| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 181/2024/04813/И |
| Дугаар | 210/МА2025/00611 |
| Огноо | 2025-04-14 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 210/МА2025/00611
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Т.Гандиймаа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Нэхэмжлэлийн шаардлага: Даатгалын нөхөн төлбөр, алданги нийт 9,775,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 ******* нь *******-тай 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Тээврийн хэрэгслийн төрөлжсөн даатгалын гэрээ-г байгуулж, өөрийн өмчлөлийн маркийн, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг даатгуулж, даатгалын тохиолдол үүссэн тохиолдолд нөхөн төлбөр олгох талаар харилцан тохиролцсон.
1.2 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр даатгалын зүйл болох тээврийн хэрэгслийн урд салхины шил хагарсныг олж мэдсэн даруйд даатгагчийн шуурхай албаны утсанд мэдэгдсэн. Үүний дагуу даатгагчаас ажилтан ирж, даатгалын зүйлд учирсан гэмтлийг тодорхойлохоор үзлэг хийж, фото зураг дарж, баталгаажуулж авсан. Улмаар *******-ийн засвар үйлчилгээнд хандан, машины урд салхины шилийг солиулж, сэлбэгийн үнэ болон засвар үйлчилгээний ажлын хөлс 5,637,000 төгрөг, хуулганы үнэ 880,000 төгрөг, нийт 6,517,000 төгрөгийн зардал гаргасан. *******-д нөхөн төлбөр хүссэн өргөдөл гаргасан боловч боломжгүй талаар мэдэгдсэн.
1.3 Гэрээний 4 дугаар зүйлийн 4.2.16-д зааснаар зам тээврийн осол гарсан эсэхээс үл хамааран бусад шалтгаанаар салхины шилэнд учирсан аливаа хохирлыг шил шинээр тавьсан зардлын хэмжээгээр тооцохоор гэрээний 8.6 дугаар зүйлд заасан тул даатгагчийн хохирлын шалтгаан тодорхой бус гэх үндэслэл нь үгүйсгэгдэж байна. Түүнчлэн, нэхэмжлэгч нь *******-ийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн нөхөн төлбөр олгохгүй тухай хариуг эс зөвшөөрч Санхүүгийн зохицуулах хороонд өргөдөл гаргасан ба үүнийг шийдвэрлэж, Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 3/2646 дугаартай албан тоотоор нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэн, даатгуулагчид учирсан нөхөн төлбөрийг олгох асуудлыг шийдвэрлэхийг мэдэгдсэн. Гэтэл *******-ийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 01/12-1148 дугаартай албан тоотоор дээрх Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг биелүүлэхгүй гэжээ.
1.4 Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасны дагуу ******* нь Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 3/2646 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд хандан шийдвэрлүүлээгүй ба эрх бүхий байгууллагын шийдвэрийг биелүүлэхээс татгалзсан. Улмаар даатгуулагчид учирсан нөхөн төлбөрийг олгох асуудлыг шийдвэрлэхийг мэдэгдсэн эрх бүхий байгууллагын шийдвэрийг биелүүлээгүй, өнөөдрийг хүртэл даатгуулагчид учирсан хохирлыг барагдуулж, нөхөн төлбөр олгоогүй, хууль бус үндэслэлээр татгалзаж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироож байна. Гэрээний 8.10-т зааснаар даатгагчид нөхөн төлбөр хүссэн өргөдлийг 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр өгсөн ба шийдвэрлэх хугацаа өнгөрсөн буюу 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл 156 хоног нөхөн төлбөр олгох хугацааг даатгагч хэтрүүлсэн байна. Иймд гэрээний 7.2 дугаар зүйлийн 7.2.12-т зааснаар нөхөн төлбөр олгох хугацааг хэтрүүлсэн алдангийн төлбөрт 5,083,260 төгрөг буюу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу 3,258,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулна.
Дээрх үндэслэлээр нөхөн төлбөр 6,517,000 төгрөг, алданги 3,258,500 төгрөг, нийт 9,775,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 Талуудын хооронд 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 23201/908 дугаар тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан. Нэхэмжлэгч нь 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр даатгагчийн ******* дугаарт ...замын цагдаагийн гүүрэн доогуур эргэхэд хойноос мөргөсөн, цагдаа ирж үзээд хөдөлгөөд Хан-Уул дүүргийн цагдаа руу явуулсан. Анхан шатанд арын буфер хагарсан, дотор карлан яасныг мэдэхгүй, өнгөлгөө хагарсан, гэрлэн дохио гайгүй харагдаж байна. Нөгөө машин даатгалгүй гэж байна гэж дуудлага өгсөн. Хариуцагчийн шуурхай албаны ажилтан ослын шалтгаан нөхцөлийг баталгаажуулахаар үзлэг хийх явцад Миний салхины шил цуурсан байна гэж нэмэлтээр мэдүүлэхэд, хариуцагчийн ажилтан одоо араас мөргүүлсэн тохиолдолд эвдрэлийг баталгаажуулна, салхины шил энэ ослын улмаас хагараагүй тул та дахин тээврийн хэрэгслийн даатгалаар хандаарай гэсэн зөвлөгөөг өгсөн. Нэхэмжлэгч дахин дугаараас дээр байгаа, салхины шил цуурсан байна, осол нь өнөөдөр болсон, дээр хүрээд ир сая энд ирээд харлаа. Доргилтоос салхины шил хагарсан байх, өнөөдөр өглөө хагарсан, би сая мэдлээ гэх дуудлага өгсөн.
Тухайн үед урд салхины шил цуурсан гэх тохиолдлыг нотлох аливаа фото зураг, дүрс бичлэг зэрэг ямар нэгэн баримтыг нэхэмжлэгч ирүүлээгүй нь тухайн тохиолдол нотлогдохгүй, тогтоох боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон байсан. Мөн үзлэг хийх явцад салхины шил хагарсан, цуурсан гэсэн үйл баримт тогтоогдоогүй, нүдэнд үл харагдах зураас үүссэн байна гэж дүгнэсэн.
2.2 Нэхэмжлэгчийн гомдлын дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 3/2646 дугаар албан бичиг нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан хэлбэр, шинжийг агуулаагүй тул Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан үр дагавар үүсгэхгүй. Талуудын хооронд үүссэн маргаантай холбоотой асуудлаар Санхүүгийн зохицуулах хорооноос хүчин төгөлдөр шийдвэр гаргасан үйл баримт байхгүй бөгөөд албан бичгээр хүргүүлсэн хариуг эрх зүйн үр дагавар үүссэн хүчин төгөлдөр шийдвэр гэж үзэх үндэслэлгүй юм. Хороо нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасны дагуу даатгагч болон даатгуулагч нарын хооронд үүссэн нөхөн төлбөрийн маргааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн өмнөх шатны урьдчилан шийдвэрлэх журмын хангах хэлбэр бөгөөд гэрээний талууд иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж маргаанаа шийдвэрлүүлэх боломжтойг албан бичгээр зөвлөмж өгдөг.
2.3 Мөн даатгуулагчийн мөнгө шилжүүлсэн гэх баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байна.
Иймд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.4.1, гэрээний 8.2.3, 8.11-т тус тус заасны дагуу нөхөн төлбөр олгохгүй байх хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 232 дугаар зүйлийн 232.6-т зааснаар *******-иас 7,787,815 төгрөг гаргуулж, *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,987,685 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 139,555 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 Тухайн эхний осол нь шүүхийн шийдвэрт дурдсан Маршал гэх гүүрний хойд талд болоогүй, ийм үйл баримт хэрэгт авагдаагүй бөгөөд хариуцагчийн зүгээс эхний араасаа мөргүүлсэн гэх осолд үзлэг хийгээгүй, ослын тэмдэглэлд Маршал гэх гүүр гэж тэмдэглэгдээгүй. Талууд үүнд маргаагүй. Нэхэмжлэгч нь эхний ослын дуудлага цуцалсны дараа, дахин дугаараас залгаж, машин дээр байна, салхины шил цуурсан, осол өнөөдөр болсон, дээр хүрээд ир сая энд ирээд харлаа, доргилтоос салхины шил хагарсан байх, өнөөдөр өглөө хагарсан, би сая л мэдлээ, танайхан өөрсдөө ирээд үз гэж дуудлага өгсөн. Урд салхины шил цуурсан гэх тохиолдлыг нотлох аливаа фото зураг, дүрс бичлэг зэрэг ямар нэгэн баримтыг нэхэмжлэгч ирүүлээгүй.
Даатгагчийн шуурхай албаны ажилтны *******-д очиж хийсэн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлийн арын нүүрний дээд хэсэгт эвдрэлийн байдал дээр нэхэмжлэгч урьдчилан цуурсан гэж бичсэн бол, тэмдэглэлийн доод хэсэгт байрлах шуурхай албаны ажилтны дүгнэлтээр хэзээ хаана болсон нь мэдэгдэхгүй, уг цуурсан гэх нь зурагт сайн харагдахгүй байгаа бөгөөд маш жижиг зураас үүссэн байна гэж дүгнэснээс үзэхэд тухайн тохиолдол хэзээ, хаана, ямар шалтгааны улмаас үүссэн болох нь тодорхойгүй, даатгуулагчийн мэдээлсэн мэдээллүүд зөрүүтэй, тухай шилэнд цууралт үүссэн нь тогтоогдоогүй, нэхэмжлэгч цууралтыг нотолж өгөөгүй байдаг. Мөн цуурсан гэх салхины шилний хуулганд зураас гарсан байгаа нь шуурхай албаны ажилтны үзлэгээр нотлогддог бол шил цуурсан баримтыг хариуцагчид болон шүүхийн шатанд нэхэмжлэгч гаргаж өгөөгүй. Харин хуулганд зураас үүссэн, засварлах шаардлагатай үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна.
4.2 Нэхэмжлэгч нь шилэнд үүссэн гэх цууралтыг зөвхөн үнийн санал гэх баримтыг үндэслэсэн ба шүүх аливаа салхины шил цуурсан хагарсан гэх баримт байхгүй байхад энэхүү саналыг үндэслэн цуурсан гэж үзсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий нотлох баримтаар тогтоогдохгүй, үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байна.
4.3 Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн дансны хуулгаар 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 16 цаг 38 минутад 6,459,700 төгрөг, 16 цаг 52 минутад 3,691,350 төгрөг нийт 10,151,050 төгрөг ******* руу шилжүүлснээс үзэхэд тээврийн хэрэгслийг засуулсан гэх үнийн дүнгүүд зөрүүтэй, тус үнийн дүнд салхины шил багтсан талаарх баримт байдаггүй юм. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн *******-ийн үнийн санал нь зөвхөн хэрэглэгчид нийлүүлж, борлуулах үеийн үнийн санал байх бөгөөд шил цуурсан шилийг солих шаардлагатай гэсэн дүгнэлт биш.
4.4 Талуудын хооронд байгуулсан гэрээний 8.2.6, 8.2.8-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн зүгээс хохирлын хэлбэр, хэмжээ зэрэг үйл баримтыг тогтоосон эрх бүхий байгууллагын дүгнэлтийг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, ийм баримт хэрэгт авагдаагүй байна. Даатгалын мэргэжлийн оролцогчдын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.1, мөн зүйлийн 3.2.4 дэх хэсэгт зааснаар ******* нь даатгалын мэргэжлийн оролцогч биш, түүний гаргасан үнийн санал нь хохирлын хэлбэр, хэмжээ, бодит үнэлгээг тогтоосон үнэлгээ биш юм. Тус ******* нь Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3 дахь хэсэгт заасан даатгалын хохирол үнэлэгчийн тусгай зөвшөөрөл авсан эсэх нь тодорхойгүй, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт заасныг баримталсан эсэх нь эргэлзээтэй, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт дурдсан хөрөнгийн үнэлгээний тайлангийн шаардлагад нийцсэн эсэх нь тодорхойгүй, тус үнийн санал нь даатгалын зүйлийн эвдрэлийн хэлбэрийг тогтоогоогүй, тогтоох эрх бүхий этгээд биш юм.
4.5 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 181/Ш32024/24022 дугаар захирамжаар хариуцагчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу бодит хохирол болон эвдрэл хэлбэр /шил цуурсан эсвэл хуулга зурагдсан/-ийг шинжээч томилуулж мэргэжлийн оролцогчийн дүгнэлт шаардлагатай гэсэн хүсэлтийг хангахаас татгалзаж захирамж гаргасан нь хариуцагчийн хариу тайлбар, татгалзлаа нотлох эрхийг зөрчсөн, талуудын маргаантай зүйл дээр эрх бүхий шинжээчийг оролцуулаагүй зэргээс үзэхэд хэрэг хянан шийдвэрлэхэд үндэслэл бүхий баримт, дүгнэлтүүд дутуу байхад шүүхийн шийдвэр гарсан нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.
4.6 Шийдвэрийн үндэслэх хэсэгт Нэхэмжлэгч нь Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т зааснаар санхүүгийн зохицуулах хороонд гаргасан гомдлыг тус хорооны 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 3/2646 тоот албан бичгээр хянан шийдвэрлэсэн байна гэж дүгнэсэн байх бөгөөд шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан 2024 оны 07 сарын 26-ны өдрийн 3/2646 дугаар албан бичиг нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан хэлбэр, шинжийг агуулаагүй тул Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан үр дагавар үүсгээгүй, талуудын хооронд үүссэн маргаантай холбоотой асуудлаар Санхүүгийн зохицуулах хорооноос хүчин төгөлдөр шийдвэр гарсан үйл баримт байхгүй бөгөөд албан бичгээр хүргүүлсэн хариуг эрх зүйн үр дагавар үүсэх хүчин төгөлдөр шийдвэр гэж үзэх үндэслэлгүй. Хороо нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасны дагуу даатгагч болон даатгуулагч нарын хооронд үүссэн нөхөн төлбөрийн маргааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн өмнөх шатны урьдчилан шийдвэрлэх журмын хангах хэлбэр бөгөөд гэрээний талууд иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж маргаанаа шийдвэрлүүлэх боломжтойг албан бичгээрээ зөвлөмж өгдөг.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:
5.1 ******* анх нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлээ тайлбарлахдаа хохирлын шалтгаан тодорхой бус гэх үндэслэлийг дурддаг. Өөрөөр хэлбэл, хэзээ, хаана, ямар шалтгаанаар үүссэн эсэх нь тодорхойгүй учраас нөхөн төлбөр олгохгүй гэж тайлбарласан. Харин шүүх хуралдааны явцад шилний цууралтыг энгийн зураас байсан гэх мэтээр зөрүүтэй байдлаар татгалзлаа илэрхийлсэн. Анх даатгалын тохиолдол бий болох үед хариуцагч талаас мэргэжилтэн ирээд үзлэг, тэмдэглэл хийгээд цууралт үүссэн гэдгийг үнэлж дүгнэсэн баримт хэргийн 17-18 дугаар талд авагдсан. Өөрөөр хэлбэл, хохирлын шалтгаан тодорхой бус гэх үндэслэлээр татгалзсан нь даатгалын тохиолдол буюу урд салхины шилний цууралт, хагарал үүссэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн учраас дараагийн даатгалын тохиолдол нь хаанаас үүссэн нь тодорхойгүй гэх үндэслэлийг хариуцагч тал дурдсан.
5.2 Мөн шинжээч томилж мэргэжлийн даатгалын оролцогч оролцуулж үнэлгээг тодорхойлох байсан гэх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татгалзлаа илэрхийлсэн. Гэтэл тухайн даатгалын тохиолдол бий болох үед хариуцагч ******* нь энэ асуудлыг тодорхойлж хөндлөнгийн үнэлгээчин шаардлагатай эсэх асуудлыг өөрсдөө хариуцах үүрэгтэй байсан. Тухайлбал талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээний 7.2.5-т даатгалын тохиолдлыг газар дээр нь очиж шалгаж, нягтлах үүрэгтэй бөгөөд учирсан хохирлын хэмжээг нэг бүрчлэн тогтоож, даатгуулагчид танилцуулах үүрэгтэй гэж даатгагчийн үүргийг тодорхойлсон.
5.3 *******-аас нөхөн төлбөр олгохоос татгалзсан учраас Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан. Тус гомдлыг Санхүүгийн зохицуулах хороо шийдвэрлээд нөхөн төлбөр олгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Учир нь даатгалын гэрээний 4.2.16-д заасны дагуу шилний эрсдэлийг ямар ч тохиолдолд ямар шалтгаанаар үүссэнээс үл хамаараад учирсан хохирлыг бүхэлд нь нөхөн төлөх зохицуулалттай тул нөхөн төлбөрийг олгох зүйтэй гэх байдлаар хариу албан бичиг хүргүүлсэн. Энэ талаар талуудын хооронд байгуулагдсан гэрээний 11.5-д зааснаар талууд даатгалын гэрээтэй холбоотой харилцаанд маргаан үүссэн тохиолдолд Санхүүгийн зохицуулах хороонд хандаж шийдвэрлүүлнэ. Үүнийг эс зөвшөөрсөн тал нь 10 хоногийн дотор давж заалдах буюу шүүхэд гомдол гаргаж болно гэж зохицуулсан: Гэтэл Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан шийдвэрт ******* маргаагүй буюу зохих журмын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлээгүй.
Түүнчлэн, Санхүүгийн зохицуулах хороо нь мэргэжлийн байгууллага бөгөөд нөхөн төлбөр олгох нь зүйтэй гэх дүгнэлт гарсан. Шилний эрсдэлийн талаар даатгалын гэрээний 8.5-д тухайн салхины шилийг шинээр сольсон зардлын хэмжээгээр учирсан хохирлыг тодорхойлно гэж заасан. Өөрөөр хэлбэл, тухайн үед салхины шилийг шинээр солихоос өөрөөр засварлах боломжгүй, өөрийн болон бусдын амь насанд хохирол учруулж болзошгүй эрсдэл үүссэн учраас нэн даруй салхины шилийг солих шаардлага үүссэнийг хариуцагч тал ойлгох нь зүйтэй.
Иймд дээрх байдлаар анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан даатгалын гэрээний нөхөн төлбөр 6,517,000 төгрөг, алданги 3,258,500 төгрөг, нийт 9,775,500 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Талууд 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 23201/908 дугаартай Тээврийн хэрэгслийн төрөлжсөн даатгалын гэрээ-г байгуулсан. Гэрээгээр даатгуулагч *******ын эзэмшлийн ******* маркийн, ******* улсын дугаартай, автомашины үнэлгээ 322,800,000 төгрөг, машины хуулганы үнэлгээ 8,000,000 төгрөгийн үнэлгээгээр даатгуулах, даатгуулагч нь даатгалын хураамжид 6,456,000 төгрөг төлөх, даатгагч ******* нь гэрээнд заасан даатгалын тохиолдолд бий болоход нөхөн төлбөр төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх 7-13/
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн. Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.
5. Анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.
5.1 Даатгуулагч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 08 цаг 15 минутад даатгалын зүйл болох дээрх тээврийн хэрэгсэл зам тээврийн осолд орсон талаар, мөн өдрийн 12 цаг 42 минутад тухайн тээврийн хэрэгслийн урд салхины шил хагарсан талаар даатгагч *******-д тус тус мэдэгдсэн. /хх 64-68/
5.2 Улмаар, даатгагч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 14 цаг 08 минутад Даатгалын тохиолдлын ослын тэмдэглэл үйлдсэн. Уг тэмдэглэлд салхины шил цуурсан/ эвд шинэ гэж, мөн шуурхай албаны мэргэжлийн дүгнэлт хэсэгт ...үзлэг хийх явцад хэзээ хаана болсон нь мэдэгдэхгүй. Уг цуурсан зурганд сайн харагдахгүй байгаа маш жижиг зураас гэж тус тус тэмдэглэсэн байна. /хх 51/
6. Гэрээний 4.1-т заасан даатгалын эрсдэлд 4.2.16-д шилний эрсдэл: шилний хохирол /зам тээврийн ослоос үл хамаарах шалтгаанаар үүссэн урд хойд салхи, хаалганы шилэнд учирсан хохирол/ гэж заасан байна. Дээрх Даатгалын тохиолдлын ослын тэмдэглэл-д салхины шил цуурсан/ эвд шинэ гэж тэмдэглэсэн байдлаас үзвэл даатгалын зүйл болох тээврийн хэрэгслийн урд салхины шилэнд эвдрэл, гэмтэл үүссэн үйл баримт тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл, гэрээний 8.6 дахь хэсэгт заасан шилний хохирол нөхөн төлөх хэмжээг тооцох үндэслэлийг ******* нь мэргэжлийн даатгалын байгууллагын хувьд тайлбар, татгалзлаа баримтаар нотолж чадаагүй байна. Иймд энэ талаарх хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
7. Нэхэмжлэгч тухайн тээврийн хэрэгслийн урд салхины шилийг засан сайжруулж, хэвийн байдал оруулахад нийт 5,637,000 төгрөгийн зардал гарсан болох нь *******-ийн нэхэмжлэх, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл болон депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдсон байна. /хх 18, 42-43/ Түүнчлэн, гэрээний 8.2.5-д учирсан хохиролд дистрибьюторийн үнийн саналыг үндэслэж нөхөн төлбөрийг олгох талаар заасан байх тул нэхэмжлэгч нь дээрх *******-ийн нэхэмжлэхийг үндэслэн нөхөн төлбөр шаардсаныг буруутгахгүй. Иймд анхан шатны шүүх хохирлын хэмжээг тогтоохдоо -ийн үнэлгээний тайланд /хх 73-77/ үндэслээгүй нь зөв байхаас гадна уг үнэлгээ нь учирсан хохирлыг нотолсон баримт болохгүй тул хариуцагчийн хохирлын талаарх давж заалдах гомдлыг хангахгүй.
7.1 Түүнчлэн, хариуцагч нь урд салхины шилний хуулга даатгалын эрсдэлд хамаарах талаар маргаагүй. Иймд анхан шатны шүүх урд салхины шилийг солихтой холбоотой нэхэмжлэлийн шаардлагаас хуулгыг солих үнэ 880,000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
8. Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас алданги 1,270,815 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
8.1 Гэрээний 7.2 дугаар зүйлийн 7.2.12-т Даатгалын гэрээний 8.10-8.11-д заасан бусад тохиолдолд гэрээнд заасан хугацаанд нөхөн төлбөр олгоогүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хүртэлх хувиар алданги тооцно гэж талууд алдангийн талаар тохиролцсон.
8.2 Мөн гэрээний 8.10-т Тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөрийг даатгагч нөхөн төлбөр хүссэн өргөдөл, материалыг бүрэн хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан олгоно. гэж, 8.11-т Даатгуулагчаас хүлээн авсан өргөдөл материал нь гэрээнд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй дутуу, эргэлзээтэй байх эсвэл тухайн асуудлаар эрх бүхий байгууллагаар дүгнэлт тодорхойлолт гаргуулахаар даатгагч хүсэлт гаргасан, эсвэл эрх бүхий байгууллагаа хянаж шалгаж шийдвэр гаргаагүй тохиолдолд энэ нөхцөлийн 8.10-т заасан хугацаа үйлчлэхгүй гэж тус тус заажээ.
8.3 Нэхэмжлэгч нь Санхүүгийн зохицуулах хороонд өргөдөл гаргасан, тус хорооны 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 3/2646 дугаар албан бичгээр ...даатгалын гэрээнд заасан эрсдэлийн улмаас даатгуулагчид учирсан хохирлыг үндэслэн төлбөрийг олгох асуудлыг шийдвэрлэж, хариу мэдэгдэнэ үү гэх албан бичгийг даатгагч *******-д хүргүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь даатгалын нөхөн төлбөртэй холбоотой Санхүүгийн зохицуулах хороонд өргөдөл гаргасан, мөн уг нөхөн төлбөртэй холбоотой шүүхэд маргаан үүссэн нь гэрээний 8.11-т заасан үндэслэлд хамаарч байх тул гэрээний 7.2 дугаар зүйлийн 7.2.12-т заасан буюу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алданги шаардах эрхгүй байна. Иймд хариуцагчийн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагаас алданги 3,258,500 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулна.
9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШЗ2024/24022 дугаар захирамжаар гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-т Тээврийн хэрэгслийн даатгалын үнэлгээг зах зээлийн үнийн жишгийг харгалзан даатгагч, даатгуулагчтай харилцан тохиролцож тогтооно. гэж заасан байх тул тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилуулах тухай, гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.5-д Учирсан хохиролд дистрибьютерийн үнийн саналыг үндэслэнэ, 8.6-д Тээврийн хэрэгслийн шилний хохирол нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөхгүй тохиолдолд засварын зардлын хэмжээгээр нөхөн төлбөр олгох ба хэрвээ уг хохирол нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөхөөр болсон тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийг шил шинээр тавьсан зардлын хэмжээгээр тооцно гэж тус тус заасан байх тул хохирлыг үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилуулах тухай хүсэлтийг тус тус хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийг зөрчөөгүй байна. Иймд энэ талаарх хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
10. Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 191/ШШ2025/01012 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 7,787,815.00 гэснийг 6,517,000 гэж, 1,987,685.00 гэснийг 3,258,500 гэж,
2 дахь заалтын 139,555.04 гэснийг 119,222 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139,556 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
М.БАЯСГАЛАН