Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2025/00296

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2024/04808 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, баталгаажуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

******* нь "*******" ХХК-д 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс нягтлан бодогчийн албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр компанийн гүйцэтгэх захирал ******* нь байгууллага санхүүгийн хүндрэлтэй байна, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон, би нутаг буцах гэж байгаа, өнөөдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөрт багтаан заавал ажлаа хүлээлгэж өг, чамайг ажлаас халлаа, маргаашаас ажилдаа ирэх шаардлагагүй гэж хэлсэн. Тухайн өдөр удаа дараа өрөөндөө дуудаж, ажлаа хүлээлгэж өгөхийг шаардсан учир би компанийн эрүүл мэндийн төслийн менежер *******д ажлаа хүлээлгэж өгсөн. Үүний дараа гүйцэтгэх захиралтай уулзаж 12 дугаар сар дуустал ажиллуулахыг хүссэн, мөн ажилладаг нь үнэн гэсэн тодорхойлолт гаргаж өгөхийг хүсэхэд 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл ажилласан нь үнэн гэх тодорхойлолтыг хийж өгч, цаашид ажиллуулахгүй гэсэн. Надад ажлаа үргэлжлүүлэн хийх хүсэл сонирхол байсан боловч намайг ажиллах боломж нөхцөлөөр хангаагүй. "******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын уг шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу Хан-уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2023 оны 01 дүгээр сарын 06, 16-ны өдөр гомдол гаргасны дагуу хорооны мэргэжилтнүүд "*******" ХХК дээр надтай хамт очиж уулзалт хийсэн боловч тодорхой үр дүнд, зөвшилцөлд хүрээгүй. Ажлаас халсан тушаалыг асуухад компанийн зүгээс хурлын тэмдэглэл гэх зүйлийг үзүүлсэн. Анх намайг ажлаас халахдаа ямар нэгэн тохиролцоонд хүрээгүй надтай юу ч яриагүй хэр нь хурлын тэмдэглэл гэсэн нэртэй зүйлийг үзүүлсэн, улмаар хорооны 39 дүгээр тэмдэглэлээр гомдлын шаардлагыг хангахгүй орхисон.

Үүний дараа "*******" ХХК-аас зохион байгуулалттайгаар мэдэгдэл өгсөн. Намайг ажиллах боломж нөхцөлөөр хангахгүй, дахиж ирэх шаардлагагүй гэж хэлж, гар утас болон цахим харилцааны хэрэгслүүдээр холбогдох боломжгүй нөхцөлд хүргэчихээд 12 дугаар сарыг дуустал чөлөө олгосон, өөрөө хүсэлтээ өгөх байсан, өгөөгүй тул ирж ажилла, үгүй бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцална гэсэн утга бүхий цахим шууданг ирүүлсэн. Ийм тохиролцоо анхнаасаа бидний дунд байгаагүй бөгөөд хууль бусаар ажлаас халсан үйлдлээ зөвтгөх оролдлого хийсээр ирсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болох үндэслэлүүдийг дурдсан бөгөөд "*******" ХХК нь намайг үндэслэлгүйгээр ажлаас халж, өнөөдрийг хүртэл ажлаас халагдсан тушаалыг өгөхгүй байгаа юм.

Иймд намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн төлөлт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

******* ХХК нь 2021 онд *******тай харилцан тохиролцож ажилд томилон ажиллуулсан. Байгууллагын зүгээс тухайн үеийн санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг ажилтнуудад танилцуулан 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөгдөх, 12 дугаар сарыг дуусталх хугацаанд цалинг нь тооцон олгох, дээрх хугацаанд ажилдаа ирэхгүй байж болох талаар хэлэлцэж хүлээн зөвшөөрснөөр ажил хүлээлцэх акт үйлдсэн. ******* нь дараа өдөр нь ирж ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгнө гээд 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс ажилдаа ирээгүй бөгөөд 7 хоногийн дараа холбогдож, хүүхэдтэйгээ хөдөө явж байна, би саналыг хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлээд түүнээс хойш ажилдаа ирээгүй. Түүний нэхэмжлэлд дурдаад буй надад ажлаа үргэлжлүүлэн хийх хүсэл сонирхол байсан, мөн дарамт шахалт үзүүлсэн гэх боловч энэ нь бодитой үйл баримтгүй, нотлогдохгүй байна. Улмаар компанийн зүгээс *******г үргэлжлүүлэн ажиллах сонирхолтой бол ирж ажиллах талаар мэдэгдсэн боловч тодорхой хариу өгөлгүй явсаар 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ирж, халагдсан тушаал гаргаж өг эсхүл ажиллаагүй хугацааны цалин олгож, нийгмийн даатгалыг нөхөн төлж, БНСУ-ын элчин сайдын яаманд одоо ажиллаж байгаа гэсэн бичиг хийж өг гэсэн тулган шаардлагуудыг хэлсэн. Компанийн зүгээс *******гийн ажиллаагүй хоногийн цалинг олгох, нийгмийн даатгалыг нөхөн төлөх зэрэг шаардлагыг биелүүлж, харилцан тохиролцох санал тавьж 2 тал хүлээн зөвшөөрсөн. Улмаар маргааш нь буюу 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ирж ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгнө гэж хэлээд дахин ирээгүй. 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр *******гийн гомдлын дагуу Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талд хорооны хурлаар болон хурлын өмнөх уулзалтад компани *******г үргэлжлүүлэн ажиллах боломж, саналыг тодорхой илэрхийлсээр ирсэн нь хурлын тэмдэглэлийн хэлэлцсэн асуудлын 6-д тодорхой тусгагдсан. Ажил хүлээлцэх акт үйлдэн ажиллах боломж, нөхцөлөөр хангаагүй гэх нэрийдлээр ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, баримт бичиг, бусад зүйлээр хангах Хөдөлмөрийн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх боловч энэ нь нотлогдохгүй талаар гурван талт хорооны хурлаар илэрхий болсон байна.

