Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 187

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг, 

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх, 

Шүүгдэгч Б.Т ын өмгөөлөгч П.Батжаргал, 

Шүүгдэгч Г.Б-ийн өмгөөлөгч Н.Баярмаа, 

Шүүгдэгч Б.Т , Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т, Б нарт  холбогдох эрүүгийн 1818002520210 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ. 

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1.Монгол Улсын иргэн, Г.Б  1998 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ах, эгч, дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр багийн 2-32 тоотод оршин суух хаягтай, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй.

 

2.Монгол Улсын иргэн, Б.Т 1998 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Усны 1 дүгээр баг Төхөм хорооллын 1-10 тоотод оршин суух хаягтай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

 

Шүүгдэгч Г.Б нь:

-2017 оны 7 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 1 дүгээр багт байрлах “Гэгээ" нэртэй /үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр/ бааранд нэвтэрч, “Болор” нэртэй архи 2 ширхэг, “Вива” нэртэй архи 1 ширхэг, “Боргио” нэртэй пиво, ундаа, самар зэрэг эд зүйлсийг Х.Баатарсүрэнтэй бүлэглэн хулгайлж, хохирогч Ц.Болормаад нийт 253000 төгрөгийн хохирол учруулсан,

-2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг 18 дугаар байрны 19 тоотод оршин суух иргэн Б.Отгонжаргалын гэрт амьдарч байх хугацаандаа буюу Б.Отгонжаргалын гэрээс 1 хос монетон ээмэг, монетон кулонтой гинж зэрэг эд зүйлс хулгайлж 360000 төгрөгийн, 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Сони маркийн 42 инчийн телевизорыг хулгайлж 700000 төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 1060000 төгрөгийн хохирол учруулсан,

-2018 оны 1 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо Яармагийн 20-501б тоотод оршин суух иргэн Э.Болорчимэгийн өвлийн орон сууцны вакум цонхыг эвдэн нэвтрэн орж, 32 инчийн Сони маркийн телевизорыг хулгайлан авч 64000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.Б  Б.Т  нар нь бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 23 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Зул жавхлан” зочид буудлын ресепшиний өрөөний цонхоор нэвтэрч, дэвтрийн завсар байсан 97000 /ерэн долоон мянга/ төгрөгийг хулгайлсан гэмт хэрэг тус тус үйлдэн нийт 1474000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт: 

 

-Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баатарсүрэнтэй бүлэглэн, Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд үйл ажиллагаа явуулдаг “Гэгээ” баарнаас архи, самар авсан. Мөн  иргэн Отгонжаргалын гэрээс 42 инчийн зурагт, гар утас, монетон гинж кулон, Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт иргэн Болормаагийн гэрээс зурагт, “Зулжавхлан” зочид буудалд байхдаа цонхоор ресепшны өрөөнөөс нь 97000 төгрөг хулгайлсан.

...Улаанбаатараас ирээд “Зул жавхлан” зочид буудалд байрлаж байхдаа би хүлээн авагч эгчээс гоймон авахаар ороход цонхны тавцан дээр завсар нь мөнгө хийсэн дэвтэр байсныг харсан. Тэгээд тэр эгчтэй юм ярьж байх хоорондоо тэр өрөөний цонхыг нь бага зэрэг онгойлгож орхиод гарсан. Тэгээд эргэж өрөөндөө орж Б.Т тай тэр мөнгийг авъя гэж ярилцаад “Б.Т ыг чи хүн харж бай” гэж хэлээд тэр өрөөний цонхны гаднаас гараа оруулж, мөнгийг аваад бид 2 таксинд суугаад шинэ Дархан явсан.

...Өөрийнхөө хүрээллээ буруу бүрдүүлж, буруу зүйл хийсэндээ дүгнэлт хийж байгаа. Манай найзууд намайг салаад явах болоход “дахиад хамт байя, ууж идье” гэж хэлэхэд нь өөрөөсөө холдуулахгүйн тулд найз нөхдөө архи болон бусад зүйлээр дааж чадна гэдгээ харуулах зорилготой хулгай хийж байсан гэж бодож байна.

...4 удаагийн үйлдлээр хулгай хийсэн. Үлдсэн хохирлыг ажил төрөл хийж төлж барагдуулна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг, 

-Шүүгдэгч Б.Т ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Г.Б гоймон авахаар буудлын хүлээн авагч эгчийн өрөөнд орж, ус авч орж ирэхдээ “өрөөнд нь мөнгө байна, хоёулаа мөнгийг нь авъя” гэхэд нь би “яахын бэ? хоёулаад мөнгө байгаа шүү дээ, тэр мөнгөө дуусгаад явъя, би ажилтай шүү дээ” гэж хэлэхэд “тэр хамаагүй, чи үгүй гэж байгаа бол гарч бай” гэж хэлээд Г.Б гарсан. Би хамт гараад “болиоч ээ” гэж хэлэхэд “чи цаашаа бай” гэж надад хэлсэн. Би Г.Г.Б ийг хулгай хийж байхыг нь хараад зогсож байхад Г.Б мөнгийг аваад бид 2 шинэ Дархан явсан.

...гэм буруугийн тал дээр маргаан байхгүй, буруу хэрэг хийсэн.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 20, 206, 2 дугаар хавтаст хэргийн 41, 76/,  

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 21-23, 207-209, 2 дугаар хавтаст хэргийн 77-79/,  

 

-Хохирогч Ц.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 3 сарын 24-ний өдөр 17 цагийн үед намайг “Зулжавхлан” буудал дээр зээлээ хүлээж авах гээд ирэхэд манай буудлын 2 номерын өрөөнд өдөр 14 цагийн үед орсон 2 залуу байсан юм. Орой 23 цагийн үед манай өрөөнд 2 номерын өрөөний нэг залуу орж ирсэн юм. Тэр залуу орж ирээд надаас 00-ийн цаас байна уу гэхэд нь би 5 номерын өрөөний хүмүүст өгөөд явуулчихсан. Тэндээс очоод авчих гэж хэлсэн юм. Би тэр үед угаалга хийж байсан юм. Тэр өрөөнд орж ирсэн залуу цонхны тэнд зогсож байгаад гараад явсан юм. Би цонхны тавцан дээр дэвтэрийн завсар буудлын орлогын мөнгийг хавчуулаад хийчихдэг юм. Тэр 2 номерын өрөөнд байсан залуу надаас өдөр нь юм худалдаж авахад нь би мөнгийг нь аваад дэвтэрийн завсар хийж байхыг тэр залуу харж байсан юм. Тэгээд тэр залуу гараад явсны дараа би харахад цонхны тавцан дээр дэвтэр байж байсан юм. Би угаалга хийж байгаад хажуу талын угаасан хувцас индүүддэг өрөөнд ороод зурагт үзээд сууж байтал 5 номерын өрөөнөөс хүн юм худалдаж авъя гээд ирэхэд нь өрөөгөө онгойлгоод ортол манай өрөөний салхивч нь онгойчихсон, цонхны тавцан дээр байсан мөнгө хавчуулсан байсан дэвтэр алга болчихсон байсан. Дэвтэр завсар буудлын 3 өрөөний мөнгө 70.000 төгрөг, гадаа ил зогсоолын төлбөр болох 10 машины 10.000 төгрөг, бараа материалын худалдааны орлого 17.000 төгрөг, нийт 97.000 төгрөг алга болсон байсан. Тэгээд маргааш өглөө нь захирал ирээд буудлын камерыг шүүж үзэхэд манай буудалд байрласан 2 номерын өрөөний нэг залуу болох шар царайтай залуу нь буудлын гаднаас цонхоор гараа оруулаад дэвтэр аваад явж байгаа бичлэг хадгалагдсан байсан юм.

...манай өрөөнөөс хулгай хийсэн байсан залууг эрүүгийн цагдаа нар тэр оройдоо хайж яваад олж, хохирлыг төлүүлсэн байгаа. ” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 24, 35-36/, 

 

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 27, 2 дугаар хавтаст хэргийн 85/, 

-“Алдсан зүйлээ буцааж авсан. Г.Б нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй.” гэх хохирогч Ц.Э-аас гаргасан тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 28/, 

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 32-33/, 

 

-Гэрч Д.Э-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...3 сарын 25-ны өглөө ажилдаа ирэхэд жижүүр Энхтуяа 2 номерт орсон 2 залуу цонхоор дэвтэр болон орлого аваад явсан талаар хэлсэн. Тэгээд би камер шүүж үзтэл ресепшиний өрөөний цонхоор цагаан пүүзтэй 25 орчим насны 1 залуу цонхоор цээжин хэсгээрээ тонгойж ширээн дээр байсан 4 ширхэг дэвтэр авсан. Тэр үед хамт ирсэн нэг залуу “Зул Жавхлан 2” хүнсний дэлгүүрийн зүүн урд буланд хашааны гадна талд халаасандаа гараа хийчихсэн цонхоор юм авч байгаа залуу руу харж байгаа байдалтай зогсож байгаа нь бичигдсэн байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 44-45/, 

-Хохирогч Ц.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 23:30 минутын үед баарнаас гарахад пиво зээлчих гээд байсан залуучууд машиныхаа хаалгыг онгойлгочихсон дотроо бараг чихчихсэн сууцгааж байсан. Тэр үед би “машиныхаа хаалгыг хаачих” гэж хэлээд өөрийнхөө машиныг унаад явсан. Би шууд гэр лүүгээ харьж амарчихаад маргааш нь ажил дээр байж байгаад хоол идэх гээд гэр лүүгээ явах замд “Гэгээ” баараар дайрсан чинь цонх нь хагарчихсан байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн.

...дэлгүүрийн баруун, зүүн талын цонх хагарсан байсан. Өчигдөр бол бүрэн бүтэн байсан.

...нийт 134000 төгрөгийн эд зүйл алдагдсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 222-223, 226-227/, 

 

-Гэрч Г.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Баатарсүрэн надад хэлэхдээ “Г.Б  Гэгээ баарны цонхыг хагалж дотогшоо орчихоод дотор талаас нь баахан юм гаргаж ирээд надад өгсөн.” гэж хэлж байсан. Г.Б  надтай 2017 оны 8 дугаар сарын сүүлээр Фэйсбүүк чатаар холбогдож “Орхонтуулын баарыг дэлбэлчихсэн, наагуур чинь юу болж байна” гэж асуухаар нь би “энүүгээр юу болох вэ дээ, нам тайван байж л байна” гэж чатаар харилцсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 243/, 

 

-Гэрч Б.Т ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 7 сарын 23-ны өдөр гэртээ байж байсан чинь Мөнхжаргал хөдөөнөөс ирээд бид хоёр хөзөр тоглоод сууж байсан чинь Г.Б  утсаар над руу залгаад “хаана байгаа юм, уулзъя” гэхээр нь би “тэгье” гэж хэлээд уулзахаар болсон юм. Тэгээд Мөнхжаргал бид хоёр Г.Б тэй 24 дүгээр цэцэрлэгийн ард уулзаад Хонхор хорооллын зах руу очоод Г.Б  “уух уу?” гэж асуухаар нь би “мөнгө байхгүй шүү дээ, хөгшөөн” гэсэн чинь Г.Б  “зүгээр ээ, мань чинь даана, та хоёр эндээ байж бай” гэж хэлчихээд ганцаараа ирсэн замаараа буцаад яваад өгсөн юм. Тэгээд 30-40 минутын дараа Г.Б  1 шил “Болор” архи авч ирэхээр нь би “хаанаас авчирсан юм” гэсэн чинь Г.Б  “зүгээр ээ, хөгшөөн маньд чинь мөнгө байсан юм, мань чинь даана л гэсэн бол даана шүү дээ” гэж хэлэхээр нь “за за, тэгвэл ууцгаая” гэж хэлээд Мөнхжаргал, Г.Б  бид 3 хувааж уусан. Бид гурав ууж дуусчихаад төв орох гээд сургуулийн ардуур алхаж явсан чинь Баатарсүрэнтэй таараад “та 3 юу хийж яваа юм” гэж асуухад Г.Б  “уугаад л явж байна шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд Г.Б  ууя гэж хэлэхээр нь Баатарсүрэн, Мөнхжаргал, Г.Б  бид 4 дахиад уусан газар луу очоод би “одоо яахын бэ? уух юм байхгүй” гэж асуусан чинь Г.Б  “та гурав наанаа байж бай, мань нь уух юманд явчихаад ирье” гэж хэлээд урьд нь явсан замаараа яваад өгсөн юм. Тэгээд 30-40 минутын дараа Г.Б  ирэхдээ “Вива” архи, 2 том “Боргио” пиво авчираад бид 4 хувааж уусан. Тэрийгээ хувааж уучихаад бид 4 нилээн согтоод төв рүү алхацгаасан юм. Тэгээд цэцэрлэгийн ард ирээд бид нар гэр гэр лүүгээ салцгаасан юм.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 245-246/, 

 

-Гэрч Б.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би Б.Т гээд найзынхаа гэрт очоод байж байх үед Б.Тын утас нь дуугараад ярих үедээ “ Мөнхжаргал ирчихсэн байна” гэхээр нь Б.Таас хэнтэй ярьсан талаар нь асуусан чинь “Баянаа ганц пиво ууя гэнэ ээ, хоёулаа гарах уу?” гээд бид 2 Б.Тын гэрээс гараад Г.Б тэй дээд хороололд уулзсан чинь нэг том пивотой хүрээд ирсэн. Бид 3 тэр пивийг уугаад байж байтал Г.Б  “мань чинь ийшээ явчихаад ирье” гээд явсан. Б.Т бид 2 хүлээж байтал удалгүй Г.Б  0.75 литрийн “Вива” нэртэй архи барьчихсан ирсэн ба тэрийг бас бид 3 хувааж уугаад Б.Т бид 2 буцаад Б.Тын гэрт очоод Г.Б  явлаа гээд явсан. Орой хэдэн цаг гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан Б.Т бид 2 Г.Б тэй уулзаад явж байсан чинь Г.Б  Баатарсүрэнг дуудсан байсан. Бид 4 долоогийн байрны ойролцоо уулзаад хойд хорооллын арагшаа явсан. Тэгсэн чинь Г.Б  1 шил 0.75 литрийн архи, 2 том пиво гаргаад ирсэн. Тэрийг нь Б.Т, Баатарсүрэн, Г.Б  бид 4 хувааж уусан. Тухайн үед би жаахан муудсан ба ухаан санаа орж гараад байсан. Тэгсэн Баатарсүрэн байж байгаад нэг тийшээ явчихсан байсан. Баатарсүрэнг явсны дараа Г.Б  “мань чинь ийшээ явчихаад ирье” гэж яваад удалгүй ирэхдээ 1 шил 0.75 литрийн “Болор” архи авчирсан. Би Г.Б ийн авчирсан “Болор” архинаас ууж байгаад өвөөгийндөө ороод унтчихсан юм.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 247-248/, 

 

- “Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2017 оны 8 дугаар сарын 12-ны байдлаар 253000 /хоёр зуун тавин гурван мянга/ төгрөг байна.” гэх 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /2 дугаар хавтаст хэргийн 21/, 

-Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст иргэн Б.Ганболдоос гаргасан өргөдөл /2 дугаар хавтаст хэргийн 42/

 

