| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2019/0041/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/49 |
| Огноо | 2019-05-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 2019/ШЦТ/49
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Ням,
Улсын яллагч: Д.Алимаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,
Шүүгдэгч Э.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Ж овгийн Э-ын Б-өд холбогдох эрүүгийн 1927000940033 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
1. Монгол улсын иргэн, 19__ оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, __ настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Хужирт сумын ___ баг, “___” гэх газар оршин суудаг, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй Ж овгийн Э-ын Б- /РД:___/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч Э.Б- нь 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын ___ багийн “___” гэх газар хохирогч Р.Л-ийн нүүрэн тус газар нь гараараа цохиж зүүн хөмсөгийг нь язалсаны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б-ийн өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Р.Л- гэдэг хүнийг цохиж гэмтэл учруулсан нь үнэн...” гэв.
Хохирогч Р.Л-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын ___ баг “___” гах газар гэртээ байж байхад манай саахалт айлын хүн Э.Б-, Б.Т- нар 21 цагийн үед манайд “Харзтай” нэртэй 0.75 граммийн нэг шил архитай ирсэн. Манай эхнэрийн төрсөн дүү Н- Улаанбаатар хотоос ирсэн байсан. Тэр архийг бид 4 хувааж уусан. Тэгээд архиа ууж дуусаад байж байтал Э.Б- надад баярхаад манайх 300 ямаа самнадаг гээд байсан. Тэгэхээр нь би харь гэж хэлтэл Э.Б- та яагаад намайг хөөгөөд байгаа юм бэ гэж хэлээд архины рүнк барьж байсан. гараараа зүүн талын хөмсгөн дээр оноод цус гаргасан. Тэгээд зуухны хажууд байсан устай данх шидсэн данхтай ус намайг оноогүй. Галтай байсан зуух өшиглөж унагаасан. Тэгэхээр нь би бариад авсан тэгээд гэрийн гадаа гарсан. Гэтэл Э.Б-, Б.Т- нар хөл, нуруу руу өшиглөж намайг элбэж зодсон. Э.Б- рүнктэй гараараа цохиж хөмсөг хэгзэлсэн, толгой, цээж рүү гараараа цохьсон. Б.Т- баруун, зүүн хөл рүү өшиглөсөн. Тэр хоёр намайг элбэж зодсон. Зүүн гар талын хөмсөг задарсан, зүүн гар талын дал хөндүүр өвчинтэй байгаа, зүүн баруун хөлийн булчин хавдартай байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-32 дугаар хуудас/,
Гэрч Ч.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 03 дугаар сарын 25-ны өглөө Р.Л- ахынд ямаа самнаад байж байхад өглөө 09 цагийн үед Э.Б-, Б.Т- нар ирээд надтай золгочихоод сумын төв рүү явсан. Тэгээд орой 21 цаг өнгөрч байхад өглөө ах дээрээ хоосон ирчихлээ гээд 0.75 граммын нэг шил архи авчирч өгсөн. Тэрийг нь Р.Л- ах, Э.Б-, Б.Т- бид 4 хувааж уусан. Тэгээд Э.Б-, Р.Л- ахад агсам согтуу тавиад согтуурхаад байсан. Тэгтэл Р.Л- ахын хөмсөг нь задарчихсан байсан. Тэгээд би дундуур нь ороод салгасан. Э.Б- нь Р.Л- ахын хөмсөг рүү рүнк барьж байсан баруун гараараа нэг удаа цохьсон. Нүүр лүү гараараа 2-3 удаа цохьсон. Тэгээд би дундуур нь орж салгаад байж байтал Б.Т- хажуу талаас орж ирээд Р.Л ахын нүүр лүү баруун гараараа 2-3 удаа цохьсон баруун хөл рүү нь 3 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
Гэрч Ч.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тэгээд би орон дээр хэвтэж байгаад 20 орчим минут унтчихсан байсан. Тэгээд хүмүүс чанга чанга дуугараад байхаар нь сэртэл манай нөхрийг Э.Б- орон дээр дарчихсан манай нөхрийн толгойноос цус гарчихсан манай дүү Ч.Н- салгаад Э.Б-ийг бариад авах гэтэл Б.Т- манай нөхрийг очоод өшиглөсөн байсан. тэгээд би босож очоод Б.Т-ийг салгаж авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,
Шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн дүгнэлт: “...1. Р.Л-ийн биед зүүн хөмсөгт шарх, зүүн гарын 3.4.5-р хуруунд зулгаралт, баруун хөлд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх шарх гэмтэл нь хатуу ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр, зулгаралт, цус хуралт гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой 4. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой 5. Хэргийн цаг хугацаанд үүссэн хуучин гэмтэл байна 6. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй 7. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 44 дүгээр хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 2, 3 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 13 дугаар хуудас/,
Шүүгдэгч Г.Б-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүгдэгч Э.Б- нь 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын ___ багийн “___” гэх газар хохирогч Р.Л-ийн нүүрэн тус газар нь гараараа цохиж зүүн хөмсөгийг нь язалсаны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Хохирогч Р.Л-ийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-32 дугаар хуудас, гэрч Ч.Н-, Ч.О- нарын өгсөн мэдүүлэгүүд /хх-ийн 35-36, 37-38 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн 44 дүгээр хуудас/, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Э.Б-ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Б- нь гэм буруутай байна, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Э.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Шүүх шүүгдэгч Э.Б-өд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан хуульд заасан торгох ял оногдуулав.
Ингэхдээ торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүгдэгч Э.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол саналгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-ын Б-ийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-ын Б-өд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын дотор төлж барагдуулах хугацаа тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар Э.Б- нь 450.000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар Э.Б-ийн эзэмшлийн 1 200 000 төгрөгийн үнэ бүхий 2 тооны үхрийг битүүмжилсэн прокурорын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 29 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Шүүгдэгч Э.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар Э-ын Б-өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Э-ын Б-өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА