| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2019/0213/Э |
| Дугаар | 232 |
| Огноо | 2019-06-13 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 232
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уламбаяр,
Шүүгдэгч Ч.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт Ч.Г-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918000000255 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1978 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, услалтын системийн оператор мэргэжилтэй, хувиараа дугуй засвар ажиллуулдаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Хонгор сумын ........... тоотод оршин суух урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Ч.Г,
Ч.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ч.Г нь согтуурсан үедээ 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт автомашинаар зорчиж явахдаа өөрийн эхнэр Ц.Г-г “чанга чанга инээж хөхөрч ярилаа” хэмээн нүүрэн тус газарт нь тохойгоороо хоёр удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Ц.Г-ийн “...Г чимээгүй байгаач пизда минь гээд нүүр рүү тохойгоороо цохихоор нь би орилсон чинь машин зогсохоор нь би буугаад гүйгээд жоохон зайдуу очоод уйлаад суусан” гэх мэдүүлэг /хх-ийн 4/,
Гэрч П.Ж-ийн өгсөн: “...Г чимээгүй байлдаа гээд гараараа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 5/,
Шинжээч эмч Д.Туяагийн өгсөн: “...Ц.Г-ийн биед үүссэн гэмтлүүдээс тархи доргилт нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна” гэх мэдүүлэг /хх-ийн 10/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 431 дугаартай “...Ц.Г-ийн биед тархи доргилт, нүүр, баруун гуя, зүүн шилбэний цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 12-13/,
Гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээ 7 оноо буюу дунд түвшинд байна” гэх дүгнэлт /хх-ийн 24-25/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлджээ.
Иймд шүүгдэгч Ч.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч Ц.Г нь хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байх ба хохирогч нь эрүүл мэндэд гэм хор учирсантай холбогдох нэхэмжлэлээ жич гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн хэргийн хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 540 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэж, орлогын хэмжээг харгалзан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Ч.Г-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х овогт Ч.Г-т 540 /таван зуун дөч/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 540,000 /таван зуун дөчин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сар бүр 90,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД