Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 838

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 184/ШШ2016/00838

 

 

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2 дүгаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 26 дугаар байрны 31 тоотод оршин суух Боржигин овогт Пагмын Оюунжаргал/РД-ЧЖ65093068/-ын,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, Баруун баян уулын 14 дүгээр гудамж, 33а тоотод оршин суух Боржигон овогт Дашзэгвийн Мөнхдэлгэр/РД-ЧН66083165/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 4.161.980 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, мөн сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Оюунжаргал, түүний өмгөөлөгч Х.Цэцэгхорлоо/ШТЭҮ-0176/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Борхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Хишигсүрэн нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч П.Оюунжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Мөнхдэлгэр нь миний дотно найз, бид хоёр 10 жилд хамт сурч байсан болохоор би итгэж түүнд бага багаар мөнгө зээлдүүлдэг байсан. 3ээлдүүлэхдээ ч ямар нэгэн хуулийн дагуу баримт бичиг бичихгүй тэмдэглэлийн дэвтэрт бичээд л өгдөг. Анх 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Д.Мөнхдэлгэр нь надруу утсаар ярьж чи миний дотны найз учраас чамаас өөр намайг ойлгох хүн алга гэж хэлээд Н.Энхтуяад өртэй юмаа, чи Н.Энхтуяагийн данс руу 350.000 төгрөг шилжүүлээд өгөөч гэхээр нь шилжүүлсэн, мөн 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Д.Мөнхдэлгэрийн гуйлтаар дахин Н.Энхтуяагийн данс руу 350.000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс хойш буюу 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 15 удаа Д.Мөнхдэлгэрийн, 2 удаа Н.Энхтуяагийн данс руу нийт 1.895.000 төгрөгийг шилжүүлсэн боловч нэг ч төгрөг буцааж өгөөгүй. 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 650.000 төгрөг, 5%-ийн хүүтэй зээлийн гэрээ хийж авсан. Мөн 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Д.Мөнхдэлгэр мөн л 1000 доллар зээлсэн. Үүнийг 3%-ийн хүүтэй гэж зээлсэн гэрээ хийсэн боловч бас л өгөөгүй. Найз маань намайг үнэхээр хуурч, итгэл алдаж хохироосон учир шүүхэд хандаж байна. Энэ хугацаанд олон удаа уулзаж утсаар ярьсан боловч удахгүй өгнө гэдэг. Сүүлийн үед утсаа авахаа больсон. Д.Мөнхдэлгэр нь ганц өөрөө ч биш охин н.Мөнгөнсувддаа ч надаас мөнгө зээлж авч өгч байсан маргаан 2015 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр шүүхээр шийдвэрлэгдэж байсан. 2013 онд ам.доллар 1616,98 төгрөг байсан тухайн ханшаар үнэлэхэд 1.616.980 төгрөг болно. Иймд Д.Мөнхдэлгэрээс 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 650.000 төгрөг, 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1000 ам.доллар/1.616.980 төгрөг/, дансаар шилжүүлсэн 1.895.000 төгрөг, нийт 4.161.980 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагч Д.Мөнхдэлгэр хариу тайлбартаа манайд ирж хоол унд хийж гэрийн ажилд нь тусалдаг учраас надад бага багаар мөнгө шилжүүлдэг байсан гэж үндэслэлгүй худлаа зүйл бичсэн байна лээ. Би ажилгүй гэртээ суудаг учраас тэр хүнээр гэрийнхээ ажлыг хийлгэх ямар ч шаардлага байхгүй. 2011 онд манай байрны 40 метр квадрат байранд обой нааж өгсөн. Тэр үед би бэлнээр 40.000 төгрөг өгөөд явуулж байсан. Ингээд би түүнд 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 30.000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 30.000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 05-ны өдөр 60.000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 150.000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр 50.000 төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 25.000 төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 25.000 төгрөг, 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 50.000 төгрөг, 2014 оны 1 дүгээр сарын 24-ны өдөр 50.000 төгрөг, 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 50.000 төгрөг, 2014 оны 2 сарын 07-ны өдөр 30.000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 495.000 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 100.000 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 20.000 төгрөг, 2013 оны 7 сарын 25-ны өдөр 30.000 төгрөг тус тус түүнд шилжүүлсэн, харин 2013 оны 2 сарын 04-ны өдөр 350.000 төгрөг, 2012 оны 12 сарын 18-ны өдөр 350.000 төгрөгийг Д.Мөнхдэлгэрийн гуйлтаар Н.Энхтуяагийн данс руу 700.000 төгрөг шилжүүлсэн. Эдгээр мөнгийг түүний данс руу шилжүүлдэг байсан. Бусдыг нь Д.Мөнхдэлгэрийн дансруу шилжүүлж байсан. Тухайн үед хоёулаа гэрээ байгуулья гэхээр дараа гэрээ байгуулья чи найздаа итгэ гэж хэлдэг байсан.

Мөн 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 1000 ам.долларын гэрээ хийж, 2 хувийн хүү тооцохоор тохиролцсон боловч би хүү алданги тооцоогүй. 2015 оны 2 дугаар сарын 05-ны өдөр 650.000 төгрөгийн зээлийн гэрээнүүдийг л байгуулсан.

Би хүү, алданги тооцоогүй зөвхөн түүнд өгсөн мөнгөө л нэхэмжилж байгаа. Энэ зээлийн гэрээнүүд зээлсэн мөнгүүд бол түүний охин н.Мөнгөнсувдад зээлсэн зээлийн гэрээ зээлийн асуудалтай огт хамаагүй, Д.Мөнхдэлгэр бид хоёрын хоорондын зээлийн асуудал юм. Өнөөдөр Д.Мөнхдэлгэр өөрөө ирсэн бол түүний төлөөлөгчийн ярьж байгаа шиг үндэслэлгүй худлаа зүйлийг ярихгүй байх гэж бодож байна. Миний ээжийн газарт очихдоо би түүний машинд 40.000 төгрөг бензин хийж өгч байсан. Энэ асуудал зээлийн маргаантай ямар ч хамаагүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар бүгд худлаа гэдгийг хэлмээр байна гэв.

Хариуцагч Д.Мөнхдэлгэр шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Борхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Мөнхдэлгэр би П.Оюунжаргалын надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад эс зөвшөөрч тайлбар гаргаж байна. Учир нь П.Оюунжаргал бид хоёр найз нөхдийн харилцаатай байсан нь үнэн бөгөөд П.Оюунжаргалын гуйлтаар гэрийнх нь ажилд туслах болон хоол унд бэлдэж өгөхөд зориулж миний данс руу бага хэмжээгээр мөнгө шилжүүлдэг байсан ба П.Оюунжаргалын ээжийн нь газар луу цуг явах гэх мэтчилэн ийш тийшээ хамт явах, хоол ундны мөнгө, гэр орны засварын мөнгө гэх мэтчилэн мөнгийг надад өгч байсан түүнээс миний бие П.Оюунжаргалаас зээлж авсан юм байхгүй. Иймд П.Оюунжаргалын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм бэ гэхээр энэ асуудал 2015 оноос 2016 он дамжиж 2 шатны шүүхээр хянагдаж шийдвэрлэгдсэн хэрэг байгаа. Уг хэрэг нь Д.Мөнхдэлгэрийн охин н.Мөнгөнсувдад холбогдуулан П.Оюунжаргалаас зээлийн гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргасан байдаг. Тэр үед Д.Мөнхдэлгэр, П.Оюунжаргал нарын хооронд зээлийн асуудал байсан. Тухайн зээлийн тооцоогоо нэгтгэж энэ хэрэг дээр байгаа бүх зээлийн тооцоо, баримтыг оруулаад 10 гаруй сая төгрөг нэхэмжлээд анхан шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүхээс н.Мөнгөнсувдаас 2 сая гаруй төгрөг гаргуулахаар болж зээлийн маргаан дууссан. Гэтэл тухайн хэрэгт байсан хоёр зээлийн гэрээг устгалгүй авч үлдчихээд дахин нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.Мөнхдэлгэр тухайн үед зоогийн газар ажиллуулж байсан бөгөөд ийм хоол хийж өг, хоолны материал аваад өг гээд бага багаар мөнгө шилжүүлдэг байсан. Мөн ээжийнхээ газарт дагуулж хамт явчихаад мөнгө төгрөг өгдөг байсан. Талуудын хооронд мөнгө өгсөн авсан гэдэг нь баримтаар тогтоогдож байгаа. Гэхдээ тухайн мөнгийг зээлээр өгсөн гэдэг талаар ямар ч баримт байхгүй. 2015 оны зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан. 1000 ам.долларын зээлийн гэрээний асуудал н.Мөнгөнсувдын нэхэмжлэлийн шаардлагад орчихсон, төлөгдсөн мөнгө учраас шүүх энэ байдлыг харгалзан үзэж шүүх зөв шийдвэр гаргана гэж бодож байна. Мөн шүүхэд хуурамч нотлох баримт бүрдүүлж өгсөн гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгүүлж шалгуулах бүрэн үндэслэлтэй маргаан гэдгийг хэлмээр байна. Энэ талаар холбогдох газарт нь хандана гэж бодож байна. Нэхэмжлэгч цувуулж өгсөн мөнгөө зээлээр өгсөн гэж үзээд байгаа бол Иргэний хуулийн 281.1-д заасан шаардлагыг хангахгүй байна. Мөн н.Мөнхтуяагийн нөхөр гэж хүн байгаа энэ хүн энэ хэрэгт ямар ч хамаагүй. Тухайн хоёр гэрээг зээлийн гэрээ гэж үзэж байгаа бол нэг гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дуусчихсан байгаа. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй учраас хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй. Иймд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг бодитой шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Цэцэгхорлоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах гэж байсан н.Энхтуяа эмнэлэгт хэвтэж байгаа бөгөөд Д.Мөнхдэлгэрийн өмнөөс П.Оюунжаргалаас 700.000 төгрөг авсан нь үнэн гэсэн тайлбараа бичээд нотариатаар баталгаажуулаад өгсөн тул гэрч асуулгах хүсэлтээсээ татгалзаж байна. Би П.Оюунжаргалын нэхэмжлэлтэй н.Мөнгөнсувдад холбогдох хэргийн давж заалдах шатны шүүхэд өмгөөлөгчөөр оролцож байсан. Өнөөдөр н.Мөнгөнсувдын зээлийн маргаантай холбоотой асуудлыг огт яриагүй, нэхэмжлээгүй. Зээлийн гэрээний дагуу Д.Мөнхдэлгэрт өгсөн мөнгө, түүний данс руу шилжүүлсэн мөнгөний асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд нэхэмжлэл гаргасан. Тэгэхээр н.Мөнгөнсувдын асуудлыг өнөөдрийн хурал дээр ярих ямар ч шаардлага байхгүй, тухайн асуудал давж заалдах шатны шүүх дээр шийдвэрлэгдсэн. П.Оюунжаргалаас Д.Мөнхдэлгэрийн данс руу бэлнээр хийсэн мөнгөний баримтаар уг асуудал шийдвэрлэгдэх ёстой гэж бодож байна. Хариуцагчийн төлөөлөгч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж яриад байна. 2012 оны 12 сарын 18-ны өдөр Н.Энхтуяа гэдэг хүний өрийг П.Оюунжаргал гэдэг хүн төлж барагдуулсан учраас Д.Мөнхдэлгэрээс мөнгө нэхэмжлэх эрх нь нээгдсэн. Н.Энхтуяа өгсөн мөнгийг Д.Мөнхдэлгэр төлөлгүй явсаар байгаад 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл талуудын хооронд мөнгөө өгч авалцах талаар байнга яригддаг байсан учаас хөөн хэлэлцэх хугацаа дууссан, тасалдсан гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэх бүрэн эрхтэй гэж үзэж байна. н.Мөнгөнсувдын асуудал бол америк долларын асуудал, харин Д.Мөнхдэлгэрийн зээл бол төгрөгийн асуудал учраас хооронд нь хольж хутгах шаардлага байхгүй. Нэхэмжлэгч П.Оюунжаргал зээлийн гэрээний дагуу хүү, алданги тооцоогүй. Зөвхөн зээлсэн мөнгөө авахыг л хүсэж байгаа. Хариуцагч Д.Мөнхдэлгэрийг хувь хүнийх нь үүднээс судалж үзэхэд олон хүнээс зээл авсан, өртэй, хүнийг хууран мэхэлдэг, утсаа салгаад алга болдог гэдгийг нь олж мэдсэн. Нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй тул хангаж өгнө үү. Ажил, үйлчилгээ үзүүлсний хөлс гэж мөнгө өгч байгаа бол тухайн мөнгийг бэлнээр өгөх боломжтой байсан. Харин мөнгө хэрэгтэй байна зээлээч гэж утсаар ярьдаг байсан учраас Д.Мөнхдэлгэрийн данс руу шилжүүлдэг байсан. Тэгэхээр П.Оюунжаргалаас шилжүүлсэн баримтыг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж үзэж байна. Харин н.Мөнгөнсувдын асуудал энэ хэрэгт ямар ч хамаагүй гэв.

                                                                                    Ү Н Д Э С Л Э Х  Н Ь:

            Нэхэмжлэгч П.Оюунжаргал нь хариуцагч Д.Мөнхдэлгэрт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4.161.980 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч П.Оюунжаргал нь хариуцагч Д.Мөнхдэлгэрээс 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 650.000 төгрөг, 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 1000 америк доллар/1.616.980 төгрөг/, дансаар шилжүүлсэн 1.895.000 төгрөг, нийт 4.161.980 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилдэг.

Зохигчдын хооронд 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 650.000 төгрөгийн зээлийн гэрээ болон 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 1000 америк долларын зээлийн гэрээнүүд тус тус байгуулагдсан болох нь зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь дээрх 2 зээлийн гэрээний үүрэгт Д.Мөнхдэлгэрт зээлдүүлсэн 650.000 төгрөг болон 1000 америк долларыг л буцаан шаарддаг. Тус гэрээнүүдээр зээлийн хүү болон алдангийг тохирсон хэдий ч хүү, алданги шаардаагүй.

Хариуцагч Д.Мөнхдэлгэр нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрдөггүй, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ч мөн адил дээрх 2 гэрээний 1 зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан, дансаар хариуцагчийн данс руу шилжүүсэн мөнгө нь зээл бус ажил гүйцэтгүүлсний хөлс байсан, шүүхэд нотлох баримт хууль бусаар бүрдүүлсэн, урьд нь хариуцагчийн охинтой байгуулсан зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргаад, уг нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгосон байхад дахин шаардаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

Монгол улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зохигчид хоорондоо зээлийн гэрээг байгуулсан байх ба зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээсэн байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдүүлэгчид шилжүүлж өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох тул зохигчдын хооронд 450.000 төгрөг болон 1000 ам.долларын зээлийн гэрээ байгуулсан байна.

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний үндсэн үүрэгт 650.000 төгрөг болон 1000 ам долларыг зээлдүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон  2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээ, 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээ зэрэг бичгийн нотлох баримтуудаар зээлдэгч Д.Мөнхдэлгэр үүрэг хүлээсэн болох нь тогтоогдож байна. Иймд зээлийн гэрээнээс үүсэх үндсэн үүргийг зээлдүүлэгчийн өмнө хүлээх үүргээс Д.Мөнхдэлгэр чөлөөлөгдөхгүй юм.

Иймд зээлийн гэрээний үндсэн үүргийн гүйцэтгэлд Д.Мөнхдэлгэрээс 2.266.980/650.000+1.616.980/ төгрөг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч шүүхэд хариуцагчид дансаар шилжүүлсэн гэх 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл Д.Мөнхдэлгэрийн дансанд 15 удаагийн үйлдлээр, Н.Энхтуяагийн дансанд 2 удаагийн үйлдлээр нийт 1.895.000 төгрөгийг шилжүүлсэн тул уг мөнгийг гаргуулна гэж мэтгэлцдэг.

Уг шаардлагын тухайд шүүх дансаар шилжүүлсэн гэх мөнгөн дүнгүүд нотлох баримтаар тогтоогдож байх тул дээрх зээлдүүлсэн мөнгийг хариуцагчаас нэхэмжлэгч буцаан шаардах эрхтэй байна. Түүнчлэн уг дансаар шилжүүлсэн мөнгө нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 181.1-д заасан зээлийн гэрээний төрөлд хамаарна гэж үзлээ. Учир нь зохигчид анхнаасаа зээлийн харилцаатай байсан, энэ нь зээлийн гэрээнүүдээр тогтоогддог. Иймд Иргэний хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зээлийн гэрээг бичгээр байгуулах шаардлага тавигдаагүй байх тул зохигчдын хооронд бодит үйлдлээр зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэгчийн 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл 17 удаагийн үйлдлээр нийт 1.895.000 төгрөг шилжүүлсэн нь баримтаар тогтоогддог хэдий ч уг үнийн дүнгээс 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн З.Бат-Эрдэнийн дансанд шилжүүлсэн гэх 25.000 төгрөг/ХХ-ийн хуудас/, мөн 2014 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 50.000 төгрөг шилжүүлсэн гэх баримт/мөн өдөр 30.000 төгрөг шилжүүлсэн баримт 2 хувь байх тул 50.000 төгрөг төлсөн баримт тогтоогдохгүй байна-ХХэргийн 15,16 дугаар хуудас/, 2013 оны 04 сарын 02-ны өдрийн Н.Энхтуяагийн дансанд шилжүүлсэн гэх 350.000 төгрөг, 2012 оны 12 сарын 18-ны өдрийн Н.Энхтуяагийн дансанд шилжүүлсэн гэх 350.000 төгрөг зэрэг 4 удаагийн үйлдлээр шилжүүлсэн гэх үнийн дүнг хасаж тооцон 1.120.000 төгрөг гаргуулах нь зүйтэй байна. /1.895.000-25.000-50.000-350.000-350.000=1.120.000/   

Хариуцагч Д.Мөнхдэлгэр нь Н.Энхтуяа болон З.Бат-Эрдэнийн өмнөөс зээлийн гэрээний үүрэг хүлээгээгүй байх тул түүнээс Н.Энхтуяа болон З.Бат-Эрдэнийн зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч П.Оюунжаргал нь хариуцагч Д.Мөнхдэлгэрээс шаардах эрхгүй байна.

Иймээс хариуцагч Д.Мөнхдэлгэрээс зээлийн гэрээний үндсэн үүрэгт 3.386.980/650.000+1.616.980+1.120.000=3.386.980/ төгрөг гаргуулах нь үндэслэлтэй байна.  

Хариуцагч татгалзлаа нотлосон баримтаа шүүхэд ирүүлээгүй, энэ үүргээ хэрэгжүүлээгүй болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр маргах боловч анх байгуусан зээлийн гэрээний хугацаа 2013 оны 06 дугаар сарын 18-ны өдөр дуусахаар тохиролцож, үүнээс хойш хугацаа хэтрүүлсэн хоног тутамд алданги тооцохоор тохиролцсон байна. Мөн энэхүү анх байгуулсан зээлийн гэрээнээс үүдэн зээлийн үргэлжилсэн олон гэрээ хийгдэж, хамгийн сүүлд 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 30.000 төгрөгийг зээлдүүлсэн байх тул Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох болон тасалдах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-д заасныг удирдлага болгон хариуцагч Д.Мөнхдэлгэрээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний үүрэгт 3.386.980 төгрөг гаргуулан, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 775.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

            Мөн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 84.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Д.Мөнхдэлгэрээс 69.142 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Оюунжаргалд олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Монгол улсын иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Д.Мөнхдэлгэрээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4.161.980 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 3.386.980 төгрөгийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч П.Оюунжаргалд олгуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 775.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 84.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Д.Мөнхдэлгэрээс 69.142 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч П.Оюунжаргалд буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б. БАЯРМАА