| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/05888/И |
| Дугаар | 4651 |
| Огноо | 2016-07-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 4651
Хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг батлах тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг 12 дугаар хороо Чулуут 7 дугаар гудамж 191 тоотод оршин суух, 1970 онд төрсөн 46 настай, Хатиган овогт Дашдоржийн Наранцэцэг /РД-ХИ70061401/.
Хариуцагч: Баянгол дүүрэг 3 дугаар хороо 2 дугаар хороолол 38 дугаар байр 13 тоотод оршин суух, 1984 онд төрсөн 32 настай, Хабчин овогт Хүрэлбаатарын Энхчимэг /РД-ЧЖ84051806/.
1.700.000 төгрөг гаргуулахыг шаардсан иргэний хэргийг 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Наранцэцэг, хариуцагч Х.Энхчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Наранцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Х.Энхчимэгт 1.700.000 төгрөг зээлдүүлсэн бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төлнө гэсэн. Гэвч худал ярин өнөөдрийг хүртэл төлөөгүй тул түүнээс 1.700.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.Наранцэцэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжилсэн 1.700.000 төгрөгийг Х.Энхчимэг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэхэд татгалзахгүй гэв.
Хариуцагч Х.Энхчимэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Наранцэцэгийн нэхэмжилсэн 1.700.000 төгрөгийг сард 200.000 төгрөгөөр төлөх боломжтой гэжээ.
Хариуцагч Х.Энхчимэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжилсэн 1.700.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Би сард 500.000 төгрөгийн цалинтай ажилтай. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэхэд татгалзахгүй гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Наранцэцэг хариуцагч Х.Энхчимэгт холбогдох гэрээний үүрэгт 1.700.000 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч Х.Энхчимэг нь 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгч Д.Наранцэцэгээс 1.700.000 төгрөгийг хүүгүй, 1 сарын хугацаатай зээлдэж авсан болох нь шүүхэд гаргасан нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.
Шүүх хуралдааны шатанд хариуцагч Х.Энхчимэг нэхэмжлэлийн шаардлага 1.700.000 төгрөгийг төлөхийг бүхэлд нь зөвшөөрч зохигч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийг хүссэн хүсэлтийг гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй тул хариуцагч Х.Энхчимэгээс 1.700.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Наранцэцэгт олгож хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Х.Энхчимэгээс хангаж буй үнийн дүнд ногдох хураамж гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Наранцэцэг нь хариуцагч Х.Энхчимэгт холбогдох гэрээний үүрэгт 1.700.000 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 62.000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Х.Энхчимэгээс 62.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Наранцэцэгт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА