Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 61

 

Б.Амаржаргалын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Долгормаа даргалж, шүүгч Н.Насанжаргал, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд  хийсэн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 143/ШШ2016/00367 дугаар шийдвэртэй

Б.Амаржаргалын нэхэмжлэлтэй

“Чинхуа мак нарийн сухайт” ХХКомпанид хариуцагдах

“Гэм хорын хохирол 200.000.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны  08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч П.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.           

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргал, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Энхмаа, нарийн бичгийн даргаар Б.Ренчиндорж нар оролцов.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргалын анхан шатны шүүхэд гаргасан  нэхэмжлэлийн шаардлагад: 2007.6.5-ны өдөр “Чинхуа мак нарийн сухайт” ХХКомпаний ашиглалтын талбайд ухаж нөөцөлсөн усанд Б.Амаржаргалын хүүхдүүд Балжинням, Баасандорж нар усанд живж зуурдаар нас барсан. ...Анх энэхүү хэргийг шалгаж хэргийг Өмнөговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэцэгсүрэн 2007 .8.15-ны өдрийн тогтоолоор хэрэгсэхгүй болгож байсан. 2013.1.22-ны өдөр Улсын ерөнхий прокурорын газрын Мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналт хариуцсан Улсын ерөнхий прокурорын туслах Болдын 5/97 дугаартай албан бичигт уг хэргийг Өмнөговь аймгийн эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэсэн нь хууль зөрчсөн байна. ...Уг хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг Улсын мөрдөн байцаах газрын Байгаль орчны гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст даалгах, уг хэрэгт хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн прокурорын

газарт тус тус даалгасан байдаг. Гэтэл Улсын мөрдөн байцаах газраас болон Нийслэлийн прокурорын газраас намайг нэг ч удаа дуудаж уулзалгүйгээр хэргийг 2013.4.12-ны өдрийн

100 дугаартай Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай тогтоолыг нийслэлийн прокурор Ж.Ганцэцэг гаргасан. ...Би хүний эрхийн үндэсний комисс, Улсын Ерөнхий прокурор, Монгол Улсын Ерөнхийлөгчид гомдол гаргаж байсан. Үүний эцэст Улсын ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбатаас 2014.9.9-ний өдрийн 1/1275 дугаартай хариу мэдэгдэх хуудас надад ирүүлсэн ба уг мэдэгдэх хуудсанд “2 хүүхдийн амь нас хохирсон байхад хэрэгт цугларсан нотлох баримтад бодитой дүгнэлт хийгээгүй гэм хорын хохирлын асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан байх тул тогтоолыг дараах байдлаар өөрчилсөн болно. Чин-хуа-Мак-Нарийн сухайт ХХК нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших 1816Х тусгай зөвшөөрөлтэй талбайд 20 х18 метрийн хэмжээтэй 3 м гүн нүх ухаж булгийн ус хуримтлуулж ашиглахдаа Монгол Улсын Усны тухай хуулийн 22.1, 23.1, 24, 26.1, 27.1 дэх заалтуудыг зөрчиж сумын засаг даргатай гэрээ байгуулж зөвшөөрөл аваагүй, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 25.1.2 дахь заалтуудыг зөрчиж ухсан нүхээ булж бөглөж нөхөн сэргээлт хийгээгүйн улмаас 2 хүүхдийн амь нас хохирч гэмт хэрэг гарсан болох нь тогтоогдсон байна... Энэхүү гэмт хэрэг нь хүндэвтэр гэмт хэрэг байх тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэм буруутай албан тушаалтнуудыг эрүүгийн хариуцлагад татах боломжгүй байна. Чин-хуа-Мак-Нарийн сухайт ХХК-иас гэм хорын хохирлоо арилгуулах талаар иргэний журмаар шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү” гэсэн байх тул миний хүүхдүүдийн амь насыг хохироосон “Чин хуа мак нарийн сухайт” ХХК-аас 2 хүүхдийнхээ амь насыг хохироосон гэм хорын хохиролд 200.000.000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргал анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт  гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Бид нартай эвлэрэх санаа зорилго огт гаргаагүй. Харин ч өөрийн хүүхдээ харж хандаагүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж байсан. Өмгөөлөгч авна гэж шүүх хуралдааныг хойшлуулсан. Өмгөөлөгч аваад мөн эвлэрэх санал гаргаагүй. 200.000.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Прокуророос тогтоол гарсан байдаг. Хохирлоо иргэний журмаар гаргуулж болно гэсэн учир  иргэний шүүхэд хандсан. Монгол Улсын Үндсэн хуульд хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж заасан байдаг. Гэтэл Хятад улс Монгол Улсын нутаг дэвсгэр дээр Хятад хүмүүсийн хүнсэнд хэрэглэх ногоо тарих зорилгоор ухсан нүхэнд хоёр хүүхэд унаж нас барсан. ... Миний үйлчлүүлэгчийн бие маш их доройтсон төдийгүй ар гэрийн бүх л хүмүүс нь сэтгэлийн зовлонтой байгаа. Ирээдүйд гарах шаардлагатай зардлыг нэхэмжилсэн гэжээ.

            Хариуцагч “Чинхуа мак нарийн сухайт” ХХКомпани анхан шатны шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.Амаржаргал манай компаниас 200.0 сая төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Энэхүү нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Нэхэмжлэгч нь 2014.9.9-ний өдрийн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 1\02 тоот прокурорын тогтоолыг үндэслэжээ. Гэтэл МУ-ын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 14-д зааснаар ......... Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож үл болно. Мөн Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн Гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд эруүгийн хариуцлага хүлээлгэх гэсэн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ, түүнчлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн нотлох баримтыг үнэлэх гэсэн 95 дугаар зүйлийн 95.3 дахь хэсэгт ...прокурор, шүүхэд урьдаас хөтөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэж тус тус зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар мөрдөн байцаагч, прокурор нь тодорхой үйлдлийг шалгаад гэмт хэрэг мөн эсэх, мөн гэж үзэж байгаа бол шүүхээр тогтоолгох үүрэгтэй байхаар зохицуулсан. Гэвч шүүхээр гэм буруутай эсэхийг тогтоогоогүй байхад, гэм буруутай гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна гэж үзэж байна.

            Тус компанийн нүүрс олборлолтын үйл ажиллагаа явуулж байсан ашигт малтмалын орд ашиглах 227А, 6852А, 5854А, 5459А дугаарын лиценз эзэмших ашиглалтын талбайд өртсөн Л.Баярсайханы эзэмшилд байсан Нарийн сухайтын шандын өвөлжөө, Хөх толгой, Хөөврийн хаваржаанаас нүүлгэн шилжүүлж, Гурвантэс сумын Засаг даргын 2006.5.9-ний өдрийн 22 тоот захирамжийн дагуу Бударгана ус хэмээх газар малчин Л.Баярсайханы захиалсан ...барилга байгууламжийг барихад компаниас 68.0 сая төгрөгийн зардал гаргасан байдаг. Гэтэл Л.Баярсайханых уурхайн ашиглалтын талбайд зөвшөөрөлгүй бууснаас хоёр хүүхдийн амь нас харамсалтайгаар хохирсон нь ... өөрийн эзэмшлийн газарт нутаглаагүй, эцэг эх нь хүүхдээ хараа хяналтгүй орхисон, асран хамгаалах үүргээ биелүүлээгүй, хайхрамжгүй үйлдлээс болж дээрхи зол бус явдал үүссэн байдаг. Иймд өөрсдийн буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон үйлдлээ манай компанид хамааруулан нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн болоод шударга ёсны зарчимд нийцэхгүй байна гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сонинбаатар анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Манай компани нь Монгол Хятадын хамтарсан компани бөгөөд 2005.6.4-ний өдөр тогтвортой байдлын гэрээгээр байгуулагдан үйл ажиллаагаагаа явуулж байна. Тухайн үед ашиглалтын 4 лицензтэй байсан. Баярсайхан гэдэг айлыг тухайн үед ашиглалтын талбайгаас нүүлгэн хороо, хашаа, худаг усыг нь гаргаж өгсөн байсан. Тухайн үед хуучин газраа очиж буусан байсан. Тухайн нүхийг ногоо тарих зориулалтаар ус хуримтлуулах гэж ухсан нүх гээд байна. Энэ нь технологийн зориулалтын усны нүх байсан. Эцэг, эхийн хараа хяналтгүй байдлаас болж харамсалтай зүйл болсон. Бид ажил явдалд тусламж үзүүлсэн. Үүнээс өмнө манай компани Амаржаргалын хүүг Эрдэнэт хотод сургаж компанид экскаваторчин хийж байсан гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жамъян анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт  гаргасан тайлбартаа: Т.Сонинбаатар болон өмгөөлөгч нартай ижил саналтай байна. Ярих зүйл байхгүй гэжээ.

