| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 183/2023/06268/И |
| Дугаар | 210/МА2025/00565 |
| Огноо | 2025-04-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2025/00565
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******-д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 45,750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
Манай компани 2022 оны 09 дугээр сарын 29-ний өдер *******-тай Г2022-2 дугаартай худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулсан. Тус гэрээгээр БНХАУ-ын үйлдвэрийн 14.00.R25 Е4 загварын 10 ширхэг, Уул уурхайн том оврын техникийн дугуй /*******/-г худалдаж, худалдан авахаар 2022 оны 11 дугаар сарын 23-ны дотор буюу 60 хоногийн дотор төлбөрийг бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон.
Уг дугуйг манай компани *******-аас худалдаж аваад Эрдэнэт хотод үйлдвэрийн хашаанд буулгасан байсан бөгөөд манай том оврын техникт хэмжээ нь таарахгүй байсан тул буцаах гэж байхад *******-ийн ажилтан ******* манай үйлдвэрийн байранд тухайн үед хэд хэдэн удаа ирж үзээд бидний шаардлагад нийцэх дугуй байгаа тул дахин тээврийн зардал гаргахгүйгээр бид танайхаас худалдаж авья гэсэн санал тавьж, худалдах худалдан авах гэрээнд *******-ийн захирал *******, ******* нар гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулснаар 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр дугуйг хулээлцсэн акт үйлдэж шилжүүлэн өгсөн.
Гэтэл 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр *******-ийн дэд захирал *******аас худалдан авсан 10 ширхэг дугуйны 7 ширхэгийг буцаах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн албан бичиг ирүүлсэн.
Бидний байгуулсан Г2022-62 дугаартай гэрээний 3.7-д худалдан авагч нь барааг хүлээн авсны дараа бараанд илэрсэн чанарын доголдлыг 5 хоногийн дотор нийлүүлэгч талд мэдэгдэж уг чанарын доголдолтой барааны доголдлыг арилгах, доголдолгүй бараагаар сольж өгөхийг шаардах буюу буцаах эрхтэй талаар заасан. Гэтэл энэ нөхцөл байдал нь бидний нийлүүлсэн дугуй болох БНХАУ-ын үйлдвэрийн 14.00.R25 Е4 загварын, Уул уурхайн том оврын техникийн дугуй /*******/ бөгөөд уг дугуй нь анхнаасаа үйлдвэрийн болон манай тээвэрлэлтийн явцад доголдол үүсэж ашиглах боломжгүй гэх дугуй байгаагүй.
Худалдах, худалдан авах гэрээний 3.8-д гүйцэтгээгүй үнийн дүнд хоног тутам 0.1 хувийн алданги тооцохоор заасан бөгөөд /1хоног=3,050,000 төгрөг/ Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасныг баримтлан алдангийг гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэлгүй тооцсон болно. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зуйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний үндсэн төлбөр 30,500,000 төгрөг, алданги 15,250,000 төгрөг нийт 45,750,000 төгрөгийг *******-аас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч талын тайлбарын агуулга:
Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, энэ нэхэмжлэгч талын яриад байгаа зүйлс бүгд мэргэжлийн хэллэгтэй, бас худалдан авагч талдаа дугуйн талаар мэдээлэл бүрэн өгөөгүй. Зүсэлтэд тэсвэртэй байсан л гээд байдаг, манайд халалтад тэсвэртэй дугуй хэрэгтэй байсан, үүнийг мэргэжлийн этгээд л тогтоох байсан. Халалтад тэсвэргүй учраас буудаж хагарсан, 3 дугуйг нь зөв дугуйгаар дээр очиж солиулсан тул 5 дугуйны мөнгөөр бол эвлэрч болно.
Гэрээний 3.4-т зааснаар эвдрэл гарвал арилгах ёстой, ийм ч учраас 3 дугуйгаа солиод өгсөн байдаг, нэхэмжлэлийг нотолсон ямар ч шинжилгээний дүгнэлт байхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******-аас 41,510,500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,239,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 365,502 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 386,700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
*******-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд буюу гүйцэтгэх захирал 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ******* болж өөрчлөгдсөн. Шүүх хуралдааны тэмдэглэлээс харахад тухай үед байгууллагыг төлөөлж оролцсон ******* энэ тухай шүүхэд мэдэгдэж холбогдох баримтыг гаргаж өгөх, шинээр итгэмжлэл авах шаардлагатай болохыг хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй буюу хэргийн оролцогчийн хуульд заасан төлөөлөгчөө сонгох өөрчлөх болон өмгөөлөгч авах эрхийг ноцтой зөрчсөн байна.
Тус хэрэг дугуйны чанарын доголдолын улмаас маргаан үүссэн. Гэтэл маргааны шийдвэрлэхэд шинжээч томилсон захирамж хүчин төгөлдөр, захирамжийн биелэлтийг хангуулах тухай хүсэлтийг хэргийн оролцогчоос гаргасан боловч хангахгүй орхиж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, тухайн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
Шүүх хуралдаанд хариуцагчийн зүгээс ирцтэй холбоотой санал гаргаагүй. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргаад 1 жил гаруй хугацааны дараа шүүх хуралдаан болсон учраас итгэмжлэлийн хугацааг шалгасан. Тухайн үед 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн албан бичигт *******-ийн гүйцэтгэх удирдлага ******* гэх хүний гарын үсэгтэй 3 жилийн хугацаатай *******д олгосон итгэмжлэл хүчин төгөлдөр байгаа гэж танилцуулан шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн.
Гэтэл хариуцагч тал шүүх хуралдааныг 3 удаа хойшлуулах хүсэлт гаргасан байдаг. Эхний хүсэлт нь шинжээч томилсон шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулах агуулгатай. Гэтэл шүүх шинжээч томилоод нэг жил өнгөрсөн, дүгнэлт гаргах боломжгүй нөхцөл байдал бий болсон учраас дүгнэлт гараагүй гэх албан бичгийг шинжээч ирүүлсэн. Хэргийг сэргээсэн захирамжид хэргийн оролцогчийн аль аль нь гомдол гаргаагүй болохоор уг захирамжийн биелэлтийг хангуулах үндэслэлгүй, өөрсдөө эрхээ хэрэгжүүлээгүй байна гэж үзэн хүсэлтийг хангахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Түүнчлэн, 5 дугуйны үнийг төлөөд эвлэрэн хэлэлцэх саналтай байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлт гаргасан. Өмнөх шүүх хуралдаанд талуудын хооронд эвлэрэн хэлэлцэх санал явагдсан. Гэтэл хариуцагч 10 дугуй биш 5 дугуйны үнийг төлье гэж эвлэрэх санал гаргасан ч бид 10 дугуйны үнийг бүтэн төлүүлэх саналтай тул эвлэрэх боломжгүй талаар тайлбарласан гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хянаж, гомдлыг хангаж, анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 30,500,000 төгрөг, алданги 15,250,000 төгрөг, нийт 45,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч дугуйг хүлээн авсны дараа 1 дугуй буудаж, 2 дугуй хавагнасан, халалтад тэсвэртэй дугуй байгаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
2. ******* нь *******-тай байгуулсан 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ-гээр худалдагч ******* нь *******-н ******* 14.00 R25 E4 стандартын 10 ширхэг дугуйг 30,500,000 төгрөгөөр худалдан авагч *******-д нийлүүлж, төлбөрийг худалдан авагч нь 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх6-7/
3. Талууд нийлүүлсэн бараа материалын чанарын талаар маргаж байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татгалзлаа нотлохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасныг тус шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШЗ2024/04601 дугаар шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн байна. /хх62-63/
3.1. Шинжээч томилогдсон Механик, тээврийн сургууль тээврийн салбараас 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шинжээчийн дүгнэлт гаргахад хүндрэлтэй байгаа талаар хариу албан бичгийг шүүхэд ирүүлсэн үндэслэлээр шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн байна. /хх68/
3.2. Гэтэл, 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр дээрх шинжээч Механик, тээврийн сургууль тээврийн салбараас агаарын температур, улирлын байдалтай холбоотойгоор туршилт хийж, шинжээчийн дүгнэлт гаргах боломжтой болсон тухай албан бичгийг шүүхэд ирүүлсэн байна. /хх80/
3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шинжээч томилсон шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулах тухай хүсэлт гаргасныг шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн захирамжид гомдол гаргаагүй гэх үндэслэлээр, шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 192/ШЗ2025/08247 дугаар захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзсан нь үндэслэлгүй болжээ./хх90/ Учир нь, талууд худалдах, худалдан авах гэрээний зүйл болох уул уурхайн хүнд даацын авто техникийн дугуйны чанар байдал, доголдлын талаар маргаж байх ба уг дугуйны чанар болон стандартыг тогтооход шинжлэх ухаан техникийн тусгай мэдлэг шаардагдахаар байна.
Түүнчлэн, тухайн гэрээний зүйл нь доголдолтой байсан эсэх, хэрэв тийм бол эд хөрөнгийг хүлээн авах үед уг доголдлыг мэдэх боломжтой байсан эсэх нь тодорхойгүй байна.
4. Анхан шатны шүүх тусгай мэдлэг шаардагдаж буй асуудлаар шинжилгээ хийлгэх тухай хариуцагчийн хүсэлтийг шүүх хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлд хамаарч байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 192/ШШ2025/01189 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 365,600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Ц.АЛТАНЦЭЦЭГ