Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 190

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа, 

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын ахлах прокурор Б.Сүрмандах,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа, 

Шүүгдэгч У.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Э холбогдох эрүүгийн 1818000000582 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, У.Э 1966 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гедро инженер мэргэжилтэй, хувиараа хөргөгч, телевизор засварладаг, ам бүл 3, охин, зээ нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Мангиртын 3 дугаар хэсэг 0 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

 

Шүүгдэгч У.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн 14 дүгээр байрны 98 тоотод оршин суух Б.Г гэрээс 3 нас 6 сар 16 хоногтой эмэгтэй, бага насны хүүхэд болох Б.М  эрхшээлдээ оруулан авч явж, хүн хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч У.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн 14 дүгээр байрны 98 тоотод оршин суух Б.Г гэрээс 3 нас 6 сар 16 хоногтой, эмэгтэй, бага насны хүүхэд болох Б.М  эрхшээлдээ оруулан авч явж, хүн хулгайлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Шүүгдэгч У.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сарын дундуур өдрийг нь сайн санахгүй байна, найз Алтанхонхын хамт найзынд нь обой наахад туслахаар хамт очсон. Тэр айлд ороход урьд нь харж байгаагүй, танихгүй эхнэр, нөхөр 2 байсан. Уг байр 2 өрөө байсан бөгөөд гэрт нь ороод Алтанхонх 0.75 литрийн архи авч очсон. Тэр айлд 0.33 литрийн болов уу жижиг архи уунгаа би хуучин обойг норгоод хуулсан. Ажлаа хийж байхад Алтанхонх тэр айлын эмэгтэйтэй тавилга авахаар гарлаа гэж хэлсэн. Би нөхөртэй нь хамт үлдсэн архиа уугаад обойгоо хуулж байтал миний юм хийж байсан өрөөнд хүүхэд диван дээр уйлсан. Би тэр айлд анх орж ирэхдээ хүүхэд байгааг анзаараагүй. Тэврээд бүүвэйлэх гэсэн их туранхай, яс арьс шиг хүүхэд байсан. Хүүхдийг бүүвэйлэх гэтэл уйлаад татагнаад байхаар нь сандарсан. Тэгээд хүүхдийг диван дээр байсан бүтээлгээр боогоод гэрээс аваад гарч, унаа хайгаад зах дээр очсон.

...би зээ болон ач хүүтэй хүн. Хүүхдэд туслах юмсан гэж л бодсоноосоо  болоод хэрэгт орлоо. Айлын хүүхдийг тэрүүхэндээ аргалж байхгүй, гэрээс нь авч гараад их туранхай болохоор нь хоол өгье гэсэн сэтгэл байсан. Түүнээс өөр санаа надад байхгүй. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг, 

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 5/,  

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 6-11/,  

-Б.М  биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 12-13, 18/, 

-Б.М-ийн иргэний эрүүл мэндийн дэвтрийн хуулбар /хэргийн 14-15/,

-Эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн хуулбар /хэргийн 16-17/,

-У.Эын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 19-24/, 

-Гэмт хэрэг гарах үед насанд хүрээгүй хохирогч Б.Мичид нь 3 нас 6 сар 16 хоногтой байсныг тоолсон тэмдэглэл /хэргийн 27/, 

-Б.М-ийн төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 28/,

 

-Насанд хүрээгүй хохирогч Б.М  хууль ёсны төлөөлөгч Ш.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манайх гэртээ засвар хийж ханын цаасаа солих болсон тул манай нөхөр найз Алтанхонхыг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “маргааш ханын цаас солиод өгөөч” гэж гуйхад зөвшөөрсөн. Маргааш нь би ажлаа тараад 15 цагийн орчим ирэхэд манай нөхөр Ганзориг, Алтанхонх бас Алтанхонхын дагуулж ирсэн Эрдэнэбаатар гэх танихгүй хүн ханын цаасаа хуулчихсан нэг шил 0.75 литрийн “Ерөөл” уучихсан байсан. Манай нөхөр группт байдаг бас согтсон байсан болохоор би Алтанхонхын хамтаар өөрийн том охин 8 настай Маралыг дагуулаад Олон улсын худалдааны төв оүү очиж тавилгын дэлгүүрээс тавилга захиалаад буцаад бирж ирээд би Алтанхонход “чи очоод обойгоо наагаад дуусгачих” гэж хэлээд явуулсан. Энэ үед би Дархан зах дотор Мичидэд хувцас авах гээд Маралтай явж байхад цагдаагаас над руу залгаад “танай хүүхдийг авч явж байсан хүнийг саатуулсан, та ирээд хүүхдээ хар” гэж хэлэхээр нь би Дархан захын цагдаагийн хэсэг дээр яваад очсон юм.

...би хүүхдээ эрүүл саруул хүлээн авсан учраас одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 30-32, 34-37/,

 

-Ш.Б согтуурлыг шалгахад 0.51% гарсан тухай тэмдэглэл /хэргийн 33/,

 

-Гэрч Б.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр манай гэрт найз Алтанхонх ханын цаас наах байсан. Өглөө 10 цагийн орчим Алтанхонх нэг танихгүй хүнтэй хамт ханын цаас наана гээд ирэхэд би гэрт байсан 0.75 “Түмний хишиг” архийг задалж Алтанхонх болон түүний найзын хамтаар уусан. Үүний дараа манай эхнэр Алтанхонхтой гараад хивс, нэхий дээлийг хамтад нь хими цэвэрлэгээнд өгнө гээд гараад явсан. Тэр хооронд би Алтанхонхын найзтай нь хамт ханын цаас наах гээд үлдсэн. Ингээд байж байхад хүүхэд уйлаад байхаар нь зочны өрөөнд байсан буйдан дээр хүүхдийнхээ хажуугаар ороод унтсан. Ингэхэд Алтанхонхын найз ханын цаас хуулж байсан. Тэгээд босоод ирсэн чинь хүүхэд байхгүй байсан. Энэ үед Алтанхонх орж ирэхээр нь би “хүүхэд алга болчихлоо” гэж хэлсэн чинь Алтанхонх найз руугаа залгаад хаана байгаа талаар асуухад “Дархан захын цагдаагийн хэсэг дээр саатуулагдсан байна.” гэж хэлсэн гээд Алтанхонх цагдаагийн хэсэг рүү явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 42-44/, 

 

-Гэрч Н.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өнөөдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 13 цагийн орчим Дархан захын өмнө 3668 ДАХ улсын дугаартай хар өнгийн Соната-7 маркийн машинтайгаа Улаанбаатар хот руу явах гээд хүн ачаад гадаа машиныхаа хажууд зогсож байхад бүтээлгэнд ороосон юу нь мэдэгдэхгүй зүйл тэвэрсэн танихгүй хүн над дээр ирээд “хот явах унаа байна уу?” гэхээр нь “байна” гэж хэлээд “та юу барьчихсан явж байгаа юм” гэж хэлээд харсан чинь орны бүтээлгэнд ороосон хүүхэд нүцгэн шахуу тэвэрчихсэн явж байхаар нь бүтээлгэний гадна талаас хүүхдийг нь барьж үзэхэд хөл нүцгэн байхаар нь “юун нүцгэн хүүхэд гадаа ийм хүйтэн байхад бариад яваад байгаа юм” гэж хэлтэл надад хэлэхдээ ямар нэг зүйл хэлэлгүй зүгээр л “олсон” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр хүнд “наад хүүхэд чинь хөлдөж үхлээ, миний машинд дулаахан сууж бай” гэж хэлээд машиндаа суулгаад тэнд байсан танихгүй харин харвал зүс таних жолоочид “захын цагдааг дуудаад ир” гэж хэлж цагдаа дуудуулахад 2 хамгаалагч гарч ирээд тэр хүнийг тэвэрсэн хүүхэдтэй нь аваад явсан юм.

...”би энэ хүүхдийг олсон, одоо Улаанбаатар явна” гэж л хэлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 45-47/, 

 

-Гэрч Г.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өнөөдөр зах дээр ажлаа хийгээд байж байхад манай хамгаалагч Ганбаатар гэж хүн надад “захын үүдэнд согтуу хүн хүүхэд тэвэрчихсэн яваад байна” гэхээр нь би Ганбаатартай явж очих үед тендэрийн жолооч ах надад “машин дотор суулгасан байгаа” гэхээр нь би тэр хүнийг авахад өлгийтэй гэхээр нүцгэн шахуу хүүхдийг орны бүтээлгэнд ороосон байдалтай байхаар нь куртикээ тайлаад хүүхдийг орны бүтээлгийн гадуур ороогоод согтуу хүнийг аваад хамгаалалтын байранд хүргээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн.

...би тэр хүнээс хаанаас, хаашаа ямар учиртай хүүхэд аваад яваад байгаа юм бэ? гэхэд “эцэг, эх нь хаях гээд байхаар нь би авчихлаа” гэж хэлсэн, өөр ямар нэг зүйл хэлээгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 48-49/, 

 

-Гэрч Л.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 16-ны өглөө намайг гэртээ байж байхад 8-9 цагийн орчим над руу манай найз Ганзориг залгаад “байрандаа засвар хийж байна, обой наалцаад өгөөч” гэхээр нь өөрийн танил Эрдэнэбаатарт “хамт айлын обой наалцаад өгөөч” гэж хэлэхэд зөвшөөрөхөөр нь Баталионы Хаан банкны орчим тааралдаад таксинд суугаад нэг шил 0.75 литрийн “Түмний хишиг” нэртэй архи авч очсон. Ингээд Төмөр замын 14 дүгээр байрны 98 тоотод очиход миний найз Ганзориг эхнэр Баянжаргал, хүүхдийн хамтаар байсан. Тэгээд бид нар тэднийд байсан тал шил 0.75 литрийн “Ерөөл” архийг хувааж ууж дуусаад авчирсан “Түмний хишиг” нэртэй архийг үлдээгээд би Баянжаргалтай хамт гараад хивсийг нь хими цэвэрлэгээнд өгөөд Олон улсын худалдааны төв орж тавилга захиалчихаад буцаад очиход Ганзориг гэртээ ганцаараа “танай найз чинь хүүхэд аваад явчихлаа” гэж байсан. Тэгэхээр нь би Эрдэнэбаатар луу утсаар ярихад “биржийн цагдаагийн хэсэг дээр байна.” гэхээр нь явж очоод яагаад аваад гарсан талаар тодруулахад “энэ хаях гэж байсан хүүхэд юм биш үү?” л гэж хэлсэн, өөр ямар нэг зүйл хэлээгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 50-51/, 

 

-“У.Э нь хэрэг хариуцах чадвартай байна. У.Э нь болсон хэргийн талаар мэдүүлэг өгөх чадвартай байна.” гэх Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хэргийн 89-90/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.

 

“Хүн хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь хохирогчид хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хууран мэхэлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарниасан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг ашиглаж, хохирогчийг эрхшээлдээ оруулан авч явсан үйлдлээр илэрнэ.

 

Харин хүн хулгайлах гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдэхэд дээрх аргаар үйлдсэн байхыг шаардахгүй бөгөөд шүүгдэгч У.Э нь бага насны буюу 3 нас 6 сар 16 хоногтой Б.М  эцэг, эх, асран хамгаалагчид нь мэдэгдэлгүйгээр гэрээс нь авч явсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул түүний үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

 

Иймд шүүгдэгч У.Эыг бага насны буюу 3 нас 6 сар 16 хоногтой Б.М  биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг ашиглан эрхшээлдээ оруулан авч явж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.М-д ямар нэгэн гэмтэл учраагүй бөгөөд насанд хүрээгүй хохирогч Б.М  хууль ёсны төлөөлөгч Ш.Баянжаргал мөрдөн байцаалтын шатанд “...би хүүхдээ бүрэн бүтэн хүлээн авсан учраас одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 34-37/ өгсөн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч У.Эрдэнэбаатраас гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.  

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч У.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн 14 дүгээр байрны 98 тоотод оршин суух Б.Г гэрээс 3 нас 6 сар 16 хоногтой, эмэгтэй, бага насны хүүхэд болох Б.М  эрхшээлдээ оруулан авч явж, хүн хулгайлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч У.Э нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч У.Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас төлөх төлбөргүй, ар гэрийн болон хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2.1-т зааснаар 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, дээрх нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан 1 жил 10 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

 

Шүүгдэгч У.Э нь өөрийн төрсөн охин болох  1986 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төрсөн Эрдэнэбаатарын Анхтуяа, түүний хүү А.Амгалан нарын хамт амьдардаг бөгөөд охин Э.Анхтуяа нь 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай болох нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актын хуулбараар /хэргийн 57/, шүүгдэгч У.Э нь эхнэр Б.Саранчимэгээс албан ёсоор гэрлэлтээ цуцлуулсан болох нь гэрлэлт цуцлалтын тухай лавлагаагаар /хэргийн 153/ тус тус нотлогдож байна.

Иймд 1986 оны 10 дугаар сарын 6-ны өдөр төрсөн Эрдэнэбаатарын Анхтуяа болон түүний хүү 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр төрсөн Анхтуяагийн Амгалан /хэргийн 63/ нарт асран хамгаалагч тогтоохыг Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргад үүрэг болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэснийг дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч У.Э-г бага насны буюу 3 нас 6 сар 16 хоногтой Б.М  биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг ашиглан эрхшээлдээ оруулан авч явж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2.1-т заасан “Хүн хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2.1-т зааснаар У.Э-д 1 жил 10 хоногийн /нэг жил арав хоног/ хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч У.Эт оногдуулсан 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

 

5.Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч У.Эын охин болох 1986 оны 10 дугаар сарын 6-ны өдөр төрсөн Э-ын Анхтуяа, түүний хүү  2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр төрсөн Анхтуяагийн Амгалан нарт асран хамгаалагч тогтоохыг Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргад үүрэг болгосугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч У.Эын эдлэх ялыг 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч У.Эт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.ТУУЛ