Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2025/00624

 

 

 

 

 

 

 

2025  04  16  210/МА2025/00624

 

 

******* ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

  Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 192/ШШ2025/00945 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******, ******* нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 151,067,653.37 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, түүний өмгөөлөгч ******* (цахимаар), шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

*******, ******* нартай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 105,134,372.16 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөр шүүхэд гаргасан. Банкнаас зээлдэгчийг зээлээ төлөх чадваргүй болсон гэж үзэж шүүхэд хандсан, барьцаа хөрөнгийн чанар маш муудсан, зээлийн төлбөрт авах боломжгүй болсон. Хариуцагч нь ******* даатгал компанитай шүүхээр маргалдсан ба даатгалаас гаргуулсан төлбөрөөс зээлд нэг ч төгрөг төлөөгүй. 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар нэхэмжлэлээ 45,933,281.21 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт нэхэмжлэлийн үнийн дүн 151,067,653.37 төгрөг болсон. Үүнд зээл 80,410,790.81 төгрөг, үндсэн хүү 70,268,228.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 227,487.55 төгрөг, даатгалын төлбөр 161,146.30 төгрөг, нийт 151,067,653.37 төгрөг.

Иймд хариуцагч нараас 151,067,653.37 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:

******* нь 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ******* банктай зээлийн гэрээ бичгээр байгуулж 81,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээлсэн. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ипотекийн гэрээгээр эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Овоот тосгон гудамж, ******* тоот хаягт байрлах, 136 м.кв талбайтай амины орон сууц, нэгж талбарын ******* дугаартай, 700 м.кв талбайтай, зуслангийн зориулалттай газрыг тус тус барьцаалуулсан. Зээлийн эргэн төлөлтөө тасралтгүй төлж явсан боловч цар тахлын болон Голомт банкны даатгалтай шүүх дээр маргаантай байсан нөхцөл байдал үүссэн тул зээлийн эргэн төлөлтийг түр зогсоосон. Барьцаа хөрөнгө гамшгаас үүдэн хүн амьдрах нөхцөлгүй болсон тул ******* даатгал компанид холбогдуулан 2021 оны 05 дугаар сард Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөр 80,410,790 төгрөгийг төлнө. Харин хүү 31,922,195 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36,872 төгрөг, даатгал 161,146 төгрөг, нийт 112,531,004 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Барьцаа хөрөнгө байгалийн эрсдэлд орж даатгалтай шүүхээр явсан хугацаанд нэхэмжлэлээ нэмэгдүүлснийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 151,067,653.37 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******банк ХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******гийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 1 хороо, Овоот тосгон /18230/ гудамж, ******* тоот хаягт байрлах 136 м.кв талбайтай амины сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын ******* дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 1 хороо, Баянгол ам хаягт байршилтай зуслангийн зориулалттай 700 м.кв талбай бүхий газар үл хөдлөх хөрөнгүүдийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,178,423 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,178,423 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн.

 

4.Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

4.1.Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хариуцагч талын хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн. Хариуцагч ******* 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд эрүүл мэндийн улмаас оролцох боломжгүй байгаа тухайгаа нотлох баримтын хамт, өмгөөлөгч шүүх хуралдаан давхацсан, оролцох боломжгүй байсан тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг өгсөн. Гэвч шүүх хүсэлтийг хүлээн авалгүй хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4-т заасан зохигчийн мэтгэлцэх, эрх тэгш оролцох боломжийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

4.2.Түүнчлэн шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн. Хариуцагч талаас зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан гэдэгтэй маргадаггүй боловч үндсэн зээлийн үлдэгдэл 80,410,790.81 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хүү болон нэмэгдүүлсэн хүү, даатгалын төлбөрийг төлөхийг зөвшөөрөхгүй, цар тахлын болон ******* банкны даатгалтай холбоотой маргаантай байсан нөхцөл байдал үүссэн тул зээлийн эргэн төлөлтөө түр зогсоосон гэдэг байр суурийг баримталж байсан боловч анхан шатны шүүхээс эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзээгүй.

Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Шүүх хуралдаан удаа дараа товлогдож, хариуцагчийн хүсэлтээр хойшлогдож байсан. 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн зүгээс хурлыг үргэлжлүүлэх санал гаргаж, үүнийг шүүх хүлээж аваад, шүүх хуралдаан үргэлжилж шийдвэр гаргасан. Банк зөвхөн шүүхийн шийдвэрийн дагуу зээлийн хүүг зогсоох эрхтэй. ******* даатгал ХК-тай шүүхэд маргаад явж байх хугацаанд манай нэхэмжлэлтэй холбоотой шүүхийн шийдвэр гараагүй учраас банкинд тус зээлийн хүүг зогсоох эрх байхгүй. Зээлийн гэрээний дагуу хүүг тооцоож нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянан үзээд, гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

  2.Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 151,067,653.37 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй байна.

Шүүх 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагч *******гийн гаргасан эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцох боломжгүй тухай хүсэлт, мөн түүний өмгөөлөгч *******гийн гаргасан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг тус тус хангахаас татгалзаж, хариуцагч талын эзгүйд шүүх хуралдааныг явуулжээ.

Хариуцагч, түүний өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд оролцох боломжгүй нөхцөл байдал нь тэдний хүсэлтэд хавсаргасан баримтуудаар нотлогдож байхад шүүх хариуцагчийн шүүх хуралдаанд оролцох, өмгөөлүүлэх эрхийг хангаж шүүх хуралдааныг өмнө хойшлуулсан байх учир дахин энэ үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэлгүй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй байна.

4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасан тул хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Харин хариуцагчийн өмчгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан хууль буруу хэрэглэсэн гэх гомдолд дүгнэлт өгөөгүй болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 192/ШШ2025/00945 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

  2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Э.Баяраагаас төлсөн 913,300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

  3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД  Д.ЦОГТСАЙХАН

 

Д.ЗОЛЗАЯА