Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 189

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг, 

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын туслах прокурор Б.Батсүх, 

Шүүгдэгч Ц.М  /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.М-д холбогдох эрүүгийн 1918002420206 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Ц.М 2000 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хэвлэлийн эх бэлтгэгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эмээ, дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Баянцогт 2 дугаар баг 4-15 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Ц.М  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 3 дугаар сарын 26-ны шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мияами” зочид буудлын 301 тоотод Н.П-таймаргалдан, төмөр хундагаар толгойн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ц.М  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 3 дугаар сарын 26-ны шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мияами” зочид буудлын 301 тоотод Н.П-таймаргалдан, төмөр хундагаар толгойн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Шүүгдэгч Ц.М ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 26-ны шөнө 3 цагийн орчим Мияами буудалд байхдаа 301 тоот өрөөнд орж Пүрэвдавааг зодож, төмөр хундагаар толгой руу нь цохиж гэмтээсэн. 

...Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 500000 төгрөг төлсөн.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 5/,

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 6-11/,

-Н.Пгийн согтуурал шалгахад 0% гарсан тухай согтуурал шалгасан тэмдэглэл /хэргийн 12/,

-Ц.М ын согтуурал шалгахад 0.60% гарсан тухай согтуурал шалгасан тэмдэглэл /хэргийн 13/,

-Хэргийн газрын үзлэгээр хураагдсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлийн гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 15/, 

-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 18/,

-“Мияами” зочид буудлын хяналтын камерийн бичлэгийг хураан авсан тэмдэглэл /хэргийн 21/, 

-Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хэргийн 22/, 

-Хохирогч Н.Пгийн хохиролтой холбоотой баримтууд /хэргийн 26-29/, 

 

-Хохирогч Н.Пгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 24-нд “Мияами” зочид буудалд найз охин Сарантуяагийн хамтаар өрөө авч орсон. Тэндээ нэг хоноод 25-ны өдөр нь 301 тоот өрөөг авч дахиж орсон. Би хувиараа шивээс хийж сурах гэж оролдож байсан учир найз охиндоо шивээс хийж өгсөн. Тэгээд 25-ны орой амрах гээд байж байтал 20 цагийн үед хаалга нүдэхээр нь би онгойлготол танихгүй хоёр банди байсан. Тэгэхээр нь “яах гээд байгаа юм, юун хүмүүс юм” гэхэд намайг “шивээс хийгээд байгаа юм уу?” гэхээр нь “үгүй” гээд маргах байдалтай үг сөрөөд хаалгаа хаасан. Ингээд өрөөндөө байж байтал шөнө 03 цагийн үед хаалга тогшихоор нь манай найз охин онгойлготол нөгөө оройны хоёр банди нилээд согтуу ороод ирсэн. Тэгэхээр нь би орноосоо босоод өмдөө өмсөөд “та нар яах гээд хүн амраахгүй байгаа юм бэ?” гэхэд өндөр банди “чи Сэлэнгийн хэн гэлээ” нэг нэр хэлээд “танихгүй юу?” гээд байсан. Тэгээд гараа далайхаар нь цохих гэж байна гэж бодоод өмднийхөө тэлээг гартаа ороож байгаад нүүр хэсэгт нь 2-3 удаа цохитол нөгөө банди намайг заамдаад авсан, би ч бас заамдаад авсан. Тэгээд бид хоёр барьцалдаж аваад зууралдаж газар унаад бие биенийхээ дээр гараад би тэр бандийг цохисон, тэр ч намайг цохисон. Тэгж байтал хүмүүс орж ирээд бид хоёрыг салгаад байсан. Би нэг хэсэг манарсан, нэг мэдсэн чинь орон дээр сууж байсан. Миний хажууд нэг танихгүй охин суучихсан салфетикаар миний толгойг дарчихсан байсан. Салфетикийг аваад харахад миний толгойноос цус гарчихсан, нөгөө намайг зодсон банди гараад явчихсан байсан. Миний толгойг юугаар цохисон, яг хэдий үед толгой хагарч цус гарсныг би мэдэхгүй байна. Барьцалдаж аваад тэр банди намайг нуруу ар хэсэгт цохиод байсан, мөн газар унаад бид хоёр нэг нэгнээ гараараа энд тэндгүй л цохисон. Тэгээд хүмүүс салгаж байсныг би мэдэж байгаа, хэсэг манарсан тэр үед л толгойноос цус гарчихсан байсан. Манай өрөөнд ширээн дээр ууттай нойтон салфетик байсан, тэр салфетикээр миний толгойг дарсан байсан. Би уг цус болсон салфетикийг ширээн дээр тавиад цэвэр салфетикаар толгойгоо дараад эмнэлэг явсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 32-33/,

 

-Гэрч У.Сарантуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өөрийн найз болох Нарантуяа овогтой Пүрэвдаваагийн хамтаар 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 12:00 цагийн үед “Мияами” нэртэй зочид буудлын 301 тоот өрөөг хоногоор авч ороод амарцгааж байсан юм. Тэгтэл шөнө 03:00 цагийн үед манай өрөөний хаалга тогшоод байхаар очоод “Хэн бэ?” гээд асуутал эрэгтэй хүн “би байна" гэхээр нь хаалгаа онгойлготол 2 залуу орж ирээд хаалга хаахаар нь “Чи яах гэж байгаа юм бэ? гараач” гэтэл зүс таних залуу Мөнхцогт нь “Танай өрөөнд орж ирж болдоггүй юм уу?” гээд их муухай инээтэл манай найз залуу босоод хувцсаа өмсөх гэж байтал хамт явсан үл таних өндөр залуу нь “Чи юугаа хайгаад байгаа юм бэ?, хутга хайгаад байгаа юм уу?, чи муу намайг таних уу? Би Сэлэнгийн Орхон туулын хэн ч байна” гэлээ дээ нэрээ хэлээд манай найз залууг түлхээд унагатал манай найз залуу уурлаад “та нар ер нь өдрөөс хойш яах гээд байгаа юм бэ? удаа дараа орж ирээд амгалан тайван байдал алдагдуулаад” гэтэл манай найз залууг заамдаад автал өөдөөс нь адилхан заамдаад авсан. Тэгэхээр нь би айгаад буудлын хамгаалагчийг дуудахаар гараад гүйтэл өөдөөс хамгаалагч нь гараад ирэхээр нь эргээд ортол танихгүй өндөр залуу нь манай найз залуу болох Н.Пгийн толгойн тус газарт төмөр архины хундагаар хэд хэдэн удаа цохиод толгойноос нь их хэмжээний цус гараад цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 34-35/, 

 

-Гэрч Ж.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 25-ны 21 цагт би “Мияами” буудалд хамгаалагчийнхаа ажлыг хийхээр ирсэн. Тэр үед буудлын 303 тоот өрөөнд 4 залуу, 1 охин орсон, 301 тоотод нэг охин, нэг залуу орчихсон байсан. 303 тоотын хүмүүс архи уугаад өрөө хэсээд гарч ороод яваад байсан тул уг хүмүүст шаардлага тавьсан. Тэгээд камераа хараад сууж байтал 303-д байсан өндөр нам хоёр залуу шөнө 03 цагийн үед 301 тоот уруу орчихоор нь ресепшинд хэлээд байж байтал хүн орилсон. Ресепшин түрүүлж би араас нь би яваад 301 тоот өрөөнд ортол уг өрөөнд орсон хоёр залуугийн өндөр хар бэлтгэлийн өмд куртикний өнгийн нь санахгүй байна богино куртиктэй залуу 301 тоот өрөөнд байсан залуутай зодолдож барьцалдаад авчихсан газар уначихсан байсан юм. 301 тоотод байсан залуугийн ар дагз хэсгээс нь цус гарч байсан хажууд нь 301 тоот өрөөнд байсан эмэгтэй гаднаас ордог намхан залуу хоёр байсан. Цагдаа дуудахад нөгөө зодсон залуу гараад зугтчихсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 36/,

 

-Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...буудлын өрөөнд Арцмөнх, Манлайбаатар, Мөнхцогт, Батчимэг бид нар орж архи, пиво ууцгаасан. Сүүлд Дашриймаа гэдэг бид нарын өрөөний урд талын өрөөнд байгаа гэж хүн орж ирсэн. Мөнхцогт ахыг таньдаг юм шиг байсан. Би нилээд согтоод унтсан. Намайг унтахад миний хажуу орон дээр Дашриймаа сууж байсан. Унтаж байтал хүмүүс шуугилдаад унахаар нь сэртэл Манлайбаатар, Арцмөнх хоёр байхгүй, Батчимэг, Дашриймаа, Мөнхцогт нар байсан. Өрөөнд цагдаа нар ороод ирчихсэн байсан. “Яасан юм бэ?” гэж Мөнхцогт ахаас асуутал “Манлайбаатар хүн зодчихлоо.” гэж хэлж байсан юм. Хэнийг яагаад Манлайбаатар цохиж зодсоныг бол мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 37/, 

 

-Гэрч Н.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”... Би 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр “Мияами” зочид буудалд 12 цагт ээлж хүлээж аваад ажилтай байхад Арцмөнх гэдэг залуу ирж 303 тоот өрөөг авч нэг охин, 4 бандитай орсон. Дараа нь нэг банди нэмж ирээд уг өрөөнд зургуулаа орсон. Би ингэж олуулаа оруулахгүй гэхэд зарим нь явчихна гэсэн. Мөн хоёр шил 0.75 грамм, нэг 0.5 граммын архи, 2 том пиво авчихсан орсон. “Та нар ямар их юм авч орж байгаа юм.” гэхэд Арцмөнх “би араа даана.” гээд байсан.

...өндөр нам хоёр залуу л коридороор яваад байсан, нөгөө Арцмөнх гэгч гарч ороод яваад байсан, бусад нь өрөөндөө байсан. Тэгээд байж байхад намхан шар саравчтай малгайтай залуу ирээд “миний урд нь үерхэж байсан охин энд өрөөнд шивээс хийгээд байна, болохгүй биз дээ.” гэхээр нь би 301 тоот өрөөнд ороход шивээс хийж байгаа байдал харагдаагүй, эрэгтэй эмэгтэй хоёр залуу эрүүл байцгаасан. Шөнө 02 цагийн үед хамгаалагч “нөгөө хоёр банди 301 тоот өрөө рүү орчихлоо.” гэхээр нь би яваад очтол 301 тоот өрөөнд байрлаж байсан залуу газар уначихсан, ногоон куртиктэй өндөр залуу дээрээс нь дарчихсан байхаар нь би өндөр ногоон куртиктэй залууг татаж холдуулсан. Газарт хэвтэж байсан залуугийн ар дагз орчмоос нь цус гарч байсан. Нөгөө намхан саравчтай малгайтай залуу хажууд нь байсан. Мөн найз охин нь хажууд нь болиоч гээд орилоод зогсож байсан. Тэгээд эмнэлэг, цагдаа дуудсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 38/,

 

-Гэрч Х.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...бид нар 301 тоот өрөөнд архи, пиво ууцгаасан. Би нилээд их согтсон, ухаан орж гараад байсан. Дашриймаатай анх буудлын коридорт таарсан урд нь таньдаг байсан юм. Дашриймаа “энд буудлын өрөөнд шивээс хийлгэж байна” гэхээр нь уг өрөөний хаалга онгойтол Сарантуяа харагдсан. Сарантуяа бид хоёр урд нь үерхдэг байсан юм. Тэгээд нэг мэдэхэд шөнө Сарантуяагийн өрөөнд орчихсон зогсож байсан. Миний хажууд Арцмөнх ахын дүү Манлайбаатар гэдэг залуу зогсож байсан. Сарантуяа нэг залуутай орон дээр хэвтэж байгаад нөгөө залуу нь босч ирж байсан. Тэгснээ нөгөө залуу өмднийхөө тэлээг аваад Манлайбаатарыг ороолгох шиг болсон. Яг хаашаа нь цохисныг мэдээгүй, Манлайбаатар нөгөө залууг түлхээд барьцалдаад авсан. Би цонхны тавцан дээр тамхи байгааг харчихаад эргээд хартал нөгөө хоёр газар уначихсан шалан дээр болон Манлайбаатарын хүзүү хэсэгт цус болчихсон харагдсан. Тэгэхээр нь очоод нэгийг нь татаж холдуулж байсан тэгээд цаашаа юу болсныг санахгүй байна. Хэнийг нь татаж холдуулснаа санахгүй байна, нэг мэдэхэд би 301 тоотын нойлд бөөлжиж байсан. Тэр үед цагдаа нар орж ирсэн юм. Ийм л асуудлыг би санаж байна.” гэх мэдүүлэг /хэргийн 39/, 

-П.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 16 цагийн үед Мөнхцогт, Марал нэрийг нь мэдэхгүй Арцмөнхийн дүү гэх 1 залуу, 1 охин, мөн Баянжаргал, Арцмөнх нарын хамт долуулаа Мияами нэртэй буудалд орж пиво ууцгаасан. Тэгээд би унтаад сэрсэн чинь танихгүй охин Баянжаргал хоёр нөгөө орон дээр унтаж байсан, бусад нь байхгүй байсан. Тэгтэл 301 тоот өрөөнөөс орилох чимээ гарахаар нь яваад очтол бид нартай нэг өрөөнд орсон Арцмөнхийн дүү гэх залуу, танихгүй нэг залуутай газар хэвтчихсэн дээрээс нь Арцмөнхийн дүү гараараа цохих гэж байхад нь Мөнхцогт орж ирээд Арцмөнхийн дүүг татаж холдуулсан. Тэгэхэд нөгөө залуугийн толгойн ар дагз орчмоос цус гарчихсан байхаар нь би сальфетикаар цусыг нь дарж өгч байхад Арцмөнхийн дүү гараад зугтаачихсан.” гэх мэдүүлэг /хэргийн 40/, 

 

“...Толгойн дагз хэсгийн баруун талд 2 см хөндлөн язарсан шархтай, зүүн талд 1 см зүсэгдсэн гэмээр язарсан шархтай.” гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хэргийн 42/, 

 

-“Н.Пгийн биед тархи доргилт, дагзны хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн  хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 288 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 44/,

 

-“...Ц.М ын биед гэмтэл тогтоогдсонгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 334 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 48/,

 

-“Ц.М  нь эмчилгээний зардалд 500000 төгрөг өгсөн. Одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй болно.” гэх тодорхойлолт /хэргийн 84/ болон хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Пгийн эрүүл мэндэд “тархи доргилт, дагзны хуйханд шарх” бүхий гэмтэл учирсан бөгөөд энэ нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 288 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хэргийн 44/ нотлогдож байх тул түүний үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

 

Иймд шүүгдэгч Ц.М ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хохирогч Н.П нь “...Ц.М  нь эмчилгээний зардалд 500000 төгрөг өгсөн. Одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй болно.” гэх тодорхойлолт /хэргийн 84/ өгсөн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч Ц.М аас гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Ц.М  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 3 дугаар сарын 26-ны шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мияами” зочид буудлын 301 тоотод Н.П-таймаргалдан, төмөр хундагаар толгойн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.М ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ц.М  нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч Ц.М  нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, ар гэрийн амьдралын болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 4 сарын хугацаанд сард 150000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Ц.М т анхааруулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэгтэй сидиг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээж, 1 ширхэг салфетикийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэсэн болохыг тус тус дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ц.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.М-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар шүүгдэгч Ц.М т оногдуулсан торгох ялын 600000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд сард 150000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Ц.М т үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Ц.М т анхааруулсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэгтэй сидиг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээж,  1 ширхэг нойтон салфетикийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.М т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.ТУУЛ