Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2025/00622

 

 

*******ий нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч С.Энхбаяр, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/01464 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ий нэхэмжлэлтэй

Хариуцагч *******ад холбогдох,

37,649,340 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Миний бие *******ад 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн хооронд нийт 23,200,000 төгрөгийг зээлсэн. Зээлийн хүүг сарын 10 хувь байхаар аман хэлбэрээр тохиролцсон. Бидний зүгээс 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр амаар байгуулсан зээлийн гэрээг бичгээр баталгаажуулахаар болсон бөгөөд нийт олгосон зээл болох 23,200,000 төгрөг, түүнд бодогдсон хүүг олгосон өдрөөс хойш тооцоолон үзэхэд нийт 39,800,000 төгрөг болсон. Энэ үнийн дүнгийн 23,200,000 төгрөгт хамаарах хэсэг нь өмнө олгогдсон зээл ба харин үлдсэн 16,600,000 төгрөг нь гэрээ байгуулах өдрийг хүртэлх бодогдсон хүү байсан. Үүнийг ******* нь тухайн үедээ хүлээн зөвшөөрсөн. Өмнө нь аман хэлбэрээр байгуулсан гэрээний харилцааг бичгийн хэлбэрт оруулан 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гэрээ байгуулж, 6 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүү тооцохоор харилцан тохиролцсон тул энэхүү гэрээ нь бодитоор олгогдсон зээлийн хувьд хүчин төгөлдөр болно. Тухайн хугацаанд /2022.04 cap-2022.10 cap/ бичгийн хэлбэрээр гэрээ байгуулаагүй тул миний зүгээс хүү тооцоолон авах ёсгүй гэж үзэн 16,600,000 төгрөгийн хүүг нэхэмжлэх шаардлагагүй гэж үзсэн болно. Харин 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн гэрээ нь өмнө аман хэлбэрээр үүссэн зээлийн гэрээний харилцааг бичгийн хэлбэрт оруулан баталгаажуулах зорилготой байсан тул олгогдсон зээл болох төгрөгийн хэмжээгээр гэрээний нөхцөл хэрэгжих нь зүйд нийцнэ. Бичгийн хэлбэрээр гэрээ байгуулснаас хойш хугацаанд /2022.10.26- 2023.04.26/ бодогдсон хүү болох 13,920,000 төгрөгийг нэмж, тухайн хугацаанд төлсөн төлбөр болох 10,600,000 төгрөгийг хасвал 26,520,000 төгрөгийн үлдэгдэлтэй. Үүнээс хойш гэрээний 3.7-т заасны дагуу алдангийг тооцсон ба гэрээний хугацаа дууссанаас хойшхи хугацаанд төлсөн 8,110,000 төгрөгийг хасч алдангийн хэмжээ 12,549,780 төгрөг болсон. *******ын гэрээний үүрэгт нийт 37,649,340 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Би *******оос 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ямар нэгэн биет байдлаар мөнгө авсан зүйлгүй, зөвхөн урьд авсан 23,200,000 төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүү гээд *******ий бодсоноор зээлийн гэрээн дээр гарын үсэг зурсан. Миний бие 2022 оны 04 дүгээр сараас 2022 оны 07 дугаар сар хүртэл хугацаанд нийт 23,200,000 төгрөгийг *******оос авсан. Миний бие *******той гэрээ хийсний дараа БНСУ-д явж ажил хийж, Солонгос улсаас ажил хийж мөнгө олсноо гуйвуулдаг байсан. Би 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн хугацаанд *******д 19,810,000 төгрөгийг шилжүүлж зээлээ төлсөн гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 31,635,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,014,340 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 495,225 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 316,125 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиа хэтэрч болохгүй, мөн зүйлийн 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл анз, алданги 50 хувиас хэтрэхгүй гэсэн заалт хэрэгжсэнгүй, үүнийг хариуцагч талаас хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байсангүй хэмээн үзэж байна.

Иргэний хуулийн 282 дүгээр зүйлийн 282.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан. Хуульд зааснаар ******* нь *******аас хүү авах эрхээ алдсан гэдэг нь тодорхой байхад шүүх нь нэхэмжлэлийг хангаж, хүүнээс хүү бодож шийдвэрлэсэн байгаа нь хэт нэг талыг барьсан шийдвэр болсон гэж үзэж байна.

4.2. Мөн хариуцагч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх явцад 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр *******оос биет байдлаар мөнгө аваагүй тул хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргасан боловч анхан шатны шүүх хүлээж аваагүй болно. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдохгүй байна хэмээн хариуцагчид ойлгуулсан. Хэрэгт авагдсан 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан 0595 дугаартай зээлийн гэрээ нь биет байдлаар олгогдоогүй нэгнийгээ дарамталж, шахаанд оруулж хийсэн, хүсэл зоригийн эсрэг хийгдсэн гэрээ гэдэг нь хариуцагч Г.Ундралын хариу тайлбараар нотлогддог. Нэхэмжлэгч нь 16,600,000 төгрөг зээлийн хүүг тооцоод нийт 39,800,000 төгрөгөөр зээлийн гэрээгээ хийсэн гэж тайлбарлаад байхад хүүнээс хүү бодоод шийдвэрээ гаргасанд гомдолтой байна. Мөн нэхэмжлэгч нь 23,200,000 төгрөг анх хариуцагчид өгөхдөө бичгээр гэрээгээ хийгээгүй учир хүү авах эрхээ алдсан байна. Иймд хүүг нь анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хуулийн дагуу шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч тал 23,200,000 төгрөгийг зээлж аваад эргүүлэн 19,810,000 төгрөг төлөөд одоо шүүхээс 31,635,000 гаргуулахаар зааж байгаа нь нийт 51,445,000 төлөхөөр байна гэж гомдол гаргасан байна. Гэтэл хариуцагч тал 19,810,000 төгрөг төлөөгүй, харин 18,810,000 төгрөг төлсөн. Харин 2023 оны 01 дүгээр сарын 1,000,000 төгрөг шилжүүлсэн гэдгээ хариуцагч тал нотолж чадаагүй. Хариуцагч тал 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан гэрээний дагуу хүү болон анз бодогдох үндэслэлгүй гэж тайлбарласан. Уг гэрээний дагуу анз болон хүү бодогдох ёстой учир хариуцагчийн гаргасан тайлбар үндэслэлгүй. Мөн 2022 оны 04 дүгээр сараас 07 дугаар сарын хооронд 23,200,000 төгрөг олгосонд талууд маргадаггүй. Амаар байгуулсан гэрээний харилцаанд 10 хувь гэж тохирсон ба тус гэрээнд хүү болох 16,600,000 төгрөгийг нэмж 39,800,000 төгрөг гэж бичсэн талаар талууд маргаангүй. Өмнө амаар байгуулсан гэрээний харилцааг баталгаажуулах нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгийг зөрчихгүй учраас нэхэмжлэл гарсан.

Уг асуудлын хүрээнд анхан шатны шүүх дүгнэснийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Сөрөг нэхэмжлэл гаргасан боловч анхан шатны шүүх хүлээн авахаас татгалзсан. Үндсэн нэхэмжлэл нь зээлийн гэрээний маргаан байсан учраас хүчин төгөлдөр асуудлыг үндсэн нэхэмжлэлтэй нэг мөр шийдвэрлэх боломжтой тул заавал сөрөг нэхэмжлэл гаргах шаардлагагүй гэж үзсэн. Хариуцагч тал анхан шатны шүүх хуралдаанд нэгнийгээ дарамталж, шахаанд оруулж хийсэн, хүсэл зоригийн эсрэг хийгдсэн гэрээ гэж яриагүй хэр нь давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлж байна. Гэвч уг асуудлаа хариуцагч тал нотолж чадаагүй. Мөн шүүгч нар төлөлт хийсэн нөхцөл байдлыг анхаарч үзнэ үү. Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасган, зээлийн гэрээний үүрэгт 37,649,340 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

2.1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ад 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 11-ний хугацаанд нийт 23,200,000 төгрөгийг зээлдүүлэх хэлцлийг амаар хийсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

2.2. Дээрх амаар хийсэн хэлцлийг талууд 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хийсэн Зээлийн гэрээ-гээр 39,800,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 6 сарын хугацаатай байхаар талууд тохиролцож, мөнгө хүлээн авсан баримтад гарын үсэг зуржээ. /хх5-6/

3. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

 

4. Талууд зээлийн гэрээг бичгээр нөхөж байгуулсан үндэслэлээр зээлийн хүү болон алдангийг хариуцагч төлөхгүй гэж маргажээ.

 

4.1. Нэхэмжлэгч нь Хаан банкны ******* тоот дансаар хариуцагчаас нийт 18,810,000 төгрөгийг зээлийн төлбөрт хүлээн авсан болох нь тогтоогдож байна. /хх36-92/

 

4.2. Хариуцагч нь, нэхэмжлэгчид 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн хугацаанд 19,810,000 төгрөгийг төлсөн гэж тайлбарлах боловч 1,000,000 төгрөгийн зөрүү гарч байгааг хэрхэн төлсөн талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

5. Хариуцагч талаас зээлийн гэрээг бичгээр хийгээгүй тул хүү болон алдангийг төлөхгүй гэх гомдлыг хангахгүй. Учир нь, талууд амаар тохиролцон зээлийн хэлцлийг хийсэн болохыг хожим баталгаажуулан бичгээр үйлдэж, зээлийн хүү, анзын талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт нийцсэн байна. Тодруулбал, нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохих хуулийн шаардлагыг хангасан байна. Энэ үндэслэлээр талуудын хооронд байгуулсан гэрээг үндэслэн нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар зээлийн хүү шаардах эрхтэй.

 

5.1. Харин, талуудын бичгээр байгуулсан зээлийн гэрээнд зээлийн хүүг 10 хувиар тогтоосон нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой гэж үзэхээр байх тул хариуцагчийн хүүгийн талаар маргаж буй тайлбартай холбогдуулан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг үндэслэн уг зээлийн хүүгийн хэмжээг 5 хувь болгон бууруулж тооцох нь зүйтэй гэж үзэв. Өөрөөр хэлбэл, талууд амаар тохиролцсон зээлийн хэлцлийг бичгээр хийхдээ тохиролцсон хүүгийн талаар маргасан тайлбарыг нь үндэслэн зээлийн хүүгийн хэмжээг багасган тооцно.

 

5.2. Мөн, талуудын хооронд 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хийсэн зээлийн гэрээний 3.7 дахь хэсэгт гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар алданги төлнө гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн байх тул зээлийг хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүй талаас нэхэмжлэгч нь алданги шаардах эрхтэй.

 

6. Иймд, үндсэн зээл 23,200,000 төгрөг, 6 сарын хүү 6,960,000 төгрөг, нийт 30,160,000 төгрөгийг төлөх үүргээс хариуцагчийн төлсөн дүн 18,810,000 төгрөгийг хасч, үлдэх 11,350,000 төгрөг, түүнд ногдох алдангид 5,675,000 төгрөг, нийт 17,025,000 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 20,624,340 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт нийцнэ.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/01464 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас зээлийн гэрээний үүрэгт 17,025,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 20,624,340 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын 316,125 гэснийг 243,075 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 316,125 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