Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2019/ШЦТ/44

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж

Улсын яллагч: Д.Бат-Өлзий,

Нарийн бичгийн дарга: Н.Ням,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: М.Х-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Т-цэцэг,

Шүүгдэгч: Ц.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Т овогт Ц-ийн М-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1827002130003 дугаартай, 146/2019/0038/Э индекстэй хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

                               Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19__ оны 12 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, ___ настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт, Өвөрхангай аймаг, Хархорин сум, ___ баг, ___ тоотод оршин суух, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, ___ регистрийн дугаартай, Т овогт Ц-ийн М-,

                                   Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.М- нь 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 16 цагийн орчимд Өвөрхангай аймгийн  Хархорин сумын ___ багийн нутаг “___” гэх газарт байх иргэн Б-ын гэрийн гадаа ___ улсын дугаартай Тоёото камри маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож  явах үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5 дахь заалт “...Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино...”, 2.1а заалт “...тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна...” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч Ш.Т-ийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би хэрэг болдог өдөр А гуайн гадна очсон. А гуайн гадна нь очиход тэднийх эзгүй байсан. Тэгээд би жаахан ухарч зогсоод чагнаалдсан чинь талийгаач эгч гарч ирсэн. А гуайнх  хаашаа явсан юм бол гэсэн чинь эднийхэн найранд явсан гэж хэлсэн. Машин унтарчих гээд байсан. Тэгээд машины хамар нь онгойгоод байхаар нь та хаА- дээр нь гишгэж байгаач гэсэн чинь тэгье тэгье гээд хажуугаар зөрөөд орсон. Тэгээд надаас хааз нь хаана билээ гээд асуусан. Намайг хааз нь хамгийн наад талдаа гээд хэлхийн зуургүй хашгирсан. Тэгээд харсан чинь талийгаач газар унасан. Тэгээд би ээжээ яанаа гээд хашгирсан чинь М гэдэг хүн гарч ирсэн. Хоёулаа зэрэг гүйж очоод яасан бэ гэсэн чинь хөл хөл л гээд байсан. Би М эгчээ танайх утастай юу түргэн дуудаад өгөөч гэсэн чинь манайх сүлжээгүй гэсэн. Тэгэхээр нь хойд уулан дээр сүлжээ барьдаг шүү дээ та түргэн дуудаад өгөөч гэтэл эгчийнх нь хөл муу гээд байсан. Тэгэхээр нь би гэр рүүгээ гүйгээд эгчдээ хэлээд түргэн дуудуулсан. Миний буруу. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Х- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Нэхэмжлэх зүйл гэвэл Ард даатгалын мөнгийг нэхэмжилж байна. Өөр гомдол, санал байхгүй. Ард даатгалаас хариу ирсэн байна. Гэхдээ банкнаас болон бид нарын зүгээс Ард даатгалд ямар нэгэн хүсэлт ирээгүй гэсэн хариу ирүүлсэн байна. Бид нар бичиг баримтаа бүгдийг нь бүрдүүлээд өгсөн байгаа. Одоо Ард даатгалын мөнгийг гаргуулах юм бол өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Бусад хохирлыг төлсөн гэв.

Гэрч Д.Ү-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: ...Намайг гэртээ ганцаараа байхад манай хүргэн Б-ын айлын хүн Ш.Т- орж ирсэн. Ш.Т- гуайд цай хийж өгөөд дараагаар нь хоол хийх гээд хогоо арилгаж байхад манай хүргэн Б-ын гэрийн гадаа машин ирээд сигналдсан. Тэгсэн чинь талийгаач би гараад үзье гэж хэлээд гэрээс гарсан. Тэгээд нээх удаагүй байхад эмэгтэй хүн хашгираад байсан. Тэгээд гэрээс гарахад ийм зүйл болчихсон байсан Гараад хартал Ш.Т- гуай газар хэвтчихсэн. Нөгөө хүүхэн яанаа, яанаа гээд хашгираад хүн алчихлаа гэж ярьж байсан гэжээ. /хх-ийн 78-82 дугаар хуудас/,

...Намайг гэрт байхад машин дуугарсан, тэрний дараа хүний чанга дуу гарсан, тэгэхээр нь би гэрээс гартал талийгаач Ш.Т- гуай газар шороон дээр уначихсан, нөгөө хүүхэн /М-/ цагаан өнгийн автомашиныхаа тэндээс яана яана юу болчихвоо гээд гүйж ирсэн. Би алчихлаа гээд уйлаад эхэлсэн. Намайг талийгаачийн хажууд очиход талийгаач Ш.Т- гуай ёо ёо М- чи намайг яачихваа гэж хэлж байсан. М- нь тэгж хэлсэн чинь яана яана би хүн алчихаагүй биз дээ гэсэн. Тэрнийхээ дараа Ц.М- гэрлүүгээ явган явсан. Ц.М- гэрлүүгээ явчихсан байхад талийгаач Ш.Т- гуай надад миний баруун хөл эвгүй болчихлоо намайг М- дайрчихлаа гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 83-84 дүгээр хуудас/,

Гэрч О.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: ..Манай  нутгийн Б.Б- мотоцикльтэй ирээд манай М- машинаар Ш.Т- гуайг шүргэсэн юм шиг байна. Өргөж гэрт оруулах гэсэн чинь даахгүй байна гэж хэлсэн гэжээ.  /хх-ийн 85-87 дугаар хуудас/,

Гэрч А.А-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: ...2018 оны 10 сарын 13-ны өдөр намайг хүү А.Э-ын гэрт байхад Б.Б- ирсэн. Ш.Т- гуайг манай эхнэр Ц.М- машинаар шүргэчихлээ гэж хэлсэн гэжээ.  /хх-ийн 88-89 дүгээр хуудас/,

Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: ...2018 оны  10 дугаар сарын 12-ны өдөр манай нутгийн А.Э хүүхдийнхээ үсийг авч найр хийсэн. Уг найранд манай эхнэр бид хоёр очсон. Тэгээд архи, айраг ууж хэрэглэсэн. 2018 оны 10 дугаар сарын 12-ны орой нар жаргасан, гадаа харанхуй болчихсон байхад эхнэр бид хоёр харихаар болсон. А.Э-ын гэрийн гадна эхнэр бид хоёр маргалдсан. Хэн хэн нь архи айраг ууж хэрэглэсэн байсан. 2018 оны 10 дугаар сарын 13-ны өглөө 08 цагаас 09 цагийн хооронд сэрээд нутгийн Г гэх айлд очиж хэвтэж байгаад тус өдрийн 13 цагийн орчимд өөрийнхөө гэрт ирсэн. Намайг гэрт ороод иртэл манай эхнэр надад ямар нэгэн зүйл хэлээгүй,   миний   унаж   ирсэн цагаан өнгийн автомашиныг унаж явсан. Тэгээд нээх удалгүй явган миний эхнэр Ц.М- гэрт ирээд би Ш.Т- гуайг мөргөчихлөө гэж хэлсэн. Эхнэр тухайн үед надад би Ш.Т- гуайг дайрчихлаа гэж хэлсэн гэжээ. /хх-ийн 92-93 дугаар хуудас/,

Гэрч Ц.А-ийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: ...___ улсын дугаартай “Саmгу” маркийн автомашиныг 2017 оны 12 дугаар сард Улаанбаатар хотоос худалдан авч байсан. Тэгээд унаж байгаад хүргэн Б.Б- ахдаа 2.600.000 төгрөгөөр 2018 оны 05 дугаар сард худалдсан. Тухайн тээврийн хэрэгсэл нь миний машин биш одоо Б.Б- ахын автомашин байгаа юм. Б.Б- ах бид хоёр автомашиныхаа тээврийн хэрэгслийн гэрчилгээний нэрийг солиулж чадаагүй одоог хүрсэн. Миний хүргэн ах Б.Б- тухайн тээврийн хэрэгслийг үзлэгт өөрөө оруулсан, жолоочийн хариуцлагын даатгал зэргийг Б.Б- ах өөрийнхөө нэр дээр хийлгэсэн байна лээ гэжээ. /хх-ийн 94-95 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 139 дугаартай дүгнэлтэд: 1. Талийгаач Ш.Т-ийн цогцост хийсэн Шүүх эмнэлэгийн магадлан шинжилгээгээр дээр дурьдсан гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь авто ослын үед мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Уг гэмтлийн үүссэн чиглэлийг нарийвчлан тогтоох боломжгүй. 4. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. Шарх гэмтлийн байдал зэргээр тогтоогдож байна. 5. Талийгаач Ш.Т- нь авто ослын хавсарсан гэмтлийн улмаас хурц цус алдаж нас баржээ. 6. Талийгаач Ш.Т-ын цогцост хийсэн. Шүүх магадлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 7. Хэрэгт ач холбогдол бүхий шинээр нөхцөл байдал илрээгүй гэжээ.  /хх-ийн 112-113 дугаар хуудас/,

Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Алтансүхийн 2018 оны  11  дүгээр сарын 02-ны өдрийн ...Иргэн Ц.М- нь тээврийн хэрэгсэл жолоодох   эрхийн   үнэмлэхгүй   байна.  Иргэн Ц.М- жолооны курст сурч байгаагүй байна.  Ц.М- нь Монгол улсын Засгийн газрын 2004 оны 74 дүгээр тогтоолын 1-р хавсралтаар баталсан Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5. Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад,  бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 2.1а заалт ..тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна гэсэн заалтыг зөрчсөн байна гэсэн 11 дугаартай дүгнэлт, Цагдаагийн ерөнхий газрын хайлтын системээс авсан Ц.М- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байна гэсэн лавлагаа /хх-ийн 119 дүгээр хуудас/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц, эмгэг судлалын сэтгэцийн эмч О.Баатаржав, Б.Энх-Ундрах, Я.Ганхүү нарын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 944 дугаартай дүгнэлтэнд:  Ц.М- нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Ц.М- нь тэр үедээ өөрийнхөө хийж байгаа үйлдлийг зөв ойлгон, мэдэн удирдаж чадаж байсан байна. Ц.М- нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Ц.М- нь хэрэг хариуцах чадвартай. Ц.М-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна гэжээ.  /хх-ийн 138-140 дүгээр хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-20 дугаар хуудас/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 21-28 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ц.М-ын гэмт хэрэг үйлдэх үедээ унаж явсан гэх ___улсын дугаартай Ц.А-ийн эзэмшлийн Тоёото камри маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн санал, прокурорын тогтоол, үнэлгээ /хх-ийн 37-40, 144-145 дугаар хуудас/,

              Шүүгдэгч Ц.М-ын гэмт хэрэг үйлдэх үедээ жолоодож явсан гэх ___улсын дугаартай Ц.А-ийн эзэмшлийн Тоёото камри маркийн тээврийн хэрэгслийн 01770430 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хураан авах мөрдөгчийн санал, прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 41-45 дугаар хуудас/,

              Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Х-ийн хохирол нэхэмжилсэн баримтууд 27.591.169 төгрөг болон шүүгдэгч Ц.М-ын хохирол төлсөн баримтууд /хх-ийн 53-77, 202, 247 дугаар хуудас/

              Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 166 дугаар хуудас/ зэрэг болно.

              Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэрэгт авагдсан дээрх  нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.М- нь 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 16 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Хархорин сумын ___ багийн нутаг “___” гэх газарт байх иргэн Б-ын гэрийн гадаа ___ улсын дугаартай Тоёото камры маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож  явах үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5 дахь заалт “...Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино...”, 2.1а заалт “...тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна...” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч Ш.Т-ийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна. 

Иймд шүүгдэгч Ц.М-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Х- шүүх хуралдаанд мэүүлэхдээ хохирол 22600000 төгрөг шүүгдэгчээс төлсөн, талийгаачийн малчны зээл 5 сая төгрөгийг Ард даатгалаас төлөхгүй бол шүүгдэгчээс нэхэмжилнэ, өөр нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ.

              Ард даатгалаас талийгаач Ш.Т-ийн малчны зээлийн үлдэгдэл 5000000 төгрөгийг төлж барагдуулахгүй бол шүүгдэгчээс нэхэмжилнэ гэх ба шүүгдэгч  5000000 төгрөгийг төлнө гэж мэдүүлж байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч талийгаачийн зээл 5000000 төгрөгийн асуудлыг Ард даатгал ХК-д хандаж шийдвэрлэсэний дараа шүүхэд нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдав.

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

              Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэв.

              Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг дурдах нь зүйтэй.

              Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ___улсын дугаартай Тоёото камри маркийн Ц.А-ийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлийн гэрчилгээг буцаан олгож, 3,500,000 төгрөгийн үнэ бүхий үнэлгээтэй ___улсын дугаартай Ц.А-ийн өмчлөлийн Тоёото камри маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 05 дугаартай тогтоолыг хүчингүйд тооцов.

              Шүүгдэгч Ц.М-д тэнссэн хугацаанд оршин суух газар, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

         Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.12 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                              ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Т овогт Ц-ийн М-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т овогт Ц-ийн М-ыг тээврийн хэрэгсэлийг жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-д тэнссэн хугацаанд оршин суух газар, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүй, хохирогчид 22,600,000 төгрөг төлснийг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч талийгаачийн малчны зээл 5,000,000 төгрөгийг Ард даатгал ХК-д хандаж шийдвэрлэсэний дараа шүүхэд нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ___ улсын дугаартай Тоёото камри маркийн Ц.А-ийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлийн гэрчилгээг буцаан олгож, 3,500,000 төгрөгийн үнэ бүхий үнэлгээтэй ___ улсын дугаартай Ц.А-ийн өмчлөлийн Тоёото камри маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 05 дугаартай тогтоолыг хүчингүйд тооцсугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

             

                                   

      

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Э.ДУЛМАА