Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 223/МА2025/00009

 

  

 

 

 

 

 

 

 

2025         4             03                                                     223/МА2025/00009                                      

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

“..........” ХХК, М.Ннарын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа, шүүгч А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 317/ШШ2025/00123 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ............ аймгийн .......... сум, 1 дүгээр баг, ....................... тоот хаягт байрлах, регистрийн .............. дугаартай, “........” ХХК,

 

Нэхэмжлэгч: ............. аймгийн ............... сум, 3 дугаар баг, ........ оршин суух, регистрийн дугаар НЬ..........., Ц  овогт М.Н ,

 

Хариуцагч: ......... аймгийн .............. сум, 1 дүгээр багт байрлах, ...................... холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бархас, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Цэрэнхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд,

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Амбаасэлмаа,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бархас

Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “Нэхэмжлэгчийн зүгээс төлбөр авагч талтай 355004834719, ЗБ13000227046, 5004838994 дугаар барьцаат зээлийн гэрээ байгуулан зээл авсан. Банкнаас шүүхэд 3 гэрээний үлдэгдэл төлбөр болох 1,620,936,662.99 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулж шүүгчийн захирамжаар баталгаажуулсан. ................албадан гүйцэтгэх ажиллагаа явагдсан боловч энэ нь  хуульд заасан журмын дагуу явуулахгүй төлбөр төлж барагдуулах боломжит хугацаа олголгүй, барьцаа хөрөнгүүдийг битүүмжилж хураах ажиллагаа явуулж зах зээлийн үнээс хэтэрхий доогуур бодит бус үнэлгээ гаргаж төлбөр төлөгч нарын эд хөрөнгийг үнэгүйдүүлж байна. Бидний зүгээс барьцаа хөрөнгүүдийг зах зээлийн бодит үнэлгээ гаргах, 3,906,000,000  төгрөгийн үнийн санал өгсөн. Мөн төлбөр авагч талд санал болгосон үнээр барьцаа эд хөрөнгүүдийг шилжүүлж төлбөрийг төлж дуусгавар болгох хүсэлтийг гаргасан. Гэвч төлбөр авагчийн зүгээс барьцаа эд хөрөнгүүдийг өөрсдийн дотоод үнэлгээгээр буюу зах зээлийн үнэлгээнээс хэтэрхий доогуур үнэлж зээлийн төлбөрт авах гээд байгаа. Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-аас 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн барьцааны эд хөрөнгүүдийг үндэслэсэн үнэлгээг тухайн барьцааны хөрөнгүүдийг бий болгоход ашигласан материал нэг бүрийг үнэлээгүй ерөнхий байдлаар үнэлсэн. Барьцаа хөрөнгүүдийг байршил нь Улаанбаатар хоттой ойрхон үйлдвэр үйлчилгээ явуулах бүрэн боломжтой, үйл ажиллагаа нь жигдэрсэн хэрэглэгч үйлчлүүлэгчээ татсан зэрэг олон давуу талуудыг тооцож үнэлгээг тогтоогоогүй. Мөн ижил төрлийн хөрөнгүүдтэй жишиж харьцуулах замаар дүгнэлт гаргаагүй байдаг. Хөрөнгө тус бүрийн үнэлгээ нь уг үл хөдлөх хөрөнгүүдийг анх барьсан зардлаас доогуур үнэлгээ тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл үнэлгээ хуульд заасан журам стандартын дагуу мэргэжлийн түвшинд зах зээлийн бодит үнэ тогтоож чадаагүй гэж үзэж байгаа. Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Төв аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багт байрлах Улсын бүртгэлийн Ү-1401000142 дугаартай 81,92м2 шатахуун бүхий станц, Э-1401000062 дугаартай 200м2 талбайтай шатахуун түгээх станцын газрыг 371,247,000 төгрөгөөр, Төв аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг, Сумтад байрлалтай мах боловсруулах үйлдвэрийн цайны газар, агуулах, ажлын байр, газрыг 356,017,970 төгрөгөөр, Төв аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг, Сумтад байрлалтай үйлдвэр үйлчилгээний зориулалттай газрыг 547,457,067 төгрөгөөр, Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар баг Аргал, Ширээгийн булаг хаягт байрлах мах боловсруулах үйлдвэр, махны зоорь, хөргүүр, цайны газар, агуулах, ажилчдын байр, ажлын байрны газрыг 802,895,448 төгрөгөөр, мөн Төв аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг, Сумтад байрлах Үйлдвэр үйлчилгээний агуулахыг 28,506,981 төгрөгөөр, Төв аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг Сум Туул 1 дүгээр гудамж 103 тоот хаягт байрлах мах боловсруулах үйлдвэр, махны зоорины зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө эзэмших эрхийн газрыг 1,268,971,000 төгрөгөөр, Төв аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг Сумт хаягт байрлах мах бэлтгэн боловсруулах үйлдвэр махны зоорь зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 148,226,970 төгрөгөөр үнэлсэн үнэлгээнүүдийг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

2. Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1292 дугаар шүүгчийн захирамжаар ................-аас 1,620,936,662.99 төгрөгийг гаргуулж Хас банканд олгохоор шийдвэрлэсэн. Тус газар гүйцэтгэх баримт бичгийг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн гүйцэтгэх тогтоолоор үүсгэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч ................ болон М.Н , 2024 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр төлбөр төлөгч П.М 2024 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр эрх үүргийг танилцуулан гарын үсэг зуран баталгаажуулж шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа өгсөн боловч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэл барьцаалсан 7 хаягт байрших 24 нэр төрлийн үл хөдлөх хөрөнгө болон эзэмшлийн газрыг 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 24200058/0601,  24200058/0602, 0304050607 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 24200058/0809010011121314 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураасан эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч нараас хөрөнгийн үнийн саналыг авахад хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 24200058/ 15161718192021 дугаартай шинжээч томилуулах тогтоолоор хөндлөнгийн шинжээчийг томилон хөрөнгийн үнэлгээний тайланг 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хөрөнгийн үнэлгээний тайлан үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгийг болон эзэмшлийн газруудыг үнэлэн ирүүлснийг төлбөр төлөгч болон төлбөр авагч нарт 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад танилцуулсан. Тухайн хөрөнгийн үнэлгээ дээр тус 7 хаягт байрших 24 эд хөрөнгийн 132 үнэлгээний 132 хуудаст үнэлгээний тайланд тухайн 27 хувийн 3,523,322,436 төгрөгөөр үнэлэгдэн ирснийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад танилцуулан хувийн хэрэгт хавсарган ажилласан” гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бархас анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... төлбөрийн үлдэгдэл 1,572,486,965 төгрөг байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад манай зээлийн барьцаанд барьцаалагдчихсан 24 нэр төрлийн хөрөнгийг битүүмжилж хурааж, талуудаас үнийн санал авсан. Төлбөр төлөгч нараас ирүүлсэн үнийн санал зах зээлийн үнээс хэтэрхий өндөр байна гэж үзэж харилцан тохиролцох боломжгүй байна шинжээч томилж өгнө үү гэсэн хүсэлтийг төлбөр авагч талаас гаргасан байгаа. Талууд үнэлгээ дээрээ харилцан тохиролцож чадаагүй учраас Иргэний хуулийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.2 дугаар зүйлийн 2-т заасны дагуу дараагийн ажиллагаа явагдсан гэж үзэж байгаа.Хөрөнгийн үнэлгээг үнэлгээ гаргах эрх бүхий этгээд хууль, журамд заасны дагуу гаргасан... Үнэлгээчний үнэлгээ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.3 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар хуулийн дагуу явагдсан ажиллагаанууд гэж үзэж байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу төлбөр төлөгч нар л битүүмжилж хураах ажиллагааны талаар шүүхэд гомдол гаргаж байгаагүй зөвхөн үнэлгээ дээр гомдол гаргаж байгаа. Шинжээчийн гаргасан дуудлага худалдаагаар үнэлгээ яг хөрөнгийн хувьд эцсийн дээд үнэ биш юм. Харин доод үнэ юм. Дуудлага худалдаагаараа зах зээлийнхээ журмаар үнэ нь өснө гэж үзэж байгаа.

Нэхэмжлэгч талын тайлбарууд дээрээс харахад шинжээч томилох тогтоол дээр өмчлөгчийн мэдээлэл буруу бичигдсэн мөн тогтоолд дурдаагүй хөрөнгүүдийг хураасан байсныг яриад байна. Шинжээч томилуулах тогтоолыг хүчингүй болгуулах гэдэг асуудал нэхэмжлэлийн шаардлагад байхгүй. Тогтоолуудыг хүчингүй болгох талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацааныхаа дотор гомдлоо албан тушаалтанд нь гаргаад шийдвэрлүүлээд явуулах ёстой тусдаа асуудал. Одоо энэ тогтоолд дурдаагүй хэргээр шинжээч томилсон, шинжээч томилох тогтоол алдаатай гаргасан гэдгийг өөр журмаар явах ёстой үзэж байна. Мөн шинжээч томилох дээр Шүүх шинжилгээний тухай хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Хөрөнгө үнэлгээний тухай хуулиар шинжээчээр ямар этгээдийг томилох вэ гэхээр тусгай зөвшөөрөлтэй иргэн болон хуулийн этгээдийг томилох сонголттой байгаа. Үнэлгээчин Б.Батзаяагийн хувьд Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-д үнэлгээчнээр ажилладаг, тусгай зөвшөөрөлтэй үнэлгээ хийдэг эрх бүхий этгээд нь байгаа. Б.Батзаяа тайлан гаргаад гарын, үсэг тамга тэмдэг дарсан нь хууль зөрчөөгүй үнэлгээ хийх эрхтэй этгээд  үнэлгээг гаргасан гэж үзэж байна. ... Мөн нэхэмжлэлийн гол шаардлагатайгаа холбоотой зах зээлийн үнээс хэтэрхий бага байна гэдгийг баримтаар ямар нэгэн байдлаар нэхэмжлэгч нотлоогүй...Ийм учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна ” гэжээ.

 

4. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 44 дүгээр зүйлийн 44.2.9-т заасныг баримтлан хариуцагч ................холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ буюу “Хөрөнгө Эстимэйт үнэлгээ” ХХК-ийн гаргасан 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 01/20, 01/21, 01/24, 01/25, 01/25 /адил дугаарлалттай/, 01/26, 01/27 дугаар бүхий нийт 7 үнэлгээг хүчингүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч М.Н  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ............. улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Н  олгож шийдвэрлэжээ.

 5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бархас давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: " ...анхан шатны шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлээгүйн улмаас хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэн шийдвэрлэсэн гэж үзэн, эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Шүүхийн шийдвэрийн Үндэслэл хэсгийн 5, 8,  9-д заасан үндэслэлүүд нь бүгд баримтаар тогтоогдоогүй, хууль зөрчөөгүй, үндэслэлгүй байгаа талаар дүгнэсэн атлаа үнэлгээг хүчингүй болгон шийдвэрлэж байгаа нь хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд болон нотлох баримтын хүрээнд шийдвэрлээгүй, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байж чадаагүй гэж үзэж байна.

2. Үндэслэл хэсгийн 10-т заасан Ү-14010001601 дугаартай Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар баг, Аргал ширээгийн булаг гудамж 0 тоот хаягт байрлах 33 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн байхад Ү-1401000161 дугаартай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар "Эд хөрөнгө хураах" тогтоол, тэмдэглэл үйлдсэн, Э-1401000062 дугаартай 2000 м.кв талбайтай шатахуун түгээх газрын зориулалтай газрыг битүүмжлэн үнэлгээ тогтоолгосон зэргээр 2 хөрөнгийн улсын бүртгэлийн дугаарын зөрүүтэй байдлаас болж Хөрөнгийн үнэлгээний нийт 24 нэр төрлийн хөрөнгөнд хийгдсэн тусдаа бие даасан 7 хөрөнгийн үнэлгээний тайланг хууль журмын дагуу хийгдээгүй гэж үзэж хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй байна. Эдгээр 2 хөрөнгийн хувьд улсын бүртгэлийн дугаарын өөрчлөлтийн талаарх гэрчилгээний хуулбарууд хэрэгт нотлох баримтаар авагдсан ба энэ дугаарын өөрчлөлт нь шинжээч санаатайгаар улсын бүртгэлийн дугаарыг өөрчилсөн, тайландаа тусгасан үйлдэл биш юм.

3. Мөн шинжээч томилох тогтоолын үндэслэл хэсэгт төлбөр төлөгч М.Н  өмчлөлийн хөрөнгө гэж заасаар байтал тогтоолын зарим хэсэгт төлбөр төлөгчийн нэр алдаатай оруулсанаас үүдэн шүүхийн шийдвэрт дурдсан хөрөнгөнд үнэлгээ хийгээгүй, шүүхийн шийдвэрт дурдаагүй хөрөнгөд үнэлгээ гаргуулсан, төлбөр төлөгчийн нэрийг буруу бичсэн нь хууль зөрчсөн гэж нийт хөрөнгийн хувьд дүгнэсэн нь бодит байдалд нийцэхгүй байна. Шинжээч томилох тогтоолын зарим хэсэгт төлбөр төлбөгчийн нэрийг "Лэлминерал" ХХК гэж техникийн алдаатай бичсэн боловч тогтоолд дурдсан хөрөнгүүд нь шүүхийн шийдвэрт заагдсан хөрөнгүүд байх тул "Лэлминерал" ХХК-д эд хөрөнгө, мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хохирол учруулаагүй, эрх зүйн үр дагавар үүсээгүй гэж үзэж байна. Энэ талаар хавтаст хэрэгт Хас банктай байгуулсан Ипотекийн гэрээ, Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугар сарын 01-ний өдрийн 151/ШШ2022/01292 дугаар шүүгчийн захирамж, үнэлгээний тайлан, шинжээч томилох тогтоол зэрэгт тайланд дурдсан хөрөнгүүд нь улсын бүртгэлийн дугаар, хаяг байршил, талбайн хэмжээ зэргээр зөрүүгүй тусгагдсан нь нотлогдож байхад шүүх нотлох баримтыг огт үнэлэлгүйгээр "Шинжээч томилох тогтоол"-уудыг хууль зөрчсөн гэж үзсэн.

Мөн Шинжээчийн дүгнэлт нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан шаардлагуудыг бүрэн хангасан байхад Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн холбогдох зүйл заалтыг хэрэглэлгүй нэхэмжлэлийн шаардлагад дурьдаагүй асуудлаар шүүх хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

6. Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд болон тус шүүх хуралдаанд оролцсон Н.Амбаасэлмаа гаргасан тайлбартаа: “...Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч .......... ХХК болон М.Н  2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр, П.М 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр эрх үүргийг танилцуулан шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа өгч байсан боловч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй байх тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан 7 хаягт байрших, 24 нэр төрлийн үл хөдлөх болон эзэмшлийн газрыг 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 24200058/06-01, 24200058/06-02, 24200058/06-03, 24200058/06-04, 24200058/06-05, 24200058/06-06, 24200058/06-07 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 24200058/08, 24200058/09, 24200058/10, 24200058/11, 24200058/12 ,24200058/13, 24200058/14 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогоолоор хураан, хураасан эд хөрөнгийн үнэлгээг тогтолгохоор Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч нараас хөрөнгийн үнийн санал авахад хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоогдоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 24200058/15, 24200058/16, 24200058/17, 24200058/18, 24200058/19, 24200058/20, 24200058/21 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор хөндлөнгийн шинжээч томилон үнэлүүлэхэд 7 хаягт байрлах 24 нэр төрлийн хөрөнгийг ... нийт 3,523,322,436.0 төгрөгөөр үнэлэгдсэн байсныг 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад хуулийн хугацаанд танилцуулан тэмдэглэл үйлдэн хувийн хэрэгт хавсарган ажилласан.

            Шинжээч нь үнэлэгдэж буй хөрөнгөтэй очиж танилцсан, олон улсын үнэлгээний арга ашигласан, мөн тухайн хөрөнгийн шинж байдал, давуу болон сул талуудыг үнэлгээний тайландаа дурдсан, өөр ижил төрлийн үл хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулсан буюу Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан хөрөнгийн үнэлгээний тайланд тавигдах шаардлагыг хангасан дүгнэлтийг гаргасан.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ "Хөрөнгийн үнэлгээг гаргахдаа тухайн үл хөдлөх эд хөрөнгийн байршил, хэрэглэгчдээ татсан байдал зэргийг тооцоогүй, анх барьсан зардлаас доогуур үнэлсэн" гэж дурдсан байх боловч үүнийгээ нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй буюу ямар ямар эд хөрөнгийг, ямар зардлаар барьсан болох, тухайн зардлын баримт нь үнэлгээний тайлантай хэрхэн зөрчилдөж, уг барьсан үнээс хэдий хэмжээгээр доогуур үнэлэгдсэн болохыг баримтаар нотлоогүй.

            Мөн анхан шатны шүүхэд "Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоол", "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол", "Эд хөрөнгө хураах тогтоол", "Шинжээч томилох тогтоол" зэрэг эрхзүйн актуудыг хүчин төгөлдөр бус, хууль зөрчсөн гэдгийг тогтоогоогүй, тогтоосон эрх бүхийн байгууллагын шийдвэр байхгүй, энэ талаар хэрэгт авагдсан баримт байхгүй байхад шинжээчийн үнэлгээний тайланг хүчингүй болгосон нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй үндэслэлээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна... Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

            7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д “Хөрөнгийн үнэлгээний тайланд үнэлгээчин, эсхүл үнэлгээний хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал, үнэлгээчин гарын үсэг зурж, тэмдэг даран баталгаажуулсан байна” гэж заасан. Гэтэл нөгөө 7 төрлийн үнэлгээ нь дээр хөрөнгийн үнэлгээчин гарын үсэг зураад, давхар үнэлгээчний туслах гэх этгээд гарын үсэг зурж, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчсөн. Мөн хөрөнгийн үнэлгээ хийлгүүлэхээр тогтоол гаргахдаа шийдвэр гүйцэтгэгчээс хуульд заасан журмын дагуу шинжээч томилсон тогтоолыг гаргаж чадаагүй. Өөрөөр хэлбэл шинжээч томилсон тогтоол нь өөрөө шууд эрх зүйн үр дагавар үүсгэж, төлбөр төлөгч этгээдийн хөрөнгийг үнэлэх ажиллагаа явагдаж байгаа. Шинжээч томилсон тогтоол дээр дурдсан хуулийн этгээд, хөрөнгө үнэлгээ хийсэн, үнэлгээний тайлан гаргасан хуулийн этгээд нэршлийн хувьд бол зөрүүтэй бичигдсэн....шийдвэрт дурдсан хөрөнгүүдийн хувьд шинжээч томилсон тогтоол байх хөрөнгүүдийн үл хөдлөх хөрөнгийн дугаарлалтууд зөрүүтэй гэж анхан шатны шүүх дүгнэж шийдсэн. Үүнийг нэхэмжлэгчийн зүгээс үндэслэлтэй гэж үзэж байгаа. Хэрвээ шүүхийн шийдвэр зөрүүтэй юм бол тухайн хэргийг шийдсэн шүүгч болон тус шүүхэд нь хандаж алдааг залруулах эрх нь нэхэмжлэгч, хариуцагч талд аль алинд нь байдаг. Гэтэл үүнтэй холбоотой хүсэлт гаргаж байгаагүй. Өөрсдөө нэг лавлагаа авсан гэж байгаа ч хэрэгт байдаггүй... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Ледминерал гэх компанийн хөрөнгийг үнэл гээд тогтоол гарсан.  Гэтэл хөрөнгийн үнэлгээчин энэ нь ямар учиртай талаар тодруулаагүй, техникийн шинжтэй алдаа байна, эрх зүйн үр дагавар үүсэхгүй, Ледминерал гэх компанид ямар нэгэн хохирол учруулаагүй гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл шинжээч томилсон тогтоол нь өөрөө шууд эрх зүйн үр дагаврыг үүсгэдэг баримт бичиг юм....Мөн хөрөнгийн үнэлгээг гаргахдаа зөвхөн харьцуулалтын аргыг түлхүү ашигласан харагдаад байдаг. Хэдэн хөрөнгүүдийг хооронд нь харьцуулаад, жишиг үнийг нь тогтоосон байдлаар гаргаад, 30 саяын үнэтэй газрыг 10 саяын үнэтэй газартай харьцуулаад үнэлгээ тогтоох нь хөрөнгийн бодит үнэлгээ биш юм...Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бархас, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг нарын давж заалдах журмаар гаргасан гомдлуудад дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

 

1.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн эрхийг зөрчсөн зүйлгүй, эрх зүйн маргааны төрлийг зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байх ч үйл баримтын талаар зөрүүтэй дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүх зөвтгөн дүгнэх боломжтой байгаа  тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бархас, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгч М.Ннь хариуцагч байгууллага ................холбогдуулан “Хөрөнгө Эстимэйт Үнэлгээ” ХХК-ийн гаргасан үнэлгээний тайланд хөрөнгүүдийг хэт доогуур үнэлсэн, тус үнэлгээ нь хуульд заасан журмын дагуу хийгдээгүй тул хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, төлбөр төлөгч болон төлбөр авагч нар хөрөнгийн үнэлгээ дээр тохиролцоогүй тул “Хөрөнгө эстимэйт үнэлгээ” ХХК-ийг шинжээчээр томилж, 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хөрөнгийн үнэлгээний тайлан ирүүлснийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад танилцуулан хувийн хэрэгт хавсарган ажилласан” гэж маргажээ.

 

            Гуравдагч этгээд “...........” ХК нь “...хөрөнгийн үнэлгээ хуульд заасан үндэслэл журам, Олон Улсын стандартад нийцэж гарсан, нэхэмжлэгч тал хөрөнгийн үнэлгээг хэт доогуур үнэлсэн гэж шаардлагаа тодорхойлох боловч нотлоогүй...” гэж хариуцагч талыг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон.

 

            3.Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан үйл баримтаас үзвэл, Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1292 дугаартай шүүгчийн захирамжаар “..........” ХХК, М.Н , П.Мнараас 1,620,936,662.99 төгрөг гаргуулж, төлбөр төлөөгүй тохиолдолд 7 хаягт байрлах 24 үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр биелэгдээгүй тул ................................  Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 3603 дугаартай албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж, 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 339 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр үүсгэж, хувийн хэрэг нээсэн.

 

Шийдвэр гүйцэтгэгч нь талуудад эрх, үүргийг тайлбарлан өгч, 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх хуудаст заасан үл хөдлөх хөрөнгөөс гадна Ү-1401000161 улсын бүртгэлийн дугаартай 33 мкв талбайтай ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Э-1401000062 улсын бүртгэлийн дугаартай 2000 мкв талбайтай  шатах, тослох материал түгээгүүрийн газар, агуулах, шатахуун түгээх станцын газар зэргийг битүүмжилж /1хх-ийн 160-183/, 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн “эд хөрөнгө  хураах тухай” тогтоолоор /1хх-ийн 187-216/ тус тус хураасан, үл хөдлөх хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулахаар талуудаас үнийн санал авах ажиллагаа явуулахад талууд харилцан тохиролцоогүйн улмаас “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ хийлгэсэн, “Хөрөнгө эстимэйт” ХХК нь зах зээлийн хандлага, өртгийн хандлага, орлогын хандлага гэх үнэлгээний аргуудыг ашиглан тооцоолол хийж нийт үнэлгээг 1,268,971,000 төгрөгөөр тогтоосон нь 2 дугаар хавтаст хэргийн 97 хуудсанд авагдсан баримтаар тогтоогдсон байна.

 

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 55.7, 122.1-д заасны дагуу гаргасан гомдлыг хянан хэлэлцэх хүрээ нь тухайн гомдол гаргасан  асуудлаар хязгаарлагдах бөгөөд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл болох энэ хуулийн 6.2-т заасан шийдвэрийн агуулгад хамаарахгүй” гэж заасан байх бөгөөд мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасны дагуу төлбөр авагч болон төлбөр төлөгчийн хэн аль нь хөрөнгийг үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч тал нь “Хөрөнгө эстимэйт үнэлгээ” ХХК-ний гаргасан 7 хаягт байрлах 24 төрлийн хөрөнгийг үнэлсэн үнэлгээний тайлантай 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр танилцаж, 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд гомдлоо гаргасан байгааг хуулийн хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талууд нь тухайн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан эсэх талаар шүүхэд мэдүүлэх эрхийг хуулиар хязгаарлаагүй тул анхан шатны шүүх нэхэмжлэгч “..........” ХХК, М.Н  нарт холбогдуулан үүсгэсэн иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хянаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

 

            Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ “...шийдвэр гүйцэтгэгчийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гарах шийдвэр болох тогтоол нь  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасны дагуу гараагүй байх тул “Шинжээч томилох тухай” тогтоолыг үндэслэн гаргасан “Хөрөнгө эстимэйт үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 01/20, 01/21, 01/24, 01/25, 01/25 /адил дугаарлалттай/, 01/26, 01/27 дугаар бүхий нийт 7 үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч ................, М.Ннарын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй, шалтгаант холбоотой, Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээний нэг болох хөрөнгийг үнэлэх ажиллагаа нь хууль зөрчсөн байна...” гэсэн дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан заалтад нийцсэн байгаа тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн гэж үзлээ.

            5.Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг “...Шинжээч Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан дүгнэлтийг гаргасан, нэхэмжлэгч нэхэмжлэлдээ "Хөрөнгийн үнэлгээг гаргахдаа тухайн үл хөдлөх эд хөрөнгийн байршил, хэрэглэгчдээ татсан байдал зэргийг тооцоогүй, анх барьсан зардлаас доогуур үнэлсэн" гэж дурдсан боловч нотлох баримтаар нотлоогүй, эд хөрөнгө битүүмжлэх болон хураах тогтоол, шинжээч томилох тогтоол зэрэг эрх зүйн актуудыг хүчин төгөлдөр бус, хууль зөрчсөн гэдгийг тогтоогоогүй, тогтоосон эрх бүхийн байгууллагын шийдвэр байхгүй, энэ талаар хэрэгт авагдсан баримт байхгүй байхад шинжээчийн үнэлгээний тайланг хүчингүй болгосон нь үнэслэлгүй” гэх агуулгаар,

гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бархас “...хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд болон нотлох баримтын хэмжээнд шийдвэрлээгүй, 2 хөрөнгийн улсын бүртгэлийн дугаарын зөрүүтэй байдал болон шүүхийн шийдвэрт дурдаагүй хөрөнгөд үнэлгээ гаргуулсан, төлбөр төлөгчийн нэрийг буруу бичсэн, хууль зөрчсөн гэж бие даасан 7 үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй” гэх агуулгаар тус тус давж заалдах гомдол гаргасныг хангах үндэслэлгүй байна.

Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны  ашиг сонирхлыг хүндэтгэх, хүний эрх, эрх чөлөөг зөвхөн хуульд зааснаар хязгаарлах, энэрэнгүй, шуурхай байх зарчмыг баримтлах учиртай бөгөөд шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байдаг.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хэргийн үйл баримтаас үзэхэд шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.9, 49, 54, 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан ажиллагааг хийхдээ төлбөр төлөгчийн Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1292 дугаартай шүүгчийн захирамжаар зээлийн барьцаанд барьцаалсан Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар баг, Аргал ширээгийн булаг гудамж 0 тоот хаягт байрлах, 33 мкв талбай бүхий Ү-14010001601 дугаартай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байхад Ү-1401000161 улсын бүртгэлийн дугаартай  үл хөдлөх эд хөрөнгийг хурааж /1хх-187/, шинжээч томилж /1хх-191/, үнэлгээ гаргуулсан /1хх-235/,

мөн шүүхийн шийдвэрт тусгагдаагүй буюу Э-1401000062 улсын бүртгэлийн дугаартай 2000 мкв талбайтай шатахуун түгээх станцын  газрыг битүүмжилж, шинжээч томилон үнэлгээ гаргуулсан нь буруу болжээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.1 дэх хэсэгт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хэрэгжүүлэх  бүрэн эрхийг заасан.

 

Гэтэл шийдвэр гүйцэтгэгч нь хуулиар өөрт олгогдсон эрхээ хэрэгжүүлээгүй буюу Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1292 дугаартай шүүгчийн захирамжаар /1хх-ийн 109-112/ зээлийн барьцаанд барьцаалсан гэх 33 мкв талбай бүхий Ү-14010001601 дугаартай үл хөдлөх хөрөнгө нь төлбөр төлөгчийн өмчлөлийн зүйл мөн эсэх нь тодорхойгүй байхад түүнийг тодруулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхээ хэрэгжүүлэхгүйгээр шүүхийн шийдвэрээс зөрүүтэй хөрөнгийг битүүмжлэх, хураан авах, үнэлүүлэх ажиллагааг хийсэн, үүргийн гүйцэтгэлийг хангахуйц хэмжээний хөрөнгийг барьцаалсан эсэхээс үл хамааран шүүхийн шийдвэрт тусгагдаагүй төлбөр төлөгчийн өмчлөх, эзэмших эрхэд хамааралтай бүхий л хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагаа явуулах нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр...байна”, 44 дүгээр зүйлийн 44.7 дахь “...иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ нь гүйцэтгэх баримт бичгийн хэмжээнд тохирсон байна” хэмээн тус тус заасныг зөрчсөн байна.

 

6.Шийдвэр гүйцэтгэгчийн шинжээч томилох тогтоолуудын /1хх-228-235/ дагуу “Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК” нь 7 хаягт байрлах 24 төрлийн үл хөдлөх хөрөнгийг үнэлэхэд “туслах үнэлгээчин” гэх этгээд оролцжээ.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-т зааснаар “үнэлгээчин” гэж мөн хуулийн 15 дугаар зүйлд зааснаар тусгай шалгалтад хамрагдаж, 3 жилийн хугацаагаар эрх авсан иргэн байхаар хуульчилсан бөгөөд хөрөнгийн үнэлгээг зөвхөн дээрх субьект гаргах эрхтэй байна.

Гэтэл төлбөр төлөгч “..........” ХХК, М.Н , П.Мнарын өмчлөл, эзэмшлийн хөрөнгөд “Хөрөнгө эстимэйт үнэлгээ” ХХК дүгнэлт гаргахдаа үнэлгээ хийх эрхгүй этгээд оролцуулсан нь хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт заасан “Хөрөнгийн үнэлгээний тайланд  үнэлгээчин, эсхүл үнэлгээний хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал, үнэлгээчин гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулсан байна” гэж заасантай нийцэхгүй байна.

Харин шүүх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгон шийдвэрлэсэн атлаа “....хөрөнгийн үнэлгээний тайланд тайлан гаргасан үнэлгээчин гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т заасантай нийцсэн байх тул үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй” гэх агуулгаар зөрүүтэй дүгнэлт хийснийг зөвтгөн дүгнэлээ.

7.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бархас, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

8. Давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул гуравдагч этгээд “Хас банк” ХК-ний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 317/ШШ2025/00123 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бархас, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ............ ны давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4 дэх хэсэгт заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь  хяналтын  журмаар  гомдол  гаргах хугацааг тоолоход саад  болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

              

       

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.ТҮВШИНТӨГС

 

                  ШҮҮГЧИД                                  М.МӨНХДАВАА

 

                                                                                                     А.ЦЭРЭНХАНД