Иймд компанийн гүйцэтгэх захирлын тушаалаар *******г ажлаас чөлөөлөөгүй байтал ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх хууль эрх зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******г ******* ХХК-ийн Нягтлан бодогчийн ажлын байранд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 35,640,478 төгрөгийг хариуцагч ******* ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлснийг баталгаажуулахыг ******* ХХК-д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас хуульд зааснаар чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 336,153 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэсэн.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

4.1.Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ биелүүлээгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.2-т "Нэхэмжлэгч, хариуцагчийн хэн алинынх нь тайлбараар 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болж, ажилтан *******с ажил үүргийг нь гүйцэтгүүлэх зорилгоор олгосон эд хөрөнгө, ажил үүргийн дагуу бүрдүүлсэн бичиг баримт зэргийг хүлээн авсан үйл баримт тогтоогдож байна. Энэ талаар талууд маргаагүй" гэжээ.

Хариуцагч бичгээр гаргасан болон шүүх хуралдааны явцад хэлсэн тайлбартаа "нэхэмжлэгч нь ажил олгогчтой харилцан тохиролцсон нөхцөлөө биелүүлээгүй ба өөрөө ажил үүргээ орхиж явсан, ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ өгөөгүй буюу энэ тухай ажил олгогчид мэдэгдээгүй, ******* гэх хүнтэй үйлдсэн гэх албан бус актыг ажил олгогч хүлээн зөвшөөрөөгүй" тухай удаа дараа илэрхийлсэн боловч уг тайлбарыг харгалзан авч үзээгүй. Шүүгч нь талуудын тайлбарыг шийдвэрийн үндэслэл болгосон гэх боловч энэ нь нотлох баримтын шаардлага хангаагүй буюу эрх бүхий этгээдээс баталгаажуулаагүй, хуулбар баримтыг үнэлснээ нуун далдалсан үйлдэл байх боломжтой.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.3.6-д "Хариуцагчийн талууд харилцан тохиролцож хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон гэх тайлбар баримтаар тогтоогдоогүй" гэх боловч хариуцагчийн зүгээс бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа ийм агуулгатай зүйл огт яриагүй, харин "ажилтан нь ажил олгогчид мэдэгдээгүй ажил үүргээ орхиж явсан нь өөрийн санаачилгаар хөдөлмөрийн харилцаагаа дуусгавар болгох хүсэлтэй байсан байх боломжтой" тухай тогтмол илэрхийлсэн.

Түүнчлэн Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэлийн IV. Хэлэлцэх асуудлын 6-д "Тус хороонд гаргасан *******гийн гомдлын хөдөлмөрийн эрхээр хангаж өгөх хүсэлтийг ажил олгогч тал хүлээн авч, санал тавьсан боловч ажилтны төлөөлөгч хүлээн авах боломжгүй гэж үзсэн" тухай тусгасан боловч шүүх уг нотлох баримтыг огт үнэлээгүй буюу хэргийн баримтуудыг ач холбогдолтой талаас нь үнэн зөв үнэлээгүй.

4.2.Шүүх өөр хуулийг хэрэглэсэн тухай. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.4 болон 4.4.а-д "Хөдөлмөрийн тухай хуулийн 83.3, 83.4, 83.6-д заасныг үндэслэж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ... дуусгавар болгосон аль ч тохиолдолд ажил олгогч шийдвэрийг бичгээр гаргаж ажилтанд танилцуулж, нэг хувийг өгөх үүрэгтэй. Хариуцагч ******* ХХК хуульд заасан үүргээ биелүүлээгүй" гэж дүгнэсэн.

Гэвч ажил олгогч нь тухайн үед *******г ажил үүргээ цаашид үргэлжлүүлэхгүй болсон, ажлаа хаяж явсан талаар мэдээгүй, ажилтан энэ талаар ажил олгогчид мэдэгдээгүй ба ажил олгогч маргаан үүссэний дараа болж буй үйл явдлын талаар мэдээлэл авсан тул ажилтны гаргасан гомдлын шаардлагын улмаас ажлаас чөлөөлөх тушаал гаргах боломжгүй нөхцөл байдалтай байсан" тухай илэрхийлсэн боловч нэхэмжлэгч талд ашигтай байдал бий болгох зорилгоор нөхцөл байдлыг буруу дүгнэж, өөр хуулийг хэрэглэсэн байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.5.б-д "...ажил олгогч нь ажилтныг ажлаас халах шийдвэрийг бичгээр гаргаж өгөөгүй атлаа ажилтны ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгаа үйлдлийг ажлаас халсантай адилтган үзэх тул..." гэж дурджээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт "Ажил олгогч хуульд өөрөөр заагаагүй бол үндсэн цалинг ажлын байрны шинжилгээ, үнэлгээ, эсхүл ажилтны ур чадварт үндэслэн цагаар, хийснээр, бусад хэлбэрээр тооцно" гэж заасан бөгөөд ажилтан ажил олгогчид мэдэгдэлгүй өөрийн санаачилгаар ажил үүргээ орхиж явсан буюу ажлаа гүйцэтгээгүй тул тухайн ажилтанд цалин олгох үндэслэл байхгүй төдийгүй уг нөхцөл байдлыг "ажилтны ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй" гэж буруу дүгнэсэн байгаа нь хуульд үл нийцэж байна.

Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, баталгаажуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.******* нь хөдөлмөрийн эрхийн маргааны талаарх гомдол гаргасныг Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээр талууд харилцан тохиролцоогүй үндэслэлээр уг ажиллагааг дуусгавар болгосон байх ба тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.7 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь уг хуулийн зохицуулалтад нийцжээ.

 

4.******* ХХК нь 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр *******тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, нягтлан бодогчоор ажиллуулсан үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

 

5.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаас байгууллага санхүүгийн хүндрэлтэй, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон үндэслэлээр ажлаас халахыг мэдэгдэж, ажлаа хүлээлгэж өгөхийг шаардсаны дагуу ажлаа хүлээлгэж өгсөн, ажлаас халсан тушаал гаргаагүй, ажил үүрэг гүйцэтгүүлээгүй гэж тайлбарласныг хариуцагч тухайн үеийн санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг ажилтнуудад танилцуулан, харилцан тохиролцож, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцалж, 12 дугаар сарыг дуустал хугацаанд цалинг нь тооцон олгох, энэ хугацаанд ажилдаа ирэхгүй байж болох талаар хэлэлцэж, хүлээн зөвшөөрснөөр ажил хүлээлцэх акт үйлдсэн, ******* нь ажил олгогчтой харилцан тохиролцсон нөхцөлөө биелүүлээгүй, өөрөө ажил үүргээ орхиж явсан, ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ өгөөгүй, ажил олгогчид мэдэгдээгүй гэж мэтгэлцжээ.

5.1.Тус маргаан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1-д заасан гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд гомдол гаргагч нь гомдлын хууль зүйн үндэслэл, нотолгоог гаргах, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөгч нь гомдлыг зөвшөөрөхгүй байвал татгалзал, түүний хууль зүйн үндэслэлийг нотлох замаар мэтгэлцэхээр мөн хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3 дахь хэсэгт заасан. Тодруулбал нотлох үүргийн хуваарилалтын дагуу хариуцагч нь нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болсон үндэслэлийг баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хэрэгт дээрх зохигчдын тайлбартай холбоотой нотлох баримт авагдаагүй байна.

5.2.Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрийг бичгээр гаргаж, ажилтанд танилцуулж, уг шийдвэрийн нэг хувийг хүлээлгэн өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч уг үүргээ биелүүлээгүй байна.

5.3.Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийн IV. Хэлэлцэх асуудлын 6-д "Тус хороонд гаргасан *******гийн гомдлын хөдөлмөрийн эрхээр хангаж өгөх хүсэлтийг ажил олгогч тал хүлээн авч, санал тавьсан боловч ажилтны төлөөлөгч хүлээн авах боломжгүй гэж үзсэн" гэж тусгасныг хариуцагч өөрийн татгалзалд хамааралтай гэж тайлбарлаж байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр тэмдэглэл гараагүй, өөрөөр хэлбэл талуудыг харилцан тохиролцоогүй үндэслэлээр уг ажиллагааг дуусгавар болгосон.

5.4.Үүнээс гадна хариуцагч нь нэхэмжлэгчийг ажил олгогчтой харилцан тохиролцсон нөхцөлөө биелүүлээгүй, ажил үүргээ орхиж явсан, ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ өгөөгүй, ажил олгогчид мэдэгдээгүй гэсэн үндэслэлээр маргасан боловч уг тайлбартай холбоотой ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй.

Иймээс анхан шатны шүүх хариуцагчийг татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

6.Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д зааснаар талууд харилцан тохиролцож, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасантай нийцжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, өөр хуулийг хэрэглэсэн гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

7.Харин анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т заасан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах тухай зохицуулалтыг дүгнэж, шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан нь маргаанд хамааралгүй тул уг алдааг залруулна. Мөн ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамруулах талаарх ажил олгогчийн үүргийн зохицуулалтыг тусгаагүйг залруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

8.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2024/04808 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...61 дүгээр зүйлийн 61.1.2... гэснийг 43 дугаар зүйлийн 43.2.7 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төлсөн 336,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА