Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2025/00266

 

 

 

                                                                                     ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2024/05833 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******т холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 22,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, гэрээнээс үндэслэлгүй татгалзсаны хохиролд 19,025,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ******* ХХК, ******* болон ******* банк ХК нарын хооронд байгуулагдсан 83-н/******* гаражийн захиалгын гэрээгээр Ү-******* дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Шинэ суурьшил /13312/, Хүннүгийн гудамж, ******* байр, ******* хаягт байрлах, 12.5 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 25,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах, төлбөрийг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дотор багтаан төлөхөөр тус тус тохиролцсон.

1.2.Хариуцагч *******нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 10,000,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөгийг тус тус төлсөн ба үлдэгдэл төлбөр 5,000,000 төгрөгийг төлөөгүй тул гэрээг цуцалж түүний ******* банкны ******* тоот дансанд 17,500,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр *******, ******* нарт худалдан борлуулсан боловч Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2022/01493 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 201/МА2022/01350 дугаар магадлалаар *******ийг тус хөрөнгийн өмчлөгчөөр тогтоосон тул *******, *******нартай байгуулсан гэрээг цуцалсан.

1.3.*******ийн ******* ХХК-тай байгуулсан орон сууцны захиалгын гэрээ нь манай компанид хамааралгүй тул орон сууцны илүү төлсөн төлбөрийг манай банк авах эрх байхгүй.

Иймд буцаан шилжүүлсэн 17,500,000 төгрөг, үлдэгдэл төлбөр 5,000,000 төгрөг, нийт 22,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.******* банк нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр миний зогсоолын төлбөрт шилжүүлсэн 20,000,000 төгрөгөөс 2,500,000 төгрөгийг нь суутгаж авч үлдээд 17,500,000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн нь үнэн.

2.2.Миний бие ******* ХХК-аас 4 өрөө орон сууц худалдан авсан ба орон сууцны төлбөрт 6,741,000 төгрөгийг илүү төлсөн байсан. ******* банк ХК болон ******* ХХК-тай байгуулсан гурвалсан гэрээний дагуу орон сууцны төлбөрт илүү төлсөн 5,000,000 төгрөгийг зогсоолын төлбөрт тооцон шилжүүлэхээр болсон гэж би ойлгосон. Зогсоолын төлбөрийг бүрэн төлсөн болохыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 201/МА2022/01350 дугаар магадлалын 6 дахь хэсэгт дүгнэсэн тул зогсоолд төлөх төлбөр 22,500,000 төгрөг биш 17,500,000 төгрөг болно.

Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

3.1.2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ******* ХХК, ******* банк ХК, ******* нарын хооронд 83-******* гараж захиалгын гэрээ байгуулагдаж, ******* нь эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Шинэ суурьшил /13312/, Хүннүгийн гудамж, ******* байр, ******* хаягт байрлах, 12.5 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 25,000,000 төгрөгөөр худалдан авсан болно.

3.2.******* банк ХК нь уг үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдсан гэх үндэслэлээр 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс *******ийг оруулаагүй. *******зөрчигдсөн эрхээ хамгаалуулахын тулд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, ******* банк ХК, *******, ******* нарын хооронд байгуулагдсан 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01350 дугаар магадлалаар ******* банк ХК, *******, ******* нарын байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, *******ийн авто зогсоолын төлбөр 25,000,000 төгрөгийг төлөгдсөн гэж дүгнэж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, гэрчилгээ гаргуулж шийдвэрлэсэн.

3.3.*******нь өөрийн худалдан авсан эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсны улмаас 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл Баянзүрх дүүрэг, 26 хороо, Элизабет хүннү, ******* байр, суурийн давхарт байрлах ******* дулаан авто зогсоолыг өдрийн 25,000 төгрөгөөр 761 хоног хөлсөлж нийт 19,025,000 төгрөгийг төлж хохирсон.

Иймд ******* банк ХК-аас 19,025,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

4.Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн гаргасан татгалзал, тайлбарын агуулга:

4.1.******* банк ХК нь сөрөг нэхэмжлэлд дурдсан 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрт 6,741,000 төгрөг илүү төлөлттэй байсан гэх харилцаанд оролцоогүй. Өөрөөр хэлбэл, банкны хувьд *******ийн ******* ХХК-тай байгуулсан орон сууц захиалгын гэрээний төлбөр тооцооны харилцаа /ялангуяа илүү төлөлтийн/-ны талаар мэдэх боломжгүй, мэдээгүй болно. Манай банктай байгуулсан 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 83-н/******* гаражийн захиалгын гэрээ, гэрээний нэмэлт өөрчлөлтөд энэ тухай тусгаагүй буюу 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 10,000,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 10,000,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг гэж тохиролцсон.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх *******, ******* ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн орон сууц захиалгын гэрээний үнэд илүү төлсөн 6,741,000 төгрөгийн 5,000,000 төгрөгийг тооцож суутгах талаар заагаагүй байх бөгөөд 3 талт гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн гэрээнд мөн энэ талаар тусгаагүй байна гэж дүгнэсэн.

4.2.Нөгөө талаас, сөрөг нэхэмжлэлд дурдаад буй Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.2, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт тус тус заасан зохицуулалтууд нь доголдлыг арилгах талаар худалдан авагчийн шаардлага байтал ямар үндэслэлээр 19,025,000 төгрөгийн түрээсийн зардлыг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна. Мөн Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.2 дахь заалтыг дурдаж бусад этгээдэд худалдсан нь эрхийн доголдолтой гэж үзэх үндэслэл болсон гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Хэргийн бодит байдалд банк гэрээг цуцалж, өгсөн, авснаа буцаан шилжүүлж, бусдад худалдсан болохоос анхнаасаа бусдад худалдсан хөрөнгийг *******т шилжүүлээгүйг харгалзах нь зүйтэй. Иргэн ******* Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.2, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт тус тус зааснаар эрхийн доголдлыг арилгах хүртэл хугацаанд гарсан 19,025,000 төгрөгийн хохирол гарсанд хэн буруутай тал тодорхойгүй.

4.3.2021-2023 он хүртэл хугацаанд *******ийн талаас шүүх хурлыг удаашруулж хойшлуулсан. Тухайн үед хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, хэрэг шийдэгдээгүй байх үеийн хохирлыг нэхэмжилж байгаа нь хууль ёсны бус гэж үзэж байна гэжээ.

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******аас 22,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХК-д, нэхэмжлэгчээс 9,125,000 төгрөг гаргуулж хариуцагчид тус тус олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 9,900,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 270,450 төгрөг, хариуцагчаас төлсөн 393,475 төгрөгөөс 253,075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 270,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 160,950 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс илүү төлсөн 140,400 төгрөгийг тус тус гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

6.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

6.1.******* банк ХК нь 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ГБ-2017/85 тоот зээлийн төлбөрт хөрөнгө шилжүүлэн авах гэрээний дагуу ******* ХХК, ******* ХХК нартай гэрээ байгуулан ашиглалтад орсон орон сууц, үйлчилгээний талбай, 93 ширхэг дулаан зогсоолыг хүлээн авсан, дулаан зогсоолыг нэг бүрийг 25,000,000 төгрөгт тооцон авсан бөгөөд маргаан бүхий ******* зогсоолыг уг гэрээгээр хүлээн авсан.

6.2.2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ******* ХХК болон ******* нартай гурван талт 83-н/******* захиалгын гэрээ хийж, гэрээний төлбөр 25,000,000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дотор төлөх үндсэн нөхцөлтэй гэрээ байгуулсан ба ******* нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар нийт 20,000,000 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл 5,000,000 төгрөгийг төлөөгүй. Банк нь 2018 оны 12 дугаар сараас хойш *******т үлдэгдэл 5,000,000 төгрөгийг төлөх талаар утсаар болон албан бичгээр удаа дараа сануулсан.

2020 оны 04 дүгээр сар хүртэл хугацаанд уг төлбөр төлөгдөөгүй байхад гаражид эд хөрөнгийн доголдол гарсан талаар банкинд мэдэгдсэн ба банкны зүгээс уг доголдлын талаар захиалагч болон СӨХ-д мэдэгдэх талаар хариу хүргүүлсэн.

2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр *******т гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлж, талуудын байгуулсан гэрээнд төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд алданги тооцохоор заасан тул 20,000,000 төгрөгийн төлбөрөөс 2,500,000 төгрөгийг суутган *******ийн дансанд 17,500,000 төгрөгийг шилжүүлсэн.

6.3.******* нь 2022 онд ******* банк ХК болон *******, ******* нарын хооронд хийгдсэн гэрээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2022/01493 дугаар шийдвэрээр ...үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн хэдий ч уг үүргийн хувьд талаас дээш хувийг гүйцэтгэсэн тохиолдолд гүйцэтгүүлэгч нь гэрээний үүргийг хугацаа хэтрүүлсэнтэй холбоотой хохирол арилгуулах, анз төлүүлэх, гэм хорыг арилгуулах зэрэг шаардлага гаргах аргаар эрхээ хамгаалуулах боломжтой байхад ******* банк ХК талуудын байгуулсан гэрээнээс татгалзсан нь үндэслэлгүй гэж үзэхээр байна..., ...******* орон сууцны үнэд илүү төлсөн 6,741,000 төгрөгийг ******* банк ХК, ******* ХХК нартай байгуулсан 3 талт гэрээний үнэ болох 25,000,000 төгрөгөөс *******, ******* ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр орон сууц захиалгын гэрээний үнэд илүү төлсөн 6,741,000 төгрөгийн 5,000,000 төгрөгийг тооцож, суутгах талаар заагаагүй байх бөгөөд 3 талт гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн гэрээнд мөн энэ талаар тусгаагүй байна гэж дүгнэсэн.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 201/МА2022/01350 дугаар магадлалаар ******* банк ХК гэрээг цуцалсан нь буруу болохыг дүгнэсэн болохоос биш талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 11 дүгээр сарын 06-ний өдрийн 83-н/******* гэрээний төлбөр тооцооны харилцааг дүгнээгүй.

6.4.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.2 дахь хэсэгт заасан Нэг тал нь гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал буруугүй бол энэ хуулийн 227.1-д заасан үндэслэл хамаарахгүй гэж заасан тул хохирол нэхэмжлэх үндэслэлгүй байна. *******аас *******тэй байгуулсан дулаан авто зогсоол түрээслүүлэх, түрээслэх гэрээг Иргэний хуулийн 318 дүгээр зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагыг хангаагүй хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Мөн тус гэрээний төлбөрийг бэлнээр төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг нь бусад нотлох баримтаар нотлогдоогүй, холбогдох нотлох баримтыг бүрдүүлж өгөөгүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хэлцэлд үндэслэн *******ийн *******д бэлнээр өгсөн гэх гаражийн түрээсийн төлбөр 9,125,000 төгрөгийг нэхэмжлэгч төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д заасан нэхэмжлэгчээс 9,125,000 төгрөг гаргуулж хариуцагчид олгох хэсгийг хүчингүй болгож, *******аас 22,500,000 төгрөгийг ******* банк ХК-д олгох шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

7.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга:

7.1.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохирлыг шаардах эрхтэй гэж заасны дагуу шүүх хэргийг шийдвэрлэсэн. Гэрээнээс татгалзсан атлаа өөр хүнд авто зогсоолыг зарсан. Гэтэл 1355 дугаартай шүүхийн магадлалаар ******* нь авто зогсоолын төлбөрийг бүрэн төлөгдсөн гэж үзэх нь зөв гэх дүгнэлт гаргасан. Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.2 дахь хэсэгт хүчин төгөлдөр бус хэлцлийг улсын бүртгэлд бүртгүүлсэн бол түүнийг эрхийн доголдолтой гэж үзэхээр заасан. Нэхэмжлэгч гэрээнээс татгалзаад шууд эрхийн доголдол бий болгосон учраас гэрээнээс татгалзсанаас үүдсэн хохирол гэж үзсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримталсан шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

7.2.Мөн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж гомдол гаргасан. Уг хуулийн зохицуулалтад заасан түрээсийн гэрээ гэдэг нь түрээслэгч түрээсэлж буй зүйлээсээ аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа эрхлээд ашиг олохыг хэлнэ гэдэг. Гэтэл гараж түрээсэлж аж ахуй нэгжийн үйл ажиллагаа эрхлээгүй, ашиг олоогүй. Уг гэрээ нь гараж түрээслэх түрээсийн гэрээ боловч энэ эд хөрөнгө хөлслөх гэрээ гэдэг нь ойлгомжтой.

Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэх үндэслэлээр гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй гэжээ.

8.Хариуцагчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

8.1.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 22,500,000 төгрөгийг бүрэн хангаж шийдвэрлэхдээ 5,000,000 төгрөгтэй холбоотой хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт заасан шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримтын талаар маргах эрхгүй гэж заасныг зөрчин дахин дүгнэж Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэсэн.

а/ Учир нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 201/МА2022/1350 дугаар магадлалаар *******, ******* банк ХК, ******* ХХК-ийн байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.1, 2.3-т зааснаар төлбөрийг ******* банк ХК-ийн төлбөр авагчийн дансанд төлөхөөр харилцан тохиролцсон, мөн орон сууц захиалгын гэрээнд гүйцэтгэгч нь ******* банк ХК-ийн дансаар төлбөрийг хүлээн авдаг зэрэг нөхцөл байдлаас үзэхэд ******* банк ХК нэхэмжлэгч /*******/ орон сууцны төлбөрт 6,741,000 төгрөг илүү төлөлттэй байгааг мэдэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэлгүй. Иймд Л.*******ийн авто зогсоолын үнийг төлөгдсөн гэж үзэх нь зүйтэй. гэж *******ийг авто зогсоолын төлбөр 25,000,000 төгрөгийг бүрэн төлсөн гэж дүгнэсэн.

Гэтэл нэхэмжлэгч ******* банк ХК нь төлөгдсөн гэж магадлалд дүгнэгдсэн авто зогсоолын үнэ 25,000,000 төгрөгнөөс 5,000,000 төгрөг нэхэмжлэх эрхгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг зөв мэтээр дүгнэж, дахин хэрэг шийдвэрлэсэн нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн буюу нэгэнт шүүхээр хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргасныг хүлээн авч шийдвэрлэсэн байна.

б/ Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрт Бодит байдалд шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоож шийдвэрлэх үед ******* нь өөрийн дансаар авто зогсоолын төлбөрт төлсөн үнээс 17,500,000 төгрөгийг хүлээн авсан үйл баримт тогтоогдож байна. гэж ******* 17,500,000 төгрөг хүлээн авсан үйл баримтыг өмнөх шүүх огт мэдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг мөнгө *******ийн дансанд шилжсэн мэтээр нотлох баримтгүйгээр хэт нэг талыг барьж худал бичсэн байна.

Гэтэл хэрэгт нотлох баримтаар авагдсан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01493 дугаар шүүхийн шийдвэрийн 2 дахь тал, дээрээсээ 2 дахь догол мөрөнд *******ийн нэхэмжлэлд ...Гэтэл ******* банк 2021 оны 11 дүгээр сарын 01-нд гараж худалдах гэрээг цуцалж, төлбөрөөс 2,500,000 төгрөг суутгаж, 17,500,000 төгрөгийг *******ийн дансанд шилжүүлж, *******, ******* нарт худалдсан байна. гэж тов тодорхой бичсэн.

в/ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн хүчин төгөлдөр магадлалаар маргаан бүхий авто зогсоолын үнийг ******* бүрэн төлсөн байна гэж дүгнээд *******ийг тухайн авто зогсоолын өмчлөгчөөр тогтоосон байх тул нэхэмжлэгч ******* банк ХК нь *******ийн дансанд буцаан шилжүүлсэн 17,500,000 төгрөгийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж *******аас буцаан шаардах эрхтэй байсан бөгөөд төлөгдсөн гэж дүгнэгдсэн 5,000,000 төгрөгийг нэхэмжлэх эрхгүй байна.

г/ Түүнчлэн анхан шатны шүүх хүчин төгөлдөр болсон давж заалдах шатны шүүхийн магадлалд бичигдсэн дүгнэлтүүдийг зөвхөн нэхэмжлэгчид ашигтай байдлаар тайлбарлаж хэт нэг талыг барьсан. Үүнд: тус шийдвэрийн 5-д ...дугаар магадлалаар *******тай байгуулсан ...авто зогсоолын гэрээг хүчин төгөлдөр гэрээ... болохыг дүгнэсэн байна. гэж магадлалд огт байхгүй утга дураараа нэмж оруулсан. Цааш нь, 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн магадлалаар авто зогсоолын гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоосон тул талуудын хооронд байгуулагдсан үүрэг хэвээр үлдэнэ гэж дүгнэж байгаа нь магадлалд ******* авто зогсоолын үнийг бүрэн төлсөн гэж үзнэ гэх дүгнэлтийг зориудаар орхигдуулж үгүйсгэсэн, нэхэмжлэгчийн гаргасан буруу шаардлагыг зөвтгөсөн.

д/ Иймд уг шийдвэрийн тогтоох нь хэсгийн 1-д бичигдсэн 22,500,000 төгрөгөөс шүүхийн хүчин төгөлдөр магадлалаар дүгнэгдсэн 5,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгуулах гомдол гаргаж байна.

8.2.Анхан шатны шүүх нь *******ийг өмчлөгчөөр тогтоосон магадлал 10 дугаар сард хүчин төгөлдөр болсон байхад шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргах замаар эрхээ хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд авто зогсоол түрээсэлсэн төлбөр 9,900,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:

а/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д иргэний хэргийн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 4 жил өнгөрсөн бол шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхлүүлэхгүй гэж хуульчилсан байх тул *******т албадан гүйцэтгүүлэх эрхээ хэрэгжүүлэх хугацаа дуусаагүй байхад эрхээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэх үндэслэлгүй байна.

б/ Түүнчлэн магадлал хүчин төгөлдөр болсон хугацааг нотлох ямар нэг баримт байхгүй байхад 2022 оны 10 дугаар сарын 01 гэж таамгаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

в/ Мөн ******* нь шүүх хуралдаанд би тухайн үед гүйцэтгэх хуудас бичүүлээгүй, сүүлд бичүүлсэн, нэхэмжлэгч нь 2 жилийн турш миний авто зогсоолыг чөлөөлөх үүргээ биелүүлээгүй, удаа дараа шаардахад авто зогсоолыг чөлөөлж өгөөгүй, өөрийнх нь ажилтан хэрэглэж байгаа гээд чөлөөлж өгөхгүй байсан... гэж тайлбар гаргасныг шүүхийн шийдвэрт ... би гүйцэтгэх хуудас бичүүлэх хүсэлт гаргахгүй, банк шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй... гэж хэлсэн мэтээр түүний үгийг зориудаар мушгин гуйвуулж бичсэн.

8.3.Анхан шатны шүүх *******ийг эрхээ хэрэгжүүлээгүй тул буруутай гэж үзэж 9,900,000 төгрөгөөр хохироож шийтгэсэн болно. Харин шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй ******* банк ХК-д ямар ч хариуцлага тооцоогүйгээр үл барам шүүхийн шийдвэр биелүүлэхгүй байгааг өөгшүүлж хамгаалсан шийдвэр гаргахдаа нэгд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийг зөрчсөн, төлбөр авагчийн эрхээ хуулийн хугацаанд хэрэгжүүлэх эрхэд халдсан, гүйцэтгэх хуудас бичүүлсэн эсэх талаар мөн магадлал хэзээ хүчин төгөлдөр болсон талаар ямар нэг нотлох баримт хэрэгт байхгүй байхад таамаглаж шийдвэрлэсэн мөртлөө ******* ХХК-аас ирүүлсэн худал албан тоотыг үнэн зөв гэж дүгнэн хариуцагч энэхүү албан тоотод бичигдсэн зүйл худал гэж байгаа боловч нотлох баримтгүй гэж хэт нэг талыг барьж хэргийг хянан шийдвэрлэсэн.

Гэтэл ******* ХХК-ийн албан тоотод *******тай авто зогсоолыг 30,000,000 төгрөгт тооцсон, 5,000,000 төгрөгийг суутгаж тооцсон, харилцагч нэг бүртэй өөр өөрөөр тооцсон мэтээр бичсэн боловч ******* банк ХК-аас нотлох баримтаар ирүүлсэн тооцоо нийлсэн актад худалдагдаагүй болон худалдагдсан бүх гаражийн үнэ адил 25,000,000 төгрөг гэж байгаа нь уг албан тоот худал болох нь нотлогдож байхад хэт нэг талыг барьж албан тоотын худал үнэнийг ялгалгүйгээр *******ийг хохироосон шийдвэр гаргасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлээс 5,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлээс хэрэгсэхгүй болгосон 9,900,000 төгрөгийг хангаж өгнө үү гэжээ.

