Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 697

 

 

 

 

 

 

    2016 оны 09 сарын 30 өдөр

      Дугаар 182/ШШ2016/00697

 

         Улаанбаатар хот

 

                              

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу гудамж 46 дугаар байрны 504 тоотод оршин суух, 51 настай, эмэгтэй, Өндрийнхөн овгийн Очирбатын Уранчимэг /РД:ТЗ65052860/-ийн хүсэлттэй,

Д.Бэхбаттай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Уранчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мишээл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Уранчимэг шүүхэд гаргасан хүсэлтэндээ болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: Миний бие О.Уранчимэг нь Д.Бэхбаттай 2004 оны 04 дүгээр сард танилцаж, улмаар 2005 оны 01 дүгээр сарын 08-наас хамтран амьдрах болсон. Энэ хугацаанд бидний дундаас 2006 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр охин Б.Түвшинжаргал төрсөн. Д.Бэхбат нь 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр өвчний улмаас нас барсан.

Одоо охиндоо тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгохыг хүсч байна. Иймд намайг Д.Бэхбаттай 2005 оны 01 дүгээр сараас 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг шүүхийн журмаар тогтоож өгнө үү гэв.

            Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

            ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч О.Уранчимэг нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.

О.Уранчимэг, Д.Бэхбат /асан/ нар 2005 оны 01 дүгээр сараас 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хамтран амьдарч байх хугацаанд 2006 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр охин Б.Түвшинжаргалыг төрүүлж өсгөсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрч О.Гэрэлт-Од, Б.Номин нарын мэдүүлэг, фото зураг зэрэг хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 3, 5, 8, 14-15 тал/

Хүсэлт гаргагч О.Уранчимэг, Д.Бэхбат /асан/ нар гэрлэлтээ иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй байсан байх ба Д.Бэхбат нь 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нас барсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, нас барсны гэрчилгээний хуулбар, гэрч О.Гэрэлт-Од, Б.Номин нарын мэдүүлгээр  нотлогдож байна.

Иймд О.Уранчимэг, Д.Бэхбат нарыг хамтын амьдралтай байсныг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч нь 2006 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн охин Бэхбатын Түвшинжаргалд тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох зорилгоор шүүхэд хүсэлт гаргаж байгааг дурьдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтыг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан О.Уранчимэг нь Д.Бэхбаттай хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч О.Уранчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ                              Ж.ЦЭНГЭЛ