-Хохирогч Э.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо Яармагийн 20-501б тоотод нөхөр Ганболд, 2 хүүхдийн хамт амьдардаг юм. 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Дарь-Эхэд гэр нь байдаг дүү Зоригтын гэрт очиж бууз хийхээр гэр бүлээрээ явцгаасан. Гэрээс гарах үедээ гэрийн хаалга, цонхоо бүгдийг нь хааж гарсан. Тэгээд орой буюу 2018 оны 1 дүгээр сарын 19-ний шөнө 03 цагийн орчим гэртээ иртэл үүдний тамбарын вакум цонх онгорхой байсан, харин хаалга үүд ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан бөгөөд хаалгаа түлхүүрээр онгойлгоод ортол гэрийн хойморт байсан 32 инчийн “Сони” загварын зурагт байхгүй байсан. Тухайн үед бид нар орой болчихсон байсан болохоор цагдаад хандаагүй. 1 сарын дараа өргөдөл өгсөн юм. 

...Г.Б  надад ажил дээр “үнэлгээгээр танайд 64000 төгрөгийн хохирол учирсан гэсэн байна, хохирлоо барагдуулъя” гэж хэлээд 64000 төгрөг авчирч өгөөд явсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.

...би Г.Б өөс хохирлын 64000 төгрөгөө авсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 44, 158/,

 

-Гэрч Б.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....2018 оны 1 дүгээр сарын 18-ны орой 18 цагийн орчим өөрийн эхнэр Болорчимэг, охин Номуунцэцэг нарын хамт төрсөн эх Нармандахын цагаан сарын буузыг хийхээр Дарь-Эх рүү явсан. Тухайн үед хүн үлдээгүй, бид гэрээ цоожлоод явсан. Тэгээд тэндээ байж байгаад шөнө 03 цагийн орчим гэртээ ирээд орох гэтэл манай байшингийн үүдний амбаарын вакум цонхны салхивч нээлттэй байсан. Тэгэхээр нь шууд гэрээ түлхүүрээрээ онгойлгоод ортол манай гэрийн том өрөөний хойд талын тавиур дээр байсан 32 инчийн “Сони” маркийн зурагтыг хулгайч авсан байсан. Өөр зүйл алга болоогүй байхаар нь цагдаад хандаагүй.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 45-46/,

 

-Гэрч Г.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 1-73 тоотод байрлах “ГМБ” нэртэй ломбардад ажилладаг. Эзэн нь Сүхбаатар гэдэг хүн байдаг юм. Болсон асуудлын талаар гэвэл 2018 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр би ажил дээрээ байж байтал орой 22 цагийн орчим 25 орчим насны шардуу царайтай залуу орж ирээд “Сони загварын 32 инчийн зурагт байна, та авах уу?” гэхээр нь “харъя” гэж хэлтэл гараад удалгүй зурагтаа тэврээд ороод ирсэн. Тэр зурагтыг би үзэж хараад авсан. “Бичиг баримт байна уу?” гэхэд өөрийнхөө зурагтай лавлагааг гаргаж ирээд үзүүлсэн. Тулгаж үзэхэд өөрийнх нь бичиг баримт мөн байсан. Тэгэхээр нь 7 хоногийн хугацаатай 90000 төгрөгөөр барьцаанд тавьсан. 

...ирээгүй учир алдагдлаа нөхөх зорилгоор 120000 төгрөгөөр зарсан. Би тэр залууг одоо харвал маш сайн танина, өөрийгөө Ганбатын Г.Б  гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 49/,

 

-“Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 2 сарын 22-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 64000 /жаран дөрвөн мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /2 дугаар хавтаст хэргийн 58-59/,

-“ГМБ” ломбардын барьцаат зээлийн гэрээний хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 61/,

-Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 82/,

“Хар сүлд” ХХК-ийн Барьцаат зээлийн гэрээний хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 84/,

-Хохирогч Б.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр би ажил дээрээ байж байтал 21 цагийн үед манай дүү Отгонцэцэг над руу залгаад “би гэртээ орж чадахгүй байж байгаад бүргэд хаалга онгойлгодог хүн дуудаж хаалгаа эвдүүлж орлоо” гэж хэлсэн. Тэгээд би гэртээ иртэл гэрээс зурагт, миний ээмэг, зүүлт алга болсон байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгөөд дүү Отгонцэцэгээс “яасан, юу болов?” гэж асуухад манай дүү Отгонцэцэг надад “өнөөдөр 16 цаг 30 минутын үед дүүгээ цэцэрлэгээс авах гээд гэрээс гарч явсан, гэрт найз болох Г.Б  үлдсэн байсан. Тэгээд дүүгээ цэцэрлэгээс авчихаад буцаад иртэл гэрийн хаалга онгойхгүй байсан. Г.Б ийн утас руу залгасан чинь утсаа авчихаад за одоо очлоо гэж хэлчихээд утсаа салгаад алга болсон.” гэж хэлсэн юм. Тэгээд би гэрт байсан зурагт, миний ээмэг, зүүлтийг Г.Б  хулгайлаад аваад явчихлаа гэдгийг мэдсэн юм. Г.Б  гэдэг залуу манай дүү Отгонцэцэгтэй үерхдэг юм.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 87-88/,

 

-Иргэний нэхэмжлэгч А.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 1 дүгээр сарын 31-ний орой намайг “Хүрд-Сүт” барьцаалан зээлдүүлэх газар ажлаа хийж байхад, гэгээ тасраагүй бүрэнхий болж байхад нэг залуу орж ирээд “зурагт барьцаалж байгаа юу?” гэж асуусан юм. Би тэгэхээр нь б”арьцаалж байгаа, зурагтыг нь үзэж байж болно.” гэж хэлсэн. Тэгсэн тэр залуу буцаж гарч яваад даавуунд боочихсон, гадуур нь скочоор ороочихсон нэг зурагт тэврээд ороод ирсэн юм. Тэгээд тэр залуу надад “Эрдэнэтээс ирсэн юм, танайх хамгийн дээд тал нь хэдээр тавих юм бэ?” гэж асуухаар нь “би 280000 төгрөгөөс дээш барьцаалан зээлдүүлэхгүй.” гэж хэлсэн. Тэгсэн тэр залуу өөрийгөө “би цагдаад ажилладаг юм.” гэж хэлсэн. Тэгээд би тэр залуугийн авчирсан зурагтыг удирдлагаар нь асааж үзсэн юм. Тэгээд ажиллаж байхаар нь тэр залуу 10 хоногийн хугацаатай зурагтаа барьцаалах болоод зээлийн гэрээ хийгээд 280000 төгрөг өгсөн юм. Тэр залуу өөрийгөө Ганбатын Г.Б  гэж нэрээ хэлж зээлийн гэрээ байгуулсан.

...би барьцаалан зээлдүүлсэн 280000 төгрөг болон барьцаалан зээлдүүлсэн мөнгөний хүү 22400 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 90-91/,

 

-Гэрч Б.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай найз залуу Г.Б  нь манай гэрт надтай хамт 3 хонож байгаа юм. Өнөөдөр би найз залуугийнхаа хамт гэртээ байж байгаад 16 цагийн орчим дүүгээ цэцэрлэгээс нь авах гээд ганцаараа гарах үед Г.Б  гэрт ганцаараа үлдсэн. Тэгээд дүүгээ аваад 17 цаг 20 минутад гэртээ ирэхэд манай гэрийн хаалгыг гаднаас нь цоожлоод явсан байсан учраас би гэртээ орж чадахгүй Г.Б ийн 99572081 дугаарын утас руу залгахад холбогдохгүй байсан. Тэгээд 10 минутын дараа над руу “одоо очлоо, хаана байна хайр аа, би тамхи авчихаад очиж байна.” гэж мессэж бичсэн. Тэгээд буцаад утас нь холбогдохгүй болчихсон. Хүлээгээд ирэхгүй болохоор нь 22 цагийн орчим доод талын дэлгүүр орж дэлгүүрийн утаснаас залгахад бас дуудаж байгаад унтарчихсан. Тэгэхээр нь би дэлгүүрийн эгчээс бүргэд хаалга онгойлгодог хүний утас аваад дуудлага өгч хаалгаа эвдүүлж орсон юм. Гэрт ороход манай гэрийн хананд өлгөсөн байсан зурагт байхгүй болчихсон байсан. Тэгэхээр нь би эгчдээ болсон асуудлыг хэлэхэд манай эгч 23 цагийн орчим ирээд ээмэг, бөгжөө үзэхэд байхгүй байсан учраас цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 93-94/,

 

- “Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2018 оны 2 дугаар сарын 1-ний байдлаар 1060000 /нэг сая жаран мянга/ төгрөг байна.” гэх 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /2 дугаар хавтаст хэргийн 104-105/, 

 

-“Хараа сутай” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх гэрээний хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 108/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч Г.Б нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2017 оны 7 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 1 дүгээр багт байрлах “Гэгээ" нэртэй /үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр/ бааранд нэвтэрч, “Болор” нэртэй архи 2 ширхэг, “Вива” нэртэй архи 1 ширхэг, “Боргио” нэртэй пиво, ундаа, самар зэрэг эд зүйлсийг Баатарсүрэнтэй бүлэглэн хулгайлж, хохирогч Болормаад нийт 253000 төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 7 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 1 дүгээр багт байрлах “Гэгээ" нэртэй /үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр/ бааранд нэвтэрч, “Болор” нэртэй архи 2 ширхэг, “Вива” нэртэй архи 1 ширхэг, “Боргио” нэртэй пиво, ундаа, самар зэрэг эд зүйлс хулгайлж, хохирогч Ц.Болормаад нийт 253000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг 18 дугаар байрны 19 тоотод оршин суух иргэн Б.Отгонжаргалын гэрт амьдарч байх хугацаандаа буюу Б.Отгонжаргалын гэрээс 1 хос монетон ээмэг, монетон кулонтой гинж зэрэг эд зүйлс хулгайлж 360000 төгрөгийн, 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Сони маркийн 42 инчийн телевизорыг хулгайлж 700000 төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 1060000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 1 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо Яармагийн 20-501б тоотод оршин суух иргэн Э.Болорчимэгийн өвлийн орон сууцны вакум цонхыг эвдэн нэвтрэн орж, 32 инчийн Сони маркийн телевизорыг хулгайлан авч 64000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Г.Б  Б.Т  нар нь бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 23 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Зул жавхлан” зочид буудлын ресепшиний өрөөний цонхоор нэвтэрч, дэвтрийн завсар байсан 97000 /ерэн долоон мянга/ төгрөгийг хулгайлж, нийт 1474000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, 

Шүүгдэгч Б.Т  нь шүүгдэгч Г.Г.Б тэй бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 23 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Зул жавхлан” зочид буудлын ресепшиний өрөөний цонхоор нэвтэрч дэвтэр завсар байсан 97.000 /ерэн долоон мянга/ төгрөгийг хулгайлж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул тэдний үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

 

Шүүгдэгч Б.Т ын өмгөөлөгчийн зүгээс “миний үйлчлүүлэгч үйл ажиллагаа явуулах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй” гэж мэтгэлцэж байгаа боловч шүүгдэгч Б.Т ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...би Г.Г.Б ийг хулгай хийж байхыг нь хараад зогсож байхад Г.Б мөнгийг аваад бид 2 шинэ Дархан явсан.” гэх мэдүүлэг, гэрч Д.Энхтүвшингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...25 орчим насны 1 залуу цонхоор цээжин хэсгээрээ тонгойж ширээн дээр байсан 4 ширхэг дэвтэр авсан. Тэр үед хамт ирсэн нэг залуу “Зул Жавхлан 2” хүнсний дэлгүүрийн зүүн урд буланд хашааны гадна талд халаасандаа гараа хийчихсэн цонхоор юм авч байгаа залуу руу харж байгаа байдалтай зогсож байгаа нь бичигдсэн байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 44-45/ зэргээр няцаагдаж байна.

Иймд шүүгдэгч Г.Г.Б ийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1474000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгий уулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Т ыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 97000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Б-д 253000 төгрөгийн хохирол учирсан болох нь 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалтаар /2 дугаар хавтаст хэргийн 21/ нотлогдож байгаа бөгөөд шүүгдэгч Г.Б нь дээрх гэмт хэргийг Баатарсүрэнтэй бүлэглэн хулгайлсан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 253000 төгрөгийг хувь тэнцүүлэн, шүүгдэгч Г.Б 126500 төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.Болормаад олгохоор шийдвэрлэв.

 

Мөн хохирогч Б.О-д 1060000 төгрөгийн хохирол учирсан болох нь 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалтаар /2 дугаар хавтаст хэргийн 104-105/ нотлогдож байгаа бөгөөд зурагтыг буцаан олгосон байх тул үлдэх 360000 төгрөгийг шүүгдэгч Г.Б гаргуулах нь зүйтэй байна.

 

Хохирогч Э.Б-т 64000 төгрөгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний тайлангаар /2 дугаар хавтаст хэргийн 58-59/, хохирогч Ц.Э-д 97000 төгрөгийн хохирол учирсан болох нь Ц.Энхтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг  /1 дүгээр хавтаст хэргийн 24/ зэргээр тус тус нотлогдож байга бөгөөд эдгээр хохирлыг шүүгдэгч Г.Б төлж барагдуулсан байх тул хохирогч Б, Э нарт гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

Иргэний нэхэмжлэгч А.Н-д 302400 төгрөгийн хохирол учирсан болох нь “Хар Сүт” ХХК-ийн барьцаат зээлийн гэрээ /2 дугаар хавтаст хэргийн 84/ болон иргэний нэхэмжлэгч А.Н-ийн мэдүүлгээр  /2 дугаар хавтаст хэргийн 90-91/ нотлогдож байх тул шүүгдэгч Г.Б 302400 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч А.НоминЭрдэнэд олгох нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Б.Т  нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Г.Б нь хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 1474000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, шүүгдэгч Б.Т  нь үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 97000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Г.Б  Б.Т  нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай бөгөөд тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Т ын бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Б.Т ыг Г.Г.Б тэй гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч Г.Г.Б өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд Г.Г.Б ийг Б.Т тай гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.

 

Иймд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Г.Г.Б өд 3 жилийн хугацаагаар хорих ял, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Т ад 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 1 хоног, 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон болон ял эдэлсэн 399 хоног, нийт 400 хоног, шүүгдэгч Б.Т ын энэ хэрэгт 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 7 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож, Г.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б  Б.Т  нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Г.Б  Б.Т  нарын эдлэх ялыг 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэснийг дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Г.Б ийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1474000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Тыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 97000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Г.Б өд 3 жилийн /гурван жил/ хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Т-д 1 жил 10 хоногийн /нэг жил арав хоног/ хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй. 

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Г.Б өд оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял, Б.Т ад оногдуулсан 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Г.Б энэ хэрэгт 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 1 хоног, 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон болон ял эдэлсэн 399 хоног, нийт 400 /дөрвөн зуу/ шүүгдэгч Б.Т ын энэ хэрэгт 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар  шүүгдэгч Г.Б 788900 төгрөг гаргуулж, 126500 /нэг зуун хорин зургаан мянга/ төгрөгийг хохирогч Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын тоотод оршин суух Б-д, 360000 /гурван зуун жаран мянга/ төгрөгийг Б.О-д, 302400 /гурван зуун хоёр мянга дөрвөн зуу/ төгрөгийг иргэний нэхэмжлэгч А.Н нарт тус тус олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч Б.Т  нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б  Б.Т  нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Г.Б  Б.Т  нарын эдлэх ялыг 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Б  Б.Т  нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                      ШҮҮГЧ                                 Я.ТУУЛ