            Хариуцагчийн өмгөөлөгч Ш.Энхмаа анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт  гаргасан тайлбартаа: ...Прокурорын тогтоолд Чинхуа Мак ХХК гэж яваад байгаа. Эрүүгийн хуульд хариуцлагыг зөвхөн хувь хүн хүлээнэ гэж заасан байдаг. Тодорхой нэг албан тушаалтны буруутай үйлдэл байх ёстой. Энэ тогтоолд компанийн нэр дээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. ...Баярсайханы малын бэлчээр байсан бол нэг өөр. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ирээдүйд гарах зардал нэхэмжилж байна гэж байна. Нотлох баримтууд шаардлага хангах нь муу байсан. Амаржаргал гуай хил гарч эмчилгээнд явсан байдаг ба эмчилгээний нотлох баримтууд шаардлага хангаагүй гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нотлох баримтыг үнэлэх талаар заасан байдаг. Жаргал өмгөөлөгчийн хувьд 15.0 сая төгрөг авсан байдаг. Өмгөөлөгч байж байгаад итгэмжлэгдсэн төлөөлөгч болсон. ...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 143/ШШ2016/00367 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар “Чин хуа мак нарийн сухайт” ХХК-иас 20.280.840 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Амаржаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Чинхуа мак нарийн сухайт ХХК-иас 259.354 төгрөгийг гаргуулан орон нутгийн төвсийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

     Хариуцагчийн өмгөөлөгч Ш.Энхмаа давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гаргасан гомдолд болон хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбарт:  Шүүхийн шийдвэр нь хууль ёсны болон үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасангүй. Шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч “Чинхуа мак нарийн сухайт” ХХК-д ажиллаж байсан хятад иргэн ногоо тарих зорилгоор тус компаний тусгай зөвшөөрлийн талбайд газар ухаж, булгийн ус хуримтлуулан Усны тухай хууль....,Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг тус тус зөрчсөний улмаас 2007.6.5-ны өдөр А.Балжинням, Б.Баасандорж нар живж нас барсан нь Улсын Ерөнхий Прокурорын газрын 2014.9.9-ны өдрийн 1/02 дугаартай прокурорын тогтоолоор тогтоогдож байна” гэжээ. Прокурорын энэ тогтоолд “Чинхуа-Мак-Нарийн сухайт” ХХК-ны буруутай үйлдэл байсан болохыг тэмдэглээд ЭБШХ-ийн 24-р зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Эрүүгийн хуульд хариуцлагыг зөвхөн хувь хүнд хүлээлгэхээр хуульчилсан. Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд энэ хэргийг хуульд нийцүүлэн шалгаагүй, хууль зүйн ямарч үндэслэлгүй прокурорын тогтоолыг үндэслэн шүүх шийдвэрээ гаргасан гэж өмгөөлөгч би үзээд байгаа юм. Мөн хэсэгт: “....иргэний хэргийн нэхэмжпэлийн шаардлага нь эрүүгийн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нэхэмжилсэн нэхэмжлэл биш бөгөөд нэхэмжлэгч Б. Амаржаргал нь өөрт учирсан гэм хорыг нэхэмжилж буй иргэний нэхэмжлэл юм” гэжээ. Шүүх дээр дүгнэхдээ "Чинхуа-Мак-Нарийн сухайт” ХХК нь хууль зөрчсөн нь прокурорын тогтоолоор тогтоогдож байна гэдэг. Тэгвэл прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэх, татгалзах, хэрэгсэхгүй болгох ажиллагааг хийдэг. Ингэхээр Б.Амаржаргалын нэхэмжлэл эрүүгийн хэрэгтэй холбогдоод байгаа юм.  Б.Амаржаргал, өмгөөлөгч Д.Жаргалтай байгуулсан “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” болон 366 тоот тасалбарыг үнэлж 15.000.000 төгрөгийг шүүх гаргуулан шийдвэрлэсэн нь тухайн баримтуудыг урьдаас хөдөлбөргүй үнэн гэсэн байдлаар ханджээ.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйлийн 40.1 дэх хэсэг ”Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2 дахь хэсэг: “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 40.3 дахь хэсэг” Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Иймд 20.280.840 төгрөгийг “Чинхуа мак нарийн сухайт” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн 367 тоот шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэнэ үү гэв.

Давж заалдах  шатны шүүх хуралдаанд оролцсон  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөлөгч Д.Жаргалын гаргасан тайлбарт: Хариуцагчийн өмгөөлөгчийн гомдолд дараах хариу тайлбарыг хиймээр байна. Эрүүгийн хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж шалгахдаа хариуцагч компанийг шалгасан байдаг. Гэтэл хариуцагч "Чинхуа Мак Нарийн Сухайт” ХХК нь Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулахдаа өөрийн ашиглалтын талбайд зөвшөөрөлгүй булагийн ус хуримтлуулсан. Энэ усанд нь Амаржаргалын 2 хүүхэд унаж нас барсанд Улсын Ерөнхий Прокурорын тогтоолд дурьсанаар “Усны тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас Б.Амаржаргалын хүүхдүүд болох Б.Баасандорж, Б.Балжинням нар усанд унаж нас барсан болох нь тогтоогдож байна....” гэж болсон үйл баримтыг тогтоосон байдаг. Мөн эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан “Чинхуа Мак Нарийн Сухайт” ХХК-н ажилчид болох монгол, хятад гэрчүүдийн мэдүүлгээр хангалтгай тогтоогддог. Гэрчүүд нь “Чин Хуа Мак Нарийн Сухайт” ХХК-ийн “....2005 онд хятад ажилчид өөрсдийн идэх ногоо тарих гээд түүнээ услах гээд хятадуудыг тухайн уед хариуцан ажиллаж байсан Гөү Зин толгой мэдээд газар ухсан ямар нэг албан ёсны шийдвэргүй...” гэсэн гэрчүүдийн мэдүүлэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Эрүүгийн хэргийг зөвхөн хувь хүнд хүлээлгэх тухай хуульчилсан ч гэлээ "Чинхуа Мак Нарийн Сухайт” ХХК нь эрүүгийн хэргийг шударгаар шийдүүлэх байсан бол энэ талаар гомдол хүсэлтээ гаргаад явах эрх нь байсан. Нөгөөтэйгүүр гэм буруутай Гөү Зинг Монгол улсад авч ирээд хэргээ шийдвэрлүүлэхгүй нуун далдалж ирэх боломжгүй гэдэг хариуг эрүүгийн хэрэг дээр өгч байснаа хариуцагч тал санах хэрэгтэй. Гөү Зин нь “Чинхуа Мак Нарийн Сухайт” ХХК-тай Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан талаар хариуцагч эрүүгийн хэргийн хавтаст хэрэгт өгсөн өөрийнх нь нотлох баримтаар тогтоогдож байгаа. Хэрэгт хамааралгүй хуулийн этгээдийг прокурорын тогтоолд дурьдаагүй болох нь тодорхой байсан. Тийм ч учраас прокурорын тогтоолыг үндэслэж иргэний нэхэмжлэл гаргасан. Шүүхийн шийдвэрт дурьдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасан хариуцагч нь “Чинхуа Мак Нарийн Сухайт” ХХК мөн гэж бид үзэж байгаа. Монгол улсын иргэн эрүүл аюулгүй орчинд амьд явах Үндсэн хуулийн эрхийг нь Хятадийн иргэд ногоо тарьж идэх гээд булгын усыг хуримтлуулж зөрчиж байхад нь дуугүй зөвшөөрч компанийн захиргааны зүгээс хууль ёсны шаардлага тавиагүй байж өнөөдөр эх орондоо амьдарч байгаа малчин айлын 2 хүүхдийн амь насны хохиролд 200000000 төгрөг нэхэмжиллээ гэж хариуцагч хууль ярьж байгаа нь хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа үйлдэл болно. Монгол Хятадын хамтарсан компанийн үйлдэл нь хэр шударга ёсонд нийцэж байгааг шүүх дахин анхаарч үзээсэй гэж хүсч байна. Бидний хувьд нэхэмжлэлээ бүрэн хангуулах хүсэлтэй. Мөн гомдолд “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ болон 366 дугаартай тасалбарыг үнэлж 15000000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна гэжээ” Бусад шүүхийн шийдвэрт тусгасан 5280840 төгрөгийн төлбөрт гомдоогүй юм байна гэж миний хувьд үзлээ. Эрүүгийн хэргийн хохирогч Б.Амаржаргалын хувьд 2007 оноос хойш сэггэл санааны хүнд дарамтанд орсон талаар гэрчүүдээр болон шүүх эмнэлгийн дүгнэлт, сэтгэцийн эмчийн тодорхойлолт зэргээр нотолсон. Эдгээр нотлох баримтанд хариуцагч талаас няцаалт хийгээгүйг анхаарч үзнэ үү. 2 хүүхдээ алдсан эх хүн түүний гэр бүлийн 4 гишүүний хувьд нөхөж баршгүй их уй гашуу гэдгийг хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрдөг. Гэсэн хэрнээ гэм буруугийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөөд зарим хэсгийг хүлээн зөвшөөрөөгүй юм боловуу гэж ойлголоо. Гэм хорын хохиролыг гаргуулахаар нэхэмжлэгч нь хууль зүйн туслалцаа авсан хөлсийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй. Эрүүгийн хэргийн хохирогч болоогүй байсан бол Б.Амаржаргал хууль зүйн туслалцаа авахгүй байх бурэн боломжтой байсан гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд 2009 оноос хойш эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлж байсан. Энэ нь эрүүгийн хавтаст хэрэгтэй танилцсан тэмдэглэл зэргээр тогтоогдоно. Иргэн хүнийхээ хувьд олон жил хохирсон гэж өөрийгөө үзсэн учир Амаржаргал нь өмгөөлөгч авсан. Шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаарлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Гэм хорын хохиролыг цаашид нэхэмжлэх эрхтэй болохыг шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх “нотлох баримтыг  тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь  үнэлнэ” гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу   хэрэгт цугларсан нотлох баримтанд үндэслэл бүхий  дүгнэлт хийж чадаагүйгээс гадна зохигчдын хооронд үүссэн маргаантай харилцаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг оновчтой зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн залруулах эрх зүйн боломжгүй байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан журмын дагуу хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын үндэслэлд хязгаарлалгүй  хэргийг бүхэлд нь хянан хэлэлцсэн болно.

            Нэхэмжлэгчийг  хариуцагч “Чинхуа мак нарийн сухайт” ХХК-аас  “гэм хорын хохиролд 200.000.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаа гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-т заасан “мөнгө төлүүлэхээр шаардсан нэхэмжлэлд  нэхэмжилж байгаа мөнгөний дүнгээр”  нэхэмжлэлийн үнийг тодорхойлсон гэж үзэхээр байгаа боловч нэхэмжлэл, түүнийгээ дэмжсэн тайлбар зэрэгт нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцсэн нотлох баримтад тулгуурлан тодорхой, ойлгомжтой байдлаар тооцон гаргаж чадаагүй  төдийгүй Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын аль хэсгийг үндэслэн шаардах эрхээ хэрэгжүүлж байгаа эсэх нь ойлгомжгүй байхад шүүх “өөрөө” шаардлагыг нь тодорхойлон нэхэмжлэлийн зарим хэсгийг буюу 20.280.840 төгрөгийн шаардлагын хангаж шийдвэрлэсэн ба шийдвэрийн үндэслэх хэсэгт 179.719.160 төгрөгийн шаардлагын талаар дүгнэлт хийсэн атлаа шийдвэрлэлгүй орхижээ.

            Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч Д.Жаргалын гаргасан тайлбарт “гэм хорын хохиролын улмаас  учирсан  бодит хохирол, цаашид гарах хохиролыг нэхэмжилсэн” гэх боловч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь  тодорхойгүй,  нэхэмжлэгч Б.Амаржаргалын эмчилгээний  зайлшгүй  зардлыг урьдчилан төлүүлэхээр  гаргасан шаардлага нь тухайлбал, эмчилгээг хаана, хэдий хугацаанд хэрхэн хийлгэх, түүнээс гарах зардлыг хэрхэн тооцоолсон эсэх, эдгээр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцсэн нотлох баримтаар тогтоогдоогүй,  шүүхэд ирүүлээгүй байна.

Анхан шатны шүүхийн 2016 оны 7 сарын 22-ны өдрийн хуралдааны  хэлэлцүүлэгт   хэрэгт цугларсан нотлох баримтуудыг  шинжлэн судалж /2 дугаар хавтаст хэргийн 55-56/, хэргийн оролцогчийн хүсэлтээр эрүүгийн 20711184 тоот хэргийг  ирүүлэн, иргэний хэрэгт хамтатган, түүнээс маргааны үйл баримтад хамааралтай байхуйц нотлох баримтуудыг тухайлбал, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч А.Атар, Хас нарын мэдүүлэг, Алтансүхийн тодорхойлолт, “Чинхуа мак нарийн сухайт” ХХК-ний захиралын тушаал, Мэргэжлийн хяналтын газрын  шаардлага зэргийг  судалж, энэ  тухай хуралдааны  тэмдэглэлд тусгагдсан байдаг. Дээрх ажиллагаа нь хэргийн оролцогчийн  хүсэлтээр явагдсан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Хэргийн нотлох баримт нь ... үзлэг... болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотлогооны хэрэгслээр тогтоогдоно” гэсэн, хуулийн 51 дүгээр зүйлийн 51.2-т “...хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад  ажиллагаа гүйцэтгэхэд тэмдэглэл үйлдэнэ” гэсэн, хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-т заасан журамд нийцсэн гэж үзэх боломжгүй байна.

            Хариуцагч  “Чинхуа мак нарийн сухайт” ХХК нь Улсын бүртгэлийн  1111001033 дугаар бүхий 2006.11.6-ний өдөр бүртгэгдсэн гэх гэрчилгээ болон түүнд хавсарган ирүүлсэн  нотлох баримтанд /1 дүгээр хавтаст хэргийн 33-35/ тухайн аж ахуйн нэгжийн удирдлагын мэдээлэл тодорхойгүй учраас  иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох этгээдийн эрх зүйн байдлыг  тодорхойлох боломжгүй гэж үзнэ. Тухайлбал, Хэргийн 1 дүгээр хавтасны 63 дугаар талд “Чинхуа-мак-нарийн сухайт” ХХК-ны гүйцэтгэх захирал “Гао Бо” гэгч тус компанид хариуцагдах иргэний хэрэгт дэд захирал Т.Сонинбаатар, компаний Өмнөговь аймаг дахь  төлөөлөгч Д.Жамъян нарыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулахаар 2015.8.14-ны 15/88 тоот тушаалаар хугацаагүй олгосон байна. Энэхүү итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5-т зааснаар хүчин төгөлдөр байх хугацаа дууссан. Итгэмжлэгдсэн төлөөлөгч дэд захирал Т.Сонинбаатар нь  мөн итгэмжэгдсэн  төлөөлөгч Д.Жамъянд “шүүхийн шийдвэрийг гардан авах тухай” итгэмжлэл олгож байгаа эрх, үүрэг гэх мэт нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй, эргэлзээтэй байхад хэрэгт цугларсан нотлох баримтад төдийгүй  маргааны үйл баримтанд эцэслэн дүгнэлт хийх үндэслэлгүй байна.

            Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын талаар  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул түүнд дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй. Харин анхан шатны шүүхийн шийдвэрийг  хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 259.354 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.5, 168 дугаар зүйлийн  168.1.1, 168.1.3 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 143/ШШ2016/00367 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгч Б.Амаржаргалын нэхэмжлэлтэй хариуцагч “Чинхуа мак нарийн сухайт” ХХКомпанид хариуцагдах хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцаасугай.

2. Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын  тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 259.354 /хоёр зуун тавин есөн мянга гурван зуун тавин дөрвөн/ төгрөгийг орон нутгийн  төсвийн орлогын 5585042119 тоот данснаас  шүүгчийн  захирамжаар буцаан  олгосугай.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              П.ДОЛГОРМАА

                                 ШҮҮГЧИД                                             Н.БАТЧИМЭГ    

                                                                                     Н.НАСАНЖАРГАЛ