Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 223/МА2025/00012

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагч “.................” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Эрдэнэ, хамтран хариуцагч “..................” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сангижав, Х.Эрдэнэцогт нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

   1.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

2. Нэхэмжлэгч “.................” ХХК  нь хариуцагч “....................” ХХК-тай 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр TTT/H-2022-01 тоот "..................."-г байгуулсан, уг гэрээгээр “......................” ХХК нь 16,362,000,000 төгрөгийн үнэ бүхий нүүрс баяжуулах үйлдвэрийн 68 нэр төрлийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх, тээвэрлэх, угсралт, суурилуулалт, туршилт, тохируулгын дагалдах үйлчилгээг захиалагчид үзүүлэх, захиалагч "....................” ХХК нь гэрээний үнэ болох 16,362,000,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн.   

Манай компани гэрээний үүргээ биелүүлж 5,174,446,209.97 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, ажил үйлчилгээг ".............." ХХК-д 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээлгэн өгсөн. Бид дараагийн тоног төхөөрөмжийг нийлүүлэхээр бэлтгэж байтал хариуцагч ".................” ХХК нь 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 01/327 дугаар албан бичгээр "Нүүрс баяжуулах үйлдвэрийн Техник-эдийн засгийн үндэслэлд тодотгол хийж байгаатай холбогдуулан 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ТТТ/Н-2022-01 тоот гэрээний дагуу хийгдэж байгаа ажлыг түр хойшлуулах болсныг мэдэгдэж байна" гэснээр манай компанийн тоног төхөөрөмж нийлүүлэх ажил зогссон. Бид гэрээнд зааснаар үлдэх 11,187,553,790.03 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг 2023 оны 3 дугаар сарын 31-ний дотор багтааж нийлүүлэх, дагалдах үйлчилгээг үзүүлэх үүргээ биелүүлж бүх тоног төхөөрөмж, ажил үйлчилгээг бэлдсэн байсан.

 "...........” ХХК-д нийлүүлсэн тоног төхөөрөмж, дагалдах үйлчилгээний үнэ болох 5,174,446,209.97 төгрөгөөс 3,640,775,150 төгрөгийг нүүрсээр тооцож авсан. Үлдсэн 1,533,671,060.35 төгрөгийг төлөх үүргийг  ЭТТ-2022/84 тоот гуравласан гэрээгээр хүлээсэн үүргээ “.” ХК биелүүлээгүй. И...........ймд нийлүүлсэн тоног төхөөрөмж, дагалдах үйлчилгээний төлөгдөөгүй үнэ 1,533,671,060 төгрөгийг “...........” ХК-аас гаргуулах, мөн нийлүүлээгүй үлдсэн 11,187,553,790 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг  "............” ХХК хүлээн авахыг даалгаж өгнө үү” гэж тайлбарласан.

Харин шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд “............” ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан.

 Хариуцагч “............” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргахдаа “...нэхэмжлэгч талаас 5,174,446,209 төгрөгийн үнэ бүхий эд материал, тоног төхөөрөмжийг манай компанийн хашаанд буулгасан нь үнэн. Гэвч нэхэмжлэгч гэрээнд заасны дагуу иж бүрэн баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэх, угсарч суурилуулах, ашиглалтад оруулах, үйл ажиллагааг нь жигдрүүлэх, бусад шаардлагатай сэлбэг хэрэгслийн нөөц бүрдүүлэх ажлыг гүйцэтгэх байсан боловч хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байсаар гэрээний хугацаа дууссан учраас 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 01/496 дугаар албан бичгээр гэрээг цуцлах, олгосон санхүүжилтийг буцаан авах талаар мэдэгдэл хүргүүлсэн. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж мэтгэлцсэн.

Хамтран хариуцагч “..........” ХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргахдаа “...........” ХК нь 1,533,671,060 төгрөгийг хариуцах хууль зүйн үндэслэл, гэрээгээр хүлээсэн зөрчил, шаардах эрхтэй холбоотой эрх нэхэмжлэгчид үүсээгүй. Тус хэрэгт манай компани хариуцагчаар оролцох буюу гэрээний үүрэг зөрчсөн асуудал байхгүй. Үндсэн асуудал “....................” ХХК нь “............” ХХК-ийн өмнө баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэх, угсрах үүргийг ТТТ/Н-2022-01 тоот гэрээгээр хүлээсэн. Энэ хүлээсэн үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй. Манай компани уг ТТТ/Н-2022-01 тоот гэрээний санхүүжилтийг олгох үүрэг хүлээсэн боловч санхүүжилт олгох гэрээний хугацаа 2022 оны 12 дугаар сарын 31-ны өдөр дууссан. Гэрээг дахин сунгаагүй. Иймд манай компани 1,533,671,060 төгрөгийг хариуцах хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж мэтгэлцсэн.         

Харин зохигчид 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ТТТ/Н2022-01 дугаартай “Баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авах гэрээг бичгээр байгуулж, уг гэрээгээр “...................” ХХК нь нийт 73 нэр төрлийн 16,362,000,000 төгрөгийн үнэ бүхий баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмж, бараа, ажил үйлчилгээг “.” ХХК-д нийлүүлэх, “.............” ХХК нь уг тоног төхөөрөмж, ажил үйлчилгээг хүлээн авах, харин гэрээний үнэ 16,362,000,000 төгрөгийг төлөх үүргийг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн ЭТТ-2022/84 тоот “Нүүрс худалдан борлуулах замаар санхүүжилт олгох гэрээ”-ээр “Эрдэнэс таван толгой” ХК хүлээхээр талууд харилцан тохиролцсон талаар маргаагүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар:

3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд шүүхээс гаргах эрх зүйн актын төрөл, хэлбэр нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5-д зааснаар “энэ хуулийн 22.4-т зааснаас бусад тохиолдолд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.” байхаар хуульчилсан.

Анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 151/ТМ2025/00044 дугаар тэмдэглэлээс үзвэл, шүүх хуралдааны шатанд ирцтэй холбогдуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амартунгалаг “...шүүх хуралдаанд ирээгүй хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт торгох арга хэмжээ авхуулах...” гэсэн хүсэлт гаргасан. Хариуцагч “..........” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Түвшинбаяр эмнэлгийн магадалгаа ирүүлсэн, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батчимэг, хариуцагч “Э.............” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Эрдэнэцогт нар “...Э.Түвшинбаяр нь хүндэтгэн үзэх шалтгаантай байгаа нь эмнэлгийн магадалгаагаар тогтоогдсон тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү...” гэсэн хүсэлтийг гаргажээ. /3 дугаар хавтаст хэргийн 37/

Шүүх хуралдаан даргалагчаас зохигчдын гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэхээр шүүх хуралдааныг завсарлуулж зөвлөлдөх тасалгаанд орсон, шүүх хуралдааныг үргэлжлүүлж, шүүгчийн захирамжийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 105 дугаар зүйлийн 105.1, 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг удирдлага болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлтийг хангаж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт торгох арга хэмжээ авхуулах хүсэлт, хариуцагч “.........” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хамтран хариуцагч “..........” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг тус тус хангахаас татгалзаж, “.” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “.......” ХХК, “Эрдэнэс таван толг...........ой” ХК-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг үргэлжлүүлж, энэ захирамжид зохигч гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлав...” гэж уншиж танилцуулсан талаар тэмдэглэлд тусгагдсан байгаа боловч хэрэгт уг эрх зүйн баримт бичиг авагдаагүй байна. /3 дугаар хавтаст хэргийн 39/  

Иймд шүүх зохигчдын гаргасан хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулж талуудын мэтгэлцэх эрхийг зөрчжээ.

 

4.Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т “Гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр монгол хэл дээр орчуулуулсан байна” гэж заасан.

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Бэй Жян Нотариатын газрын нотариатч үнэн зөвийг гэрчилсэн тамга нь хятад хэлнээс монгол хэлнээ орчуулсан “...............” ХХК-ийн үйл ажиллагааны эрхлэх тусгай зөвшөөрөл хуулбар, 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Нотариатын гэрчилгээ, “...............” ХХК-ийн дүрэм, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Өөрчлөгдсөн компанийн дүрэм буюу компанийн дүрмийн шинэчилсэн найруулгын төсөл, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Өөрчлөгдсөн компанийн дүрэм буюу компанийн дүрмийн шинэчилсэн найруулгын төсөл, 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн ..........................” ХХК-ийн дүрмийн шинэчилсэн найруулгын төсөл, 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Өөрчлөгдсөн компанийн дүрэм буюу компанийн дүрмийн шинэчилсэн найруулгын төсөл, 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Нотариатын гэрчилгээ, 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн №24/10 тоот итгэмжлэл /1-хх-ийн 10-35/ зэрэг баримтад дарагдсан байгаа ч албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч орчуулсан эсэх нь тодорхойгүй байхад шүүх  энэ талаар иргэний хэрэг үүсгэж шийдвэрлэсэн зэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.

            5.Түүнчлэн анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 198 дугаар зүйлд заасны дагуу тайлбарлах ба өрсөлдөх хэм хэмжээг /шилжүүлэх хөрөнгө нь нэг бүрийн шинжээр тодорхойлогдох эд юмс уу, эсхүл төрлийн шинжээр тодорхойлогдох эд юмс уу гэдэг/-ийг шалгаж байж үйл баримт болон эрх зүйн маргааны төрлийг зөв тогтоох тул цаашид анхаарах нь зүйтэйг дурдав.

            6.Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагч “............” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Эрдэнэ, хамтран хариуцагч “.............” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сангижав, Х.Эрдэнэцогт нарын гаргасан давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

            7.Давж заалдах шатны шүүхээс хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудаас “...мэтгэлцэх эрхээр хангаагүй...” гэх агуулга бүхий хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч “.............” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хамтран хариуцагч “..............” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,826,305.30 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв  аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 151/ШШ2025/00053 дугаар шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагч “........” ХХК, хамтран хариуцагч “..............” ХК-ийн гаргасан давж заалдах гомдлуудын зарим хэсгийг тус тус хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч “...........” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг, хамтран хариуцагч “Э..............” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,826,305.30 /долоон сая найман зуун хорин зургаан мянга гурван зуун таван төгрөг гучин мөнгө/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4 дэх хэсэгт заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь  хяналтын  журмаар  гомдол  гаргах хугацааг тоолоход саад  болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.ЦЭРЭНХАНД

 

                             ШҮҮГЧИД                                    З.ТҮВШИНТӨГС

 

                                                                                          Р.МӨНХ-ЭРДЭНЭ