Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2025/00597

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 197/ШШ2025/01639 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******-д холбогдох,

4,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн байна.

 

3.1. Талууд худалдах, худалдан авах гэрээ байгуулсан эсэхэд маргаагүй, хариуцагч нь худалдсан бетон зуурмагийн төлбөрийг 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төлөхөөр тохиролцсон, Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөх хугацаа болоогүй, мөн худалдсан бетон зуурмагийн үнэ, нийлүүлэлтийн тооцооны зөрүүнээс үүдэн дээрх төлбөрийн зөрүү үүссэн гэж маргажээ.

4. Хариуцагч нь 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 2,900,000 төгрөгийн үнэ бүхий 10 м.куб, 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 15,600,000 төгрөгийн үнэ бүхий 52 м.куб бетон зуурмагийг нэхэмжлэгчээс аман хэлцлийн дагуу худалдан авсан болох нь зохигчийн тайлбар, бетон зуурмагийн хүргэлт хийсэн миксер тээврийн жолооч нарын тайлан, өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан, нэхэмжлэх, зохигчдын цахимаар хийсэн тооцоо нийлсэн цахим баримтад 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдсон байна. /хх11-15, 57-61/

 

4.1. Нэхэмжлэгчээс хариуцагчид 62 м.куб бетон зуурмаг нийлүүлсэн, талуудын тооцоо 4,800,000 төгрөгийн хэмжээнд үлдэгдэлтэй байгаа талаар талууд тооцоо нийлсэн болохыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтаар зөв дүгнэсэн, үзлэг хийсэн тэмдэглэл нь хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангасан байна.

 

5. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн дээрх эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн.

 

5.1. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх тул нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-аас худалдсан бетон зуурмагийн үнийн үлдэгдэл 4,800,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

 

5.2. Дээрх гэрээний үүрэгт хариуцагч нь нэхэмжлэгчээс худалдан авсан бетон зуурмагийн үнэ 4,800,000 төгрөгийн хэмжээнд үлдэгдэлтэй байгаа талаар хариуцагч хүлээн зөвшөөрч талууд тооцоо нийлсэн болох нь үзлэг хийсэн баримтаар нотлогдсон байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

6. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

6.1. Нэхэмжлэгч талаас нийт 7 удаагийн хүргэлтээр 62 м.куб хэмжээтэй буулгасан гэж байгаа боловч буулгасан бетон зуурмагийн хэмжээ нь нэхэмжлэлд дурдсан хэмжээнд хүрэхгүй байсан гэх гомдол нь нотлох баримтгүй байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүхэд маргаагүй байна. Иймд уг гомдлыг хангах үндэслэлгүй.

 

6.2. Хариуцагч талын гаргасан бетон зуурмагийн тооцоо /2024.11.05/ гэх баримтаас үзвэл, 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр нийлүүлсэн 250 маркийн 1 м.куб бетон зуурмагийн нэгж үнийг 290,000 төгрөгөөр, 10 м.куб бетон зуурмагийн үнийг 2,900,000 төгрөгөөр, 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нийлүүлсэн 1 м.куб бетон зуурмагийн нэгж үнийг 300,000 төгрөгөөр, 52 м.куб бетон зуурмагийн үнийг 15,600,000 төгрөгөөр тооцсон болох нь тогтоогдож байх тул 1 м.куб бетон зуурмагийн үнийг нарийвчлан тодорхойлоогүй гэх гомдлыг хангахгүй.

 

6.3. Мөн нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 10 м.куб, 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 52 м.куб, нийт 61 м.куб гэж бичсэн нь техникийн шинжтэй бичвэрийн алдаа гаргасан гэдгийг залруулан тайлбарлаж байх ба нийт нийлүүлсэн бетон зуурмагийн хэмжээ 62 м.куб болох нь дээр дурдсан бусад баримтуудаар тогтоогдож байх тул нийлүүлсэн гэх бетон зуурмагийн хэмжээг зөрүүтэй тодорхойлсон гэх гомдол үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 197/ШШ2025/01639 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 91,750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