Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2025/00562

 

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 191/ШШ2025/01605 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******ид холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 22,540,270 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Зээлдэгч ******* нь 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдөр *******-ийн Өвөрхангай аймаг дахь салбараас 15,000,000 төгрөгийг сарын 1,70 хувь, жилийн 20,40 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, зээлдэгч *******ийн ******* тоот дансанд бэлэн бусаар шилжүүлж зээл олгосон. Зээлийн барьцаанд *******ийн өмчлөлийн Өвөрхангай аймаг, Арвайхээр хот, 10-68-3 тоот *******, бүртгэлийн 000164342 дугаартай, 468,35 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, JTEHT05J612001649 арлын дугаартай, мөнгөлөг өнгийн ******* улсын дугаартай ******* автомашин, Өвөрхангай аймаг, Арвайхээр хот, ******* тоот, *******, бүртгэлийн 000194281 дугаартай, 381,04 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар зэргийг тус тус барьцаалсан.

Зээлдэгч нь 2015 оны 6 дугаар cap хүртэл зээлийн гэрээний эргэн төлөх графикийн дагуу төлж байсан ба 2020 оны 01 сард 50,000 төгрөг, 2020 оны 5 сард 40,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сард 100,000 төгрөг тус тус төлсөн ба үндсэн зээлээс 8,008,792 төгрөг, хүү 4,520,603 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,357 төгрөг, нийт 12,538,751 төгрөг төлсөн. Зээлдэгч нар нь хугацаа хэтэрч Төрийн банкны тусгай активын албанд 2018 онд шилжиж ирсэн ба зээлийг төлж барагдуулахыг удаа дараа шаардсан ч хугацаатай амлалт авч гэрээний үүргээ биелүүлэхгүй байх тул 2023 оны 01 дүгээр сард Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9- зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. 2023 оны 04 дүгээр сард Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр зээлдэгчийн хаягийг Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж 8 дугаар байр *******од оршин сууж байгааг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын 2023 оны 08 дугаар сарын 30-ны н/д 3780 дугаартай албан тоотоор мэдэгдсэн. Зээлдэгчтэй 2023 оны 10 дугаар сараас эхлэн уулзаж зээл төлөхийг удаа дараа мэдэгдсэн ч үр дүн гараагүй.

Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар үндсэн зээл 6,991,208,77 төгрөг, үндсэн хүү 13,209,680 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,339,381 төгрөг нийт 22,540,270 төгрөг гаргуулж, *******ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн 68-3 тоот хаягт байршилтай, ******* нэгж талбарын дугаартай 468,35 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Шаардах эрх үүссэнээс хойш гурван жилийн хугацаа өнгөрсөн, иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул шаардах эрхгүй. Энэ зээлийн мөнгийг авч ашигласан тул түүнээс шаардах нь зүйтэй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******оос 20,200,888 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, 2,339,281 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 411,052 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 329,154 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Шийдвэрийн үндэслэх хэсгийн 19 дэх хэсэгт Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасан Иймд Иргэний хуулийн 451 дүгээр 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргах өдөр хүртэл хугацаанд хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийг нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл банкны зээлийн гэрээний хугацаа үргэлжилж байгааг шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Талуудын хооронд 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний 2.2.4-т гэрээний хугацаа дуусгавар болж, зээлдэгч зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд цаашид уг хугацаа нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж дуусах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр үргэлжилнэ. Гэрээнд заасан зээлийн хугацаа дууссан нь үүргээ хугацаандаа биелүүлээгүй Зээлдэгчийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй гэсэн гэрээний заалт, мөн онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасныг тус тус буруу тайлбарлаж шийдвэрлэжээ.

Шүүхийн шийдвэрийн хангагдаагүй хэсэг буюу 2,339,281 төгрөгийг нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд зээлийн гэрээний үүрэгт нэмэгдүүлсэн хүү 2,339,281 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь хууль зүйн үндэслэлгүй. Зээлийг хэнд олгосон эсэх, бодитоор зээл шилжүүлсэн эсэх, хэн төлөх үүрэгтэй эсэх, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хэдэн төгрөг төлсөн эсэхийг нотлох баримтын үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэлт өгч, нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас гаргуулах эсэх, уг иргэний хэргийг эцэслэн хянан шийдвэрлэх нөхцөл бүрдэнэ.

5.2. Зээлийг бодитоор зээлдэгчид шилжүүлэн өгсөн болох нь баримтаар нотлогдохгүй байна. Учир нь нэхэмжлэгчээс гаргаж өгсөн "Зээл, хүүний тооцооны хуудас" /17-20х/ нь хэргийн оролцогч нэг талын гаргаж өгсөн баримт, уг баримтад дурдсан тооцоолол буюу төлбөрийн үлдэгдэл, хүү зэргийг хариуцагчаас хүлээн зөвшөөрсөн гэх гарын үсэггүй, уг баримтыг танилцуулж байгаагүй тул зээлийн гэрээний үүрэгт нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэлгүй байна.

5.3. Нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэмэгдүүлсэн хүүг шаардсан нь хууль зүйн үндэслэлгүй. Иргэний хуулийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан хэдий ч энэхүү заалт нь зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны дотор гаргасан тохиолдолд хэрэгжих заалт юм.

Зээлийн гэрээ 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 3 жилийн хугацаатайгаар байгуулагдсан байна. Зээлийн гэрээний дагуу шаардлага гаргах эрх 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс үүсэх бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, 76 дугаар зүйлийн 76.1-д "Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно" гэж заасны дагуу 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр уг гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй, 82.2-т "Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг үүрэг гүйцэтгэгч мэдээгүй байхдаа үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй гэж заасан байх бөгөөд хариуцагчийг ийнхүү 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй болохоо хүлээн зөвшөөрч, биелүүлэх болохоо илэрхийлсэн нотлох баримт хэрэгт байхгүй, мөн нэхэмжлэлд дурдсанаар 2020, 2022 онуудад үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүнээс төлөлт хийсэн гэж тайлбарлах хэдий ч хэзээ, хэдний өдөр, хэдэн төгрөгийн төлөлт хийсэн гэх банкны дансны хуулга, төлөлт хийгдсэн гэх баримт хэрэгт байхгүй байна.

Мөн дээрх хуулийн заалт нь зээлдэгч үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хамаарах бөгөөд харин хариуцагч нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.3 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн болохыг мэдээгүй байхдаа үүргээ гүйцэтгэсэн бол сүүлд төлөлт хийсэн төлбөрийг буцаан шаардах эрхгүй гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд оролцох байсан өмгөөлөгч нь эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцох боломжгүй болж, уг маргаанд өөр өмгөөлөгчийг оролцуулах хүсэлтийг гаргасан. Тус шүүх хуралдаанд шинээр оролцож буй өмгөөлөгч нь уг маргааны талаар бүрэн дүүрэн ойлголтгүй, хэргийн материалтай зайлшгүй танилцаж, түүний үндсэн дээр шүүхэд мэтгэлцэх зайлшгүй шаардлагатай байсан тул боломжит хугацаа олгож, талуудыг эрх тэгш хангахыг хүссэн.

Гэвч шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчим, 107 дугаар зүйлийн 107.3-т Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй... өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана гэж заасан эрхийг эдлүүлэхгүй, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хязгаарласан байна.

Хэдийгээр өмгөөлөгч шүүх хуралдаанд биечлэн оролцсон ч уг хэргийн талаарх бүрэн дүүрэн мэдээлэлгүй, танилцаагүй тул нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг үгүйсгэх хууль зүйн үндэслэл бүхий тайлбар, татгалзал өгөх зэргээр өмгөөллийн мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх ямар ч боломжгүй байсан.

Шүүхээс өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцах боломжит хугацаа олгохыг хүссэн хүсэлтийг ямар үндэслэл шалтгаанаар хангахгүй орхисон болох нь тодорхойгүй, эрх, үүрэг, нөлөөллийн баримттай танилцуулахгүй шүүх хуралдааныг цаашид үргэлжлүүлэн хуралдуулж, өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрхийг хууль бусаар хязгаарлаж, хуульд заасан эрхийг эдлүүлээгүй, эдлэх боломжийг олгоогүй.

