Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2025/00621

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 197/ШШ2025/02411 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******т холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Анхан шатны тойргийн шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2022/03659 дугаар захирамжаар *******-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 53,441,336 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрч, талууд 12 удаагийн хуваан төлөлтөөр төлж барагдуулах, гэрээнд заасан хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх42-48/

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар иргэн, хуулийн этгээд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй.

 

4.1. Дээрх хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хариуцагч байгууллагаас шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж /хх49/, *******гийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* аймгийн ******* сум, 2 дугаар баг, Билгэх шинэ хотхон, 1 дүгээр гудамж, хаягт байрлах, 99 м.кв талбайтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 500 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 106 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 23361222/05 дугаар тогтоолоор битүүмжилж /хх50-52/, 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 23361222/06 дугаар тогтоолоор хураан авсан /хх60-62/ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасан зохицуулалтад тус тус нийцжээ.

 

5. Дээрх хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр төлөгч нь 300,000,000 төгрөгөөр үнэлсэн байх ба төлбөр авагч нь хүлээн зөвшөөрөөгүй тул 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 9/68 дугаартай шинжээч томилох тухай тогтоолоор барьцааны эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу шинжээч томилсон байна./хх67-71/

 

5.1. Шинжээч -ийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дүгнэлтээр дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг 176,200,000 төгрөгөөр үнэлсэн байна./хх 72-97/

 

5.2. Үнэлгээний тайланг 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 3/4931 дугаар мэдэгдлээр төлбөр төлөгчид тухайн өдөр гардуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасантай нийцсэн. /хх 98/

 

6. Шинжээч -ийн үнэлгээчин дүгнэлт гаргахдаа хувийн сууцыг өртгийн хандлагын аргаар 51,632,705 төгрөгөөр, үйлчилгээний байрыг 89,067,865 төгрөгөөр, өмчлөх эрхтэй газрыг зах зээлийн жишиг үнийн хандлагын аргаар 35,500,000 төгрөгөөр тус тус үнэлж, нийт үнийг 176,200,000 төгрөгөөр тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 болон 8 дугаар зүйлд заасан журам, хөрөнгийн үнэлгээний тайланд тавигдах шаардлагад нийцсэн байна.

Хувийн сууц болон үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг ******* аймгийн ******* суманд харьцуулах адил төрлийн хөрөнгийн мэдээлэл байхгүй үндэслэлээр өртгийн хандлагын аргаар, харин газрыг зах зээлийн жишиг үнийн аргаар үнэлсэн талаар шинжээч тайландаа дурджээ.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...зах зээлийн үнэлгээг тогтоохдоо тухайн бүс нутагт худалдагдаж буй хөрөнгүүдтэй харьцуулах аргыг дутуу хийсэн гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

6.1. Түүнчлэн, нэхэмжлэгч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн үнэ ханшнаас доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

7. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шинжээч томилж, үнэлгээ гаргуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 197/ШЗ2025/06048 дугаар захирамжаар хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийг зөрчөөгүй тул энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 197/ШШ2025/02411 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