Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2017/01484

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2017/01265 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1669 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.А-эд холбогдох,

Талуудын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний төлбөр тооцооны үлдэгдэл 24 205 000 төгрөг болохыг, 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Б.А-тэй байгуулсан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон болохыг, Б.А-ээс Б.Цогтбаяр нь 23 128 344 төгрөгийн авлагатай болохыг, 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тус тус тогтоолгох, Хино маркийн ачааны 98-26 УНМ улсын дугаартай автомашиныг “М” ХХК-д буцаан шилжүүлж өгөхийг Б.А-эд даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюуны гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батдорж, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай компанид санхүүжилт хэрэгтэй байсан тул 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр иргэн Б.А-тэй зээлийн гэрээ байгуулж 50 000 000 төгрөг 11 хоногийн хугацаатай, 2 500 000 төгрөгийн хүүтэйгээр эргүүлж өгөхөөр харилцан тохиролцож зээлсэн. Миний ээжийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хорооллын 10 дугаар байрны 6 тоот 2 өрөө opон сууцыг барьцаалан барьцааны гэрээ байгуулсан. Мөн 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр иргэн Б.А-тэй харилцан тохиролцож хамтран ажиллах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр манай компанийн арматурчилсан хөнгөн бетон хавтан БНХАУ-аас оруулж ирэн худалдах бизнест Б.А- 100 000 000 төгрөг оруулах, хөрөнгө оруулалтын ашгаас 15 000 000 төгрөг cap бүр авахаар тохирч, 50 000 000 төгрөг манай компанийн дансанд шилжүүлсэн ба өмнө нь миний зээлсэн 50 000 000 төгрөгийн үүрэг дуусгавар болгох гэрээг 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулж хөрөнгө оруулалтын 100 000 000 төгрөгтөө оруулан тооцохоор харилцан тохиролцсон. Барилгын зах зээл хямарч, эдийн засгийн байдал хүндэрсэн тул би “Баян жонш” ХХК-иас авах авлагадаа авсан 2 өрөө 1 ширхэг орон сууцыг 75 795 000 төгрөгөөр тооцон, Б.А-эд өгөхөөр тохирч 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Б.А- гэрээ хийж уг орон сууцыг шилжүүлэн авсан. Хөрөнгө оруулалтын 100 000 000 төгрөгөөс үүнийг хасвал үлдэгдэл 24 205 000 төгрөг болно. Мөн би Б.А-тэй харилцан тохиролцож, 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 20 000 000 төгрөг, 09 дүгээр сарын 05-ны өдөр 30 000 000 төгрөг нэмж зээлсэн ба Б.А-ийн тулгалтаар уг 50 000 000 төгрөгийг зээлсэн талаарх гэрээг 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулж сарын 10 хувийн хүү төлөх, 16 хоногийн хугацаатай гэж заасан. Уг зээлийн гэрээг байгуулахад Б.А- нь баталгаа болгож барьцааны гэрээ бичгээр байгуулаагүй атлаа “М” ХХК-ийн өмчлөлийн Хино маркийн ачааны 98-26 УНМ улсын дугаартай автомашиныг зээл төлөгдтөл өөрийнхөө нэр дзэр шилжүүлнэ гэж дарамталж, шаардсан тул машины өмчлөх эрхийг шилжүүлсэн. Гэтэл Б.А- нь зээлсэн мөнгө, хүүнд чиний төлсөн мөнгө хаанаа ч хүрэхгүй байна гэж зээлийн барьцаанд бариулсан миний ээжийн өмчлөлийн, амьдран сууж байгаа орон сууцыг нь 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийж өөртөө шилжүүлэн авсан ба манай компанийн өмчлөлийн Хино маркийн крантай автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Би “Баян жонш” ХХК-иас авах авлагандаа авсан 2 өрөө орон сууцыг 75 795 000 төгрөгөөр тооцон, Б.А-эд өгөхөөр тохирч, 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Б.А- гэрээ хийж шилжүүлэн авсан. 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 50 000 000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ашигласан тул хүү болох 2 666 666 төгрөгийн хамт 52 666 666 төгрөг болж байгаа бөгөөд Б.А-эд шилжүүлсэн байрны үнэ 75 795 000 төгрөгөө хасвал миний авлага буюу үлдэгдэл нь 23 128 334 төгрөг болж байна. Зээлийн болон зээлийн барьцааны гэрээний дагуу үүссэн үүрэгтэй холбоотой асуудлаар Б.Цогтбаяр миний бие эрх зүйн этгээдийнхээ хувьд өөрийнхөө шаардах эрх, түүнтэй холбоотой нэхэмжлэх эрхийг миний үүсгэн байгуулсан, хувьцааг нь дангаараа эзэмшдэг “М” ХХК-ийн зүгээс Б.А-эд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй хамтатган шийдвэрлэж өгөхийг хүсч байна.

Мөн Б.А-тэй 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр уулзаж, хоорондын тооцоогоо хийж дуусгах, орон сууц болон автомашинаа буцааж авах талаар ярилцахад татгалзаж, харин ч үүнээс их хэмжээний өр төлбөр буюу 20 000 000 төгрөг нэмж төл гэж шаардсан тул шүүхэд хандсан. Иймд “М” ХХК болон Б.А-ийн хооронд 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний төлбөр тооцооны үлдэгдэл 24 205 000 төгрөг болохыг тогтоолгох, 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Б.А-тэй байгуулсан зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл дуусгавар болсон болохыг тогтоолгох, Б.А-ээс Б.Цогтбаяр нь 23 128 344 төгрөгийн авлагатай болохыг тогтоолгох, 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон тул “М” ХХК-ийн өмчлөлийн Хино маркийн ачааны 98-26 УНМ улсын дугаартай автомашиныг тус компанид буцаан шилжүүлж өгөхийг Б.А-эд даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Б.А- нь нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр зээлдүүлэгч иргэн Б.А-, зээлдэгч “М” ХХК-ийн захирал Б.Цогтбаяртай зээлийн гэрээ байгуулж 50 000 000 төгрөгийг “М” ХХК-ийн Хаан банкны 5174001055 тоот дансанд шилжүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа дуусахад “М” ХХК-ийн захирал Б.Цогтбаяр нь гэрээний хүү болох 2 500 000 төгрөгийг Б.А-эд өгч энэ зээлийн гэрээг дуусгавар болгоё гэсэн. Цаашид хамтарч ажиллая, чи үндсэн зээл 50 000 000 төгрөг дээр нэмж 50 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийчих. 100 000 000 төгрөгөөс 30 000 000 орчим төгрөгийн ашигтай ба ашгийн 50 хувь болох 15 000 000 төгрөгийг сар тутам өгөх боломжтой. Хятадын хавтангийн үйлдвэрийн дистрибьютер болохоор материал хямд авдаг, сарын орлого багадаа 100 000 000 төгрөг байдаг гэж хэлсэн. Нэхэмжлэгч Б.Цогтбаярын энэ саналыг Б.А- хүлээн авч “М” ХХК болон иргэн Б.А- нар хамтран ажиллах гэрээ байгуулахаар тохирч 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр иргэн Б.А- болон “М” ХХК хамтран ажиллах гэрээ байгуулсан. Б.А- нь “М” ХХК-ийн 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр зээлсэн 50 000 000 төгрөг дээр нэмж 50 000 000 төгрөгийг “М” ХХК-ийн Хаан банкны 5174001055 тоот дансанд хөрөнгө оруулалт гэж шилжүүлсэн. “М” ХХК-д иргэн Б.А- нийт 100 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 8 сарын хугацаатай хамтран ажиллахаар, тус компани нь хөрөнгө оруулагч Б.А-эд сарын 15 000 000 төгрөгийн ашгийг cap бүрийн 30-ны өдөр өгч байхаар тохиролцож гэрээг нотариатчаар баталгаажуулсан. “М” ХХК нь 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны ашиг 15 000 000 төгрөгийг 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 12 500 000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 2 500 000 төгрөгийг тус тус Б.А-ийн дансанд шилжүүлсэн. Үүнээс хойш тус компани нь хүйтрээд ашиг багасаж байна гэсээр ямар ч мөнгө өгөхгүй байсаар 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хамтран ажиллах гэрээний үр ашгийн мөнгө болон үлдэгдэл мөнгийг 2 тал хамтран тооцсон. ...2015 оны 08 сарын эхээр Б.Цогтбаяр нь Хятадаас манай компани хавтан захиалах шаардлагатай байна, ахиухан мөнгө олж өгөөч гэж ярихад нь Б.А- өөрт байсан 100 000 000 төгрөгөө чамд өгсөн, одоо мөнгөгүй гэхэд хүнээс олоод өг, барьцаанд нь автокран, крантай машин тавья гээд утасдаад байсан. Ингээд 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Б.А- нь танилаасаа 20 000 000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлэн Б.Цогтбаярт өгч, Хино маркийн автомашиныг зээлсэн мөнгөө баталгаажуулж, гэрчилгээг нь өөрийн нэр дээр шилжүүлж авсан, тухайн үед Б.Цогтбаяр нь манайх ажил ихтэй байгаа тул машиныг хэрэглэж байя гэж гуйсны дагуу зөвшөөрч машиныг нь өгсөн. Сарын дараа буюу 2015 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Б.Цогтбаяр нь дахин залгаад ахиад яаралтай 30 000 000 төгрөг олж өгч туслаач, Атек компаниас бартераар авсан байраа нэр дээр чинь шилжүүлж өгье, өмнөх зээлсэн 20 000 000 төгрөг дээрээ нэмж 30 000 000 төгрөг нийт 50 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлье гэсэн. Б.А- нь дахин танилаасаа 30 000 000 төгрөг зээлэхээр тохирч Б.Цогтбаяр руу залгахад би ажилтай болчихлоо, нягтлангаараа байрны гэрээгээ явуулчихья, гарын үсгээ зураад мөнгөө шилжүүлчихээрэй гэсэн. 2015 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр тус компанийн нягтлан гэх хүн “Атек” ХХК-ийн тамгатай, захирал Б.Цэрэндолгор гэх гэрээг авч ирэхэд нь Б.А- уг гэрээнд гарын үсэг зурж 30 000 000 төгрөгийг Б.Цогтбаярын 5007889948 тоот Хаан банкин дах дансанд нь шилжүүлсэн. Б.А- нь хэд хоногийн дараа байраа үзэх гээд “Атек” ХХК дээр очин гэрээгээ үзүүлэхэд манайх “М” ХХК-тай тооцоо дууссан, наад тамга чинь манай тамга биш байна гэсэн. Б.А- нь тэр өдрөө Б.Цогтбаярыг олж уулзаж хуурамч гэрээний талаар хэлэхэд тэрээр яаралтай байгаад онцгүй юм болчихлоо, ёстой уучлаарай гээд байсан. Тухайн үед Б.А- нь Б.Цогтбаяраас зээлийн хугацаа хэтрээд удчихлаа, мөнгөө авья гэхэд тэрээр “Баян Жонш” ХХК-иас бартераар авсан 2 өрөө орон сууц байна, 50 000 000 төгрөгийн зээлээ дуусгая гэсэн. Ингээд 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн зээлсэн 20 000 000 төгрөг болон 2015 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн зээлсэн 30 000 000 төгрөг нийт 50 000 000 төгрөгийн зээлийн хүүг тооцоход. ...төлөх нийт үлдэгдэл 59 333 332 төгрөг болох тооцоо гарсан. Ингээд 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Б.Цогтбаяр нь “Баян Жонш” ХХК-ийн апартмент-88 байрны “М” ХХК-ийн ззэмшилд байсан 2 өрөө орон сууцыг байрны эрх шилжүүлэх тухай Б.А-эд 75 795 000 төгрөгт тооцон шилжүүлэн өгсөн. 59 333 332 төгрөг хүрэхгүй тул Б.А- нь дээрх 2015 онь 05 дугаар сарын 01-ний өдрийн хамтран ажиллах гэрээний үндсэн хөрөнгө оруулах төгрөгөөс 16 461 68 төгрөгийг хасаж тооцохыг зөвшөөрснөөр зээлийн үлдэгдэл 83 538 332 төгрөг үлдсэн.

