| Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Тунгалаг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар О.Лхамлхаажавын нэхэмжлэлтэй тус аймгийн Улиастай сумын Засаг даргад холбогдох 2016 оны 11дүгээр сарын 16-ны өдрийн А/127 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Жинст багийн Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхшаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Лхамлхаажав, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Долгорсүрэн, хариуцагч Улиастай сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Ганчимэг нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч О.Лхамлхаажав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Завхан аймгийн Улиастай сумын Засаг дарга Б.Эрдэнэбаатар нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр А/127 тоот захирамж гарган үндэслэлгүйгээр ажлаас халсан нь О.Лхамлхаажав миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Энэхүү хууль бус захирамж гаргасан талаар Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайханд 2016 оны 11 дүгээр арын 23-ны өдөр бичгээр гомдол гаргаж танилцуулсан боловч Улиастай сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 07-ны А/96 дугаар захирамжийг хуульд нийцээгүй шийдвэрийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй гэсэн байна. Иймд дээрх асуудлыг үнэн зөв шийдвэрлүүлэх үүднээс Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж байна гэжээ. Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улиастай сумын Засаг дарга нь Жинст багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон Улиастай сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн А/96 дугаар захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалтуудыг зөрчсөн байх тул тус хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалтыг үндэслэн Засаг даргын А/127 дугаар захирамж гарган хуульд нийцээгүй шийдвэрийг хүчингүй болгосон, мөн дээрх заалтуудыг дурдаж ажлаас халах үндэслэлтэй гэжээ. Дээр дурдсан заалтууд нь ээлжит орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгох сонгуулийн дараагаар бүрэн эрх нь дуусгавар болж байгаа багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчид хуралдааны товыг зарлаж, анхдугаар хуралдаанаар иргэдийн Нийтийн Хурлын дарга, тэргүүлэгчид, багийн Засаг даргыг сонгох үйл явцтай холбоотой учраас дээрх заалтууд нь миний биеийг ажлаас халах үндэслэл болохгүй гэж үзэж байна. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалт болон бусад заалтад нийцүүлэн Улиастай сумын Засаг дарга Д.Энх-Амгалан эрх хэмжээнийхээ хүрээнд 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр А/96 дугаар захирамж гарган Жинст багийн Засаг дарга М.Рэнцэнпүрэвийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан үүрэгт ажлаас нь чөлөөлж, Жинст багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр О.Лхамлхаажав миний биеийг томилон ажиллуулсан нь дээрх захирамжинд хуулийнхаа заалт болгон ажлаас чөлөөлөх, томилох заалтуудтайгаа тодорхой байгаа учир хуулийн дагуу гарсан шийдвэр гэж үзэж байна. Улиастай сумын засаг дарга Д.Энх-Амгалан нь 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтыг үндэслэн бусад хуульд нийцүүлэн 26 дугаар зүйлийн 26.3, 28 дугаар зүйлийн 28.4, 32 дугаар зүйлийн 32.1, дэх заалтуудыг баримталж ажлаас чөлөөлж, ажилд томилсныг хууль зөрчөөгүй гэж үзэн нэхэмжлэлээ дэмжиж байна. ...Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар үргэлжүүлэн ажилуулж сар бүр урамшуулал өгч байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалт, 27 дугаар зүйлүүдийг хэрэгжүүлсэн гэжүзнэ хэмээн хариуцагч тайлбарлаж байна. 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өглөө Улиастай сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Т.Мөнхбаатар нь өрөөндөө надыг дуудаж дуулгахад хэцүүхэн асуудал гарсан өөрөө бараг ойлгож байгаа биздээ гэсэн. Надад ямар нэгэн бичиг баримт захирамж тогтоол, танилцуулаагүй. Би түүний ярианы өнгөнөөс надыг халах гэж байгааг ойлгосон. Тэгээд бид хоёр хамт Засаг даргын өрөөнд орсон. Тэнд тодорхой зүйл яригдаагүй би тэдэнд улс төрийн ажил хэцүү гэдгийг би ойлгож байна хоёрын хооронд ийм заваарсан ажил хийж байхаар хурлаа зарлаад багийн Засаг даргаа жинхэлчихэе гэж хэлсэн. Үүнд хоёр дарга хариу өгөөгүй тэндээс гарч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Мэндбилэг даргатай уулзаж мөн дээрхээ ярьсан хариу өгөөгүй. Удалгүй Улиастай сумын Засаг даргын Тамгын газрын дарга Мөнхбаатар нь Засаг даргын захирамжийг биелүүлэхээр ажил хүлээлцэх комисстой ирж, Д.Ариунбаатар гэдэг залууг дуудаж ирүүлэн түүнд миний ажлыг хүлээлцүүлэн өгсөн. Энэ үйл ажиллагаа явагдсаны дараа А/127 дугаар захирамжаа өгсөн. Ингэж л ажлаасаа халагдсан захирамжтайгаа танилцсан. Тайлбарт дурдсан шиг захирамж гарахаас өмнө нь дарга нартай уулзаж мэдээлэл авсан, ярилцсан тохиолдол байхгүй болно. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар заалтуудыг хэрэгжүүлсэн гэдгийг үгүйсгэж байна. Иргэдийн Нийтийн Хурлын даргаар үргэлжүүлэн ажиллуулж байгаа иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулах боломжгүй байсан төрийн албыг тасралтгүй жигд хэвийн явуулах шаардлагын дагуу тухайн багийн иргэдээс гарсан саналыг үндэслэн Д.Ариунбаатарыг Жинст багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр түр томилсон гэжээ. Засаг дарга Б.Эрдэнэбаатар нь хууль зөрчсөн захирамжаа хамгаалан удаа дараагийн тайлбартаа хуулийн заалтыг гуйвуулан тайлбарлаж эсвэл гаргасан захирамжийнхаа заалтуудаас хамааралгүй утга бүхий тайлбарыг өгөх болсонд харамсаж байна ...гэв. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна. Нэгдүгээрт нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд авч үзвэл О.Лхамлхаажавыг анх багийн Засаг даргаар томилсон А/96 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар сөрөг нэхэмжлэл хариуцагч талаас гаргаагүй. Тийм учраас зөвхөн А/127 дугаар захирамж дээр ярина. Мөн шүүхийн шийдвэр А/127 дугаар захирамжийн хүрээнд гаргах байх. Хариуцагчийн тайлбараас үзвэл доорх хоёр үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна. Үүнд: нэгдүгээрт багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын ажлыг, багийн Засаг даргатай давхар хашиж байсан. Хоёрдугаарт Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.3-т зааснаар иргэдийн Нийтийн Хурлаар оруулж санал оруулаагүй. Ийм учраас нэхэмжлэгчийг багийн Засаг даргаас чөлөөлсөн гэж тайлбарлалаа. Тэгэхээр нэхэмжлэгчийг давхар ажил эрхэлж байсан гэж үзэхгүй байна. Яагаад гэвэл нэхэмжлэгч нь улс төрийн албан тушаалтан юм. Багийн Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.1, 32.2-т зааснаар ажлаас чөлөөлөгдөх үндэслэлтэй. Дээрх хуулийн заалтаас өөр байдлаар багийн Засаг даргыг ажлаас чөлөөлөх хуулийн зохицуулалт байхгүй. Тийм учраас А/127 дугаар захирамж нь үндэслэлгүй гарчээ. Хоёрдугаарт Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.3 дахь заалтыг зөрчсөн гэж хариуцагч талаас тайлбарлалаа. Өөрөөр хэлбэл иргэдийн Нийтийн Хурлаас санал оруулаагүй байхад багийн Засаг даргаар томилсон гэж хэлсэн. Миний хувьд энэ тайлбарыг үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл энэ хуулийн заалтын хариуцлагыг О.Лхамлхаажав гэдэг хүн хүлээх үндэслэлгүй. Тухайн үед санал ирээгүй байхад томилсон албан тушаалтан нь өөрөө хариуцах ёстой. Хариуцагч талаас хуульд нийцээгүй захирамжийг хүчингүй болгосон нь үндэслэлтэй хэмээн тайлбарлаж байгаа. Гэхдээ Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.3 дахь заалтаар хүчингүй болгож байгаа шийдвэр нь яг энэ хөдөлмөрийн маргаанд хамааралгүй. Яагаад гэвэл багийн Засаг даргыг Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.1, 32.2-т зааснаас өөр үндэслэлээр ажлаас чөлөөлөхгүй гэж хуульд заасан. Гэтэл хамааралгүй заалтыг баримталж багийн Засаг даргыг ажлаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч О.Лхамлхаажавын давхар ажил эрхэлсэн байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Гэрч..үүдийн мэдүүлгээс харахад О.Лхамлхаажавын давхар ажил эрхэлж байсан нь нотлогдохгүй байна. Яагаад гэвэл гэрчүүдийн мэдүүлгээс нэг зүйл анзаарагдаж байгаа. Юу анзаарагдаж байгаа вэ? гэхээр хариуцсан хүн нь гарсан захирамжаа холбогдох албан тушаалтнуудад мэдэгддэггүй, ажлын уялдаа холбоо байхгүй. Ийм учраас О.Лхамлхаажавыг томилсон захирамж гарсан гэдгийг мэдээгүй, дараа нь мэдсэн гэсэн зүйл ярьдаг. Тэгэхээр нэгэнт гарсан захирамжийг хайнга байдлаасаа болж мэдээгүй байна. Дээрх байдлууд бүх гэрчийн мэдүүлгээс ажиглагдаж байгаа. Нэхэмжлэгч О.Лхамлхаажавыг багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн гэдгийг юугаар тогтоож байна вэ? гэхээр Улиастай сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 05 дугаар захирамжаар тогтоогдож байна. Мөн нэхэмжлэгчийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт 9 дүгээр сараас эхлээд багийн Засаг даргын цалингаар бичилт хийгдсэн. Мөн дэвтрийн ар талд нь О.Лхамлхаажавыг иргэдийн Нийтийн Хурлын даргаас чөлөөлсөн, багийн Засаг даргаар томилсон бичилтүүд байгаа. Хөдөлмөрийн эрх зүйгээр зохицуулагддаг албан тушаалтны хувьд ажлаа хүлээлгэн өгсөн сүүлийн өдрийг ажлаас чөлөөлөгдсөн гэж үздэг. Энэ нь улс төрийн албан тушаалтанд хамааралгүй. Яагаад гэвэл багийн Засаг даргын хөдөлмөрлөх эрхтэй холбоотой асуудлыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар зохицуулсан. Гуравдугаарт Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.3-т зааснаар багийн иргэдийн Нийтийн Хурлаас санал оруулаагүй учраас хууль зөрчсөн гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлалаа. Би үүнийг нэг жишээн дээр тайлбарлая. Төрийн жинхэнэ албан хаагч Төрийн албаны зөвлөлөөс зарласан шалгалтанд оролцдог. Ийнхүү шалгалтанд оролцоод Төрийн албаны зөвлөлөөс саналаа явуулаад, нэгдүгээрт жагссан төрийн албан хаагчийг томилдог байгаа. Гэтэл төрийн байгууллага нэгдүгээрт жагссан албан тушаалтныг томилохгүйгээр шалгалтанд ороогүй хүмүүсийг томилсон байдаг. Тэгээд энэ байдал илэрхий болохоор шалгалтанд ороогүй гэдэг үндэслэлээр нөгөө хүнийг ажлаас нь чөлөөлдөг. Гэтэл нөгөө хүн нь эргээд шүүхэд нэхэмжлэл гаргадаг. Ингэхдээ намайг хуулийн дагуу томилогдоод ажиллаж байтал шалгалтанд ороогүй гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэдэг. Харин шүүх яаж шийдвэрлэдэг вэ? гэхээр шалгалтанд ороогүй хүнийг томилсон нь тухайн албан хаагчийн буруу биш. Харин томилох эрх бүхий албан тушаалтнуудын буруу юм. Тийм учраас шалгалт ороогүй иргэн нь эргээд ажилдаа тогтоогдох ёстой гэж шийдвэрлэдэг. Тэгэхээр яг үүнтэй адилхан нөхцөл байдалтай юм болов уу гэж хараад байна. Өөрөөр хэлбэл иргэдийн Нийтийн Хурлаас санал болгоогүй, хуралдаагүй байхад О.Лхамлхаажавыг багийн Засаг даргаар томилсон нь Улиастай сумын Засаг даргын буруутай үйл ажиллагаа. Ийнхүү багийн Засаг даргаар томилсон байдалд О.Лхамлхаажавыг буруутгах хуулийн үндэслэлгүй байна. Тодруулбал энэ хариуцлагыг багийн Засаг даргаар томилсон албан тушаалтан өөрөө хариуцах ёстой. Ийм учраас Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.3 дахь заалтаар О.Лхамлхаажавыг багийн Засаг даргаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй. Эцэст нь хэлэхэд Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8.1-т зааснаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан зохион байгуулж үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчим баримтална гэж заасан. Гэтэл дээрх зарчмыг Улиастай сумын Засаг дарга болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга баримтлаагүй байна. Яагаад гэвэл О.Лхамлхаажав гэдэг хүнийг багийн Засаг даргаар томилсон зарчмаар, яг адилхан Б.Ариунбаатар гэдэг хүнийг багийн Засаг даргаар томилсон байгаа. Үүнд томилсон процесс нь өөр байгаа гэж ярьж байгаа боловч Б.Ариунбаатарыг томилсон тушаалын хуулийн заалт, үндэслэл нь бүгд адилхан байсан. Өөрөөр хэлбэл иргэдийн Нийтийн Хурлаас санал оруулаагүй байхад Б.Ариунбаатар гэдэг хүнийг багийн Засаг даргаар томилсон. Хариуцагч үүнийг тайлбарлахдаа ард иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор томилсон гэж тайлбарлалаа. Үүнээс харахад ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмыг алдагдуулсан байна. Хариуцагч Улиастай сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Жинст багийн иргэн О.Лхамлхаажав шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа Улиастай сумын Засаг даргын А/127 дугаар захирамж нь хууль зөрчсөн, үндэслэлгүй халсан гэж үзээд хөдөлмөрлөх эрхээ сэргээлгэх, ажлаас халсан өдрөөс эхлэн ажилд эргэн томилогдох хүртлэх хугацааны хөдөлмөрийн хөлсөө/ цалин/ тогтоолгон авах гэжээ. О.Лхамлхаажавыг Жинст багийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон Улиастай сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн А/96 дугаар захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь заалт, 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалтуудыг зөрчсөн байх тул тус хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалтыг үндэслэн Засаг даргын А/127 дугаар захирамж гарган хуульд нийцээгүй шийдвэрийг хүчингүй болгосон. О.Лхамлхаажав нь хуульд нийцээгүй шийдвэрээр томилогдсон тул ажлаас үндэслэлгүй халагдсан, хөдөлмөрийн эрхээ сэргээлгэх, ажилгүй байсан хугацааны цалин тогтоолгон авах, нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөх боломжгүй гэжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Улиастай сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Нэгдүгээрт Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын асуудал яригдсан. Тухайн үед иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулах гэсэн боловч Хурлын дарга нь өөрөө багийн Засаг даргын ажлыг хийсэн байдаг. Багийн Засаг даргыг огцруулах, чөлөөлөх асуудал иргэдийн Нийтийн Хуралтай холбоотой. Өөрөөр хэлбэл иргэдийн Нийтийн Хурал, багийн Засаг дарга хоёр нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар шууд харилцан хамааралтай. Ийнхүү иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулах эрх нь Тэргүүлэгчдэд байдаг. Харин Тэргүүлэгчид тогтоол гаргахад багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга байх ёстой. Үүнийг Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлд зохицуулсан байдаг. Өөрөөр хэлбэл иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдээс гаргасан тогтоолыг Хурлын дарга батлах ёстой. Ийнхүү батлуулах гэхээр Хурлын дарга нь өөрөө багийн Засаг даргын ажлыг хийсэн асуудал гардаг. Багийн Засаг даргыг Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.3-т зааснаар ажлаас чөлөөлөх ёстой гэдэг асуудал яригдлаа. Тэгэхээр энэ хэрэгт Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйл яригдах боломжгүй. Энэ бол хууль журмын дагуу сонгогдсон бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байхад халагдах нөхцөл илэрсэн тохиолдолд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийг хэрэглэнэ. Багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч гэж байгаа. Энэ асуудал бол Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулинд огт байхгүй. Түүнээс биш багийн Засаг дарга албан ёсоор болсон асуудал байхгүй. Хэрвээ төсөөтэй байдлаар яривал үүрэг гүйцэтгэгчийн журмаар яригдах байх. Өөрөөр хэлбэл эзэнгүй байгаа албан тушаалтан гэдэг асуудал яригдана. Ийм байдлаар тайлбарлана. Тэгэхээр иргэдийн Нийтийн Хурлаар болон сонгуулиар багийн Засаг дарга болсон асуудал байхгүй. Тийм учраас О.Лхамлхаажавыг багийн Засаг даргаас чөлөөлөх асуудал яригдсан. Ийнхүү ажлаас чөлөөлөхдөө Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.3-т зааснаар чөлөөлсөн. Тодруулбал хуульд нийцээгүй эрх зүйн актыг Улиастай сумын Засаг дарга өөрөө хүчингүй болгох эрхтэй. Мөн хууль хэрэглээний асуудал яригдаж байгаа. Гэтэл нэхэмжлэгч талаас багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаас чөлөөлөгдсөн гэдэг асуудал ярьдаг. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад О.Лхамлхаажавыг иргэдийн Нийтийн Хурлын даргаас чөлөөлсөн нь тогтоогдохгүй байна. Энэ ямар учиртай юм бэ? гэхээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17.1.1-т зааснаар Хуралдаан даргалагч, багийн Засаг даргыг томилж, чөлөөлөх эрх нь иргэдийн Нийтийн Хурлын бүрэн эрхэд байдаг. Сая нотлох баримт шинжлэн судлахад 2013 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор О.Лхамлхаажав нь багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар томилогдсон. Ийнхүү томилох эрх бүхий албан тушаалтан нь ямар байгууллага байна вэ? гэхээр нутгийн өөрөө удирдах байгууллага буюу багийн иргэдийн Нийтийн Хурал байна. Нутгийн өөрөө удирдах байгууллага нь өөрөө хараат бус байх ёстой. Үүн дээр дээд шатны байгууллага гэж огт байх ёсгүй. Өөрөөр хэлбэл нутгийн өөрөө удирдах байгууллага нь хараат бусаар, өөрөө шийдвэр гаргах эрхтэй. Тэгэхээр О.Лхамлхаажавыг ямар эрх бүхий албан тушаалтан, ямар хурлаас томилогдсон бэ? гэдэг нь чухал. Иймд О.Лхамлхаажавыг багийн иргэдийн Нийтийн Хурлаас томилж, чөлөөлөх бүрэн эрхтэй. Ийнхүү багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдсан уу? гэхээр хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдаагүй гэж хэлсэн байдаг. Тэр дундаа багийн Засаг даргыг томилж, чөлөөлөх асуудлаар ямар ч хуралдаан болоогүй гэдэг. Өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр нэхэмжлэгч өөрөө хэлэхдээ тухайн үед ямар ч хурал болоогүй, миний дээд шатны байгууллага намайг иргэдийн Нийтийн Хурлын даргаас чөлөөлсөн гэж хэллээ. Тэгэхээр дээд шатны албан тушаалтны захирамжаар О.Лхамлхаажавыг иргэдийн Нийтийн Хурлын даргаас чөлөөлөх боломжгүй. Учир нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын захирамжаар зөвхөн Хурлын нарийн бичгийн даргыг ажлаас чөлөөлөх эрхтэй. Тийм учраас нэхэмжлэгч О.Лхамлхаажав нь одоо хүртэл багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар ажиллаж байгаа. Учир нь О.Лхамлхаажавыг багийн иргэдийн Нийтийн Хурлаас буюу ард нийтийн саналаар сонгосон. Тодруулбал О.Лхамлхаажавыг Жинст багийн ард иргэд төлөөлөгчөөрөө томилсон байхад үүнийг үгүйсгэж, дээд шатны байгууллага санал болгосон гэх нэрээр өөр албан тушаал хашсан байна. Нэхэмжлэгч О.Лхамлхаажав нь өөрийнхөө бүрэн эрхийг хэрэгжүүлэхгүй, өөрийг нь чөлөөлсөн асуудал огт байхгүй, чөлөөлөгдөх хүсэлтээ эрх бүхий Тэргүүлэгч нартаа тавиагүй, хуралдаан хуралдуулаагүй. Ийм учраас О.Лхамлхаажав нь давхар ажил эрхэлсэн асуудал яригдаж байгаа юм. Давхар ажил эрхлэх асуудлыг Хөдөлмөрийн тухай хуульд зохицуулсан. Нэхэмжлэгч тал О.Лхамлхаажавын ажлаас чөлөөлөгдсөн байдлыг Б.Ариунбаатартай холбож үзээд байна. Гэтэл Б.Ариунбаатар нь өөрөө багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга биш юм. Мөн багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгч биш. Тийм учраас хууль зөрчсөн гэж яриад, барьцах боломжгүй. Яагаад гэвэл багийн Засаг даргын үйл ажиллагаанд хяналт тавих, жилийн ажлын үзүүлэлт, тайлагнах эрх бүхий субъект нь иргэдийн Нийтийн Хурал юм. Өөрөөр хэлбэл хяналт тавих субъект нь өөрөө багийн Засаг дарга болсон асуудал байгаа. Энэ бол яах аргагүй хууль зөрчсөн. Ийнхүү хууль зөрчсөн тушаалыг хүчингүй болгох эрх нь Захиргааны ерөнхий хуулиар олгогдсон. Хууль зөрчсөн гэдгийг юу гэж тайлбарлаж байна вэ? гэхээр нэгдүгээрт О.Лхамлхаажав нь одоо хүртэл багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаасаа чөлөөлөгдөөгүй. Мөн тухайн албан тушаал дээр сонгогдсон хүн байхгүй байгаа. Мөн Тэргүүлэгчийг томилсон асуудал байхгүй. Тэгэхээр иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгч нь ямар ч тохиолдолд багийн Засаг дарга байх боломжгүй. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн Дээд шүүхийн тайлбар дээр анхдугаар хуралдаанаар иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгч, багийн Засаг даргыг заавал томилсон байх шаардлагатай гэж тайлбарласан. Тэгэхээр эдгээр субъект нэг дор бий болж, бие биендээ хяналт тавьдаг. Ийнхүү хяналт тавих үүргээ хэрэгжүүлэхгүйгээр дээд шатны байгууллага санал болгосны үндсэн дээр багийн Засаг даргаар ажилласан гэдэг тайлбарыг хэлж болохгүй. Тэгэхээр О.Лхамлхаажав нь багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаасаа одоо хүртэл чөлөөлөгдөөгүй байна. Түрүүн шүүгч багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын ажлыг хүлээлцсэн зүйл байна уу? гэж нэхэмжлэгчээс асуухад байхгүй гэж хэлсэн байгаа. Энэ нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна. Мөн гэрчийн мэдүүлэг болон О.Лхамлхаажавын өмнө нь өгч байсан албан бичиг, шүүх хуралдаанд өгсөн тайлбараар нотлогдож байна. Нэхэмжлэгч О.Лхамлхаажав нь тамгаа өгөөгүй байгаа учраас ажил хүлээлцсэн асуудал яригдахгүй. Энэ талаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт байхгүй. Багийн иргэдийн Нийтийн Хурлаас О.Лхамлхаажавыг томилох, чөлөөлөх санал уламжлах асуудал огт яригдахгүй. Тэгэхээр багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг томилох, чөлөөлөх эрх нь баг, хорооны иргэдийн Нийтийн Хуралд байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17.1.1-т зааснаар Хурлын хуралдааны дарга, Хурлын Тэргүүлэгчдийг сонгох, чөлөөлөх эрхтэй. Хуралдаан даргалагч гэдгийг мушгиж тайлбарлах асуудал гаргаж магадгүй учраас тайлбарлая. Үүнд тухайн өдрийн Хуралдаан даргалагчийг чөлөөлөх асуудал биш юм. Яагаад гэвэл багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг Хуралдаан даргалагч гэж ойлгох боломжтой. Энэ хуулийн 17.1.2-т зааснаар санал уламжлах асуудал огт хийгдээгүй. Үүн дээр ямар нэгэн нотлох баримт байхгүй. Нэхэмжлэгч сая тайлбарлахдаа тухайн үед ямар нэгэн санал явуулаагүй гэж хэллээ. Мөн гэрчийн мэдүүлгээр тухайн үед ямар нэгэн санал явагдаагүй, хурал болоогүй, сумын Засаг дарга шууд томилсон учраас бид нар хуралдах шаардлага байгаагүй гэсэн тайлбаруудыг өгсөн. Иймд О.Лхамлхаажав нь өөрийнхөө бүрэн эрхийн асуудлыг ингэж тайлбарлах боломжгүй. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17.1.1-т зааснаар яаж уламжлах вэ? гэхээр багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн асуудал байдаггүй. Би шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчээс та ямар нэгэн байдлаар багийн Засаг даргад нэрээ дэвшүүлсэн асуудал байна уу? гэж асуухад байхгүй гэж хариулсан. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.2 дахь заалт нь Улиастай сумын Засаг даргын бүрэн эрхийн асуудалд орж байгаа. Ийнхүү бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ саналаа аваагүй асуудал гардаг. Энэ нь хууль зөрчсөн учраас Улиастай сумын Засаг дарга хүчингүй болгох бүрэн эрхтэй. Мөн нэхэмжлэгчид цалин өгөөд байгаа асуудал яригдлаа. Энэ асуудал нь одоогийн байдлаар хэрэгт ач холбогдолгүй. Яагаад гэвэл О.Лхамлхаажавд цалин хөлс гарсан гэдэг нь нотлогдож байна. Учир нь О.Лхамлхаажав өөрөө тухайн албан тушаалаас чөлөөлөгдөөгүй байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч жишээ авч тайлбар хэлээд байна л даа. Жинхэнэ албан тушаалтан бол нэг л ажлыг эрхлэх ёстой. Хэрвээ ажилгүй болсон бол хөдөлмөрлөх эрхээ сэргээлгээд, цалин хөлс авах асуудал яригдана. Гэтэл О.Лхамлхаажав дээр юу яригдаж байна вэ? гэхээр иргэдийн Нийтийн Хурлын даргаар одоо хүртэл ажиллаж байгаа. Учир нь дээрх албан тушаалаас чөлөөлөгдсөн асуудал огт байхгүй. Яагаад гэвэл О.Лхамлхаажавыг багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар томилсон 2013 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 01 дүгээр тогтоол одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа. Дээрх тогтоолыг хүчингүй болгосон захиргааны акт гараагүй байна. Үүнтэй холбогдуулан цалингаа нэхэмжлэх эрхтэй. Хэрвээ зөрчигдсөн эрх ашиг гэвэл үүнийг хэлнэ. Гэтэл үүн дээр ямар нэгэн нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байгаа учраас тайлбар өгөх шаардлага байхгүй. Эцэст нь дүгнэж хэлэхэд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8.1-т зааснаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах асуудал яригддаг. Нутгийн өөрөө удирдах ёсыг Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд юу гэж заасан бэ? гэхээр Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал байна. Нутгийн өөрөө удирдах байгууллагын зарчим бол тухайн нутаг дэвсгэртээ хараат бусаар бие даасан шийдвэр гаргах эрхтэй. Тиймээс Жинст багийн иргэдийн Нийтийн Хурал бие даасан шийдвэр гаргаад О.Лхамлхаажавыг Хурлын даргаас чөлөөлсөн нотлох баримт хавтаст хэргийн материалд байхгүй. Иймд Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17.1.1 дэх заалтыг зөрчиж шийдвэр гаргасан байна. Мөн хяналт тавих субъектыг багийн Засаг даргаар томилсон нь хууль зөрчсөн. Иймд Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17.1.1, 17.1.2, 26.2-т заасан тусгайлсан шаардлагыг О.Лхамлхаажавыг багийн Засаг даргаар томилсон захирамж хангаагүй байгаа учраас хүчингүй болгох бүрэн эрхтэй. Энэхүү бүрэн эрхийг Захиргааны ерөнхий хуулийн 48.3-т заасан. Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.3-т заасан байгаа. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Д.Ариунбаатар миний бие нь О.Лхамлхаажавын нэхэмжлэлтэй Улиастай сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр өөрийн биеэр оролцохгүй гэжээ. ҮНДЭСЛЭХ нь Нэхэмжлэгч О.Лхамлхаажав нь Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/127 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Жинст багийн Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ. Шүүх хэрэгт хуульд заасны дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар зэрэгт тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Хариуцагч Улиастай сумын Засаг дарга маргаан бүхий захиргааны акт болох уг А/127 дугаар захирамжаар[1] урьд гаргасан 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Ажлаас чөлөөлж, үүрэг гүйцэтгэгч түр томилох тухай А/96 дугаар[2] захирамжийн 2, 5 дахь заалтуудыг хүчингүй болгох асуудлыг шийдвэрлэсэн байна. Дээрх маргаан бүхий захиргааны актад дурдагдсан 2016 оны А/96 дугаар захирамжийн 2 дугаар заалтаар Улиастай сумын Жинст багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр О.Лхамлхаажавыг мөн өдрөөс эхлэн томилон ажиллуулж, 5 дугаар заалтаар түүнийг 719 692 төгрөгөөр цалинжуулахаар тус тус захирамжилжээ. Нэхэмжлэгч тал О.Лхамлхаажав нь Улиастай сумын Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын болон багийн Засаг даргын албан тушаалуудыг давхар эрхэлж байгаагүй, багийн Засаг даргыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2-т зааснаас өөр үндэслэлээр ажлаас чөлөөлөх үндэслэлгүй байхад маргаан бүхий захиргааны актад хамааралгүй заалтыг баримталж багийн Засаг даргын албан тушаалаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн, түүнчлэн Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж, иргэдээс санал оруулаагүй байхад Б.Ариунбаатарыг багийн Засаг даргаар томилсон нь хууль бус хэмээн нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарлан маргаж байна. Хариуцагч тал Сумын Засаг даргаас О.Лхамлхаажавыг анх Жинст багийн Засаг даргын албан тушаалд томилохдоо багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлэн иргэдийн олонхийн саналыг аваагүй нь хуульд заасан журмыг зөрчсөн, мөн нэхэмжлэгч дээрх албан тушаалыг эрхэлж байхдаа тус багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын бүрэн эрхийг давхар хэрэгжүүлж байсан учир маргаан бүхий захиргааны актыг гаргах болсон нь үндэслэлтэй хэмээн тайлбарлаж байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана., 29.3-д Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө... өөрчлөх буюу хүчингүй болгоно. хэмээн заажээ. Дээрх зохицуулалтаас харвал хууль тогтоомжид нийцээгүй захирамжийг өөрөө өөрчлөх буюу хүчингүй болгох эрх Засаг даргад олгогдсон байх ба уг эрх хэмжээний хүрээнд хариуцагч Улиастай сумын Засаг даргаас маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгч О.Лхамлхаажавыг Жинст багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилох асуудлыг урьд шийдвэрлэсэн 2016 оны А/96 дугаар захирамжийн холбогдох хэсгүүдийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг доорх үндэслэлээр зөрчөөгүй байна. Маргаан бүхий захиргааны актаар нэгэнт урьд гаргасан захиргааны актын холбогдох хэсгийг хууль зөрчсөн хэмээн үзэж хүчингүй болгохоор шийдвэрлэсэн байгаа тул шүүх уг 2016 оны А/96 дугаар захирамжийн 2 болон 5 дахь заалтыг хуульд нийцсэн эсэх талаар шүүхээс зайлшгүй дүгнэлт өгөхөөр байгаа тул уг захирамжийн үндэслэлийг энэ хэрэгт авч хэлэлцэх ёсгүй гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг хүлээж авах боломжгүй байна. О.Лхамлхаажавыг Улиастай сумын Жинст багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон үйл баримтын тухайд: Нэхэмжлэгч О.Лхамлхаажав нь Улиастай сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/96 дугаар захирамжаар Жинст багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон маргаан бүхий захиргааны актыг гарах хүртэл хугацаандажиллажээ. О.Лхамлхаажавыг уг албан тушаалд томилогдохоос өмнө үүссэн нөхцөл нь Жинст багийн Засаг даргаар ажиллаж байсан М.Рэнцэнпүрэв эрүүл мэндийн шалтгааны улмаас үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болж, хугацаанаас өмнө чөлөөлөгджээ.[3] Нэхэмжлэгчийн маргаж буй багийн Засаг даргын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан ангилалын дагуу улс төрийн албан тушаалд хамаарч байгаа тул түүнийг багийн Засаг даргын үүрэгт ажилд томилох, чөлөөлөх асуудал Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар зохицуулагдахаар байна. Дээрх хуулийн 32 дугаар зүйлийн 32.7-д Засаг даргыг чөлөөлсөн ... бол Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг нь Засаг даргын орлогч хэрэгжүүлж хариуцлагыг нь бүрэн хүлээнэ. гэжээ. Харин хуулиар орлогчтой байх эрх олгогдоогүй багийн Засаг даргын тухайд түүнийг томилох хүртэл үүргийг нь хэрхэн гүйцэтгүүлэх талаар хуульчлаагүй байна. Тодруулбал багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч томилох талаар дээрх хуулиар зохицуулаагүй тул Улиастай сумын Засаг даргын 2016 оны А/96 дугаар захирамжаар үүрэг гүйцэтгэгч томилох асуудлыг шийдвэрлэснийг хууль бус гэж үзэж холбогдох заалтуудыг хүчингүй болгохоор хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргасныг буруу гэж үзэх үндэслэлгүй юм. Түүнчлэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд...ийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно., 26.3-д Энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол ... багийн ... Засаг даргыг сум...ын ... Засаг дарга ... 4 жилийн хугацаагаар томилох бөгөөд нөхөн томилогдсон Засаг даргад энэ хугацаа хамаарахгүй. хэмээн зааснаас үзвэл багийн Засаг даргын албан тушаалд томилох асуудлыг шийдвэрлэхдээзаавал тухайн багийн иргэдийн нийтийн Хурлаар хэлэлцүүлж, иргэдийн олонхийн саналыг үндэслэхээр байна. Гэтэл О.Лхамлхаажавыг Жинст багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилох талаар тус багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцээгүй, энэ талаар шийдвэрлээгүй болох нь гэрч Ш.Норовсамбуу[4], Х.Жанчидорж[5], Д.Цэвэлмаа[6] нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Тиймээс хуульд заасан журмыг зөрчиж О.Лхамлхаажавыг Жинст багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилох тухай асуудлыг шийдвэрлэсэн 2016 оны А/96 дугаар захирамж хуульд нийцээгүй байх тул уг үндэслэлээр захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгохоор хариуцагч Улиастай сумын Засаг даргаас шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна. Мөн О.Лхамлхаажав нь улс төрийн албан тушаалын талаар маргаан үүсгэж байгаа тул дээрх албан тушаалд ажиллах хөдөлмөрлөх эрхтэй холбоотой асуудлыг төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийн харилцаанд баримталдаг журам, зарчмыг адилтган хэрэглэх боломжгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн Жинст багийн Засаг даргын албан тушаалд томилогдох үйл явцад О.Лхамлхаажавын буруу байхгүй бөгөөд түүний анх томилогдсон үндэслэл энэ хэрэгт хамааралгүй тулмаргаан бүхий захиргааны актыг гаргаснаар нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөн гэх тайлбарыг хүлээн авах үндэсгүй байна. О.Лхамлхаажав нь Жинст багийн Засаг даргын болон иргэдийн Нийтийн Хурлын даргын албан тушаалыг давхар эрхэлж байсан гэх талаар: Хариуцагч тал маргаан бүхий А/127 захирамжийг гаргах болсон өөр нэг үндэслэлийг нэхэмжлэгч нь бие биедээ харилцан хяналт тавих, өөр өөр эрх мэдэл бүхий албан тушаалууд болох Жинст багийн Засаг даргын болон иргэдийн Нийтийн Хурлын даргын бүрэн эрхийг давхар хэрэгжүүлж байсан нь хуульд нийцээгүй гэж үзжээ. О.Лхамлхаажав нь анх Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор[7] тус багийн Хурлын даргаар сонгогдон ажилласан байх ба багийн Засаг даргаар томилогдох болсон үндэслэлээр дээрх албан тушаалаас Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2016 оны 05 дугаар захирамжаар чөлөөлөгдсөн хэмээн нэхэмжлэгч тайлбарлаж байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар 17.1.1-д зааснаар багийн Хурлын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх бүрэн эрхийг тухайн багийн иргэдийн Нийтийн Хурал хэрэгжүүлэхээр байна. Гэтэл О.Лхамлхаажавыг Жиснт багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын албан тушаалаас чөлөөлөх талаар тухайн багийн Хурлаар хэлэлцэж шийдвэрлээгүй, энэ талаар ямар нэгэн захиргааны акт гараагүй болох нь Д.Цэвэлмаа, Ш.Норовсамбуу, Х.Жанчивдорж нарын мэдүүлгээр нотлогдож байгаа бөгөөд мөн энэ талаар нэхэмжлэгч өөрөө хүлээн тайлбарлаж байгаа болно. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар багийн Засаг даргыг ажлаас чөлөөлөх эрх хэмжээ Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад олгогдоогүй байхад 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 05 дугаар захирамжаар[8] О.Лхамлхаажавыг Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын албан тушаалаас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэсэн нөхцлийг нэхэмжлэгч О.Лхамлхаажавыг уг албан тушаалаас зохих ёсоор чөлөөлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй тул түүнийг давхар албан тушаал эрхэлж байсан гэх хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар үндэстэй бөгөөд дээрх үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг хариуцагчаас гаргасныг мөн буруутгах боломжгүй байна. Багийн Засаг даргыг ажлаас чөлөөлөх эрх хэмжээгүй Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын дээрх 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 05 дугаар захирамжийг үндэслэн нэхэмжлэгч О.Лхамлхаажавын 0797428 дугаар нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн ажил, албан тушаалын өөрчлөлтийн тэмдэглэгээ[9] болон О.Лхамлхаажавд олгогдсон багийн Хурлын даргын албан тушаалын цалинг нөхөн төлүүлсэн гэх гэрч Ц.Оюунчимэгийн мэдүүлэг[10] зэргээр нэхэмжлэгчийг Жинст багийн Хурлын даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Түүнчлэн гэрч Б.Мэндбилэг, Н.Цэдэнсодном, М.Нарантуяа нарын мэдүүлгээс[11] харахад Улиастай сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын даргын дээрх 2016 оны 05 дугаар захирамжийг ёсчлон гаргах үйл явц эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэсэн байгааг дурдах нь зүйтэй байна. Гэрч Ё.Бямбасүрэнгийн мэдүүлэг[12] болон Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цалингийн цэс гэх нэртэй 2016 оны 9, 10, 11, 12 дугаар сарын баримтуудаар[13] О.Лхамлхаажавт цалин олгогдсон, мөн тэрээр Жинст багийн Хурлын даргын ажлыг албан ёсоор хүлээлгэн өгөөгүй, тамга тэмдгийг хадгалан хэрэглэж байгаа нь түүнийг дээрх албан тушаалын бүрэн эрхийг хэрэгжүүлж байсан гэж үзэхээр байна. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь хуульд нийцсэн байна гэж үзлээ. Маргаж буй Жинст багийн Засаг даргын албан тушаалд гуравдагч этгээд Д.Ариунбаатарыг томилсон үйл баримтын тухайд: Улиастай сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/128[14] дугаар захирамжаар Д.Ариунбаатарыг Жинст багийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ. Нэхэмжлэгч О.Лхамлхаажавыг Жинст багийн Засаг даргын албан тушаалд анх томилсон үйл явц, үндэслэл нөхцлийг хариуцагчаас хууль бус хэмээн үзэж байгаа мөртлөө дээрх адил нөхцлөөр буюу Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлээгүй, иргэдийн саналыг үндэслээгүй мөртлөө Д.Ариунбаатарыг тус албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь хууль бус бөгөөд энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан нутгийн өөрөө удирдах байгууллагын ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчимд нийцэхгүй хэмээн нэхэмжлэгч тал тайлбарлаж байна. Гэвч дээрх Улиастай сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/128 дугаар захирамжийн талаар нэхэмжлэгч шаардлага гаргаагүй бөгөөд уг захиргааны акт нь энэ хэрэгт маргаж буй 2016 оны А/127 дугаар захирамжаас хойш гарсан байх тул уг А/128 дугаар захирамжийн талаар шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 29 дүгээр зүйлийн 29.3-д заасныг баримтлан Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/127 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Жинст багийн Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх шаардлагууд бүхий иргэн О.Лхамлхаажавын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ Л.ТУНГАЛАГ [1] Хавтаст хэргийн 4 дүгээр хуудсанд [2] Хавтаст хэргийн 3 дугаар хуудсанд [3] Хавтаст хэргийн 3 дугаар хуудсанд [4] Хавтаст хэргийн 75-76 дугаар хуудсанд [5] Хавтаст хэргийн 77-78 дугаар хуудсанд [6] Хавтаст хэргийн 82-83 дугаар хуудсанд [7] Хавтаст хэргйин 90 дүгээр хуудсанд [8] Хавтаст хэргийн 85 дугаар хуудсанд [9] Хавтаст хэргийн 6 дугаар хуудсанд [10] Хавтаст хэргийн 136-137 дугаар хуудсанд [11] Хавтаст хэргийн 80-81,122-125 дугаар хуудсанд [12] Хавтаст хэргийн 120-121 дүгээр хуудсанд [13] Хавтаст хэргийн 87-89 дүгээр хуудсанд [14] Хавтаст хэргийн 35 дугаар хуудсанд |