| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2019/0217/Э |
| Дугаар | 240 |
| Огноо | 2019-06-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 240
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгч Д.О өмгөөлөгч Н.Баярмаа,
Шүүгдэгч Э.Э өмгөөлөгч Ө.Өлзиймаа,
Шүүгдэгч Д.О, Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Эрдэнэ-Очирын Эрдэнэсүх, Боржигон овогт Дагвын Очирсүрэн нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918002070220 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ............ тоотод оршин суух Б овогт Э.Э,
Монгол Улсын иргэн, 1976 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж дүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ............ тоотод оршин суух Б овогт Д.О,
Д.О, Э.Э нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.О нь 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг, Сутай бааранд иргэн Э.Э нүүрэн тус газар шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол,
Шүүгдэгч Э.Э нь 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг, Сутай баарны гадна иргэн Э.Э зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь:
Хохирогч О “...2019 оны 03 сарын 16-ны өдөр найз Э төрсөн өдөр болоод Э, О, Т бид дөрөв Сутай бааранд орсон. ...гадаа тамхи татаад зогсож байтал Э миний замыг хааж зогсоод Өргөөд ял эдэлж байсан биз дээ, пизда минь гээд намайг цохихоор нь би бултсан, тэгсэн чинь Э миний хувцаснаас зуураад хоёулаа камергүй газар очьё гээд намайг баруун гарынхаа тохойгоор нударсан, тэгэхэд миний хавирга хөндүүрлээд их хүчтэй өвдсөн. ...Э дахиж орж ирээд намайг гараад ир гээд байхаар нь миний уур хүрээд ширээн дээр ууж байсан тал архитай шилээрээ нүүр рүү нь нэг удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,
Хохирогч Э.Э “...2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 1 цагийн орчим Сутай баарны гадна хамт ял эдэлж байсан О тааралдахад муу өргөөгийн банди чамтай юугаа ярьдаг юм гэж хэлэхээр нь уурлаад өмсөж явсан куртикнээс нь татсан чинь урагдсан, тэгэхэд хамт явсан залуу одоо хэрүүл маргаан хийгээд яахав ээ, дотор орж нэг шил архи ууя гэхээр нь тэр залууг дагаж ороод О сууж байсан ширээн дээр байсан чинь О архины шил аваад миний нүүр рүү нэг удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,
Гэрч Д.Э “...ширээн дээр сууж байхад 10 минутын дараа О баруун талын хавирга хөндүүрлээд байна, сая надтай хамт ял эдэлж байсан Эрдэнэсүх тааралдаад миний баруун талын хавирга руу нэг тохойлдсон гээд гаднаас орж ирсэн, ...О ширээн дээр байсан тал шилтэй архийг аваад Э нүүр рүү нэг удаа цохиод авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21/,
Гэрч Х.Т “... О куртикных нь суга урагдсан байдалтай орж ирэхээр нь юу болсон бэ гэж асуусан чинь нэг хүнтэй тааралдаад намайг харанхуй газар зодолдъё гээд түлхэж татаад байхаар нь арай гэж орж ирлээ миний баруун талын хавирга нэг эвгүй болчихлоо гэж хэлсэн. ...О ширээн дээр байсан тал шилтэй архийг аваад нөгөө залуугийн нүүр рүү нэг удаа цохиод авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 259 дугаартай шинжээчийн “...Э.Э биед хамар ясны битүү хугарал, таславчийн мурийлт баруун нүдний зовхинд цус хуралт, хамар зулгаралт, баруун нүдний зовхи, хамар зөөлөн эдийн няцралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хүний эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 24/
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 266 дугаартай шинжээчийн “...Д.О биед баруун 10-р хавирганы цууралт, баруун гарын алга, зүүн шагайнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 31/, болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Д.О, Э.Э нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 45,000 төгрөгийг шүүгдэгч Д.Очирсүрэнгээс гаргуулж хохирогч Э.Э олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Э.Э эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин шүүгдэгч Д.О хувьд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөх талаар илэрхийлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Э нь учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийж гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан торгох ялын доод хэмжээгээр буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Д.О нь үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, орлогын хэмжээг харгалзан тус тус 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Э.Э, Б овогт Д.О нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Э 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр, Д.О 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сар бүр 75,000 төгрөгөөр, Д.О оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
4. Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Э нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О 45,000 /дөчин тав/ төгрөг гаргуулж Дархан-Уул аймгийн Дархан сумын .......... тоотод оршин суух Б овогт Э.Э олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О, Э.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД