Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 262

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,

Шүүгдэгч Т.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Т.Г-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918000000273 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Дорнод аймаг, Чойбалсан суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, 1 дүгээр байр, 08 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Т.Г,

 

Т.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Т.Г нь 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 07 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Н.П “өөртэй нь маргалдаж байсан Д.С-ыг өмөөрлөө” гэж нүүрийг маажиж баруун нүд рүү нь хуруугаараа чичиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Н.П-ийн “...миний хажууд явсан залуутай маргалдсан уурандаа чи муу яахаараа энийг өмөөрөөд байгаа юм бэ гээд баруун талын нүд рүү гараа хийж нүүрийг минь маажсан. ...жолооч залуу чи хөгшин настай хүнийг яаж байгаа юм бэ гэхэд энэ муу царай муутын туйлыг яасан ч яадаг юм гээд доромжилсон” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/, “...хохирол төлбөр нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй” гэх мэдүүлэг,

 

Гэрч Д.С-ын “...машины жолооч буугаад очсон чинь тухайн эмэгтэй жолоочийг заамдаж аваад нүүрийг маажсан, ...Хөлөө машины голын хайрцаг дээр тавиад надтай маргалдаж жолооч ахын нүүрийг маажсан эмэгтэй нь цэнхэр яктай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/,

 

Гэрч Э.У-ийн “...нэг харахад Г-ийг таксины жолооч ах заамдчихсан байсан ба Г түүнийг түлхсэн чинь нүүр нь маажигдсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13/,

 

Гэрч Н.А-ын “...Г тэр машины жолооч ахыг цаашаа бай, та яагаад энэ цүнх авсан залууг өмөөрөөд байгаа юм бэ, гараа тавь гэх мэтээр хоорондоо нэг нэгнийгээ түлхэлцэж байхдаа гараараа нүүр лүү нь түлхэхдээ маажчихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 481 дугаартай “...Н.П-ийн биед баруун нүдний гэмтлийн гаралтай салстын үрэвсэл, баруун нүдний зовхи, хацар, доод эрүүнд зулгаралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 25-26/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд Т.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Н.П нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Т.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч нь бага насны нэг хүүхэдтэй ганц бие эх, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийж гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан торгох ялын доод хэмжээгээр буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэж, орлогын хэмжээг харгалзан 9 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн болон хураасан хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Т.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Т.Г-т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 сарын хугацаанд сар бүр 50,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ГЭРЭЛТ-ОД