| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2019/0193/Э |
| Дугаар | 207 |
| Огноо | 2019-05-27 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 207
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч Ш.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Г ад холбогдох эрүүгийн 1918000000172 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ш.Г 1970 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Өгөөж гурил” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Мангирт 10 дугаар хэсгийн 2-6 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч Ш.Г нь 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Шинэ захын ертөнцийн зүгээр баруун талын авто зам дээр 88-68 ДАР улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг /“Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм”-ийн 16 дугаар бүлгийн 16.1 дэх хэсэг: явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө/ зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч Н.Н мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ш.Г нь 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Шинэ захын ертөнцийн зүгээр баруун талын авто зам дээр 88-68 ДАР улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн16 дугаар бүлгийн 16.1 дэх хэсэгт “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасан дүрмийн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч Н.Н мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч Ш.Г ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Гачууртын сангийн аж ахуй руу будаа ачиж яваад Дархан захын Хаан банкны гарцан дээр иргэн Нинаг мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулсан. Тухайн үед баруун талаас хүн гарч байгаа зүйл харагдахгүй байхаар нь би гарцаар гарсан. Тухайн үед Нинаг мөргөсөн талаар мэдээгүй. Цааш явж байгаад Сэлэнгэ рүү явах замд байх цагдаагийн пост дээр очоод хүн мөргөсөн гэдгээ мэдсэн. Хохирол төлбөрт 1300000 төгрөг төлсөн.
...Миний буруу. Миний болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 1/
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 2-6/,
-Зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл, бүдүүвч зураг /хэргийн 7-8/,
-Ш.Г ын согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хэргийн 12/,
-“Н.Н-ийн биед зүүн хөлийн 1 дүгээр хурууны 2 дугаар шивнүүрийн хугарал, тархи доргилт, хуйхны хаван, баруун тохой зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Н.Н д учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 278 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 14/,
-“Ш.Г нь 8868ДАР улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар бүлгийн 16.1-т “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргасан байна.
Явган зорчигч Н.Н нь нь МУ-ын замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна. Иргэн Н.Н нь явган хүний гарц дээр тээврийн хэрэгсэлд мөргүүлж биедээ гэмтэл авсан нь зам тээврийн осол мөн.” гэх 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 17 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 18/,
-Хово маркийн 88-86ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 15 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 22-25/,
-ГКБ маркийн 65-75 СЧ улсын дугаартай 2 голт авточиргүүлийн техникийн байдлыг шалгасан тухай 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 14 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 26-29/,
-Хохирогч Н.Н гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 22-ны өглөө 08 цаг 40 минутын үед гэрээсээ гараад хуучин Дарханд байдаг “Эрүүл мэндийн төв” орох гээд явж байсан. Би өглөө гэрээсээ гараад таксинд суугаад Шинэ захын хажууд буугаад тэгээд зам хөндлөн гарах гээд явган хүний гарцаар гарч явтал миний зүүн талаас нэг ачааны машин ирж явсан. Тэр машин явган хүний гарцан дээр ирээд зогсох шиг болсон. Тэгээд би гарцаар гарч явтал гэнэт хажуу тийшээ хартал миний нүүрэнд юу юугүй машин тулаад ирсэн. Тэгээд би юу болсныг мэдээгүй. Айсандаа шоконд ороод юу болсныг ч мэдэж чадаагүй. Нэг мэдсэн би зам дээр хэвтэж байсан. Өндийж хартал хоёр залуу ирээд намайг өргөж босгоод “Хаан банк”-ны урд талд суулгасан. Тэгээд тэр хоёр залуу надад “таныг нэг том тэрэг мөргөж унагаагаад дээгүүр чинь гараад явчихлаа” гэж ярьж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 36-37/,
-Гэрч Ц.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 22-ны өглөө 09 цагийн орчим Улаанбаатар хот явах гээд шинэ захын зогсоолд зогсож байтал хүн орилохоор нь харсан чинь автомашины чиргүүл дор нэг настай эмэгтэй хүн байсан. Тэр машин зогсолгүй чигээрээ яваад өгсөн. Тэгээд нэг танихгүй залуугийн хамт очиж тэр эгчийг босгож замын хажууд гаргаж өгтөл цагдаа нар ирсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 42/,
-Хохирогч Н.Н гийн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэж эмчлүүлсэн тухай өвчний түүхийн хуулбар /хэргийн 48-56/,
-Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 59/,
-Хохирогч Н.Н гаас гаргаж өгсөн амбулаториор эмчлүүлэгчийн картын хуулбар, хохирол, төлбөртэй холбоотой баримтууд /хэргийн 63-72/,
-Хохирол төлбөр төлсөн баримт /хэргийн 119-120/,
-“Улаанбаатар хотод эмчлүүлсэн эмчилгээний зардал 2228300 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнээс 1300000 төгрөгийг шүүгдэгч төлсөн. Үлдэгдэл 928300 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэх хүсэлт /хэргийн 126-127/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч нь хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.
Нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар бүлгийн 16.1 дэх хэсэгт “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч Н.Н мөргөж, хохирогч Н.Н гийн биед “зүүн хөлийн 1 дүгээр хурууны 2 дугаар шивнүүрийн хугарал, тархи доргилт, хуйхны хаван, баруун тохой зулгаралт” бүхий гэмтэл учруулсан бөгөөд энэ нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байх тул аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Ш.Г ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Хохирогч Н.Н нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2228300 төгрөг нэхэмжилж, холбогдох нотлох баримтаа ирүүлсэн бөгөөд шүүгдэгч Ш.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1300000 төгрөг төлсөн байна.
Хохирогч Н.Н гаас хохирлын талаар ирүүлсэн нотлох баримтуудад дүгнэлт хийхэд 986901 төгрөг 36 мөнгө болж байгаа бөгөөд шүүгдэгч нь хохирогчид 1300000 төгрөг төлсөн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Хэдийгээр хохирогч Н.Н нь мэдрэлийн эмчийн бичиж өгсөн эмчилгээг хийлгэхэд 180000 төгрөг, гэмтлийн эмчийн бичиж өгсөн эмчилгээг хийлгэхэд 160000 төгрөг, чих, хамар, хоолойн эмчид үзүүлж эмчлүүлэхэд 400000 төгрөг, эм тариа авахад 150000 төгрөг, нийт 890000 төгрөгийн эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа талаар жагсаалт гаргаж ирүүлсэн /хэргийн 64/ боловч үүнийг нотлох баримтаа гаргаж ирүүлээгүй байна.
Иймд хохирогч Н.Н нь цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэв.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Ш.Г нь 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Шинэ захын ертөнцийн зүгээр баруун талын авто зам дээр 88-68 ДАР улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн16 дугаар бүлгийн 16.1 дэх хэсэгт “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасан дүрмийн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч Н.Н мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ш.Г нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, ар гэрийн амьдралын нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн нөхцөл байдлыг харгалзан торгох ялыг 9 сарын хугацаанд сард 50000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Ш.Г ад үүрэг болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг бичлэг бүхий сидиг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээж, Ш.Г ын 150846 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэснийг дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ш.Г ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ш.Г ад 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар торгох ялын 450000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 сарын хугацаанд сард 50000 төгрөгөөр тооцон төлж барагдуулахыг шүүгдэгч Ш.Г ад үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Ш.Г ад анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг бичлэг бүхий сидиг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ш.Г ын 150846 дугаартай жолоочийн үнэмлэхийг буцаан олгосугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Г ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.ТУУЛ