Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2025/00610

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 197/ШШ2025/01318 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,079,505 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,066,005 төгрөг, хохирол 13,500 төгрөг нийт 4,079,505 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч, маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.

3.1. ******* болон *******, ******* нар 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Зээлийн гэрээ-г байгуулж, уг гэрээгээр ******* нь 3,000,000 төгрөгийг, сарын 3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлэх, ******* ******* нар нь зээл, хүүгийн төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх-ийн 8-11 дүгээр тал/

3.2. Дээрх гэрээний дагуу хариуцагч нь зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан, гэрээний хугацаанд болон уг хугацаа дууссаны дараа төлсөн төлбөрийн хэмжээнд маргаагүй, талууд үүрэг гүйцэтгэх дарааллын асуудлаар маргажээ.

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэсэн.

4.1. Энэхүү гэрээгээр зээлдэгч нар сар бүр тогтсон хугацаанд зээл, түүний хүүг хэсэгчлэн тогтмол үнийн дүнгээр төлөх, ийнхүү төлснөөр гэрээний хугацаа дуусахад зээл болон зээлийн хүүг төлж дуусах, зээлийг төлөөгүй хугацаа хэтэрвэл хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөр талууд тохиролцжээ.

Дээрх тохиролцоо Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасанд нийцсэн байх тул нэхэмжлэгч нь зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй талаар шүүх зөв дүгнэсэн байна.

Хэрэгт авагдсан зээлийн дансны хуулгаас үзэхэд хариуцагч нь гэрээний хугацаанд буюу 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр зээл үндсэн төлбөрт 217,950 төгрөг, хүү 87,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 1,174,834 төгрөг, хүү 470,166 төгрөг, гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр нэмэгдүүлсэн хүү 100,000 төгрөг, 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 110,000 төгрөг, 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр нэмэгдүүлсэн хүү 27,966 төгрөг, хүү 22,502 төгрөг, үндсэн зээл 44,532 төгрөг, 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр нэмэгдүүлсэн хүү 47,193 төгрөг, хүү 332,807 төгрөг төлсөн үйл баримт тогтоогджээ. /хх-ийн 20, 46-47 дугаар тал/

Иймд хариуцагч нь нэхэмжлэл гаргах хүртэл 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 1,562,684 төгрөг, хүү 2,086,101 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 417,220 төгрөг нийт 4,066,005 төгрөг төлөх болох нь зээлийн дансны хуулга, хүү тооцооллын баримтаар тогтоогдсон, хүүг хуульд заасан журмаар тооцоолсон байна.

4.2. Учир, талууд зээлийн гэрээний 3.5.6-д зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, хүү, зээлийн үндсэн төлбөр төлөх дарааллаар үүргийг гүйцэтгэх, гэрээний хугацаа дууссан ч үүргийг дээрх дарааллаар гүйцэтгэхээр тохирсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт тус тус нийцжээ.

Харин зээлдэгч нь үүрэг гүйцэтгэх дараалал тогтоогоогүй буюу сонголт хийгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт тогтоосон дарааллаар үүргийн гүйцэтгэлийг тооцно.

Нэхэмжлэгч байгууллага нь гэрээгээр тохирсон үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу гэрээний хугацаанд болон уг хугацаа дууссаны дараа хариуцагчийн төлсөн төлбөрийг үүргийн гүйцэтгэлд тооцсон нь талуудын зарчимд нийцсэн байна. Иймд анхан шатны шүүх үүрэг гүйцэтгэх дараалал тогтоосон талуудын тохиролцоог хуульд заасан журмыг зөрчсөн, шударга ёсны зарчимд харшилсан стандарт нөхцөл гэж дүгнэж, гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн 685,000 төгрөгийг үндсэн зээлийн үлдэгдлээс хасаж, хүүгийн тооцооллыг хийсэн нь буруу болжээ. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй.

4.3. Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотой нэхэмжлэгчид учирсан хохирол болох нотариатын зардал 13,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт нийцсэн, үүнд хариуцагч гомдол гаргаагүй тул энэ шийдлийг хэвээр үлдээх нь талуудын зарчимд нийцнэ.

5. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 4,066,005 төгрөг, нотариатын зардалд 13,500 төгрөг нийт 4,079,505 төгрөг гаргуулахаар шийдвэрлэв.

Мөн анхан шатны шүүх зээлийн гэрээний үүрэг болон уг үүргээ биелүүлээгүйтэй холбоотой хохирол шаардах эрхэд хамааралгүй хуулийн зохицуулалт баримталсныг залруулж, нэхэмжлэлийн шаардлагаас хангасан үнийн дүнд өөрчлөлт орсонтой холбогдон улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт орно.

6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 197/ШШ2025/01318 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гаас 4,079,505 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай. гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80,230 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 80,230 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80,230 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Т.ГАНДИЙМАА