Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2020/0136

 

 

                              “Нх” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 834 дүгээр шийдвэртэй, “Нх” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 834 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т тус тус заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/562 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай “Нх” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б давж заалдах гомдолдоо: “…  Хот байгуулалт, хөгжлийн газрын 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 03/1586 тоот албан бичгээр нэхэмжлэгч “Н х” ХХК-д хандан “самбар байршуулж санал өгвөл зохих иргэдийн 70 хувийн саналыг авсан байх” талаар мэдэгдсэн байдаг. Үүний дагуу нэхэмжлэгч “Нх” ХХК нь 16-р байрны бүх оршин суугч 32 айл, 15-р байрны эхний 3 орцны оршин суугчдаас 2019.05.27-2019.06.27-нд хугацаанд санал авах зорилгоор “газар эзэмшигчийн нэр, газрын зориулалт, хэмжээ, газар олгосон шийдвэр, төлөвлөж буй барилгын талаарх мэдээлэл, план зургийг агуулсан” самбарыг байршуулж, мөн эдгээр оршин суугчидтай тодорхой нөхцлөөр тохиролцож гэрээ байгуулах ажлыг хийж байсан. Гэтэл энэхүү санал өгөх үйл ажиллагаанд хамааралгүй өөр хүмүүс гарч ирж, нийгмийн сүлжээгээр ор үндэслэлгүй мэдээлэл цацаж, нэхэмжлэгчийн барилга барих үйл ажиллагаа эсэргүүцэж байсан 15, 16-р байрны 4-5 оршин суугчидтай нийлж эсэргүүцэн оршин суугчдын гэх үнэн, худал нь мэдэгдэхгүй гарын үсэг цуглуулж өгсөн байдаг. Улмаар иргэдээс санал авах хугацаа дуусаагүй байхад маргаан бүхий акт болох Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/562 дугаар захирамж гарсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь барилга барихтай холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй 15-р байрны 3 орцны айл, 16 дугаар байрны оршин суугчдаас хууль, журмын шаардлагын хүрээнд санал авах ажиллагааг хийж, энэхүү процесс үргэлжилж байх үед маргаан бүхий акт гарсан байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийг “санал өгвөл зохих иргэдийн тодорхой хувиас зөвшөөрсөн санал аваагүй, зохих зөвшөөрөл аваагүй, баримт бичгүүдийг батлуулаагүй” хэмээн буруутгасан нь үндэслэлгүй байна.

          Нөгөөтээгүүр анхан шатны шүүх “иргэдээс санал аваагүй тохиолдолд барилга барихтай холбоотой бусад зөвшөөрлийн баримт бичгүүд олгогдохгүй буюу газрыг үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар цаашид ашиглах нөхцөл бодит байдал бүрдэхээргүй байна” бодит нөхцөл байдалтай нийцээгүй, ирээдүйн үйл явдлыг таамагласан шинжтэй дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагч нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон захирамжаа хууль бус гэж үзэж өөрөө хүчингүй болгосон. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч барилга барихтай холбоотойгоор “иргэдээс санал авах ажиллагаа” хийгдэж байх үед маргаан бүхий акт гарсан байхад “иргэдээс санал аваагүй” хэмээн дүгнэлт хийж, улмаар үүнийгээ нэхэмжлэгчид анх газар эзэмших эрх олгосон захиргааны актын хууль ёсны шинжид хамаатуулж дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна.

          Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг хэрэглэх үндэслэл нь “төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйлдэл газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байхын зэрэгцээ бусад газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн нөхцөлд тухайн шийдвэрээ хүчингүй болгох эрхтэй байхаар байна. Энэхүү маргааны хувьд нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон Нийслэлийн Засаг даргын 2009 оны 671 дугаар захирамж, газар эзэмших эрхийн талбайн хэмжээг нэмэгдүүлсэн 2010 оны 204 дугаар захирамж, газар эзэмших эрхийн зориулалтыг өөрчилсөн 2017 оны А/532 дугаар захирамж нь газрын тухай хууль тогтоомжийг зөрчөөгүйгээс гадна үүний улмаас бусад газар эзэмшигч, ашиглагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байхад хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг үндэслэсэн нь буруу байхад анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж маргааныг шийдвэрлэсэн.

Хоёр. Анхан шатны шүүх шийдвэртээ “... 2009 оны 671 дүгээр захирамжаар нэхэмжлэгчид эзэмших эрх шилжүүлсэн ч ийнхүү шилжүүлэн авснаас хойш 2019 он хүртэл 10 жилийн хугацаанд зориулалтын ашиглаагүй ... барилга бариагүй, барилга барихтай холбоотой зөвшөөрлүүд аваагүй буюу хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлуулаагүй, архитектур төлөвлөлтийн даалгавар аваагүй, эскиз зураг батлуулаагүй, техникийн нөхцөлүүд аваагүй байна”3 гэжээ.

Хариуцагч нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг газраа зориулалтын ашиглаагүй гэсэн үндэслэлээр цуцлах шийдвэрийг гаргаагүй байхад анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлээс өөр байдлаар дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй ... /тохиолдолд Засаг дарга газар эзэмших эрхийг хүчингүй болгох/” хуулийн зохицуулалтыг үндэслэж захиргааны актыг гаргаагүй.

            Нөгөөтэйгүүр, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “2 жил”-ийн хугацааг газар эзэмшигч, эзэмшүүлэгчийн хооронд гэрээ байгуулсан өдрөөс хойш тоолох, тодруулбал, тухайн газар эзэмшигчийн хувьд “газар эзэмшүүлэх гэрээ” байгуулснаар гэрээнд заасан эрх эдэлж, үүрэг хүлээх тул “гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа ашигласан эсэх”-ийг тогтоодог. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/532 захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн зориулалтыг “үйлчилгээ” гэж байсан нь “үйлчилгээтэй орон сууц” болж өөрчлөгдсөн байдаг тул уг хугацаанаас хойш тоолоход 2 жилийн хугацаа дуусаагүй байхад анхан шатны шүүх Нийслэлийн Засаг даргын 2009 оны 671 дугаар захирамж гарснаас хойш газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй үзэж байна.

          Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгч барилга барихтай холбоотойгоор хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлуулаагүй, архитектур төлөвлөлтийн даалгавар аваагүй, эскиз зураг батлуулаагүй, техникийн нөхцөлүүд аваагүй гэх нөхцөл байдал нь хариуцагчийн хууль бус гэж үзэн хүчингүй болгосон нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон захиргааны актын хууль зүйн үндэслэлтэй ямар учир шалтгаанаар холбож дүгнэж байгаа нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, иргэдээс санал авсны дараа эдгээр баримт бичгийг авах ажлыг хийж учиртай байтал анхан шатны шүүх эдгээр баримт бичгийг нэхэмжлэгч аваагүй байгаа нь нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон захирамжийг хууль бус гэж үзэх үр дагаврыг үүсгэж байгаа мэтээр дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн хувьд 2017 оны А/532 дугаар захирамжаар газрын зориулалт өөрчлөгдөхөөс өмнө “техникийн нөхцөл авахаар холбогдох эрх бүхий байгууллагад хандаж байсан, мөн барилгын эскиз зураг батлуулж байсан” ба энэ талаарх нотлох баримтууд хавтас хэрэгт авагдсан байгаа болно.

          Гурав. Анхан шатны шүүх шийдвэртээ “... барилга барихыг эсэргүүцэж буй иргэд гомдлын үндэслэлээ “нийтийн эдэлбэрийн гудамж талбай, цэцэрлэг” гэж гэж тайлбарлаж буйг, энэ үндэслэлээр хариуцагч уг газрыг “ногоон байгууламж бүхий нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглаж байгаа газар” гэж үзсэнийг буруутгахааргүй ... Газрын тухай 6 дугаар зүйлийн 6.2.2-т заасан “хот суурины нийтийн эдэлбэрийн газар” гэж үзэхээр байна” гэжээ.

          Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д “нийтийн эдэлбэрийн газар” гэж зохих журмын дагуу нийтээр ашиглахаар тогтоогдсон төрийн өмчийн газрыг ойлгоно гэж заасан. Гэтэл уг газрыг нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглах талаар эрх бүхий байгууллагаас гарсан шийдвэр огт байхгүй байхад шүүх уг газрыг нийтийн эдэлбэр газар хэмээн захиргааны байгууллагын өмнөөс шууд дүгнэж байгаа нь учир дутагдалтай байна. Харин хариуцагч нь маргаан бүхий захиргааны актын 3 дахь заалтаар уг газрыг нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглахаар шийдвэрлэсэн нь уг газрыг өмнө нь нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглах шийдвэр гарч байгаагүйг давхар нотолно.

Мөн Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн бус амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг газар хамаарна” гэж заасан. Иймд энэхүү газрыг “Номин холдинг” ХХК-иас өмнө “Ц к” ХХК эзэмшиж байсан тул уг газар нь нийтийн эдэлбэрийн газарт тооцогдох боломжгүй, ийнхүү ашиглагдаж байгаагүй, аж ахуйн нэгжийн эзэмшилд хамаарч байсан газар тул уг газрыг “нийтийн эдэлбэрийн газар” гэж дүгнэсэн шүүхийн дээрх дүгнэлт огт үндэслэлгүй дүгнэлт юм.

Түүнчлэн Газрын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Засгийн газар нийгмийн зайлшгүй шаардлагыг үндэслэн бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг уг шаардлага арилтал захиргааны журмаар нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд төлбөртэй буюу төлбөргүйгээр ашиглах тухай шийдвэр гаргаж болно” гэж заасан. Үнэхээр хариуцагч нэхэмжлэгчийн хууль ёсны дагуу эзэмших эрхтэй газрыг нийтийн ашиг сонирхол, нийгмийн зайлшгүй шаардлагын үүднээс нийтийн эдэлбэрээр ашиглах тохиолдолд нэхэмжлэгчтэй тохиролцон уг асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой гэдэг нь хуулийн энэхүү зохицуулалтаас харагдаж байна.

Дөрөв. Анхан шатны шүүх “оршин суугч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр, мөн нийтийн эдэлбэрийн газрыг ашиглах нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр байна гэж үзэж газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох замаар газар эзэмшүүлсэн шийдвэрээ хууль бус гэж үзэж хүчингүй болгосон Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/562 дугаар захирамж хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна” гэжээ.

Нэхэмжлэгч тухайн газар дээр барилга барьснаар 15, 16-р байрны оршин суугч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөнө гэдгийг тогтоосон, үүнийг нотолсон нотлох баримт хавтас хэрэгт байхгүй болно. Мөн эдгээр байранд амьдарч буй иргэдийн зүгээс нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон шийдвэр эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэсэн үндэслэлээр хүчингүй болгохоор захиргааны хэргийн шүүхэд хандаж байгаагүй юм. Нэхэмжлэгчийн хувьд оршин суугчидтай одоо амьдарч байгаа 1964 онд ашиглалтад орсон хуучин байрыг нь 5м.кв-аар томруулж шинээр баригдах орон сууцныхаа байранд оруулах, мөн нэмж тодорхой хэмжээний төлбөр төлөхөөр бичгээр гэрээ байгуулах ажлуудыг хийж байсан нь харин ч эдгээр байрны иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амьдралын нөхцөл, орчинг нь илүү сайжруулах чиглэлээр хийж байсан ажлууд гэж үзэж байна.

Хэрэв нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон захирамж хууль бус юм бол өмнөх “Ц к” ХХК, иргэн Г.Б, “Т т” ХХК, газар эзэмших эрх олгосон захирамжууд хууль бус байсан гэсэн үг. Гэтэл эдгээр захирамжийг хууль бус гэдгийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр огт байхгүй. Харин ч Нийслэлийн Засаг даргын 2007 оны 313 дугаар захирамжаар Нийслэлийн Засаг даргын 2007 оны 06 дугаар захирамжийн “Ц к” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож байсан ба уг захирамжийг эсэргүүцэж “Ц к” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг эцэслэн шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны 2008 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 12 дугаар тогтоолд Ц к" ХХК-ийн газар эзэмшсэн үндэслэл Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2-т заасан шаардлагад нийцсэн, Засаг дарга 2007 оны 06 дугаар захирамжийг гаргахдаа мөн зүйлийн 38.3, 38.4-д заасныг зөрчөөгүй” гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байгаа болно.

            Захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар-зүйлд заасны дагуу өмнө нь гаргасан захиргааны актаа хүчингүй болгож байгаа тохиолдолд тухайн хүчингүй болгож байгаа захиргааны акт нь хууль бус байх ёстой. Гэтэл нэхэмжлэгч нь газрын эзэмших эрхийг 2009 онд “Ц к” ХХК-иас хуулийн хүрээнд шилжүүлж авсан. Ийнхүү шилжүүлж авсан үйлдлийг буруутгаж, үгүйсгэсэн, хууль бус гэж дүгнэсэн дүгнэлтийг анхан шатны шүүхээс огт хийгээгүй болно. Ийм дүгнэлт хийх ч боломжгүй юм. Учир нь нэхэмжлэгчийн “Ц к” ХХК-иас газар эзэмших эрхийг шилжүүлэн авч газар эзэмшсэн үндэслэл, газрын талбайн хэмжээ, зориулалтыг өөрчилсөн үйл ажиллагаанд ямар ч хууль бус үйл ажиллагаа байхгүй болно. Гэтэл анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэж маргааныг шийдвэрлэсэн. Мөн хариуцагч нь нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосноос хойш Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасан эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгох таван жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад ийнхүү хүчингүй болгосныг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 834 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхилоо.

Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/562 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 28.1.3, 48 дугаар зүйлийн 48.2.2-т заасныг тус тус үндэслэн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ногоон байгууламж бүхий нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглаж байгаа 2194 м.кв газрыг “Нх” ХХК-д үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчих нөхцөл байдал үүсгэсэн гэж үзэж “Нх” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгожээ.

Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол дараахь газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана: 6.2.2-т хот, тосгон, бусад суурины нийтийн эдэлбэрийн газар”,  12 дугаарзүйлийн 12.2-т “Нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн бус амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг газар хамаарна” гэж тус тус заасан.

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь нэхэмжлэгчийн “Ц к” ХХК-иас 2009 онд шилжүүлэн авч эзэмшиж байсан газрыг дээрх хуулийн заалтын дагуу “ногоон байгууламж бүхий нийтийн эдэлбэрийн газар” гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй байна.

Тухайн газар нь Богд хааны ордон музейн хойд талд, 120 мянгатаас 19 дүгээр хороолол руу эргэх уулзварын эхэнд байрладаг зам дагуух ногоон байгууламж бүхий газар байх бөгөөд дээрх хуулийн заалтын “хотын гудамж, талбай, цэцэрлэг” гэдэгт хамаарах нийтээр ашигладаг газар болох нь бодит байдал болон хэрэгт авагдсан шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, кадастрын зураг, тухайн газар дээр байгаа ногоон байгууламж, модыг бүртгэлжүүлсэн тэмдэглэл зэргээр тогтоогджээ.

Хэдийгээр тухайн газрыг анх 2000 оноос хойш бусдад эзэмшүүлсэн боловч ийнхүү эзэмшүүлэхээс өмнө ногоон байгууламж бүхий гудамж, цэцэрлэг байсан, уг нөхцөл байдал өнөөдрийг хүртэл өөрчлөгдөөгүй байна.

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь нийтээр ашигладаг ногоон байгууламж бүхий газрыг бусдад эзэмшүүлсэн захиргааны үйл ажиллагаа нь газрын тухай хууль тогтоомж зөрчсөн гэж үзэж, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 6 дугаарз үйлийн 6.2, 61 дүгээр зүйлийн 61.1-д нийцсэн талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “...иргэдээс санал авах ажиллагаа хийгдэж байх үед маргаан бүхий акт гарсан, ... бусдын эзэмшиж байсан газрыг шилжүүлэн авсан байхад нийтийн эдэлбэрийн газар гэсэн нь үндэслэлгүй” гэжээ.

Уг газрын ойролцоох 15, 16 дугаар байрны оршин суугчдын “санал авах ажиллагаа” нь хууль ёсоор эзэмшүүлсэн газар дээр зөвхөн барилга барихын өмнө явуулах ажиллагаа бөгөөд маргаан бүхий актаар зөвхөн эдгээр байрны оршин суугчдын эрхээс гадна нийт хотын иргэдийн буюу ногоон байгууламж бүхий газрыг нийтээр ашиглах эрхийг хамгаалж гарсан байна. Өөрөөр хэлбэл эдгээр байрны иргэд барилга барихыг зөвшөөрсөн ч ногоон байгууламж бүхий нийтийн эдэлбэр газрыг эзэмшүүлсэн шийдвэрийг зөвтгөх үндэслэл болохгүй.

Давж заалдах гомдолд “Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д “нийтийн эдэлбэрийн газар” гэж зохих журмын дагуу нийтээр ашиглахаар тогтоогдсон төрийн өмчийн газрыг ойлгоно гэж заасан. Гэтэл уг газрыг нийтийн эдэлбэрийн зориулал гаар ашиглах талаар эрх бүхий байгууллагаас гарсан шийдвэр огт байхгүй” гэжээ.

Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасан Улаанбаатар хотын газар нутгийн цэцэрлэг, гудамж, талбайг тогтоосон эрх бүхий этгээдийн шийдвэр өнөөдрийг хүртэл гараагүй бөгөөд уг шийдвэр гараагүйгээс Улаанбаатар хотын нийтээр ашигладаг цэцэрлэг, гудамжийг нийтийн эдэлбэрийн газар биш гэж үзэх боломжгүй юм. Тухайн газар нь өнөөдрийг хүртэл ногоон байгууламж бүхий цэцэрлэг, гудамж талбай хэвээр, нийтээр ашигласаар байгаа (2000 оноос хойш бусдын эзэмшилд байгаа нь мэдэгдээгүй буюу газрыг зориулалтын дагуу 20 жил ашиглаагүй) тул уг газрыг “нийтийн эдэлбэрийн газар” гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр үндэслэлгүй гэх гомдлыг хангах боломжгүй. Өөрөөр хэлбэл бусдын эзэмшил үүсэхээс өмнө нийтийн эдэлбэрээр ашигласаар байжээ.

Мөн гомдолд “Газрын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Засгийн газар нийгмийн зайлшгүй шаардлагыг үндэслэн бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг уг шаардлага арилтал захиргааны журмаар нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд төлбөртэй буюу төлбөргүйгээр ашиглах тухай шийдвэр гаргаж болно” гэж заасан. Үнэхээр хариуцагч нэхэмжлэгчийн хууль ёсны дагуу эзэмших эрхтэй газрыг нийтийн ашиг сонирхол, нийгмийн зайлшгүй шаардлагын үүднээс нийтийн эдэлбэрээр ашиглах тохиолдолд нэхэмжлэгчтэй тохиролцон уг асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой гэдэг нь хуулийн энэхүү зохицуулалтаас харагдаж байна” гэх боловч энэ тохиолдолд ногоон байгууламж бүхий нийтээр ашиглаж байсан газрыг бусдад эзэмшүүлж, улмаар шилжүүлсэн нь хууль бус гэж үзэж маргаан бүхий актыг гаргасан байх тул хууль ёсоор эзэмшиж байсан газрыг нийтийн хэрэгцээнд авч байгаа явдал биш, дээрх хуулийн зохицуулалт хэрэглэгдэхгүй.

Нэхэмжлэгч “Нх” ХХК-д уг газрыг эзэмших эрхийг шилжүүлсэн “Ц к” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх 2007 оны 276 дугаар шийдвэрээр шийдвэрлэхдээ тухайн нэхэмжлэлийн хүрээнд буюу Газрын тухай хуулийн 40.1.1, 40.1.6-д зааснаар газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон Нийслэлийн Засаг даргын захирамжийн үндэслэлийг хууль бус гэж дүгнэж шийдвэрлэсэн, харин тухайн үед нийтийн эдэлбэрийн газар мөн эсэх талаар талууд маргаагүй, энэ  талаар дүгнэж шийдвэрлээгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжжлэгдсэн төлөөлөгчийн “Ц к” ХХК-ийн хууль ёсоор эзэмшиж байгаа нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон газрыг шилжүүлэн авсан” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Мөн гомдолд “хариуцагч нь нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосноос хойш Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасан эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгох таван жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад ийнхүү хүчингүй болгосныг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй” гэжээ.

Маргаан бүхий актыг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т заасан үндэслэлээр нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон шийдвэр нь түүнд эерэг нөлөөтэй боловч нийтийн эдэлбэрийн ногоон байгууламж бүхий цэцэрлэг, гудамж талбайг нийтээр ашиглах нийтийн ашиг сонирхолд сөрөг нөлөөтэй гэх үндэслэлээр гаргасан.

Мөн хуулийн 48.3-д “Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно” гэжээ.

Дээрх заалтын зорилго нь эрх бүхий этгээдийн шийдвэрийн эерэг нөлөөллийн үр шимийг нэгэнт хүртэж /5-аас дээш жил/ байгаа иргэн, хуулийн этгээдийн итгэлийг хамгаалахад оршдог бөгөөд нэхэмжлэгч нь 2009 онд бусдаас шилжүүлэн авснаас хойш зориулалтын дагуу газраа ашиглаж, газар эзэмших эрхээ хэрэгжүүлээгүй, актын эерэг нөлөөллийн үр шимийг хүртээгүй байхад нь газар эзэмших эрхийг хүчингүй болгож, нийтийн эдэлбэр газраар ашиглуулахаар нийтийн ашиг сонирхолд нийцүүлж шийдвэрлэсэн байх тул уг хуульд заасан “таван жилийн дотор” гэснийг зөрчсөний улмаас нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол (эерэг нөлөөлөл бүхий захиргааны актад итгэх итгэл) зөрчигдсөн гэж үзэхээргүй байна.  

Түүнчлэн хуулийн 48.3 дахь заалтад “... хүчингүй болгож болно” гэснээс үзвэл захиргаа хууль бус актаа хүчингүй болгох эсэхийг сонгох буюу хууль бус актаа хүчингүй болгохгүй байх ч эрхтэй байх боловч энэ тохиолдолд Улаанбаатар хотын агаарын бохирдол ихэссэн, нийтээр ашиглах ногоон байгууламж бүхий цэцэрлэг, гудамж талбай ховордсон нөхцөл байдалтай уялдуулж, нэхэмжлэгчийн барилга барих зориулалтаар газар эзэмших эрхийг хотын ногоон байгууламж бүхий цэцэрлэг, гудамж талбайг нийтээр ашиглах, эрүүл аюулгүй орчинд амьдрах иргэдийн эрхээр хязгаарлаж, энэ эрхийг  хамгаалж гаргасан байх тул захиргаа сонгох эрхээ зөв хэрэгжүүлсэн, “тэнцвэртэй байх”  зарчимд нийцсэн гэж үзлээ.

          Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.