Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 186

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2019/0176/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа, 

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа, 

Хохирогч Н.Б ,

Шүүгдэгч М.Б  /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б-д холбогдох эрүүгийн 1918001370123 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, М.Б 1996 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дархан-Уул аймгийн Дархан  сумын 7 дугаар баг 017-3-27 тоотод оршин суух хаягтай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч М.Б  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн Дэвшил 2 дугаар гудамжны 24 тоот хашаан дотор Н.Б-тай маргалдаж, улмаар харилцан зодолдож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Б  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн Дэвшил 2 дугаар гудамжны 24 тоот хашаан дотор Н.Б тай маргалдаж, улмаар харилцан зодолдож, Н.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Шүүгдэгч М.Б ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...

...миний буруу, хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч Н.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хамт архи уусан юм. Тухайн үед гурвуулаа байсан. Юунаас болж маргалдсаныг би санахгүй байна. Маргалдаж байгаад эхнэр рүүгээ яриад такси дуудаад гэртээ харьсан.

...320000 төгрөг хохирол төлбөрт авсан. Одоо нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 2/,

 

-Гэрч Н.Ө-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Өнөөдөр буюу 2019 оны 2 дугаар сарын 19-ний орой 21 цагийн үед манай төрсөн дүү Баттулгын эхнэр Нандин-Эрдэнэ над руу залгаад “Баттулга хүнд зодуулаад татаад байна” гэхээр нь “та 2 хаана байна?” гэхэд “Ширээ нуруунд манай гэрт байна” гэхээр нь очиход нүүр болон цээж хэсэг нь зулгаралттай байхаар нь цагдаа дуудаж, эмнэлэг рүү авч явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 5-6/, 

 

-Гэрч Б.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Батбаярын төрсөн өдөр гээд нөхөр болох Баттулга бид хоёрыг гэрээс ирж аваад Батбаярын гэрт нь очоод нэг том виски, 1 литрийн “Соёрхол” гэдэг архи уусан. Баттулга нь Батбаяртай намайг хардаад Батбаяр нь Баттулгыг гарч уулзъя гээд аваад гарсан. Би найз болох Заяаг хүргэж өгөх гээд такси дуудсан байсан болохоор такси ирэхээр гэрээс гарсан чинь Баттулга, Батбаяр нар зодолдоод зогсож байсан. Тэгээд салгах гэсэн Очироо бас түлхээд байж байсан. Тэгээд би тэд нарыг болиулчихаад найз болох Заяаг аваад гэрт нь хүргэж өгөх гээд явж байхад Батбаяр хутга барьж дайраад байна гээд над руу нөхөр маань 98787858 гэх дугаараас залгахаар нь буцаж очсон. Тэгсэн манай нөхөр зам руу гараад ирчихсэн ямар ч хувцасгүй, нүүр нь зөндөө шалбарчихсан байсан. Тэгээд гэртээ хариад түргэн дуудаж үзүүлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 9-10/, 

 

-Гэрч Д.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Батбаяр, Баттулга, Баттулгын эхнэр нар манай гэрт ирсэн. Батбаяр нь манай хуурай дүү байгаа юм аа, харин Баттулгийг нь бол би сайн мэдэхгүй. Тэгээд бид 4 архи уусан бөгөөд Баттулга, Батбаяр 2 хоорондоо маргалдаж эхэлсэн бөгөөд би юунаас болж маргалдсан болохыг нь сайн мэдэхгүй байна. Тэгснээ тэр 2 гарсан. Төд удалгүй Баттулгын нүүр нь халцарсан, цээж дээгүүрээ нүцгэн орж ирсэн. Тэгээд “чи чинь яачихваа” гэсэн чинь “зүгээр зүгээр” гэсэн. Тэгээд би “наад цусаа угаа” гэсэн чинь гараад гүйгээд явчихсан, араас нь Батбаяр орж ирсэн. Хоёулаа л хувцас нь шороо болчихсон газар өнхөрсөн юм шиг байсан. Тэгээд би янз бүрийн юм яриагүй найзууд хоорондоо учраа олно биз гээд орхисон.” гэх мэдүүлэг /хэргийн 11/, 

 

-“Бусдад зодуулан гэмтсэн. Толгой өвдөнө, хүзүү хөшинө, нүүрэнд болон баруун мөр, зүүн шуунд зулгарсан шархнуудтай. гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хэргийн 15/, 

-Дархан-Уул аймгийн “Саран-Элит” клиникийн эмнэлгийн дүрс оношилгоо /хэргийн 16/,

-“Н.Б-ын биед тархи доргилт, нүүрний хэсэг, зүүн чамархайн хуйх, баруун мөр, суга, бугалга, баруун зүүн шуу, зүүн далний зулгаралт, зүүн нүдний зовхи, хүзүү, баруун хөхөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр буюу унах үед үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 190 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 17/,

-М.Б ын хохирол төлбөр төлсөн баримтууд /хэргийн 34/ болон хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Б-ын эрүүл мэндэд “тархи доргилт, нүүрний хэсэг, зүүн чамархайн хуйх, баруун мөр, суга, бугалга, баруун зүүн шуу, зүүн далний зулгаралт, зүүн нүдний зовхи, хүзүү, баруун хөхөнд цус хуралт” бүхий гэмтэл учирсан бөгөөд энэ нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 190 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хэргийн 17/ нотлогдож байх тул түүний үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

 

Иймд шүүгдэгч М.Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хохирогч Н.Б  нь шүүхийн хэлэлцүүлэгт “...320000 төгрөг хохирол төлбөрт авсан. Одоо нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг өгч байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч М.Б аас гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч М.Б  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн Дэвшил 2 дугаар гудамжны 24 тоот хашаан дотор Н.Б тай маргалдаж, улмаар харилцан зодолдож, Н.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч М.Б ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч М.Б  нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч М.Б  нь бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, ар гэрийн амьдралын болон шүүгдэгчийн хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч М.Б  нь Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, тус шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 03 дугаартай шүүгчийн захирамжаар 1 сар 8 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон хугацаанд гэмт хэрэг үйлдсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцон 30 хоногийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-т заасныг журамлан өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 1 сар 8 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, бичелэн эдлэх ялын хэмжээг 2 сар 8 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч М.Б  нь энэ хэрэгт 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 9 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, М.Б ын эдлэх ялыг 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэснийг дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч М.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч М.Б-г 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй. 

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч М.Б т оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцон 30 хоногийн хугацаагаар хорих ял дээр Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 1 сар 8 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялын хэмжээг 2 сар 8 хоногийн /хоёр сар найм хоног/ хугацаагаар хорих ял тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч М.Б т оногдуулсан 2 сар 8 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 6.10 дугаар зүйлийн 2-т шүүгдэгч М.Б ын энэ хэрэгт 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 9 /ес/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялыг 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Б т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.ТУУЛ