6.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь 15,000,000 төгрөгийг шилжүүлэн авч, үндсэн зээлээс 8,008,791 төгрөг, үндсэн хүүнд 4,520,602 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 9,356 төгрөг буцаан төлсөн үйл баримтад талууд маргаагүй гэж дүгнэсэн байгаа нь үндэслэлгүй байна.

Шүүх маргааны бодит үйл баримтад нь тулгуурлалгүй талууд зээл авсан болон хэдэн төгрөгийн зээлийг буцааж төлсөн эсэх үйл баримтад маргаагүй гэх ямар ч үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Дүгнэлтэд өөрөө үнэн бөгөөд үндэслэлтэй байхыг шаарддаг.

6.3. Шүүхээс зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1- д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, 165 дугаар зүйлийн 165.1-д заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ тус тус байгуулагдсан гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан эсэх, зээл хэнд, хэзээ, бодиттойгоор олгогдсон эсэх, зээлийг хэн төлж байсан эсэхэд зохигчид маргаантай байхад шүүхээс зээл бодитоор олгогдсон эсэх баримт байхгүй, ******* нь зээлийн гэрээнд би гарын үсэг зураагүй, надад бодитоор зээл олгогдоогүй, уг зээлийг ад авсан, үүний нотолгоо нь нэхэмжлэгчээс өмнө нь зээлдэгч нарт гэж ******* хариуцагчаар татаж иргэний хэрэг үүсгэсэн баримтуудаас тодорхой харагдана.

Гэтэл шүүхээс зээлийг хэнд олгосон эсэх, бодитоор зээл шилжүүлсэн эсэх, хэн төлөх үүрэгтэй эсэх, зээлд хэдэн төгрөг төлсөн эсэхийг нотлох баримтын үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэлт өгөөгүй бөгөөд зөвхөн зээлийн гэрээг хөдөлбөргүй үнэн нотлох баримт гэж үзэж шийдвэрлэсэн байгаа нь хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн байна.

6.4. Зээлийн гэрээний дагуу 15,000,000 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн буюу хариуцагчид зээл олгосон гэх баримт байхгүй. Уг хэрэгт 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 111 дугаартай Зээлийн гэрээ гэх баримт авагдсан байх бөгөөд уг баримт нь зохигчдын хооронд ямар гэрээний эрх зүйн харилцаа үүссэн эсэх, нөхцөл, талуудын хүлээх үүрэг, хариуцлагыг зохицуулсан.

Иргэний хэрэгт зээлийн гэрээг үндэслэн зээлийг бодитоор зээлдэгчид шилжүүлэн өгсөн баримт огт байхгүй, тогтоогдоггүй. Зөвхөн өөрсдийн хийсэн Зээл, хүүний тооцооны хуудас /17-20х/ гарган өгдөг. Уг тооцоолол гэх баримтыг хөдөлбөргүй үнэн гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3 дахь хэсэг заасныг тус тус зөрчиж хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

6.5. Хариуцагч зээлийн гэрээний дагуу хэдэн төгрөгийг хэзээ, ямар хэлбэрээр төлж байсан эсэх баримт байхгүй огт байдаггүй.

6.6. Шүүхээс *******, нар зээлийн гэрээнд гарын үсэг зурсан эсэх, зээлийг хэнд нь бодитойгоор шилжүүлсэн эсэхийг тогтоогоогүй атал нэг зээлдэгчийн гэрийн хаяг тодорхойгүй шалтгаанаар зээлийн гэрээний үүргийг нөгөө зээлдэгчид бүхэлд нь хариуцуулж, мөн барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Зээлийг *******, нар нь хамтран авсан гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байхад олдохгүй байна гэх шалтгаанаар зээлдэгч нарын хүлээх үүрэг, хариуцлагыг тус тусад нь хариуцуулж тогтоохгүйгээр зөвхөн нэг хүнд бүхэлд нь хариуцуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

6.7. Банк, иргэд хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр хүлээх үүрэг, хариуцлагыг уг гэрээнд хамааралгүй компани хариуцах үүрэг хүлээхгүй бөгөөд ийнхүү хариуцах талаар албан тоот хүргүүлснийг хүлээн зөвшөөрсөн гэж шүүхээс үзэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд хэрэв уг компанийг зээлийн төлбөрийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн гэж үзэх тохиолдолд энэ хэргийн хариуцагч нь ******* биш юм.

Зээлдэгч /иргэн/-ээс зээлийн төлбөрийг компаниар төлүүлэх хүсэлтийг гаргаагүй бөгөөд уг үүргийн төлбөрийг хариуцах талаарх компаниас гаргасан хүсэлтийг зээлдэгч зээлийн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн, тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь нь 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 01/18 дугаартай Хүсэлт гаргах тухай албан тоотыг /27х/ *******-д хүргүүлсэн байна. Уг хүсэлтэд иргэн *******, нар нь төрийн банкны зээлийн өглөгтөө -ийн цонх хаалганы үйлдвэрээр хаалга, хаалтыг дараах үнийн саналаар хийж өгөх хүсэлт гаргаж байна гэсэн байгаа нь харилцан тохиролцсон, хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн компани иргэний өмнөөс эрх зүйн харилцаанд орох тохиолдолд иргэнээс хуульд зааснаар төлөөлөх эрхийн итгэмжлэл авах шаардлагатай. Энэ тохиолдолд иргэнийг төлөөлөх эрхтэй эсэхийг нотлох баримт байхгүй тохиолдолд зээлдэгч иргэний өмнөөс шийдвэр гаргах, хүлээн зөвшөөрсөн гэж үзэхгүй юм.

Хэрэв -ийг зээлийн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн, харилцан тохиролцсон гэж үзсэн тохиолдолд Зээлдэгч /иргэн/ нарын гэрээний эрх зүйн харилцаа дуусгавар болж, эрх, үүрэг хариуцлага нь компанид шилжих учиртай. Иймд уг иргэний хэргийн хариуцагч нь зээлдэгч ******* биш, харин байх учиртай.

6.8. Зээлийн гэрээ 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 3 жилийн хугацаагаар байгуулагдсан. Зээлийн гэрээний дагуу шаардлага гаргах эрх 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс үүсэх бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 -д "Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж заасны дагуу 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр уг гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.Тодруулбал, Зээлдэгч /иргэн/-ийн гаргасан хүсэлт /28х/ гэх баримт нь хэзээ гаргаж өгсөн болох нь тодорхойгүй, он, cap, өдөр байхгүй, мөн 2015 оны сүүлээр ыг зээлээ төлөөгүй өдийг хүрсэн гэдгийг Монголбанкинд намайг найдваргүй зээлдэгч гэж бүртгэгдсэн байгаагаас мэдлээ. Найдваргүй зээлдэгч гэсэн түүхээ арилгуулах зорилгоор ын зээлийг хаах санал хүсэлтийг тухайн үедээ гаргаж байсныг банкнаас хүлээн авч, зөвшөөрсөн хариу өгсөн баримт хэрэгт байхгүй, үүнээс хойш хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй, 82.2-т Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг үүрэг гүйцэтгэгч мэдээгүй байхдаа үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй гэж заасан байх бөгөөд хариуцагчийг ийнхүү 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй болохоо хүлээн зөвшөөрч, биелүүлэх болохоо илэрхийлсэн нотлох баримт хэрэгт байхгүй, мөн нэхэмжлэлд дурдсанаар 2020, 2022 онуудад үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүнээс төлөлт хийсэн гэж тайлбарлах хэдий ч хэзээ, хэдний өдөр, хэдэн төгрөгийн төлөлт хийсэн гэх банкны дансны хуулга, төлөлт хийгдсэн гэх баримт хэрэгт байхгүй байна. Мөн дээрх хуулийн заалт нь зээлдэгч үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хамаарах бөгөөд харин хариуцагч нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.3 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн болохыг мэдээгүй байхдаа үүргээ гүйцэтгэсэн бол сүүлд төлөлт хийсэн төлбөрийг буцаан шаардах эрхгүй гэж үзэхээр байна.

6.9. Зээлийн болон барьцааны гэрээнүүдийг *******-тай ******* нь огт байгуулаагүй бөгөөд уг гэрээнүүдэд гарын үсэг зурж байгаагүй.

нь багын найз бөгөөд тэрээр Өвөрхангай аймагт байнга оршин сууж, бизнес эрхэлдэг болно. Тухайн үед Би банкнаас зээл авахаар хөөцөлдөж байгаа. Банкнаас надад зээл авахад барьцаа хөрөнгө шаардлагатай гэж мэдээлэл өгсөн. Миний найз барьцаа хөрөнгөөр надад туслаад өгөөч гэж гуйсан. Тухайн үед нь банктай зээлийн гэрээ байгуулж, миний хөрөнгийг барьцаанд тавьж, би түүнийг батлан дааж байна гэж ойлгосон. Уг зээлийг нь авч зарцуулсан байхад надад холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Зээлийн болон барьцааны гэрээнүүдэд миний хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй, би гарын үсэг зураагүй тул талуудын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй.

Ийнхүү шүүгч уг нөхцөл байдлыг үнэн зөв, эргэлзээгүй, нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлэлт дүгнэлт өгөөгүйн улмаас цаашлаад уг гэрээ хүчин төгөлдөр эсэхийг тогтоолгох хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна. Иймд шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргасан бөгөөд 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр тус гомдолтой танилцсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 6 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт хэрэгт авагдаагүй. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд 2020 оноос зээлийн буцаан төлөлтийг төлж байсан нь хүү тооцооллын хүснэгтээс харагдаж байгаа бөгөөд үүнийг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. 2023 оны 04 дүгээр сард хариуцагч нарын хаягийг тодруулахаар анхан шатны шүүхээс эрэн сурвалжлах ажиллагаа явуулсан ба Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн тогтоол, албан бичиг хэрэгт нотлох баримтаар авагдсан. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ид холбогдуулж, зээлийн гэрээний үүрэгт 22,540,270 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хариуцагчийн өмгөөлөгч *******аас 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд хэргийн материалтай танилцах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 17:00 цаг хүртэл хойшлуулсан байна./хх 60-65/

 

3.1. Хариуцагч талаас 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчөөр г оролцуулах, өмгөөлөгч нь хэргийн материалтай танилцах, зээлийг бодитоор хариуцагч *******ид олгосон тухай баримтыг нэхэмжлэгчээс гаргуулах, зээлийн буцаан төлөлтийн талаарх баримт, баримтын данс, нэр, төлсөн этгээд нь хэн болох талаар тодорхой мэдээлэл харагдахуйц байдлаар нотлох баримтыг нэхэмжлэгч Төрийн банкнаас гаргуулах тухай хүсэлтийг гаргасан байна./хх67, 69-85/

 

3.2. Шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг шүүгч шийдвэрлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдолтой нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл түүнийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулна.

 

Гэтэл шүүх хуралдааны үед гаргасан хариуцагч талын дээрх хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх шүүгчийн захирамж хэрэгт авагдаагүй байх ба шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл хариуцагч талын гаргасан хүсэлтийг хангахгүй орхисон шүүгчийн захирамжийг уншин танилцуулав гэж тусгагдсан боловч уг захирамж нь хэрэгт авагдаагүй учир хүсэлтийг хэрхэн шийдвэрлэж, ямар үндэслэлээр хангахгүй орхисон нь тодорхойгүй байна.

 

4. Түүнчлэн, хариуцагч талын гаргасан нэхэмжлэгч талаас нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, зээл олгосон болон буцаан төлөлттэй холбоотой баримтыг гаргуулах тухай хариуцагчийн татгалзлын үндэслэлээ нотлохоор гаргаж буй хүсэлт нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг урьдчилан таамаглах боломжгүй бөгөөд шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон нотлох баримт байж болохгүй.

 

4.1. Иймд зээлтэй холбоотой нотлох баримтыг нэхэмжлэгч талаас гаргуулах тухай хариуцагчийн хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт хамаарахаар бол хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх үүрэгтэй байдаг.

 

5. Харин, хариуцагчийн өмгөөлөгчөөс хэргийн материалтай танилцах боломж олгоогүй гэх гомдлыг хангахгүй. Учир нь, тухайн хүсэлтийг хариуцагч талаас өмнө нь гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулсан байх тул хариуцагчийн гомдлын энэ хэсгийг хангах үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтын талаар хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй тул нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд дүгнэлт өгөөгүй ба хариуцагч талын давж заалдах гомдлыг хэсэгчлэн хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 191/ШШ2025/01605 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 52,550 төгрөг, хариуцагчийн төлсөн 341,000 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