд хууль зөрчөөгүй, Засгийн газрын тогтоол зөрчөөгүй, хууль журмынхаа дагуу хийсэн ажлаа дүгнүүлээд холбогдох нэмэгдлээ авсан байгаа. Байгууллагын дарга, нягтлан бодогч хоёр актын талаар танилцуулсан болохоор мэдээллийг авсан. Харин ын газраас ямар ч мэдээлэл аваагүй. Манай байгууллагын дарга актын талаар тайлбарлахдаа олон удаагийн дарамт шахалт үзүүлсэн болохоор аргагүй байдалд орж гарын үсэг зурсан гэж тайлбарласан. Тиймээс бид нар актыг ерөөсөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Гурван хүний бүрэлдэхүүнтэй ажил дүгнэх комисс гарсан. Ажилтнуудын ажлыг дүгнэхдээ тогтоолын шалгуур үзүүлэлтүүдийг барьсан. Өөрөөр хэлбэл ур чадварын нийтлэг шалгуур үзүүлэлтийг баримтлаад, 90 хувиас дээш үнэлгээ авсан ажилтнуудад ур чадварын нэмэгдлийг олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл Г. манай байгууллагын ажилд гаднаас хэтэрхий их орж, дүгнэж байгаад миний хувьд дургүй байна. Байгууллага болгон тодорхой шалгуур үзүүлэлт гаргаад, амаар болон бичгээр ажлаа тайлагнаад, хууль журмын дагуу дүгнэж урамшуулал олгодог. Манай байгууллагын зарим ажилтнууд бүтээлч ажлаа дутуу хагас дурдсан байх магадлалтай. Тийм учраас манай байгууллагын ажилд хэтэрхий орох шаардлага байхгүй байсан.

Манай байгууллагын тухайд 2016 онд шинэ санаа, бүтээлч ажлыг зорилгоо болгож ажилласан. Тийм учраас манай бүх ажилтнууд сар болгон бүтээлч ажил хийсэн. Энэ ажлын хүрээнд идэвх санаачилгагүй ажилласан хүн ерөөсөө байгаагүй. Тийм ч учраас манай байгууллагын ажлын чанар жилээс жилд сайжирч байгаа. Учир нь манай байгууллагын ажлыг дээд байгууллага дүгнэдэг. Ийнхүү ажлаа дүгнүүлэхдээ бид нар дандаа А үнэлгээ авдаг. Энэ бол манай ажлын амжилт гэж үзэж байна. Иймд актыг хууль бус болохыг тогтоолгоод, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа юм гэв.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Актад Засгийн газрын 150 дугаар тогтоолын 1.5 дахь заалтыг зөрчсөн гэж бичсэн мөртлөө нэхэмжилж байгаа мөнгөн дүн нь ур чадварын нэмэгдлийн 50 хувиар тогтоосон байгаа. Иймд мөнгөн дүн нь зөрүүтэй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжилж байгаа мөнгөн дүн, актад бичигдсэн Засгийн газрын тогтоол зөрүүтэй байгаа тул хүчин төгөлдөр бус акт юм. Ажил дүгнэх комисс ажилтнуудынхаа ажлыг дүгнээд, дүгнэлтээ гаргачихсан байхад дарга нь хянаж үзэлгүйгээр гарын үсэг зурсан гэж хариуцагч хэллээ. Үүнийг хариуцагч яаж мэдээд байгаа юм бол. Тэгэхээр манай байгууллагын үйл ажиллагааг хэтэрхий дорд үзээд байгаа юм шиг санагдаж байна. Мөн манай байгууллагын үйл ажиллагаанд хэтэрхий их оролцоод, бид нарын өмнөөс ажилтнуудын ажлыг дүгнэсэн байгаа нь эгдүүцэлтэй санагдлаа.

Манай байгууллагын ажилтнууд ажлаа дүгнүүлэхдээ сар болгон амаар дүгнүүлдэг. Тэгээд улирал дуусангуут дараагийн сард нь тайлангаа бичиж хавсаргадаг байгаа. Ингэхдээ шинэ санаа гэсэн зүйлүүдийг заримдаа мартаж бичсэн байх магадлалтай. Тийм учраас ийм байдал ажиглагдсан байх гэв.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байгууллагын дарга, нягтлан бодогч хоёр актад гарын үсэг зурсан гэдэг утгаараа нэхэмжлэл гаргаагүй юм шиг байна лээ. Адилхан нэг л байгууллагад ажиллаж байгаа юм чинь бид нарын эрх ашиг зөрчигдөж байгаа. Уг нь хамтдаа шүүхэд нэхэмжлэл гаргая гэж санал тавьсан. Гэтэл байгууллагын дарга, нягтлан бодогч хоёр нь акт дээр гарын үсэг зурсан болохоор шүүхэд нэхэмжлэл гаргаагүй юм шиг байна. Би лаборант хийдэг хүн. Лабораторид орохдоо ганцаараа ороод ажил хийдэггүй. Учир нь лабораторид 2-4 хүн ажиллана гэж заасан байдаг. Тодруулбал лабораторид ажиллахад маш их хортой нянтай ажилладаг байгаа. Ингэж ажиллах явцдаа алдаа гаргах юм бол нийгэм даяар халдвар тараах өндөр эрсдэлтэй нөхцөлд ажилладаг. Ийм учраас лабораторид 2-4 хүн орж ажиллана гээд стандарт, дэглэмд заагаад өгсөн байгаа. Заавал өвчлөл гарахаар хортой нөхцөлд ажиллана гэсэн ойлголт байхгүй. Бид нар өдөр тутам хортой нөхцөлд ажилладаг юм. Тийм ч учраас хүнд, хортой нөхцөлд ажилладаг гээд ажлын цагийг хорогдуулсан байгаа. Лабораторид ямар нэгэн зүйл шинээр санаачлаад хийе гэсэн эрх байхгүй. Яагаад гэвэл чи ингэж ажиллана шүү гээд заагаад өгсөн стандарт байдаг. Үүний дагуу ажиллах ёстой. Мөн цалингийнхаа санд багтааж бид нар ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл цалинд зориулагдсан төсвийг цалиндаа зарцуулдаг байх гэж ойлгож байна гэв.

Нэхэмжлэгч С. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ын актыг бүх хүнд албан ёсоор танилцуулаагүй. Гэтэл байгууллагын дарга, нягтлан бодогч хоёр өөрсдөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. Тиймээс нэхэмжлэгч нар уг актыг хүчингүй болгуулах нэг зорилготой. Засгийн газрын 96 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтанд төрийн үйлчилгээний албан хаагчдад нэмэгдэл олгох нийтлэг журам байгаа. Энэхүү журамд олон заалт байгаа. Энэ олон заалтууд дотроос Г. нь ганцхан заалтыг манай байгууллага дээр баримтлаад байна. Тухайлбал ганцхан гоц авъяастай байх ёстой гэж тайлбарлалаа. Харин энэ журмын 5, 6-т зааснаар үндсэн үйл ажиллагаагаа явуулж байгаа албан тушаалтан нэмэгдэл авахаар байгаа гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус байгууллагын нэр бүхий 15 ажилтанд цалингийн нэмэгдлийг илүү тооцож олгосон. Иймд Засгийн газрын 2012 оны 150 дугаар тогтоолын 1.5-т зааснаар улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг эрүүл мэндийн ажлын гүйцэтгэлийн үр дүнг харгалзан үзэж үндсэн цалингийн 10-15 хувиар олгоно гэсэн заалтыг зөрчсөн гэсэн утгатай 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 15/15/ЗАН-2017/131/СТА-ТШЗ дугаартай актыг гаргажээ. Энэхүү актыг хууль үндэслэл муутай гарсан гэж үзэж байна.

Нэгдүгээрт хууль хэрэглээний алдаа гаргасан байна. Тухайн актыг гаргахдаа хэрэглэвэл зохих хууль, журам зааврыг хэрэглээгүй. Хэрэглэсэн ч гэсэн зөрчилтэйгээр хэрэглэсэн байна. Учир нь Засгийн газрын 2012 оны 150 дугаар тогтоолд 1.5 гэсэн заалт өнөөдөр байхгүй. Энэ заалт нь хавсталтанд заагдсан байдаг. Тэгэхээр хавсралтаар заасан зүйлийг тогтоолын үндэслэл мэтээр тайлбарлаж байна.

Хоёрдугаарт: Хавсралтын нөхцөл байдлыг судалж үзвэл улирлын мөнгөн урамшууллыг эрүүл мэндийн ажлын гүйцэтгэлийн үр дүнг харгалзан үзэж үндсэн цалингийн 10-15 хувиар бодож тооцуулах гэсэн заалт 1.5 дахь хэсэгт байдаггүй. Тийм учраас хууль хэрэглээний алдаа гаргажээ.

Гуравдугаарт: Хариуцагч талаас Засгийн газрын 150 дугаар тогтоолыг хэрэгжүүлээгүй гэж тайлбарладаг. Гэтэл өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон хавтаст хэргээс харахад 150 дугаар тогтоолыг зөрчсөн ямар нэгэн үйлдэл харагдахгүй байна. Энэхүү акт нь өөрөө Төрийн албаны тухай хуулийн 31.2 дахь заалтыг зөрчсөн. Хариуцагч талаас тайлбарлахдаа Засгийн газрын 150 дугаар тогтоолыг зөрчсөн гэж үзээд акт тогтоосон. Гэтэл ажилтнуудын үр дүнгийн урамшууллыг 15 хувиас дээш олгосон зөрчил харагдахгүй байгаа. Хариуцагч талаас ур чадварын нэмэгдлийн талаар тайлбар хийсэн. Гэтэл өнөөдрийн нэхэмжлэл гаргаад байгаа эрх зүйн акт өөрөө ур чадварын нэмэгдэлтэй холбоогүй. Зөвхөн үр дүнгийн урамшуулалтай холбоотой юм. Тиймээс ур чадварын нэмэгдлийн талаарх тайлбарыг үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн давхардуулан нэмэгдэл олгосон талаар асуудал яригддаг. Гэтэл гаргасан акт дээрээ мөнгөн урамшууллыг давхардуулан олгосон талаар дурдаагүй. Иймд давхардуулан олгосон гэдэг асуудал дээр тайлбар тавих шаардлага байхгүй. Ер нь хариуцагч тал бусад салбартай харьцуулж тайлбарлалаа. Гэтэл тухайн байгууллага нь нилээд онцлог үйл ажиллагаа явуулдаг байгаа. Тодруулбал олон нийтийг хамарсан халдварт өвчин гарах, үүнтэй тулж ажилладаг. Тийм ч учраас шалгуур үзүүлэлт гаргаж ур чадварын нэмэгдлийг ажилтнууддаа өгчээ. Энэ нь ямар нэгэн хууль, дүрэм, журам зөрчөөгүй байна.

Засгийн газрын 96 дугаар тогтоолоор төрийн албан хаагчдын ур чадварын нэмэгдлийг олгох талаар зохицуулсан. Энэхүү журамд зааснаар төрийн үйлчилгээний албан хаагчдын ур чадварын нэмэгдлийг олгохдоо үндсэн цалингийн 40 хувиас хэтрэхгүйгээр зааж өгсөн. Зооноз өвчин судлалын төв нь дээрх заалтыг ямар нэгэн байдлаар зөрчсөн асуудал байдаггүй. Тодруулбал ур чадварын нэмэгдлийг 25 хувиар олгосон, харин үр дүнгийн урамшууллыг улирал тутамд 15 хувиар олгосон байна. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Хариуцагч тайлбартаа Засгийн газрын 150 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхдээ 40 хувиас хэтрүүлсэн тухай асуудлыг ярьдаг. Гэтэл дээрх тогтоолд сарын 15 хувь байхаар зааж өгсөн. Нэхэмжлэгч байгууллага нь 150 дугаар тогтоолд заасан хэмжээгээр нэмэгдэл олгосоор байхад акт тогтоосон байдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна гэв.

Хариуцагч Г. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Акт тавьж байх хугацаанд дарга, нягтлан хоёртой нь уулзсан. Зөрчлийн хэмжээ бол 11.8 сая төгрөг байсан юм. Тиймээс тус байгууллага дээр хязгаарлалттай дүгнэлт тавих гэж байсан. Мөн энэ талаар Үндэсний ын газраас зөвлөгөө авсан байгаа. Тухайн үед манай удирдлагын зөвлөл хуралдаад, дүгнэлтээ эерэг өгөх үү? хязгаарлалттай өгөх үү? гэдэг асуудлыг хэлэлцсэн. Ингээд алдаа дутагдлыг барагдуулах боломжтой гэж үзээд акт тавьсан. Түүнээс биш бид нар шууд акт гэж тогтоогоогүй.

2015 онд тус байгууллагын санхүүгийн тайланг шалгахад алдаа зөрчил илэрч байсан. Ийм учраас Зооноз өвчин судлалын төвийн дарга, нягтлан хоёр дээр хариуцлагын арга хэмжээ авагдсан байдаг. Тэгээд энэ жил алдаа зөрчил давтагдсан болохоор ажлаасаа халагдах магадлалтай. Тийм учраас бид нар актын төлбөрийг бие дааж барагдуулна гээд актыг баталгаажуулсан. ын газрын зүгээс хүчээр гарын үсэг зуруулаагүй.

Акт, төлбөр зөрчлийн жагсаалтыг байгууллагынхаа ажилтнуудад танилцуул гээд нягтланд нь өгөөд явуулсан. Тэр үед дарга нь Улаанбаатар хотод байсан. Нягтлан нь манай ажилтнууд энэ актыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин манай дарга хүлээн зөвшөөрч байна гэж хэлсэн. Ийм учраас тус байгууллагын дарга луу нь утсаар ярихад би энэ актын төлбөрийг бүрэн барагдуулна гэж ярьсан. Тиймээс энэ актын төлбөрийг байгууллагын дарга, нягтлан хоёр нь бүрэн барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн. Ийнхүү актыг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр эерэг дүгнэлт авсан байгаа. Тус байгууллагын удирдлагууд нь буруу шийдвэр гаргасан болохоор буруутай хүмүүст л актаа тавьсан. Төлбөр зөрчлийн жагсаалтыг яагаад хийх болсон бэ? гэхээр тус байгууллагын дарга нь би ганцаараа аваагүй юм, энэхүү ур чадварын нэмэгдлийг манайхан бүгдээрээ авсан, тиймээс энэ төлбөрийг өөрөө барагдуулж төлүүлнэ гэж хэлсэн. Иймд төлбөр зөрчлийн жагсаалтыг гаргасан. Энэхүү актыг тус байгууллагын дарга нь өөрөө хүлээн зөвшөөрсөн. Түүнээс биш манайхаас хүчээр хүлээн зөвшөөрүүлсэн асуудал байхгүй. Тэр хуулийн заалтын талаар тайлбар өгөхөд тухайн үед ажил ихтэй байсан болохоор тийм алдаа гаргасан байна лээ.

Ер нь бол Засгийн газрын 150, 96 дугаар тогтоол давхардсан гэдэг үндэслэлээр акт тавьсан юм. Эрүүл мэндийн салбарын бүх хүмүүс 150 дугаар тогтоолын дагуу нэмэгдэл авдаг. Үүнийг миний бие хүлээн зөвшөөрч байгаа. Гэтэл дээрх нэмэгдлийг авсныхаа хажуугаар, ур чадварын нэмэгдлийг хавтгайруулан авсан. Засгийн газрын 150 дугаар тогтоол дээр хоёр гол үзүүлэлт байдаг. Үүнд шинэ санаачилга, бүтээлч ажил гэсэн хоёр зүйл ордог. Тэгэхээр Зооноз өвчин судлалын төвийн ажилтнуудын тайланг аваад үзэхээр дээрх хоёр ажлыг хийгээгүй байсан. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч дотор ажил дүгнэсэн гурван хүн өөрсдөө байж байна. Гэтэл байгууллагын дарга нь ажил дүгнэсэн хүмүүсийн дүгнэлтийг хяналгүйгээр, ур чадварын нэмэгдэл олгосон байдаг. Ийнхүү ажилтнуудын ажлыг дүгнэхдээ дандаа А үнэлгээ өгсөн байна лээ. Өөрөөр хэлбэл бүтээлч ажил нь ажилтнуудын ажлын тайлангаас харагддаггүй. Би шүүхэд тайлбар өгөхдөө дахиж ажил дүгнэсэн материалыг авч үзсэн. Засгийн газрын 150 дугаар тогтоол дээр шинэ санаачилга, бүтээлч ажил байхад, ур чадварыг дүгнээд байгаа үзүүлэлтүүд нь хоорондоо давхардсан байдаг. Тухайн хүн ажлын байран дээрээ шинээр юу санаачилж хийсэн нь тодорхойгүй байсан учраас актыг тавьсан.

Засгийн газрын 96 дугаар тогтоолд зааснаар ур чадварын нэмэгдлийн доод хязгаар 10 хувь байх ёстой байдаг. Энэхүү нэмэгдлийг гоц авъяастай, ажлын өндөр бүтээмжтэй, шинэ арга технологи нээсэн ажилтанд олгохоор заасан. Тус байгууллага нь дээр дурдсан шаардлагыг хангасан ажилтанд нэмэгдэл өгчихсөн бол хүлээн зөвшөөрөх байсан. Гэтэл тус байгууллагын ажилтнууд бүгдээрээ ур чадварын нэмэгдэл авсан байгаа. Зөвхөн шинэ ажилд ороод нэг жил болсон хүмүүс л нэмэгдэл аваагүй, бусад ажилтнууд бүгдээрээ авсан байна лээ. Яагаад нэг жил ажилласан хүмүүс нэмэгдэл аваагүй юм бэ? гээд даргаас нь асуухад нэг жил ажилласан хүн бол туршлага муутай, бусад бүх хүмүүс ажлын туршлагатай гэж тайлбарладаг. Гэтэл бодит байдал дээр нэмэгдэл авсан ажилтнууд нь гоц авъяастай, шинэ арга технологи нээж ажилласан хүмүүс байдаггүй.

ын байгууллага бол хөндлөнгийн хяналтын байгууллага юм. Тэгэхээр санхүүгийн тайланд байгаа мөнгөн зардлууд нь баримтаар нотлогдож байх ёстой. Ийм учраас ажилтнуудын тайланг аваад харахад учир дутагдалтай зүйлүүд зөндөө байсан. Гэхдээ бүх хүмүүсийн тайланг үгүйсгээгүй. Байгууллагын бүх ажилтнууд 90 хувиас дээш үнэлгээтэй байна гэдэг бол амьдрал дээр ховор байдаг. Хэрвээ ажилтнуудынхаа ажлын тайланг үнэн зөв дүгнэсэн байсан бол хүлээн зөвшөөрөх байлаа. Яагаад Засгийн газрын 150 дугаар тогтоолыг баримтлаад байгаа юм бэ? гэхээр нэг хүний хийсэн улирлын тайланг хоёр янзаар дүгнээд, нэмэгдэл олгосон байдаг. Өөрөөр хэлбэл нэг тайлангаар л ур чадварын нэмэгдэл, үр дүнгийн урамшуулал олгосон байдаг. Тэгэхээр улиралд авах ёстой үр дүнгийн урамшуулал 45 хувь байх ёстой. Гэтэл ур чадварын нэмэгдэлтэйгээ нийлээд 75 хувь болсон байдаг. Ийнхүү давхардаад байгаа учраас акт тавих үндэслэл болсон.

Тус байгууллагын даргын дарамталсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь акт тавихаасаа өмнө даргыг нь дуудаад ийм алдаа зөрчил байна. ганцхан ур чадвар биш, томилолтын мөнгөн дээр зөрчил илэрсэн. Тус байгууллагын ажилтнууд бүгдээрээ ур чадварын нэмэгдэл аваад байгаа мөртлөө томилолтын мөнгөөрөө хохирсон байдаг. Учир нь ажилтнууд хөдөө яваад байхад томилолтын мөнгө олгоогүй байсан. Тэгэхээр тус байгууллага нь зөв баримтаа бүрдүүлээд өгчихсөн байсан бол хүлээн зөвшөөрөх байсан. Бид нар тус байгууллагын үйл ажиллагааг сайжруулахын тулд хөндлөнгийн хяналт хийж байгаа. Тус байгууллага нь цалингийн сангаас 12 сая төгрөгийг хэмнэчихээд, ур чадварын нэмэгдэл гэж бөөнөөр олгосон байдаг. Тэгсэн мөртлөө байгууллагын бусад зардал нь маш бага төлөвлөгдсөн. Ингээд ажлаа явуулах гэхээр зардал нь хүрэхгүй байдаг. Тэгсэн мөртлөө цалингийн сан нь маш их төлөвлөгдсөн. Эдгээр зөрчлүүдийг арилгах гэж акт тавьсан.

Хэрвээ та бүхэн ур чадварын нэмэгдэл авахаар байсан бол 150 дугаар тогтоолоос арай өөр үзүүлэлтээр авах байсан. Тэгээд энэ байдлаа нотолсон бол хүлээн зөвшөөрч болох байлаа. Жишээ нь гэдэг хүн ажлын байрны тодорхойлолтонд заасан нэг л ажил хийдэг. Тэгсэн мөртлөө шинийг санаачилсан ажил нь тодорхойгүй байхад үр дүнгийн урамшууллаа ч авдаг, ур чадварын нэмэгдэлээ ч авсан байгаа. Ийнхүү нэмэгдлийг давхардуулан авсан учраас акт тавигдсан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э. нарын нэр бүхий 13 иргэн нь Завхан аймгийн ын газрын Г.гийн гаргасан 2017 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн Төлбөр хариуцуулж төсвийн орлого болгох тухай 15/15/ЗАН-2017/131/СТА-ТШЗ дугаартай актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан хууль зүйн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Завхан аймгийн ын газрын 2017 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн Төлбөр хариуцуулж төсвийн орлого болгох тухай 15/15/ЗАН-2017/131/СТА-ТШЗ дугаартай актаар Зоонозын өвчин судлалын төвийн 2016 оны санхүүгийн тайланг баталгаажуулахаудит хийж, ажилчдад ур чадварын нэмэгдэл олгосон нь Засгийн газрын 2012 оны 150 дугаар тогтоолын 1.5 дахь заалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр 5892624 төгрөгийг төрийн сангийн дансанд төвлөрүүлэхийг Зоонозын өвчин судлалын төвийн дарга, нягтлан бодогч нарт хариуцуулсан байна.

Нэхэмжлэгч нар ын газар нь Засгийн газрын 2012 оны 150 дугаар тогтоолын 1.5-д заасан заалтыг үндэслэн акт тогтоосон нь төлбөр, зөрчлийн жагсаалттай зөрчилдсөн, манай байгууллагын дотоод үйл ажиллагаанд хэт оролцож байгууллагын ажилчдын хийсэн ажлыг дүгнэн шүүхэд тайлбар гаргаж байгаа нь буруу хэмээн маргаан үүсгэжээ.

Хариуцагч болох Г. нь гаргасан актынхаа үндэслэлийг тайлбарлаж чадахгүй байна. Тэрээр шүүхэд ирүүлсэн тайлбартаа ур чадварын нэмэгдлийг хавтгайруулан олгосон нь үндэслэлгүй байсан гэж тайлбарлаж байсан боловч шүүх хуралдаан дээр ур чадварын нэмэгдэл, үр дүнгийн урамшууллыг давхардуулан авсан, энэ нь Засгийн газрын 150 дугаар тогтоолд заасан хэмжээнээс хэтэрсэн гэх мэтээр зөрүүтэй тайлбарыг өгсөн байна.

Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 28.2.4-т зааснаар үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд цалин хөлс нь албан тушаалын цалин болон докторын, мэргэшлийн зэрэг, цол, ур чадварын нэмэгдэл, бусад нэмэгдлээс, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас тус тус бүрдэхээр байна. Ийнхүү хуулиар ур чадварын нэмэгдэл, шагнал урамшууллыг давхар авч болохоор зохицуулсан байх тул хариуцагчийн ...ур чадварын нэмэгдэл, үр дүнгийн урамшууллыг давхар олгосон гэсэн тайлбар үндэслэлгүй байна. Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.9-т Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн нэмэгдэл, бусад нэмэгдэл хөлсний доод хэмжээг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэсний дагуу Монгол улсын Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар Эрхэлсэн ажлаа мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэдэг буюу бусдаас илүү дэвшилтэт арга барилаар ажиллаж өндөр амжилт гаргасан, эсвэл гоц авьяастай ажилтанд ур чадварын нэмэгдэл олгох-оор, ур чадварын нэмэгдлийн доод хэмжээ нь тухайн албан хаагчийн албан тушаалын сарын цалингийн 10 хувь байхаар тогтоосон байна. Завхан аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн ажилчдын 2016 оны 01-12 дугаар сарын цалингийн хүснэгтээс харахад /хавтаст хэргийн 191-209р хуудас/ нэхэмжлэгч Д. сар бүр үндсэн цалингийн 10 хувиар, нэхэмжлэгч С.******* сар бүр 15 хувиар, нэхэмжлэгч Т. сар бүр 20 хувиар, Б.******* сар бүр 10 хувиар, нэхэмжлэгч Э. сар бүр 10 хувиар, нэхэмжлэгч С. сар бүр 15 хувиар, нэхэмжлэгч Г. сар бүр 10 хувиар, нэхэмжлэгч М. сар бүр 15 хувиар, нэхэмжлэгч Ш.******* 1-9 саруудад 25 хувиар, 10-12 саруудад 10 хувиар, нэхэмжлэгч Ш.******* сар бүр 10 хувиар, нэхэмжлэгч П.******* сар бүр 10 хувиар, нэхэмжлэгч Г.******* сар бүр 10 хувиар, нэхэмжлэгч Л.******* сар бүр 10 хувиар тус тус ур чадварын нэмэгдлийг авсан байна. Завхан аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 08 дугаар тушаалын хавсралтаар /хавтаст хэргийн 71, 75р хуудас/ ур чадварыг дүгнэх шалгуур үзүүлэлтийг баталж, уг үзүүлэлтийн дагуу ажилтнуудын ур чадварыг дүгнэж, нэмэгдлийг олгосон байна. Нэгэнт ажилтнуудын ур чадварыг тусгай үзүүлэлтээр дүгнэж, ур чадварын нэмэгдэл олгох талаар зооноз өвчин судлалын төвийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/01 /хавтаст хэргийн 88р хуудас/, 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/10 /хавтаст хэргийн 91р хуудас/, 2016 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн А/15 /хавтаст хэргийн 94р хуудас/, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/17 /хавтаст хэргийн 97р хуудас/, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/18 /хавтаст хэргийн 100р хуудас/ дугаар тушаалуудаар шийдвэрлэсэн байх тул ...бид нарын ажлыг үгүйсгэж, манай байгууллагын дотоод үйл ажиллагаанд хэтэрхий оролцсон гэх нэхэмжлэгч нарын тайлбар үндэслэлтэй байна.

Хариуцагч Г. актыг үйлдэхдээ нэхэмжлэгч тус бүрийн 2016 онд авсан дээрх ур чадварын нэмэгдлийн 50 хувиар төлбөр тогтоожээ. Тэрээр актынхаа үндэслэлийг тайлбарлахдаа ур чадварын нэмэгдэл, үр дүнгийн урамшуулал хоёрыг давхардуулан авсан нь Засгийн газрын 150 дугаар тогтоолын 1.5-д заасныг зөрчсөн, улиралд авах ёстой үр дүнгийн урамшуулал 45 хувь байх ёстой. Гэтэл ур чадварын нэмэгдэлтэйгээ нийлээд 75 хувь болсон гэжээ. Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 05 дугаар сарын 02-ний өдрийн 150 дугаар тогтоолын хавсралтын 1.5-д Улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшлыг эрүүл мэндийн ажилтны ажлын үр дүн, гүйцэтгэлийг харгалзан үндсэн цалингийн 10-15 хувиар сар бүр тооцож, улирал тутам олгоно гэж эрүүл мэндийн ажилтны үйл ажиллагааны үр дүн мэргэжлийг нь үнэлж, дүгнэсний дараа мөнгөн урамшил олгох нөхцөл болзол, хэмжээ хязгаарыг тогтоож өгсөн, ингэхдээ мөнгөн урамшууллыг улиралд эрүүл мэндийн ажилтны албан тушаалын (үндсэн) цалингийн 45 хүртэл хувиар бодохоор тогтоожээ. Нэхэмжлэгч нарт үр дүнгийн мөнгөн урамшуулал олгосныг хариуцагч буруутгаагүй, мөнгөн урамшууллын дүнд төлбөр тогтоогоогүй тул шүүх энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй байна.

Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 96 дугаар тогтоолын 3-т Төрийн албан хаагчид нэмэгдэл олгох бүх төрлийн нэмэгдлийн нийт хэмжээ нь:-төрийн үйлчилгээний албаны албан хаагчийн хувьд түүний албан тушаалын сарын цалин, нэмэгдэл хөлсний дүнгийн тус тус 40 хувиас хэтрэхгүй байхаар тогтоосон байна. Гэтэл хариуцагч нь актыг үйлдэхдээ зөвхөн ур чадварын нэмэгдлийн 50 хувиар төлбөр тогтоосон, төлбөр зөрчлийн жагсаалт нь актын үндэслэлээс зөрүүтэй байх тул хариуцагчийн гаргасан маргаан бүхий 15/15/ЗАН-2017/131/СТА-ТШЗ дугаартай актыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Актын хавсралт болох төлбөрийн жагсаалтаар /хавтаст хэргийн 11-р хуудас/ нэхэмжлэгч нарт төлбөр тогтоосон, уг төлбөрийг нэхэмжлэгч нараар төлүүлэхээр шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч нар нь тус актын талаар маргах эрхтэй байна. Харин Зоонозын өвчин судлалын төвийн дарга Г.*******, нягтлан бодогч Д.******* нар нь уг актын талаар маргаагүй, нэхэмжлэгч нарт итгэмжлэл олгоогүй байх тул тэдэнд холбогдох 1626767 төгрөгний төлбөрийн талаар нэхэмжлэгч нар нэхэмжлэл гаргах эрхгүй байна. Иймд дээрх 1626767 төгрөгний төлбөрийг актын төлбөрөөс хасч үлдэх хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1, 107 дугаар зүйлийн 107.5дахь заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.4, 28.9, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Төрийн аудитын тухай 15 дугаар зүйлийн 15.2.1-д заасныг тус тус баримтлан Үндэсний ын газрын харьяа Завхан аймгийн ын газрын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 15/15/ЗАН-2017/131/СТА-ТШЗ дугаартай акт болон түүний хавсралт болох төлбөрийн жагсаалтаас Д., С.*******, Т., Б.*******, Э., С., Г., М., Ш.*******, Ш.*******, Т.*******, Г.*******, Л.******* нарт холбогдох 4265857 төгрөгний төлбөр бүхий хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаас 1626767 төгрөгний төлбөрийг хүчингүй болгох хэсгийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтланнэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Үндэсний ын газрын харьяа Завхан аймгийн ын газраас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА