Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2025/00338

 

 

 

Чингэлтэй дүүргийн *******газрын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2024/04731 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* ХХК-д холбогдох

******* шимтгэлийн өр, алдангид 500,770,292 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

******* ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, ******* ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 32 дугаар зүйлийн 32.2.2-т тус тус зөрчиж, 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 2021 оны 10 дугаар сараас 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсний улмаас 349,223,950 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгэсэн. Дээрх зөрчлийн улмаас даатгуулагчдын ******* сангаас олгох тэтгэврийн тухай хууль, ******* сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль, ******* сангаас олгох тэтгэмжийн тухай хуульд заасан тэтгэмжүүд авах, өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч, тэдний эрх ашиг зөрчигдөж байна.

Иймд ******* ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн ******* ХХК-аас нийгмийн даатгалын шимтгэл 349,223,950 төгрөг, түүнд оногдуулсан алданги 151,546,342 төгрөг, нийт 500,770,292 төгрөгийг барагдуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.*******ХХК нь 2021 оны 10 дугаар сараас 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл 349,223,950 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас төлсөн 138,103,740 төгрөгийг тооцоонд оруулж хасаагүй байна.

2.2.Мөн нэхэмжлэгч ******* ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь заалтыг үндэслэн алданги нэхэмжилсэн байх ба тус хууль нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Манай компанийн нийгмийн даатгалын өр төлбөр нь 2021-2024 оны өр төлбөр юм. Нэхэмжлэлийн шаардлагын 2021 оны 10 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан 1994 оны ******* тухай хуулийн 20 дугаар зүйлд хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг тодорхой заасан байх бөгөөд үүнд шимтгэл төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд алданги төлөх зохицуулалт байхгүй. Тус хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Тооцооны алдаа гаргасны улмаас нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсөн бол 0.1 хувиар алданги тооцно гэж, мөн 4 дэх хэсэгт Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэнэ гэж тус тус хариуцлагын хэлбэрүүдийг хуульчилсан ба Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ******* шимтгэл төлөгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд төлөөгүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан.

Тус хуулийн хүрээнд *******ХХК-д холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй тул 151,546,342 төгрөгийн алданги бүхий нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин 2024 оны 01-04 дүгээр сарын алдангийг ******* ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т зааснаар гаргуулахаар шаардахын тулд улсын байцаагч акт үйлдсэн байх урьдчилсан нөхцөл хангагдаж байж алданги шаардах эрх үүснэ гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

******* ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-д зааснаар хариуцагч ******* ХХК-аас нийгмийн даатгалын шимтгэлийн өр, алдангид нийт 316,680,315 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн ******* газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 184,089,977 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Чингэлтэй дүүргийн ******* газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,741,352 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэсэн.

 

4.Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ НЬ хэсгийн 6-д "Нэхэмжлэгч нь ******* ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-д заасны дагуу төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг тогтоосон хугацаанд төлөөгүй, дутуу төлсөн бол уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,3 хувийн алданги тооцон шаардах эрхтэй, 6.1-д хариуцагч нь нийгмийн даатгалын өр төлбөр нь 2021 оны 10 дугаар сараас 2024 оны 04 дүгээр сар хүртлэх хугацаанд үүссэн тул ******* тухай /1994/ хуулийг хэрэглэнэ гэж маргасан боловч ******* ерөнхий хуулийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр зохицуулсан тул Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Хуульд зааснаас бусад похиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэж заасан, мөн 2021 оны 10 дугаар capaac 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шаардсан тул ******* ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар шаардсан нь хууль зөрчөөгүй байна", 8.4-т алдангийн хэмжээг хүчин төгөлдөр үйлчилж байсан болон үйлчилж байгаа хуульд ижил хувиар тогтоосон байх тул нэхэмжлэгч нь төлөгдөөгүй шимтгэлийн 50 хувиар тооцож нэхэмжилсэн нь үндэслэлтэй байх тул төлөгдөөгүй шимтгэл 211,120,210 төгрөгийн 50 хувь болох 105,560,105 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна" гэж дүгнэсэн нь хэрэглэх ёсгүй байсан хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Уг харилцаанд ялгаатай эрх зүйн зохицуулалт үйлчлэх ёстой. Өөрөөр хэлбэл, 2021 оны 10 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд 1994 оны ******* тухай хуулийг, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 2024 оны ******* ерөнхий хуулийг хэрэглэх үндэслэлтэй. 1994 оны ******* тухай хуулийн 20 дугаар зүйлд хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг тодорхой заасан байх бөгөөд үүнд шимтгэл төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд алданги төлөх зохицуулалт байхгүй. Тус хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Тооцооны алдаа гаргасны улмаас нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсөн бол 0.1 хувиар алданги ногдуулах ба алдангийн нийт хэмжээ дутуу төлсөн шимтгэлийн 30 хувиас хэтрэхгүй" байхаар заасан ба алданги тооцох нийгмийн даатгалын шимтгэл нь тооцооны алдаанаас үүссэн байх урьдчилсан нөхцөлийг шаардсан. Харин талуудын маргаж байгаа шимтгэлийн өр нь тооцооны алдаанаас үүсээгүй гэдгийг дурдах нь зүйтэй. Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэнэ" гэж хариуцлагын хэлбэрүүдийг хуульчилсан ба Зөрчлийн хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ******* шимтгэл төлөгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд төлөөгүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасан. Тус хуулийн хүрээнд "*******" ХХК-д холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа огт хийгдээгүй бөгөөд үүнийгээ дагаад уг ажиллагааны талаар зохих журмын дагуу гомдол гаргах эрх ч олгогдоогүй тул 2021 оны 10 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлээс алданги тооцсон нь хууль, эрх зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна. Харин 2024 оны 01-04 дүгээр сард ногдох хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийн алдангийг ******* ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т заасны дагуу тооцож төлөхийг хариуцагч хүлээн зөвшөөрч байна. Нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөр 349,223,952 төгрөг бөгөөд энэ дүнгээс тооцогдсон 2024 оны 01-04 дүгээр сард ногдох алдангийн хэмжээ нь 17,458,637.81 төгрөг байна. Үүнээс анхан шатны шүүхийн шийдвэрээр хангагдсан шимтгэлийн төлбөр болох 211,120,210 төгрөгт ногдох 2024 оны 01-04 дүгээр сарын алдангийн хэмжээг хувь тэнцүүлэн тооцоход 10,475,183 төгрөг болно.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн дүнгээс 95,084,922 төгрөгийн алдангид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2.Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газар нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр 349,223,950 төгрөг, алданги 151,546,342 төгрөг, нийт 500,770,292 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Нэхэмжлэгч нь хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг 349,223,950 төгрөг гэж тодорхойлсон ба хариуцагч нь уг дүнгээс түүний төлсөн 138,103,740 төгрөг хасагдаагүй гэсэн тайлбарыг анхан шатны шүүх хуралдаанд гаргаж мэтгэлцжээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын дүнгээс хариуцагчийн төлсөн 138,103,740 төгрөгийг хасаж, хариуцагчийн гүйцэтгэх үүргийг 211,120,210 төгрөгөөр тогтоосон ба үүнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй учир талуудын зарчмын дагуу үүнд давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй болно.

Дээрх нийгмийн даатгалын шимтгэлийн өрийн дүнд хамаарч буй 2020 оны 10 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны өр 131,523,249 төгрөг нь 1994 оны ******* тухай хуулийн үйлчлэлд, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны өр 79,596,961 төгрөг нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн ******* ерөнхий хуулийн үйлчлэлд тус тус хамаарна.

Иймээс хариуцагч нь 1994 оны ******* тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, ******* ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2-т тус тус зааснаар нийгмийн даатгалын шимтгэлийн өр 211,120,210 төгрөгийг төлөх үүрэгтэй. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн шаардах эрхийн талаарх эдгээр зохицуулалтыг тусгаагүйг нэмж тусгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

4.1994 оны ******* тухай хуулийн 20 дугаар зүйл буюу хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын талаарх зохицуулалтыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулахдаа тус хуулийг зөрчсөн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр заасан. Улмаар Зөрчлийн тухай хуульд ******* тухай хууль зөрчих гэсэн 10.17 дугаар зүйлийг нэмж, нийгмийн даатгалын шимтгэл төлөгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан. Уг зүйлийн тайлбар хэсэгт шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцож төлүүлэхээр тусгагджээ.

Хэргийн баримтаар нийгмийн даатгалын байцаагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.15 дахь хэсэгт зааснаар хариуцагч хуулийн этгээдийн зөрчлийг шалгаж шийдвэрлэсэн, шимтгэл төлөх үүргийн зөрчилд алданги тооцсон эсэх байдал тогтоогдоогүй байна.

Иймд 2021 оны 10 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хамаарах нийгмийн даатгалын шимтгэлд тооцсон алдангийг хэрэгсэхгүй болгуулах агуулгаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй. Анхан шатны шүүх алдангийн хэмжээг хүчин төгөлдөр үйлчилж байсан болон үйлчилж байгаа хуульд ижил хувиар тогтоосон гэж дүгнэхдээ 1994 оны ******* тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул дээрх байдлаар дүгнэж залруулна.


5.******* ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар, эсхүл эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй, дутуу төлсөн бол хугацаандаа төлөөгүй, дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцно гэж заасан тул хариуцагч нь 2024 оны шимтгэлийн хувьд алданги төлөх үүрэгтэй.

Хариуцагчийн төлбөл зохих шимтгэл 2024 оны 01 дүгээр сард 17,327,711 төгрөг, 2024 оны 02 дугаар сард 20,260,007 төгрөг, 2024 оны 03 дугаар сард 18,556,191 төгрөг, 2024 оны 04 дүгээр сард 23,453,052 төгрөг байх бөгөөд дээрх хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2-д зааснаар шимтгэлийг сар бүр төлөх үүрэгтэй.

Үүний дагуу алдангид 2024 оны 01 дүгээр сарын шимтгэлийн дүнгээс 02 дугаар сарын 28 хоногоор тооцвол 1,455,527 төгрөг (17,327,711*0.3%*28), 2024 оны 01-02 дугаар сарын шимтгэлийн дүнгээс 03 дугаар сарын 31 хоногоор тооцвол 3,495,658 төгрөг (37,587,718*0.3%*31), 2024 оны 01-03 дугаар сарын шимтгэлийн дүнгээс 04 дүгээр сарын 30 хоногоор тооцвол 5,052,952 төгрөг (56,143,909*0.3%*30), нийт 10,004,137 төгрөг тооцогдох үндэслэлтэй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ алдангийн тооцоог 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгосон тул үүнээс хойшхи хугацаанд алданги тооцохгүй. Харин хариуцагч нь давж заалдах гомдолдоо алдангид 10,475,183 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн тул алдангийг энэ хэмжээгээр тооцох нь талуудын зарчимд нийцнэ.

 

6.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг залруулж, мөн хариуцагчаас нийгмийн даатгалын шимтгэлийн өр 211,120,210 төгрөг, алданги 10,457,183 төгрөг, нийт 221,595,393 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулж, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2024/04731 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг 1994 оны ******* тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 20 дугаар зүйлийн 20.1, ******* ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т тус тус зааснаар хариуцагч ******* ХХК-аас 221,595,393 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн ******* газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 279,174,899 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын ...56.1 гэснийг 56.2 гэж, ...1 741 352 гэснийг 1,265,927 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 633,375 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Д.ЗОЛЗАЯА