Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2025/00596

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Золзаяа, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 191/ШШ2025/01507 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******т холбогдох,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцуулахыг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Миний бие *******ээс 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу 311,250,000 төгрөгөөр худалдан авсан Хан-Уул дүүргийн ******* хороо, Арцатын ам /17100/, 1460 дугаар байрны *******, 150,75 м.кв орон сууцыг худалдан авч уг гэрээний төлбөрийн 50 хувь болох 155,625,000 төгрөгийг төлсөн болно.

Гэрээний 3.4-т заасны дагуу төлбөрийн 50 хувийг төлснөөр худалдан авагчийн нэр дээр орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн Улсын бүртгэлд шилжүүлэн бүртгэж үлдэгдэл зээлийг банк болон банк бус санхүүгийн байгууллагын зээлээр төлнө гэсний дагуу өмчлөл шилжүүлэхийг удаа дараа шаардсан боловч одоог хүртэл шилжүүлж өгөхгүй байсан.

Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 138 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн зарлан дуудах хуудас ирүүлснээр, миний худалдан авсан орон сууц нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгааг мэдсэн.

2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр *******т, намайг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцуулах гомдол гаргасан боловч 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 4/138 дугаартай тогтоолоор гомдлыг хүлээн авахаас татгалзсан.

Иймд ******* намайг, Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дах хэсэгт Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож болно гэж заасны дагуу гуравдагч этгээдээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч тал тайлбар гаргаагүй болно.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан *******т холбогдуулан гаргасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцуулахыг даалгах тухай *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.2. Худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн 50 хувь болох 155,625,000 төгрөгийг төлсөн бөгөөд орон сууцны төлбөрөөс тодорхой хэсгийг төлсөн үйл баримт тогтоогдсон талаар шүүхийн шийдвэрт дурдагдсан.

******* нь ******* нарын хооронд байгуулагдсан 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3.4-т заасны дагуу төлбөрийн 50 хувийг төлснөөр худалдан авагчийн нэр дээр орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн Улсын бүртгэлд шилжүүлэн бүртгэж үлдэгдэл зээлийг банк болон банк бус санхүүгийн байгууллагын зээлээр төлнө гэсний дагуу өмчлөл шилжүүлэхийг удаа дараа шаардсан боловч одоог хүртэл шилжүүлж өгөхгүй байсан.

******* нь гэрээнд зааснаар орон сууцыг *******гийн нэр дээр шилжүүлж өгсөн бол ******* нь үлдэгдэл 50 хувийг төлж орон сууцыг өөрийн болгох хүсэл зоригтой байсан боловч ******* нь шилжүүлж өгөөгүй бөгөөд *******гийн тодорхой хувь төлж худалдан авсан хөрөнгө нь *******ийн үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр албадан гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа нь *******гийн эрх ашигт сөргөөр нөлөөлж байна.

Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талаас тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх эсэх асуудлаар тайлбар гаргаагүй байна.

 

1.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ *******ээс худалдан авсан орон сууцаар үүргийг хангуулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх тул уг ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасныг татгалзсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дах хэсэгт заасны дагуу уг ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулахыг хариуцагч байгууллагад даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч шийдвэрийн үндэслэлдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул шийдвэрийн үндэслэлийг өөрчлөн дүгнэж, шийдлийг хэвээр үлдээнэ.

2.1. Нэхэмжлэгч *******, ******* нар 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-гээр эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Хан-Уул дүүргийн ******* хороо, Арцатын ам /17100/ 1460 байр ******* 150,75 м.кв талбай бүхий орон сууцыг 311,250,000 төгрөгөөр *******д худалдахаар тохиролцжээ. /хх11-12/

 

2.2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2023/03934 дугаар шийдвэрээр хариуцагч *******ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 378,474,282 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, *******ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Хан-Уул дүүргийн ******* хороо, Арцатын ам /17100/ 1460 байр ******* 150,75 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. /хх85-89/

 

2.3. Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хариуцагч байгууллага 2024 оны 0******* сарын 19-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж /хх90/, төлбөр төлөгч *******ийн нэр дээр бүртгэлтэй улсын бүртгэлийн ******* дугаартай, Хан-Уул дүүргийн ******* хороо, Арцатын ам /17100/ 1460 байр ******* 150,75 м.кв талбай бүхий орон сууцыг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр битүүмжлэх ажиллагаа явагдсан байна. /хх94-96/

 

3. Нэхэмжлэгч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцуулах тухай хүсэлтийг ******* болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албанд хандан тус тус хүсэлт гаргасан байх ба эдгээр байгууллагуудаас хүсэлтийг хангах боломжгүй тухай хариуг тус тус өгсөн байна./хх5-8/

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно гэж иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шүүхэд гомдол гаргах, гомдлыг хянан хэлэлцэх хүрээ, харьяаллын талаар заасан.

 

4.1. Гэтэл нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцыг дээрх шүүхийн шийдвэр гарахаас 1 жилийн өмнө худалдах, худалдан авах гэрээ хийсэн байсан, зээлийн барьцаанд бүртгэлтэй байсан талаар мэдээгүй байсан, уг зээлийн гэрээтэй холбоотой хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэгдэх ажиллагаанд оролцоогүй, мэдээгүй байсан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцуулж өгнө үү гэх тайлбар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд түүнийг гуравдагч этгээдээр оролцуулах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага биш, нэхэмжлэлийн үндэслэл гэж үзэхээр байна.

 

4.2. Түүнчлэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож болно гэж заасан бөгөөд энэ хуулиар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч нарт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцуулахыг даалгах эрхийг шүүхэд олгоогүй.

 

5. Иймд нэхэмжлэгчийн гаргасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 191/ШШ2025/01507 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