“М” ХХК-ийн захирал Б.Цогтбаяр нь Б.А-эд төлөх үлдэгдэл 83 538 332 төгрөгөөс 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн гэрээгээр барьцаалсан Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 10 дугаар байр, 6 тоотын 2 өрөө орон сууцыг 50 000 000 төгрөгт тооцож, 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн. Ингээд хөрөнгө оруулалтын гэрээний үлдэгдэл мөнгө 83 538 332 төгрөгөөс 50 000 000 төгрөгийг хасахад 33 538 332 төгрөг болж байгаа. “М” ХХК болон иргэн Б.Цогтбаяр нар нь хөрөнгө оруулалтын гэрээний үр ашгийн үлдэгдэл 29 205 000 төгрөг, 33 538 332 төгрөг, нийт 62 743 332 төгрөг юм. Үүнээс 20 000 000 төгрөгт тооцон шилжүүлэн авсан Хино маркийн автомашины үнийг хасахад Б.А-эд нийт төлөх мөнгө 42 743 332 төгрөг юм. “М” ХХК болон иргэн Б.Цогтбаяр нараас иргэн Б.А- нь 42 743 332 төгрөгийн авлагатай бөгөөд гэрээний дагуу тооцох алданги, анз тооцоонд ороогүй. Б.А- нь 20 000 000 төгрөгийн зээлийн төлбөрт тооцон авсан Хино маркийн авто машины хууль ёсны өмчлөгч тул машинаа уг компаниас шаардаж тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч компани болон иргэн Б.А- нар нь гэрээгээ тухай бүр дүгнэж байсан тул тус компанийн нэхэмжлэл үндэслэлгүй.

Иймд “М” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2017/01265 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 476 дугаар зүйлийн 476.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул “М” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 618 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тус шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 3725 дугаар захирамжаар хариуцагч Б.А-эд Баянзүрх дүүргийн, 13 дугаар хороолол, 10 дугаар байр, 6 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2204006758 дугаарт бүртгэлтэй орон сууц шилжүүлэхгүй, худалдахгүй, захиран зарцуулахгүй байхыг даалгасан захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй хэвээр байх болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1669 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2017/01265 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх хэргийн оролцогчийг зөв тодорхойлоогүй гэсэн нь хуулийн үндэслэл муутай дүгнэлт болжээ. “М” ХХК хуулийн этгээдийн хувьд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Цогтбаяр шүүхэд гаргасан хүсэлтдээ компанийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхэд иргэн Б.Цогтбаярын бусадтай байгуулсан гэрээний үүргийг шаардах эрхийг хамтатган шийдвэрлүүлнэ гэсэн нь тухайн этгээдээс бичгээр олгосон итгэмжлэлээр төлөөлөгчийн бүрэн эрх тодорхойлогдох ба итгэмжлэл нь Иргэний хуулийн 64-р зүйлийн 64.2-т заасан шаардлагыг хангаагүй байна гэсэн нь хуульд нийцсэн байна.

Мөн анхан шатны шүүх иргэн Б.Цогтбаяр, Н.Алтанцэцэг нар нь зээлийн болон орон сууц худалдах худалдан авах гэрээтэй холбоотой үүргийн биелэлтийг шаардах эрхийг “М” ХХК-д хуульд заасны дагуу бичгээр олгоогүй бөгөөд иргэн Б.Цогтбаярын бусадтай байгуулсан гэрээний үүргийн биелэлттэй холбоотой нэхэмжлэлийг хуулийн этгээд шаардаж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг тус тус хийсэн байхад үгүйсгэсэн нь үндэслэлгүй болжээ.

Анхан шатны шүүх Б.А- болон “М” ХХК-ийн захирал Б.Цогтбаяр нар нь 2015.05.01-ны өдрийн Хамтран ажиллах гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн гэж дүгнэж 2015.11.23-ны өдөр уг гэрээг дуусгавар болгосон атлаа гэрээний төлбөр тооцооны үлдэгдэл 24 205 000 төгрөг болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага нь хуулийн үндэслэлгүй гэж дүгнэсэн нь зөв байна.

Иргэний хуулийн 480  дугаар зүйлийн 480.1.2-т “Талууд шийдвэрлэсэнээр хамтран ажиллах гэрээ дуусгавар болно”, мөн хуулийн 480 дугаар зүйлийн 480.3-т “Хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилна” гэж тус тус зааснаас үзвэл “М” ХХК болон Б.А- нарын хооронд байгуулсан Хамтран ажиллах гэрээ нь Иргэний хуулийн 480.1.2-т зааснаар дуусгавар болсон төдийгүй уг гэрээг дуусгавар болгохдоо Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3-т заасан шаардлагын дагуу гэрээг дүгнэж үлдэх хөрөнгөгүй, биелүүлээгүй хэлцэл байхгүй болохыг талууд аль аль нь хүлээн зөвшөөрч, үүрэг дуусгавар болсон тухай гэрээг баталсан байдаг. Хэдийгээр Б.А-ийн хувьд Хамтран ажиллах гэрээний дагуу “М” ХХК-иас авах үлдэгдэл авлага байсан хэдий ч талууд харилцан зөвшилцөж гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэнд тооцож Хамтран ажиллах гэрээгээр талуудад ямар нэгэн үүрэг үлдээгүй болохыг баталгаажуулсан. Өөрөөр хэлбэл талууд ашиг алдагдлын талаар аливаа маргаангүйгээр бүх үүргийг гүйцэтгэсэнд тооцсон.

Иймээс нэхэмжлэгчийн 2015 оны 05 дугаар сарын 01-нд байгуулагдсан Хамтран ажиллах гэрээний үлдэгдэл төлбөр тогтоолгох шаардлага нь хуулийн үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 476.1 дэх хэсгийг зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнээд, “Мөнххан” хаус ХХК нь хамтран ажиллах гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсан. Гэтэл давж заалдах шатны шүүх “Үүрэг дуусгавар болсон тухай” баримтаар уг гэрээг эцэслэн дүгнэсэн болох нь хангалттай тогтоогдоогүй байна, хамтран ажиллах гэрээний хугацаанд хэдий хэмжээний ашиг олсон, хэдий хэмжээний үлдэгдэлтэй талаар тодорхой бус гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэлийн бусад шаардлагын хүрээнд иргэн Б.Цогтбаяр болон Н.Алтанцэцэг нар нь зээлийн болон орон сууц худалдах худалдан авах гэрээтэй холбоотой үүргийн биелэлтийг шаардах эрхтэй болохыг дурдсан нь эрхийн хамгаалалт хийж, тэдний шүүхэд мэдүүлэх эрхийг хангасан байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон бөгөөд шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэл байхгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг үндэслэн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээнэ үү гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байхад хэргийг хянан шийдвэрлэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэл бүхий үнэлж чадаагүй гэж үзэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 476 дугаар зүйлийн 476.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж,  “М” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байх ба шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааны төрлийг тодорхойлж чадаагүй гэж үзэхээр байна. Иргэний хуулийн дээрх зохицуулалтууд нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэлийг тодорхойлохгүй, улмаар эдгээр зохицуулалтын дагуу шаардлагыг хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоход хамааралгүй гэж үзэхээр байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1., 168.3.-т зааснаар анхан шатны шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй бол давж заалдах шатны шүүх  шийдвэрийг хүчингүй болгож, тухайн хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үүрэгтэй байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулагдсан хамтран ажиллах, зээлийн болон барьцааны гэрээ хоорондоо хэрхэн хамаарч байгааг үндэслэлтэй дүгнээгүй, гэрээ тус бүрийн нөхцөл, хугацаа, дуусгавар болсон байдлыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан бодитоор үнэлээгүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний алдаа гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын агуулгаар магадлалыг хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1669 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН