| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 183/2022/04107/И |
| Дугаар | 210/МА2025/00297 |
| Огноо | 2025-02-07 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын багц хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2025/00297
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2024/05298 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч ******* ХХК-д холбогдох
Гэм хорын хохиролд 116,014,339 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл төлөхийг даалгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.*******ХХК-ийн ажилчид Улаанбаатар хотоос ажилдаа ирж очихдоо байгууллагаас гаргаж өгсөн автомашинаар явдаг бөгөөд миний бие хамт ажилладаг 13 хүний хамт 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ******* улсын дугаартай автомашинаар Улаанбаатар хот руу явж байх замд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт автомашины зөв талын урд дугуй салж унасны улмаас 2 удаа өнхөрч онхолдон, ажилчид болон жолооч гэмтэл авсан. ******* гэмтлийн хувийн эмнэлэгт нэгдсэн журмаар хэвтэж эмчлүүлсэн ба миний хувьд хүндэвтэр гэмтэж, 20 хоног эмчлүүлсэн ч ажилдаа ороогүй үргэлжлүүлэн эмчлүүлж байна.
1.2.Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт гаргасан боловч компаниас эмчилгээний зардалд 1,000,000 төгрөг өгснөөс өөр ямар ч тусламж дэмжлэг үзүүлээгүй тул ******* ХХК-аас дор дурдсан хохирлыг гаргуулна. Үүнд:
1.2.1.Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар гарсан эмчилгээний зардал 1,142,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сараас 12 дугаар сарын хугацаанд хийгдсэн эмчилгээний зардал 1,810,101 төгрөг, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, сувилуулахад гарсан зайлшгүй зардал 1,692,620 төгрөг, *******ээс захиалж авсан амин дэмний үнэ 426,700 төгрөг, 2023 оны 01 дүгээр сард ******* эмнэлэгт эмчилгээнд төлсөн 3,000,000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сараас 2024 оны 04 дүгээр сар хүртэлх эм, хагалгааны үеийн болон хагалгааны дараах эмчилгээний зардал 1,758,622 төгрөг;
1.2.2.Осол гарсан 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 09 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл ажиллаагүй хугацааны цалин 5,171,730 төгрөг, мөн 2022 оны 06 дугаар сараас 12 дугаар сар хүртэл ажилгүй байсан 8 сар, Чингэлтэй дүүргийн ******* газрын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 553591 дугаар шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар тогтоосон 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 1 жилийн цалин 32,542,650 төгрөг, мөн хугацаа сунгасан 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 1 жилийн цалин 19,525,536 төгрөгийг тус тус гаргуулах, үйлдвэрлэлийн осолд орсон үеэс хөдөлмөрийн чадвар алдалт тогтоосон хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөхийг даалгах;
1.2.3.Ослын үед эвдэрсэн 2017 онд БНСУ-аас 4,000,000 төгрөгөөр захиж авч байсан нөүтбүүкний үнэ 3,000,000 төгрөг, Айфон икс эс, Айфон 13 про макс, Айфон 5 маркийн 3 ширхэг гар утасны засварын зардал 435,000 төгрөг, зүүж явсан монетон гинж, 2 ээмэгний өрөөсөн нь алга болсон тул 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр худалдан авсан үнэ болох монетон гинжний үнэ 624,000 төгрөг, ээмэгний үнэ 584,000 төгрөг, мөн өмгөөлөгчийн хөлс 3,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 01-03-ны өдрийн хооронд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн шүүхийн шүүх хуралдаанд оролцсон замын зардал 283,200 төгрөг;
1.2.4.Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар сэтгэцэд учирсан хор уршгийн зэргийн 5 дугаар зэрэглэлд хамаарах хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 46-149 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 40,975,000 төгрөг;
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас 116,014,339 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1.Цалин хөлстэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсийг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч нь дутуу авсан цалин хөлс биш, дундаж цалингаа өөрөө тодорхойлоод нийт сараар үржүүлж гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Тухайн ослыг үйлдвэрлэлийн осол гэж тооцсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчид 9 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж өгсөн. Мөн 2022 оны 05 дугаар сараас 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоолгох хүртэл компаниас 3,439,314 төгрөгийн цалин хөлс авсан. Тодруулбал, 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1,424,857 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 540,463 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 736,995 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 736,999 төгрөг, нийт 3,439,314 төгрөгийг шилжүүлсэн.
Мөн нэхэмжлэгч нь 2020 оны 01 дүгээр сараас 2023 оны 12 дугаар сар хүртэл хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан учир 579,684 төгрөгөөр тэтгэвэр тогтсон. Нэхэмжлэгч 2023 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл 6,478,104 төгрөг, 2024 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 6,579,684 төгрөг, нийт 12,854,628 төгрөгийн тэтгэвэр авсан.
******* ХХК нь ******* ХХК-тай гэнэтийн ослын даатгалын гэрээ байгуулсан тул ******* ХХК-аас хөдөлмөрийн чадвараа алдсантай холбогдуулан 10,000,000 төгрөгийн нөхөн төлбөр нэхэмжлэгчид олгосон.
2.2.Мөн компани нь осол болсны дараа анхан шатны болон нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэсэн, бүх эмчилгээний зардлуудыг гаргаж өгч байсан. Энэ талаарх баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Компанийн зүгээс осолд орсон хүмүүст компанийн нэр дээр төлбөрийн баримт үүсгүүлээд ир гэсэн шаардлага тавьж байсан боловч өнөөдрийг хүртэл компанийн нэр дээр нэг ч баримт үүсгэж ирээгүй. Эмчилгээтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаас хагалгааны 3,000,000 төгрөг л баримттай байгаа.
2.3.Нэхэмжлэгчийн 2022 оны 05 дугаар сараас 12 дугаар сар хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.19, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэгт зааснаар даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг тухайн мөрдөгдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс даатгуулагчийн төлөх хувь хэмжээгээр тооцож үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэмжийн даатгалын сангаас тэтгэврийн сан төлнө. Үүнтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг манай компаниас хариуцах үндэслэлгүй.
2.4.Эм тариа, эмчилгээтэй холбоотой нэхэмжлэгчийн баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу бүрдүүлээгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй. Мөн асаргаа, сувилалтай холбоотой зардлын хувьд өдөр тутмын амьдралын ахуйн хэрэглээний зүйлсийг авсан байдаг. Энэ нь гэм хортой яаж холбогдож байгаа нь тодорхойгүй. Эм, эмчилгээг эмчийн заавраар жор бичиж өгдөг, үүний дагуу худалдаж авдаг. Гэтэл *******ийн бараа осолд орсон шалтгаан нөхцөлтэй ямар хамааралтай нь тодорхойгүй.
2.5.Эд хөрөнгийн хохиролд нөүтбүүк 3,000,000 төгрөг, монетон гинж, ээмэг 1,208,000 төгрөг, утасны засвар 435,000 төгрөг, нийт 4,643,000 төгрөгийг нэхэмжилж байна. Гэтэл нэхэмжилж байгаа эдгээр эд хөрөнгө нь эрүүгийн хэрэгт огт шалгагдаагүй, хохирогч *******т гэмт хэрэг гарах үед өөрт нь эд хөрөнгө байсан эсэх нь тодорхойгүй байгаа учраас нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тодруулбал, нэхэмжлэгч нь мөрдөн шалгах ажиллагаанд 3 удаа хохирогчоор мэдүүлэг өгсөн. Эрүүл мэндийн хохирлын асуудлаа яриад байгаа болохоос эд хөрөнгийн талаар огт мэдүүлж, шалгуулах хүсэлт гаргаж байгаагүй. Хэрэг мөрдөх ажиллагааны явцад хохирлын баримтаар гаргаж өгөөд шалгуулах бүрэн боломжтой байсан. Мөн иргэний шүүхэд зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохирол гэж нэхэмжилж байгаа бол ослын үед өөрт нь байсан гэдгээ тодорхойлсон нотлох баримтыг гаргаж өгөх ёстой байсан. Гэтэл хэрэгт гаргаж өгч байгаа баримтууд нь засварласан, худалдаж авсан гэсэн баримтууд байсан. Тийм учраас эд хөрөнгөд учирсан хохирол нотлох баримтаар нотлогдохгүй байгаа тул төлөх үндэслэлгүй.
2.6.Мөн эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа авсан гэж нэхэмжилсэн өмгөөлөгчийн зардал 3,000,000 төгрөгийг гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол хор уршигт гаргуулбал зохих төлбөр гэж үзэхгүй. Учир нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заавал өмгөөлөгч оролцох субъектыг тодорхой заасан ба хохирогч *******ийн хэрэг заавал өмгөөлөгч авах заалтад хамаарахгүй тул өмгөөлөгчийн хөлс төлөх үндэслэлгүй байна.
2.7.Тухайн гэмт хэрэг нь 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр гарсан. Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх бөгөөд тухайн хуульд буцаан хэрэглэх талаар дурдаагүй. Мөн Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэж заасан. Иймд сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой хуулийн зохицуулалт хэрэгжиж эхлэхээс өмнөх хугацааны асуудал нь тус зохицуулалтад хамаарахгүй тул гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан нөхөн төлбөрт 40,975,000 төгрөгийг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэжээ.
3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******ын тайлбарын агуулга:
3.1.Миний бие 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дэвсгэрт байрлах ******* ХХК-ийн Ханги мандал дахь кэмпээс ******* ХХК-ийн зөвшөөрлөөр 14 хоногийн ээлжийн ажлаас буусан 13 хүнийг автомашинаараа тээвэрлэж хүргэж өгөх явцад автомашины дугуйны гэмтлийн улмаас онхолдож авто осол гарсан. Би хэдийгээр осол болох үед автомашиныг жолоодож явсан ч *******болон *******ХХК-ийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ээлжийн ажлаас буух тохиолдолд компанийн зүгээс автомашинаар бүрэн хангаж, Улаанбаатар хот руу хүргэж, аюулгүй байдлыг хангахаар заасан, би ээлжээс буусан ажилчдыг хүргэж өгөх үүрэг хүлээгээгүй. *******ийн хохирлыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч ******* ХХК болон ******* ХХК хариуцах ёстой гэж үзэж байна. Тухайн ослын улмаас өөрийн автомашин ямар ч засвар авах боломжгүйгээр эвдэрч эд материалын их хохирол учирсан, өөрийн биеийн байдал гэмтлийн улмаас өвчтэй байгаа.
Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хариуцах үндэслэлгүй байна.
3.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй санал нэг байна. Үүнд сэтгэцэд учирсан нөхөн төлбөрт 40,975,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжилж байгаа цалин хөлсний хувьд хариуцагч талын гаргасан тайлбарыг зөвшөөрч байна. Мөн эм, тариатай холбоотой зарим баримтууд тодорхойгүй, баримтын шаардлага хангаагүй.
3.3.Миний бие 8-11 насны 4 хүүхэдтэй, хөдөө амьдардаг, эрхэлсэн ажилгүй, автомашинаараа хэрэглээний мөнгө олдог, эхнэр маш хүнд өвчтэй байнгын асаргаатай байдаг гэжээ.
4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК-иас гэм хорын хохиролд 17,743,574 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 98,270,765 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227,950 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан буцаан олгож, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 246,668 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэсэн байна.
5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
5.1.Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж гэж эрх үүссэн даатгуулагч хөдөлмөрийн чадвараа түр алдах тохиолдолд өөрт нь нэг удаа олгох мөнгөн хөрөнгийг ойлгох бөгөөд эрүүл мэндээрээ хохирч, хөдөлмөрийн чадвараа алдсан тухайн тохиолдолд нь олгож буй тул энэхүү тэтгэмжийг цалин хөлсөд тооцохгүй, цалин хөлстэй дүйхгүй, түүний дутууг нөхөхөд зориулагдахгүй юм.
Анхан шатны шүүх нь ажилтанд учирсан гэм хорын хохиролд хариуцагч гэм буруутай, гэм хорын хохирлын улмаас ажилтны авах ёстой байсан нэг өдрийн цалин хөлс, нийт хугацаа зэргийг хуульд зааснаар зөв тогтоосон хэдий ч нийгмийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжид олгосон нийт 12,293,942 төгрөгийг нэхэмжлэгчийн дутуу авсан цалин хөлснөөс хасаж тооцсон нь хуульд нийцээгүй байна. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллага нь үйлдвэрлэлийн ослын улмаас нэхэмжлэгчид учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй, уг үүргээ биелүүлээгүй нь дутуу авсан цалин хөлсийг төлөхгүй байх үндэслэл болохгүй.
Шүүх нэхэмжлэгчийн авч байсан цалин хөлсний дунджийг тодорхойлохдоо хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудсыг үндэслэн нийгмийн даатгалын байгууллагын тогтоосон хэмжээгээр буюу сарын дундаж цалин 1,053,973 төгрөг, 1 өдрийн цалин 49,022 төгрөгөөр тооцсон нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын хавсралтын 2.1.1-д нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хувааж гэж заасныг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн чадвар алдсаны эмнэлгийн хуудсыг үндэслэл болгосон нь үндэслэлгүй болсон. Нэхэмжлэгчийн 2021 оны 06 дугаар сараас 2022 оны 05 дугаар сарыг хүртэл хугацааны буюу сүүлийн 12 сарын цалингийн дундаж тооцоолол, /642,000+1,617,000+2,325,000+2,250,000+2,768,205.59+2,241,325.56+1,308,000+1,773,000+756,000+1,634,000+558,000+1,653,000=19,525,530:12cap=1,627,128 /нэг сарын дундаж цалин/. Ажилгүй байсан хугацааны цалин 2022 оны 05 дугаар сарын 21-нээс 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх 8 сарын цалин 1,627,128x8=13,017,024 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 01-нээс 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх 12 сарын цалин 1,627,128x12=19,525,536 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 01-нээс 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх 12 сарын цалин мөн 19,525,536 төгрөг, нийт 52,068,084 төгрөг болно. Учир нь нийгмийн даатгалын байгууллагын тогтоосон хэмжээгээр тооцох талаар Хөдөлмөрийн тухай хууль болон Дундаж цалин хөлс тодорхойлох журамд заагаагүй байхад нийгмийн даатгалын байгууллагын тогтоосон хэмжээгээр тогтоосон нь үндэслэлгүй.
Шүүхийн шийдвэрт 2023 онд олгосон тэтгэвэр 6,478,104 төгрөг байх тул 2024 оны тэтгэврийн хэмжээг 579,684 төгрөгөөр тооцож 6,376,542 төгрөг гэж алдаатай дүгнэсэн.
5.2.Мөн шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч 2023 оны 01 дүгээр сард ******* гэмтэл согогийн эмнэлгийн хагалгаа, эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн зардалд 3,000,000 төгрөгийг хариуцагч зөвшөөрсөн тул нийт эмчилгээний зардалд 6,104,634 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй, мөн хэсгийн 10-т /дутуу авсан цалин хөлсний зөрүү 14,638,940 төгрөг, эм, эмчилгээний зардал 1,145,281+3,000,000+1,673,363+285,990 төгрөг=17,743,574/ гэж дүгнэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт уг 3,000,000 төгрөгийг орхигдуулсан.
Мөн эмчилгээний зардалд 8,137,423 төгрөг, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, сувилуулах зэрэг зайлшгүй зардал 1,693,620 төгрөг, нийт 9,831,043 төгрөгийг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байсан.
5.3.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8.4-т мөн нэхэмжлэгч нь гар утасны засварын үнэ 435,000 төгрөг, зөөврийн компьютер 3,000,000 төгрөг, монетон гинж, ээмэг 1,208,000 төгрөг, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдаанд оролцох замын зардалд 283,200 төгрөгийг тус тус гаргуулахаар шаардсан боловч бензин авсан баримт, замын зардал нь хаанаас хаашаа явсан нь тодорхойгүй уг эд зүйлийн хохирлыг эрүүгийн хэрэгт нэхэмжилж байсан боловч хохиролд тооцон гаргуулаагүй гэж хариуцагчийн төлөөлөгч нь тайлбарласан бөгөөд энэ нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоол, шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна гэжээ. Гэтэл Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/104 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4-т ...хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний зардал, бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай гэж заасны дагуу гар утсаа засварлуулсан, ослын улмаас зөөврийн компьютер эвдэрсэн фото зураг, монетон гинж, ээмэгний баримт, бензин, замын зардлын баримтуудыг хэрэгт гаргаж өгсөн байхад үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын эрүүгийн өмгөөллийн үйлчилгээний хөлс 3,000,000 төгрөг, сэтгэцийн хор уршгийг арилгах нөхөн төлбөрт 40,975,000 төгрөгийг хасаж, үлдэх 72,039,339 төгрөгийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
6.Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
6.1.Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэвэр 12,293,942 төгрөгийг нэхэмжлэгчид олгох дутуу авсан цалин хөлснөөс хасаж тооцсон нь хуульд нийцээгүй гэх гомдлын тухайд. ******* нь хүндэвтэр гэмтэж хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан. Нийгмийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн баримтаар *******нь 2023, 2024 онд хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр буюу сард 597,000 төгрөгийг авдаг бөгөөд сар бүр олгосон тэтгэврийн баримт хэрэгт авагдсаныг анхан шатны шүүх үндэслэн шийдвэрээ гаргасан.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоо нэхэмжлэх эрхтэй учир анхан шатны шүүхээс *******ийн хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсанаас үүдэн 2023, 2024 онд авсан нийт тэтгэвэр 12,293,942 төгрөгийг түүнд олгох дутуу авсан цалин хөлснөөс хасаж тооцсон шийдвэр үндэслэлтэй.
Анхан шатны шүүх осолд орсноос хойш буюу 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл компаниас урьдчилгаа болон сүүл цалин гэж 3,439,314 төгрөгийг олгосон гэж үзэж *******т олгох дутуу цалин хөлс олгох дүнгээс хасаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
Дундаж цалин хөлсийг тооцоолсон аргачлалын талаар гомдол гаргасан тухайд. Анхан шатны шүүхийн шийдвэр мөн үндэслэл бүхий гарсан. Учир нь дундаж цалин хөлс тооцоолох журам нь хөдөлмөрийн харилцаатай холбоотой хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид заасан харилцаанд үйлчилнэ гэж заасан.
Мөн нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар үйлдвэрлэлийн ослын улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй, үүргээ биелүүлсэн нь дутуу авсан цалин хөлсийг төлөхгүй байх үндэслэл болохгүй гэсэн нь бүхэлдээ үндэслэлгүй. Учир нь ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар осолд орсон ажилтан *******т 50 хувь хөдөлмөрийн чадвараа алдсантай холбоотойгоор 9 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэвэр олгосон, гэхдээ бидний зүгээс энэхүү олгосон тэтгэврээ түүнд олгох дутуу авсан цалин хөлснөөс хасаж тооцож гаргаж өгнө үү гэх саналыг анхан шатны шүүх хуралдааны үед гаргасан боловч шүүх уг хүсэлтийг хүлээж аваагүй. Өөрөөр хэлбэл олгох ёстой дутуу олгосон цалин хөлснөөс дээрх мөнгөн дүн хасагдаагүй. Хариуцагч талын тайлбар болон давж заалдах гомдолд дурдагдаж буй ******* гэх хүн нь *******ХХК-д, ******* нь ******* ХХК-д ажилладаг, нэг унаагаар явж байгаад осолд орсон хүмүүс. *******ийн хэргийг шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь хуулийг зөв хэрэглэсэн байхад *******ийн хэрэгт буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч тал тайлбарладаг. Гэвч бодит байдалд дундаж цалин хөлсийг нь тооцоолсон аргачлал нь дээрх 2 хүний хувьд яг адил буюу Нийгмийн даатгалын газраас тогтоосон дундаж цалин хөлсийг баримталсан бөгөөд эдгээр хүмүүс нь өөр өөр ажил мэргэжилтэй ба цалингийн хувьд ч өөр байдаг.
6.2.Эм тарианы зардалтай холбоотой гомдлын тухайд уг зардлын баримтуудыг хуульд заасан аргаар бүрдүүлж, цуглуулсан эсэх нь эргэлзээтэй буюу эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны явцад эм тариатай холбоотой баримтын асуудал яригдахад таньдаг хүн болон хамаатнаасаа авсан гэх зүйлийг ярьж байсан учир эргэлзээ бүхий, хэрхэн яаж холбогдож байгаа, эмчийн заавар жоргүйгээр хэрэглэж байсан эсэх, үнэхээр эмчилгээ шаардлагатай байсан эсэх нь нотлогдож байх ёстой бөгөөд дээрх баримтуудыг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж хариуцагч талын зүгээс тайлбарлаж байсан боловч анхан шатны шүүх Орифлэймын 400,000 гаруй төгрөгийн баримт болон ахуйн хэрэглээний зүйл авсан 1,600,000 гаруй төгрөгийн баримтыг хангаагүй болохоос бусад үлдэх баримтыг эм тариа, эмчилгээг авсан байна гэж үзэж хангасан, үүнтэй холбоотойгоор манай талаас гомдол гаргаагүй. Түүнчлэн эмчилгээний тухайд ажил олгогч хуульд заасан үүргээ биелүүлсэн бөгөөд эмчилгээ, эм тариа шаардлагатай тохиолдолд компанийн нэр дээр төлбөрийн баримт үүсгүүлж ирвэл бидний зүгээс төлж болно гэсэн боловч өнөөдрийг хүртэл компанид ямар нэгэн төлбөрийн баримт үүсгэгдэж ирээгүй.
6.3.Түүнчлэн эд хөрөнгийн хохиролд зөөврийн компьютер, монетон гинж, ээмэг, гар утасны засвар зэрэгт нийт 4,643,000 төгрөгийг нэхэмжилсэн нь эрүүгийн хэрэгт огт шалгагдаагүй. Тухайн эд хөрөнгө нь хохирогч *******т тухайн үед байсан гэдэг нь тогтоогдоогүй тул гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирол гэж нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Тодруулбал, нэхэмжлэгч ******* нь тухайн гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор 3 удаагийн мэдүүлэг өгөхдөө зөвхөн эрүүл мэндтэй холбоотой хохирлын талаар мэдүүлж, нэхэмжилж байсан болохоос эд хөрөнгийн хохирлын талаар мэдүүлсэн, нэхэмжилсэн, шалгуулах хүсэлт гаргаж байсан зүйл байдаггүй. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэрэгт энэ талаар шалгуулж байгаагүй. Иргэний хэргийн шүүхэд зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохирол гэж нэхэмжилж байгаа тохиолдолд ослын үед өөрт нь дээрх эд хөрөнгө байсан, ослын улмаас эвдэрч гээгдсэн гэх нотлох баримтаа бүрдүүлж өгөх ёстой байсан. Гэтэл ослын үед эдгээр зүйлс өөрт нь байсан гэх ямар нэгэн баримт хэрэгт байхгүй, зөвхөн худалдаж авсан, засварласан баримтуудыг гаргаж өгсөн бөгөөд хохирлын үнэлгээ мөн хийгдээгүй. Гэмт хэргийн улмаас эд хөрөнгөд учирсан гэх 4,643,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул үүнийг хариуцагч тал төлөх үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч *******нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан үйлдвэрлэлийн ослын улмаас учирсан хохирол 116,014,339 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл төлөхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
3.******* ХХК нь ээлжийн ажлаас буусан бичиг хэргийн ажилтан ******* болон нэр бүхий бусад ажилтныг 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгаас Улаанбаатар хот руу жолооч *******ын жолоодсон ******* улсын дугаартай, УАЗ фургон маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлүүлэх явцад Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осолд орж, уг ослын улмаас *******ийн биед баруун эгэмний бяцарсан хугарал, баруун талын 1 дүгээр хавирга зөрүүгүй, 2 дугаар хавирга зөрүүтэй, зүүн талын 2 дугаар хавирга зөрүүгүй хугарал, бүсэлхийн L1-ийн шахагдсан хугарал, тархины доргилт гэмтлүүд учирсан болохыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/104 дүгээр шийтгэх тогтоолыг үндэслэн зөв тогтоожээ.
Дээрх шийтгэх тогтоолд жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.9а-д ...тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон олон зорчигч ...тээвэрлэхийг хориглоно, мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын 3.4-д дугуйн булны бэхэлгээ сул, бэхэлгээний эрэг, шураг дутуу, найдваргүй бэхлэгдсэн, ...тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангахгүй автомашин ашиглахыг хориглоно гэж заасныг тус тус зөрчсөний улмаас хохирогч ******* *******, ******* нарын биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл ногдуулсан байна.
4.Мөн ******* ХХК нь 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт үйлдэж, дээрх зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсныг үйлдвэрлэлийн осолд тооцсоныг шүүх зөв тогтоосон.
5.Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас ажил хөдөлмөр эрхлээгүй хугацааны цалин хөлс 57,239,916 төгрөг, эмчилгээ, сувилгааны зардал 9,830,043 төгрөг, эд хөрөнгийн хохирол 7,926,200 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 40,975,000 төгрөг тус тус хариуцагчаас гаргуулахаар шаардсан ба хариуцагч нь гэм хорыг арилгах үүрэгтэй эсэхэд маргаагүй, харин үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрт төлсөн 9,801,450 төгрөг, олгосон цалин 3,439,314 төгрөг, ******* даатгал компаниас даатгалын нөхөн төлбөрт төлсөн 10,000,000 төгрөг, мөн үйлдвэрлэлийн ослын даатгалын сангаас олгосон тэтгэвэр тус тус хасагдах үндэслэлтэй, эмчилгээний баримтуудаас мэс заслын эмчилгээний зардал 3,000,000 төгрөг баримтаар нотлогдсон гэж маргажээ.
5.1.Үйлдвэрлэлийн ослын улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хөдөлмөрийн чадвараа 50 хувиар алдсан байх ба нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэм хор арилгахыг хариуцагч байгууллагаас шаардах эрхтэйг анхан шатны шүүх зөв дүгнэсэн.
а.Эрүүл мэндэд учирсан гэм хорд хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого хамаарахаар хуульд заасан ба дутуу авсан цалин хөлсний хэмжээг тогтоохдоо Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу нэхэмжлэгчийн авч байсан дундаж цалин хөлсөөр тодорхойлно. Уг журамд Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу нэмэгдэл хөлс, олговор, тэтгэмжийг тооцоход ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр, харин ажилтны цалин хөлснөөс суутгал хийж хохирлыг нөхөн төлүүлэх, ажилтанд эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх, түүнчлэн үйлдвэрлэлийн осолд өртсөн ажилтанд олгох нөхөн төлбөрийг тооцоход ажилтны сүүлийн 6 сарын цалин хөлсөөр тус тус тооцохоор заасан.
Иймээс үйлдвэрлэлийн осолд өртөхөөс өмнө нэхэмжлэгч *******ийн 2021 оны 11, 12 дугаар сар, 2022 оны 01, 02, 03, 04 дүгээр саруудад авсан цалин хөлсөөр нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлох нь зүйтэй бөгөөд үүний дагуу тооцвол 1,378,387 төгрөг //2,241,325+1,308,000+1,773,000+756,000+1,634,000+558,000/6/ байна. Үүнийг нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвар алдсан 2022 оны 06 дугаар сараас 2024 оны 12 дугаар сарын хугацаанд 30 сараар тооцоход 41,351,610 төгрөг болно. Анхан шатны шүүх хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж тооцсон 3 сарын цалин хөлсийг үндэслэсэн нь тус журамд нийцээгүйг дээрх байдлаар залруулна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь давж заалдах гомдолдоо уг журмын 2.1.1 дэх заалтыг үндэслэн 12 сарын цалин хөлсөөр тооцсоныг хүлээн авах үндэслэлгүй, учир нь нэг сарын, нэг өдрийн, нэг цагийн дундаж цалин хөлсийг тодорхойлохтой холбоотой нийтлэг зохицуулалтад уг заалт хамаарч байхаас гадна 12 сараар тооцох агуулга илэрхийлэгдээгүй байна.
б.Ажил олгогч болон даатгуулагч нь цалин хөлснөөс үйлдвэрлэлийн ослын даатгалын шимтгэл төлсөнтэй холбоотойгоор уг даатгалын сангаас нэхэмжлэгчид тэтгэвэр олгогдож байгаа тул 2023, 2024 онуудын тэтгэвэр 12,854,628 төгрөгийг дутуу авсан цалин хөлсөөс хасч тооцох үндэслэлтэйг анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн чадвар алдалтын хугацааг 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгуулсан атлаа 2024 онд тэтгэвэр авсан талаарх баримтыг ирүүлээгүй тул шүүх тэтгэврийг тогтоогдсон хэмжээгээр тооцсоныг буруутгахгүй. Мөн хариуцагчаас 2022 оны 09, 10 дугаар сард цалин хөлс 3,439,314 төгрөгийг нэхэмжлэгчид олгосон тул уг дүн мөн хасагдана.
Дээрх үндэслэлээр хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас нэхэмжлэгчийн дутуу авсан цалин хөлсийг 25,057,668 төгрөгөөр /41,351,610-12,854,628-3,439,314/ тогтоох нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасанд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Үүнээс гадна хариуцагч байгууллагаас үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрт төлсөн 9,801,450 төгрөг, ******* даатгал компаниас төлсөн даатгалын нөхөн төлбөр 10,000,000 төгрөг тус тус цалин хөлснөөс хасагдах үндэслэлгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтэд хариуцагч талаас гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс нэмж дүгнээгүй болно.
5.2.Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн эмчилгээ, сувилгааны зардал 9,830,043 төгрөгөөс анхан шатны шүүх 6,104,634 төгрөгт холбогдох хэсгийг хангах үндэслэлтэйг дүгнэхдээ эмнэлгийн байгууллагын зарлагын баримтууд, төлбөрийн болон НӨАТ-ын баримтууд зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь харьцуулан үзэж, тус хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь зөв үнэлсэн, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Түүнчлэн нэхэмжлэлээс асарч сувилах, нэмэгдэл хоол, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, сувилуулахад гарсан зайлшгүй зардал 1,692,620 төгрөг, *******ээс захиалж авсан амин дэмийн үнэ 426,700 төгрөг, мөн 2022 оны 06-12 дугаар сард хийгдсэн эмчилгээний зардлаас 136,738 төгрөг, 2023 оны 04 дүгээр сараас 2024 оны 04 дүгээр сарын хугацаанд хийгдсэн эмчилгээний зардлаас 1,472,632 төгрөгийн хувьд, холбогдох баримтуудын бичвэр уншигдахгүй, мөн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбоотой зайлшгүй зардалд тооцогдохгүй гэж шүүх дүгнэсэн нь дээр дурдсан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй.
Харин хариуцагчийн хүлээн зөвшөөрч маргаагүй зардал болох мэс заслын эмчилгээний зардал 3,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар дүгнэсэн атлаа шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт орхигдуулж техникийн шинжтэй алдаа гаргасан байх тул өөрчлөлт оруулж залруулна.
5.3.Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан шийтгэх тогтоол, эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тэмдэглэлийг харьцуулан үзээд ослын улмаас гар утас, зөөврийн компьютер эвдэрсэн, монетон гинж, өрөөсөн ээмэг үрэгдсэн буюу эд хөрөнгөд хохирол учирсан нь тогтоогдоогүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй. Учир нь, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн хохирол нь зам тээврийн ослоос шууд шалтгаалж учирсан болох нь баримтаар тогтоогдсон байх шаардлагатай бөгөөд хэрэгт авагдсан фото зураг, засварын баримт, анх худалдан авсан баримт зэргийг үндэслэн хохирол учирсныг тогтоох боломжгүй юм. Мөн бензин, замын зардлын баримт нь эрүүгийн шүүх хуралдаанд оролцохтой холбоотой эсэх нь тодорхойгүй гэж шүүх дүгнэснийг үгүйсгэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.
5.4.Нэхэмжлэгч нь өмгөөллийн үйлчилгээний хөлс 3,000,000 төгрөг, сэтгэцийн хор уршгийг арилгах нөхөн төлбөр 40,975,000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрсөн талаар давж заалдах гомдолдоо тусгасан тул энэ талаар дүгнээгүй болно.
6.Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөхийг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд, осолд орсон 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоосон 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд шимтгэл бүрэн төлөгдсөн нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээлэл баримтаар тогтоогдсон, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд үйлдвэрлэлийн ослын даатгалын сангаас нэхэмжлэгчид тэтгэвэр олгогдож, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.19, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэгт зааснаар даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс зохих хувь хэмжээгээр тооцож, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас тэтгэврийн даатгалын санд төлөгдөж байгаа талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт уг шаардлагыг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт нийцээгүй байна.
Иймээс давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэх үүргийн хүрээнд шийдвэрийн тогтоох хэсэгт уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн заалтыг нэмж тусгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Анхан шатны шүүх иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн талаарх үндэслэлээ Монгол улсын шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.7 дахь хэсэгт зааснаар шийдвэртээ тодорхой тусгасан байна.
7.Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчаас 31,162,302 төгрөг /25,057,661+6,104,634/ гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсэг болон нийгмийн даатгалын шимтгэл төлөхийг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчлөхөөр шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2024/05298 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтад ...17 743 574... гэснийг 31,162,302 гэж, ...98 270 765 төгрөгийг... гэснийг 84,852,037 төгрөгт холбогдох хэсэг болон нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөхийг хариуцагчид даалгуулах тухай шаардлагыг гэж,
2 дахь заалтад ...246 668 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай. гэснийг 313,762 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Д.ЗОЛЗАЯА