Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 223/МА2025/00006

 

  

 

 

 

 

 

 

 

2025          3             13                                                    223/МА2025/00006                                      

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

 

“............” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Цэрэнханд даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал даргалж, шүүгч Б.Түмэнцэцэг, шүүгч Б.Марина нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 317/ШШ2025/00071 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: .......... аймаг, .............. сум, ......... дугаар баг, өөрийн байранд байрлах, регистрийн ............. дугаартай, “............” ХХК,

 

Хариуцагч: ........... аймаг, ............. сум, ...............дугаар баг, ...................... дугаар гудамж, 208 тоотод оршин суух, регистрийн дугаар НФ.........., Л  овогт О.Б.,

 

Хариуцагч: .......... аймаг, ............... сум, ................ дүгээр баг, ...............оршин суух, регистрийн дугаар НФ............., Б  овогт П.Б нарт холбогдох

 

Гэм хорын хохиролд 21,486,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэлгэржаргалын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэлгэржаргал /цахимаар/,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ................ /цахимаар/,

Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “............” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “Нэхэмжлэгч “............” ХХКнь Төв аймгийн Эрдэнэсант сумын 4 дүгээр баг “Дөрөлжийн энгэр” гэх газар 2012 оноос эхлэн хууль ёсны зөвшөөрөлтэйгөөр үр тариа, ногоон тэжээл тариалж байгаа бөгөөд уг газар нь 2018 онд “............” ХХКшилжсэн хэдий ч манай компанийн зүгээс түрээсийн гэрээний дагуу дээрх газарт үр тариа, ногоон тэжээл тариалсаар байгаа болно. Бидний зүгээс компанийн эзэмшлийн тариалангийн талбайд мал амьтан нэвтрэн орохоос сэргийлж, торон хашаа барьж, манаач хөлсөлж байнгын хамгаалалтад байлгаж байсан. Гэтэл 2019 оны 10 дугаар сард тус сумын иргэн ................ нар манай компанийн өмчлөл, эзэмшлийн тариалангийн талбайд нэвтэрч, торыг эвдэн өөрийнхөө хонь, малыг хашаа руу мотоциклоор туун оруулсан. Манай зүгээс хашаанаас малыг хөөн гаргаж, хариуцагч нарт учир байдлыг хэлсэн боловч хашаанаас мал туулаа гэж уурлаж, хэл амаар доромжилж, хашаагаа буулган зайлахыг шаардаж, биед халдсан. Ингээд ч зогсохгүй ................ нар нутгийн иргэдийг турхирч 540 га хашсан тариан талбайн торыг тасалж, шонгийн модыг нь сугалан хаяж, олон тооны адуу, үхэр, хонийг тариалангийн талбайд хөөж оруулсан. Энэ байдал олон удаа давтагдсан. Үүнээс болж бидэнд маш их хэмжээний хохирол учирсан бөгөөд тухайн үед тэдгээр малыг хөөж гаргах, талбайг хамгаалах, манаа хийх, хашаа янзлах хүн хүч маш их хэрэгтэй байсан тул ажилчид авч хөлсөөр ажиллуулсан. Эдгээр хүмүүс болсон асуудлыг болон учирсан хохирлын гэрч болно. ................ нар тухайн үед тариалангийн талбайг тусгаарлаж хашсан байсан 2000 метр хашааны торыг тасалж, чирч, дахин ашиглах боломжгүй болгосон, 100 орчим ширхэг модон шонг сугалж, хугалж хулгайлсан.

Мөн 22 га улаан буудай гарах байсан, ойролцоогоор 12 тонн /болц нь гүйцсэн байсан/ хурааж чадаагүй, 40 га ногоон тэжээл ойролцоогоор 1200 боодол өвс гарах байсныг мал тууж оруулан сүйтгэж идүүлсэн. Дээрх үйлдлээс болж компанийн зүгээс эвдэлсэн хашааг засаж янзлах хооронд 10 гаруй хоногт нэмж манаач ажилчдыг өдрийн 30,000 төгрөгөөр авч ажиллуулан цалинжуулсан. Иймд учирсан хохирол болох 2000 метр хашааны тор /1м=1,500 төгрөг/-ийн төлбөр 3,000,000 төгрөг, 100 ширхэг хашааны шонгийн /1ш=8,000 төгрөг/ төлбөр 800,000 төгрөг, 1000 боодол өвсний /1 боодол нь 8,000 төгрөг/ үнэ 8,000,000 төгрөг, 12 тонн улаан буудайн /1 тонн 550,000 төгрөг/ үнэ 6,600,000 төгрөг, ажилчдын ажлын хөлс нийт 1,400,000 төгрөг, 3 машинаар хашаанаас мал тууж гаргах, 24 цаг манаа хийхэд зарцуулсан шатахууны үнэ 1,686,000 төгрөг, нийт 21,486,000 төгрөгийн хохирлыг хариуцагч нараас гаргуулж өгнө үү” гэжээ.

 

2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Төв аймгийн Эрдэнэсант сумын 4 дүгээр багт буюу “............” ХХК-ийн ойролцоох байх 10 айлын өвөлжөөний нэг нь манайх хэдий ч манайх хорио цээр тавигдсанаас хойш 20 гаран хоногийн дараа буюу 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өвөлжөөндөө буусан. “...Намайг 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хонио услаад явж байхад Шинэбаяр гэх хүн машинтай ирж, хонио тариан талбайгаас хол туу, хоньтой чинь тараана шүү гэж айлгаж байсан. Бид хоньтойгоо тариан талбай руу орж байгаагүй билээ. ...”  “............” ХХК нь тариагаа оройтуулж тарьж, оройтуулж хураачхаад энэ алдагдлаа биднээс гаргуулах гэж байна. Малчдыг өвөлжөөгүй байхад малыг маань хөөж, тэр бүү хэл намрын тарган малыг Ланд-200 маркийн машинаар хөөн бахардуулсан. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэх тайлбар өгсөн. “...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд хэргээс судалж үзсэн нотлох баримтаар нэхэмжлэгчийн яриад байгаа шон хугалсан гэх асуудал тогтоогдоогүй байна. Цагдаад гомдол гаргасан гэж ярьдаг ч хэрэгт ямар ч материал байдаггүй. Хэзээ гомдол гаргасан, тэр нь хэрхэн шийдвэрлэгдсэн, хэн нь буруутай эсэх нь тогтоогдоогүй. ................ гэх мэргэжилтэнд хүсэлт гаргасан гэж байна. Мөн тухайн хүсэлтийг хэрхэн шийдсэн талаар нотлох баримт байхгүй. Гэм хорын асуудал өөрөө тогтоогдсон нотлох баримттай байх ёстой. Нэг бол Цагдаагийн байгууллага гэм буруутайг тогтооно, эсхүл Иргэний хэргийн шүүх шийднэ. Маш олон айл тухайн газарт өвөлжиж байсан ба “............” ХХК-ийн тариалангийн талбайд олон айлын мал орсон, энэ 2 айлын мал орсон гэдгийг ялгах боломжгүй, мэдэхгүй гэж гэрчүүд мэдүүлсэн. Тэгэхээр шон эвдсэн, хулгайлсан гэх асуудал тогтоогдохгүй болохоор мал нь тэжээлийг нь идчихсэн гэж ярьдаг. Манай үйлчлүүлэгч нар манай мал орж байгаагүй. Харин тэр хавийн малуудыг ................ гэх хүн машинаар хөөдөг нь үнэн гэж хэлдэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа 21,486,000 төгрөгийг хэн төлөх ёстой вэ, буруутай этгээдийг тогтоосон зүйл байхгүй. Яг үнэхээр хашаа болон шон нь тухайн цаг үед хугарсан юм уу, дараа нь хугарсан юм уу гэдэг нь мэдэгдэхгүй. Тийм учраас шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэж байна. 2019 оны бодит нөхцөл байдлыг тогтоож чадсан эсэх нь эргэлзээтэй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ................ анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч “............” ХХК нь Төв аймгийн Эрдэнэсант сумын 4-р багийн нутаг дэвсгэр Дөрвөлжийн энгэр гэх газарт 2012 оноос эхлэн газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ба тухайн компани нь үр тариа, ногоон тэжээлээ мал амьтан орохоос хамгаалах зорилгоор хашаа барьж, манаач хөлслөн байнгын хамгаалалттай ажиллаж байсан. 2019 оны 10 дугаар сард ................ нар нь тухайн компанийн тариалангийн талбайд хааяа эвдэж, малаа талбай руу оруулж идүүлсэн байдаг. Тухайн үйлдлийг зогсоохоор шаардлага тавьж байсан боловч хүч хэрэглэж шаардлага тавьсан хүний биед халдаж, сүүлдээ нутгийн иргэдээ турхирч мал амьтнаа оруулж, идүүлж, хашааг нь сүйтгэсэн. “............” ХХК-ийн зүгээс 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр тухайн үйл явдлын талаар Төв аймгийн Эрдэнэсант сумын хэсгийн төлөөлөгч ................  хандан гомдол гаргасан. Мөн Төв аймгийн Эрдэнэсант сумын хөдөө аж ахуй газар тариалан эрхэлсэн ахлах мэргэжилтэн н.Уугантуяад хандан хүсэлт гарган Засаг даргын Тамгын газраас тариалан эрхлэгчид учирсан хохирол тогтоох комисс томилж өгнө үү гэхэд тухайн хүсэлтийг шийдвэрлэх талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй ба ................ өөрийн биеэр ирж тариан талбайтай танилцаад зураг авч явсан. Хэсгийн төлөөлөгч ................ нь утсаар “...Таны гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна. Шүүхэд хандаарай...” гэж мэдэгдсэн. Тийм учраас “............” ХХК-ийн зүгээс өөрт учирсан хохирлоо мэргэжлийн байгууллагаар тогтоолгосон. Мөн тухайн тариан талбайг хашаалсан байсан хашааг эвдэж сүйтгэснээс болж мал ороод байсан учраас  компанийн зүгээс хашаагаа янзлахын тулд 12 хүнийг өдрийн 30.000 төгрөгөөр нэмж ажиллуулсан. Тэгэхээр шинжээчийн дүгнэлтээр “............” ХХК-д учирсан хохирол 200 метр хашааны тор 3.000.000 төгрөг, 100 ширхэг хашааны шон эвдэж, хугалж, хулгайлан авч явсан төлбөр 800.000 төгрөг, 1000 боодол өвс /тухайн үед тариалсан байсан ногоон тэжээлээр тооцов/ 8.000.000 төгрөг, 12 тонн улаан буудай 6.600.000 төгрөг, тухайн хашаа хороог сэлбэж янзлах, хашаанаас мал тууж гаргах, мөн 24 цагийн манаач, ажилчдын цалин хөлс зарцуулсан мөнгө 1.400.000 төгрөг, шатахууны зардал 1.686.000 төгрөг, нийт 21.486.000 төгрөг болж байна. Иймд хариуцагч ................ нараас хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү” гэжээ.

 

4. Иргэдийн төлөөлөгч Г.Ганцэцэг нь анхан шатны шүүх хуралдаанд: “............” ХХК нь ................ нараас 21,486,000 төгрөгийг  нэхэмжилсэн. Уг мөнгийг дараах малчдаас нэхэмжилсэн шалтгаан нь компанийн хашаа эвдэж, тор хулгайлсан гэжээ. “............” ХХК-ийн удирдлагууд болон ажилчид нь өөрсдийнхөө өмчийг сайтар хамгаалж чадаагүй. Мөн малчин ................ нарыг хашаа эвдэж, тор хулгайлж байсныг нотлох баримт байхгүй. Тэр хашаанд ордог байсан мал хэнийх гэдэг нь тодорхойгүй байгаа учраас хариуцагч нарыг гэм буруугүй гэж үзэж байна” гэх дүгнэлтийг гаргажээ. 

 

5. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч ................ нарт холбогдох гэм хорын хохиролд 21,486,000 төгрөг гаргуулах тухай “............” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “............” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 265,380 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “............” ХХК-аас хөрөнгийн үнэлгээний зардалд 300,000 төгрөгийг гаргуулж “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн Төрийн банк дахь 100000142787 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.

 

 6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэлгэржаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01  дүгээр сарын 09-ний өдрийн 317/ШШ2025/00071 дугаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлүүдээр давж заалдах гомдлыг гаргаж байна.

1. Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 317/ШШ2025/00071 дугаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д "... гэрчүүдийн мэдүүлгүүдээр хариуцагч ................ нарын мал манай талбайд орсон нь нотлогдож байгаа гэж тайлбарлаж байгаа хэдий ч дээрх гэрчүүдийн мэдүүлгүүдийг шинжлэн судлахад өөр хоорондоо зөрүүтэй байх бөгөөд хариуцагч нарын мал гэдгийг тогтоосон нэг ч гэрч байхгүй, хэний мал хашаанд орсон болохыг хараагүй зөвхөн хамт ажиллаж байсан хүмүүсээс сонссон үйл явдлын талаар гэрчилсэн байна" гэжээ.

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч ................ нарыг Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.3-т " Мал, амьтан өмчлөгч нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхдээ мал, амьтан, байгаль орчныг хамгаалах, эрүүл ахуйн шаардлага, бусдын аюулгүй байдлыг хангах талаар тогтоосон хэм хэмжээг сахин биелүүлэх үүрэгтэй" гэснийг зөрчин “............” ХХК-ийн тариалалт хийсэн Төв аймгийн Эрдэнэсант сумын 4 дүгээр баг, Дөрөлжийн энгэр гэх газар байрлах нийт 547 га талбайн хамгаалалтын хашааг эвдэж, малаа оруулан тариалсан 40 га талбайн ногоон тэжээл болон 22 га талбайн улаан буудайг идүүлэн, сүйтгүүлсэнээс өөрт учирсан хохирлыг барагдуулахаар маргасан.

Уг маргааны хүрээнд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нар нь “............” ХХК-ийн тариалалт хийсэн талбайн хажууд амьдардаг байсан, мөн тэдний мал олон удаагийн давтамжтайгаар талбайд орж тариалсан ногоон тэжээл болон улаан буудайг идэж, сүйтгэсэн болохыг өөрийн тайлбараар болон гэрчүүдийн мэдүүлгээр нотолсон, мөн хариуцагч нарын малаа хашаанд оруулж тариаланг идүүлж, сүйтгүүлсэнээс өөрт учирсан хохирлыг мэргэжлийн шинжээчийн дүгнэлтээр баталгаажуулсан.

Гэрч ................ нь 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ " ... ................ нь малыг нь хашаанаас хөөгөөд гаргахаар өөрөө ирээд авдаг, мөн тариан талбайд хонио оруулсан байхад нь та битгий хонио оруулаад бай гэж шаардлага тавьж байсан ..." талаар дурдсан байдаг. Мөн О................ шөнө мал нь хашаанд орсон талаар утсаар ярьж хэлэхэд ирээд авсан ..." талаар гэрчийн мэдүүлэг өгсөн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т нотлох баримт нь гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нарыг малаа “............” ХХК-ийн тариалалт хийсэн талбайд оруулж ногоон тэжээл, улаан буудайг идүүлж сүйтгэсэн болохыг өөрийн тайлбараар нотолсон, мөн гэрч ................ нарын мэдүүлэг, "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг зэргээр нотолж баталгаажуулсан.

Гэтэл шүүхээс хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн тайлбар болон гэрч ................ мэдүүлэг зэрэг нотлох баримтыг нарийвчлан судлаж, үнэлж дүгнэхгүйгээр зөвхөн хариуцагч талын тайлбарыг үндэслэн хариуцагч нарыг малаа “............” ХХК-ийн тариалалт хийсэн талбайд оруулж ногоон тэжээл, улаан буудайг идүүлж сүйтгэсэн нотлогдохгүй байна гэж дүгнэсэн нь нэг талд давуу байдал олгосон үндэслэлгүй дүгнэлт гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна.

Мөн Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 317/ШШ2025/00071 дугаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 17, 18-д нэхэмжлэгч нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн А-136, А-158, А-210 дугаар тушаалаар баталсан " Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд учруулсан хохирлыг тооцох аргачлал"-ын дагуу өөрт учирсан хохирлыг тогтоолгохоор Төв аймгийн Эрдэнэсант сумын хөдөө аж ахуй, газар тариалан эрхэлсэн ахлах мэргэжилтэн Уугантуяад хандаж хүсэлт гаргасан гэх боловч тухайн сумын засаг даргын захирамжаар албан ёсоор ажлын хэсэг байгуулагдаагүй, ажлын хэсгийн дүгнэлтээр дээрх нөхцлүүдийг тогтоосон үйл баримт байхгүй байна" гэжээ.

“............” ХХК-ийн зүгээс хариуцагч ................ нарын мал талбайд нь орж идэж сүйтгэсний дараа Төв аймгийн Эрдэнэсант сумын хөдөө аж ахуй, газар тариалан эрхэлсэн ахлах мэргэжилтэн н.Уугантуяад хандаж ажлын хэсэг томилуулан өөрсдөд учруулсан хохирлыг тогтоолгох хүсэлт гаргасан бөгөөд ................ нь өөрөө “............” ХХК-ийн тариалангийн талбай дээр хүрэлцэн ирж нөхцөл байдалтай танилцан, зураг авч баталгаажуулаад явсан боловч ажлын хэсэг байгуулагдаж, хохирлын үнэлгээг тогтоох ажиллагаа хийгдээгүй.

Мөн “............” ХХК-ийн зүгээс 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын хэсгийн төлөөлөгч, ахлах дэслэгч ................  хандан ................ нар “............” ХХК-ийн тариалангийн талбайн хашааг эвдэн сүйтгэж, малаа оруулан тариалсан ногоон тэжээл, буудайг идэж сүйтгүүлсэн бөгөөд шаардлага тавьсан компанийн захирал ................ хүч хэрэглэн халдсан талаар гомдол гаргасан боловч хэсэг хугацааны дараа сумын хэсгийн төлөөлөгч, ахлах дэслэгч ................ нь прокуророос гомдлыг хэрэгсэхгүй болгосон учраас та гомдлоо иргэний шүүхээр шийдвэрлүүлээрэй гэсэн хариуг өгсөн.

“............” ХХК-ийн зүгээс 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Төв аймгийн Прокурорын газарт хандан 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын хэсгийн төлөөлөгч, ахлах дэслэгч н.................  гаргасан гомдлыг хянан шийдвэрлэсэн талаарх баримтыг хуулбарлан авах хүсэлт гаргасан боловч Прокурорын газрын архивт “............” ХХК-ийн хүсэлт, түүнийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол зэрэг материал байхгүй байна гэсэн хариуг өгсөн.

Тиймээс нэхэммжлэгчийн зүгээс тухайн нөхцөл байдлуудыг сайн мэдэх, тариан талбай дээр очин үзлэг хийсэн, “............” ХХК-ийн гомдлыг Төв аймгийн Прокурорын газарт хүргэн өгсөн Эрдэнэсант сумын хэсгийн төлөөлөгч ................ мөн Төв аймгийн Эрдэнэсант сумын хөдөө аж ахуй, газар тариалан эрхэлсэн ахлах мэргэжилтэн ................ нарыг гэрчээр асуулгаж “............” ХХК нь төрийн эрх бүхий байгууллагуудад гомдол гаргасан, ажлын хэсэг байгуулж хохирлын үнэлгээг тогтоож өгөх хүсэлт гаргасан талаарх нөхцөл байдлуудыг тодруулан тогтоолгох хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан боловч шүүхээс хүсэлтийг хангахаас үндэслэлгүйгээр татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн бөгөөд энэ нь нэхэмжлэгч талын хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоох ач холбогдол бүхий нотлох баримт бүрдүүлэх боломжийг нь хязгаарласан, мөн нэхэмжлэгч талын хуулиар олгогдсон эрхийг зөрчиж, хариуцагч талд давуу байдал олгосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил юм.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 67.1.5-т заасны дагуу Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 317/ШШ2025/00071 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд /цахимаар/ оролцсон нэхэмжлэгчийн өмгөөлөгч ................ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нотлох баримтыг дахин бүрдүүлж байж хэргийг шийдвэрлүүлмээр байна” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэлгэржаргалын давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

 

1. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгч, зохигчдын хооронд үүссэн маргааны төрлийг зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүх анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээж, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэлгэржаргалын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч “............” ХХК нь гэм хорын хохиролд нийт 21,486,000 төгрөг гаргуулахаар шардсан үндэслэлээ “...Төв аймгийн Эрдэнэсант сумын 4 дүгээр баг “Дөрөлжийн энгэр” гэх газарт тариалсан тариалангийн талбайд хариуцагч ................ нар малаа тууж оруулан 22 га-д ургасан улаан буудай, 40 га-д ургасан ногоон тэжээлийг сүйтгэж идүүлсэн, тухайн үед тариалангийн талбайг тусгаарлаж хашсан байсан 2000 метр хашаан торыг тасалж, чирч, дахин ашиглах боломжгүй болгосон, 100 орчим ширхэг модон шонг сугалж, хугалж хулгайлсан, дээрх үйлдлээс болж компанийн зүгээс эвдэлсэн хашааг засаж янзлах хооронд 10 гаруй хоногт нэмж манаач ажилчдыг өдрийн 30,000 төгрөгөөр авч ажиллуулан цалинжуулсан зэрэг компанид учирсан хохирол болох 2000 метр хашааны торны /1м=1,500 төгрөг/ төлбөр 3,000,000 төгрөг, 100 ширхэг хашааны шонгийн /1ш=8,000 төгрөг/ төлбөр 800,000 төгрөг, 1000 боодол өвсний /1 боодол нь 8,000 төгрөг/ үнэ 8,000,000 төгрөг, 12 тонн улаан буудайн /1 тонн 550,000 төгрөг/ үнэ 6,600,000 төгрөг, ажилчдын ажлын хөлс нийт 1,400,000 төгрөг, 3 машинаар хашаанаас мал тууж гаргах, 24 цаг манаа хийхэд зарцуулсан шатахууны үнэ 1,686,000 төгрөг, нийт 21,486,000 төгрөг болсон...” гэж тайлбарласан.

Хариуцагч ................ нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргахдаа “...хонь, малаа тариан талбай руу оруулж байгаагүй. Гэм хорын асуудал өөрөө тогтоогдсон баримттай байх ёстой. Гэм хор учруулсан буруутай этгээдийг тогтоосон зүйл байхгүй, энэ талаар нэхэмжлэгч тал нотолж чадаагүй...” гэсэн үндэслэлээр татгалзаж мэтгэлцсэн.

Харин зохигчид Төв аймгийн Эрдэнэсант сумын 4 дүгээр баг “Дөрөлжийн энгэр” гэх газарт үр тариа, ногоон тэжээл тариалсан байсан эсэх талаар маргаагүй байна.

 

3. Хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч “............” ХХК нь 2018 онд “Шүрэн титэм” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж 2019 онд Төв аймгийн Эрдэнэсант сумын 4 дүгээр багийн нутаг Дөрөлжийн энгэр гэх газарт үр тариа, ногоон тэжээл тариалсан, мөн 2019 оны 10 дугаар сард дээрх тариалсан газарт байрлах 540 га хашсан тариан талбайд мал орсны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдсон. /1хх-н 4-11, 184-190/

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь нас, нэр төр, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ба мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхөөр заасан.

Иймд анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн үйл баримт болон маргааны төрлийг зөв тодорхойлон зөв тогтоосон байна гэж үзлээ.

 

5. Нэхэмжлэгч “............” ХХК нь өөрт учирсан хохирлын хэмжээг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нотлох, хариуцагч ................ , ................ нар гэм буруугүй болохоо мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т зааснаар баримтаар няцаах үүрэгтэй.

 

5.1. “Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд учруулсан хохирлыг тооцох аргачлалыг”-ыг Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн А-136, А-158, А-210 дугаар “Аргачлал батлах тухай” тушаалаар баталсан.

Энэ аргачлалаар тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид учирсан хохирлыг тооцох, баримтжуулах чиг үүргийг сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хэрэгжүүлж, хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан дүгнэлт гаргахаар зохицуулсан.

Гэтэл нэхэмжлэгч “............” ХХК-ийн зүгээс өөрт учирсан хохирлоо дээрх аргачлалд зааснаар тооцоолуулсан эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

5.2. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын хүсэлтээр Б................  нараас гэрчийн мэдүүлэг авсан байх ч тэдгээр нь хоорондоо зөрүүтэй, зарим гэрч нар нь тухайн тариан талбайд мал орж, үр тариа, ногоон тэжээлийг идэж, сүйтгэсэн гэх цаг хугацаанаас хойш ажилд орсон, уг үйл явдлыг нүдээр хараагүй, мөн нэхэмжлэгчийн үр тариа, ногоон тэжээл тариалсан талбайд орж, сүйтгэсэн мал нь хэний өмчлөлийнх болох, хариуцагч нар талбайг хашсан торыг зориуд эвдэлж, малаа оруулсан эсэх талаар хараагүй, харин бусдаас буюу гэрч Б.Одончимэгээс сонссон зүйлийнхээ талаар гэрчилсэн байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр бүрдүүлсэн нотлох баримт болох гэрч Б................  нарын мэдүүлгийг хэрэгт ач холбогдолгүй, өөр хоорондоо зөрүүтэй байх бөгөөд хариуцагч нарын мал гэдгийг тогтоосон нэг ч гэрч байхгүй, хэний мал хашаанд орсон болохыг хараагүй зөвхөн хамт ажиллаж байсан хүмүүсээс сонссон үйл явдлын талаар гэрчилсэн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан заалтад нийцсэн гэж үзэв.

 

6. Иймд нэхэмжлэгч “............” ХХК хариуцагч ................ , ................ нараас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 21,486,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэлгэржаргал “ ...шүүхээс хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн тайлбар болон гэрч ................ мэдүүлэг зэрэг нотлох баримтыг нарийвчлан судлаж, үнэлж дүгнэхгүйгээр зөвхөн хариуцагч талын тайлбарыг үндэслэн хариуцагч нарыг малаа “............” ХХК-ийн тариалалт хийсэн талбайд оруулж ногоон тэжээл, улаан буудайг идүүлж сүйтгэсэн нь нотлогдохгүй байна гэж дүгнэсэн нь нэг талд давуу байдал олгосон үндэслэлгүй дүгнэлт гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна.

...Эрдэнэсант сумын хэсгийн төлөөлөгч ................ мөн Төв аймгийн Эрдэнэсант сумын хөдөө аж ахуй, газар тариалан эрхэлсэн ахлах мэргэжилтэн ................ нарыг гэрчээр асуулгах хүсэлтийг хангахаас үндэслэлгүйгээр татгалзаж, нэхэмжлэгч талын хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоох ач холбогдол бүхий нотлох баримт бүрдүүлэх боломжийг нь хязгаарласан, хуулиар олгогдсон эрхийг зөрчиж, хариуцагч талд давуу байдал олгосон тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү” гэсэн утга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

8. Анхан шатны шүүх гэрч нарын мэдүүлгийн зөрүүтэй байдал, тухайн үйл баримтыг үзэж хараагүй, дамжмал байдлаар бусдаас сонссон зүйлээ гэрчилсэн, мөн мэдүүлгийнхээ эх сурвалжийг заан мэдүүлж чадаагүй, гэрч нарын мэдүүлгийн нэгдмэл байдал буюу нотолгооны ач холбогдол зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд тэдгээрийн мэдүүлгийг хэрэгт ач холбогдолгүй гэж үнэлснийг нэг талд давуу байдал олгосон гэж үзэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т зааснаар шүүхэд урьдаас хөтөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй. Иймд гэрчийн мэдүүлэг нь дамжмал баримт болохоос гадна бусад бичгийн баримтаар давхар нотлогдолгүй болно.  

 

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэлгэржаргал нь анхан шатны шүүх хуралдааны үед “Эрдэнэсант сумын хэсгийн төлөөлөгч Б.Саруул, Төв аймгийн Эрдэнэсант сумын Хөдөө аж ахуй, газар тариалан хариуцсан ахлах мэргэжилтэн ................ нарыг гэрчээр оролцуулах тухай” хүсэлт гаргажээ. Төв аймаг дах сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 317/ШТ2025/00002 дугаар тогтоолоор дээрх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэхдээ “...Уг шүүхийн тогтоолд анхан шатны шүүх ................ гэрчээр асуулгах нь тухайн хэрэгт ямар хамааралтай нь ойлгомжгүй, тодорхойгүй, тариалангийн талбайд учирсан хохирлыг тогтоохоор сумын Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан эсэх болон ажлын хэсгийн дүгнэлт гарсан үйл баримт авагдаагүй тул н.Уугантуяагаас мэдүүлэг авах нь нотолгооны ач холбогдолгүй, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны үед гэрч асуулгах хүсэлт гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай болохоо нотолсон баримтыг ирүүлээгүй тул хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн...” гэсэн дүгнэлт хийсэн нь хууль зөрчөөгүй байна.

Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтыг шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хавсаргаж өгсөн байх үүргийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т, мөн хуулийн 38 дугаар зүйлийг 38.1-т заасан.

 Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зохигч талуудын мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгждэг. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаар нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Ингэхдээ зарим нотлох баримтыг тухайлбал гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ. Энэ тохиолдолд нотлох баримт нь хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдолтой байх шаардлага тавигдах тул уг шаардлагыг хангаагүй баримтыг шүүх нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг эдэлдэг.

Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхээс гэрч Б................  нараас мэдүүлэг авсан боловч тэдгээр гэрч нарын мэдүүлгүүд нь хэрэгт ач холбогдолгүй, өөр хоорондоо зөрүүтэй, хариуцагч нар нь малаа нэхэмжлэгчийн тариалангийн талбайд оруулсан гэх үйл баримтыг  нотолж чадаагүй байна.

 

9. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

10.Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон тул түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 317/ШШ2025/00071 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэлгэржаргалын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “............” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266,000 /хоёр зуун жаран зургаан мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь  хяналтын  журмаар  гомдол  гаргах хугацааг тоолоход саад  болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

                      

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ЦЭРЭНХАНД

 

                  ШҮҮГЧИД                                  З.ТҮВШИНТӨГС

 

                                                                                                    Р.МӨНХ-ЭРДЭНЭ