9.Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

9.1.Гомдолд дурдагдсан 5,000,000 төгрөгийг дээр тайлбарласан. ******* 2014 онд тус банкнаас орон сууцны 8 хувийн зээл авсан, 2017 онд гурвалсан гэрээ хийсэн. Үүнд 6,741,000 төгрөгийн төлбөр тооцооны харилцаа байсан бол 2017 онд энэ талаар яагаад дурдаагүй вэ, байсан ч тухайн үед өөрөө мэдээгүй сүүлд батлагдсан тооцооны талаар одоо ярих нь буруу. 8 хувийн зээлийг банкны нэг л салбар гаргадаг. Монгол Улсын хэмжээнд ******* банк ХК-ийн салбаруудад *******ийн зээлээс хэдэн төгрөг төлөөд хэдэн төгрөгийг үлдэгдэлтэй талаарх харилцааг ******* банк ХК-ийн төв салбар мэдэх албагүй. Анх 2021 онд шүүх хурал болоход уг төлбөр тооцооны асуудал яригдсан.

9.2.Бид давж заалдах шатны шүүхийн магадлалд гараж захиалгын гэрээг дүгнээгүй, ******* банк ХК, ******* болон харилцагчтай хийсэн худалдах, худалдан авах гэрээг дүгнээд энэ нь буруу гэдгийг шийдвэрлэсэн гэж ойлгосон бөгөөд шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ худалдах, худалдан авах захиалгын гэрээг дүгнээд банк 2018 онд анх 22,500,000 төгрөгөөр *******т зарсан атал одоог хүртэл мөнгөө авч чадаагүй. *******ийн ялимгүй зөрчлийг банк үгүйсгээд худалдах, худалдан авах гэрээ байгуулсныг үгүйсгэдэггүй. Анхан шатны шүүх хуралдаанд ******* гаражийг өөрөө эзэмшиж байгаа, гэрчилгээг нь гаргаж өгье, гол нь манайд төлөх ёстой захиалгын гэрээний дагуу төлбөрөө төл гэх агуулгаар бид гомдол гаргасан.

9.3.*******ийн орон сууцны төлбөрт илүү төлсөн төлбөр нь ******* ХХК-ийн ******* банкны данс руу орсон. Бид захиалгын гэрээний дагуу ******* ХХК-аас орон сууцны илүү төлсөн төлбөрийг аваагүй. Сүүлд гэрээний дагуу ******* ХХК-ийн *******аас авах 25,000,000 төгрөгийн төлбөрийг ******* банкны данс руу шилжүүлж авсан. 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Улсын дээд шүүх гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан тогтоол гаргасан. Үүнээс хойш ******* гаражийг эзэмшээд явсан. Гэрээний төлбөрийг дутуу төлсөн тул сөрөг нэхэмжлэлийг банк хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зохигчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, зохигчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч *******т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 22,500,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч 17,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, гэрээнээс үндэслэлгүй татгалзсантай холбоотой учирсан хохиролд 19,025,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

3.******* банк ХК, ******* ХХК болон ******* нарын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гаражийн захиалгын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч ******* ХХК нь Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Шинэ суурьшил /13312/, Хүннү гудамж, ******* байр, ******* тоот хаягт байрлах, 12.5 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьж гүйцэтгэх, захиалагч ******* 25,000,000 төгрөг төлөх, төлбөр хүлээн авагч ******* банк ХК төлбөрийг хүлээн авахаар тус тус харилцан тохиролцжээ.

3.1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2022/01493 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 210/МА2022/01350 дугаар магадлалаар *******ийн нэхэмжлэлтэй, ******* банк ХК, ******* ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэжээ.

Уг шийдвэрээр *******ийг дээрх авто зогсоолын өмчлөгчөөр тогтоож, ******* банк ХК-аас *******, ******* нартай байгуулсан 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож шийдвэрлэхдээ *******ийг авто зогсоолын үнэ 25,000,000 төгрөгийг төлсөн гэж дүгнэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар дээрх үйл баримтыг дахин нотлохгүй болно. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь авто зогсоолын үнийн зарим хэсэг болох 5,000,000 төгрөгийг хариуцагч төлөөгүй гэж маргасан нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх ******* ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 24/19 дугаар албан бичгийг тус хэрэгт хамааралтай гэж үнэлсэн нь тус хуулийн зохицуулалтад нийцээгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлын холбогдох хэсгийг хангах үндэслэлтэй.

3.2.Дээрх шүүхийн шийдвэрээр ******* банк ХК-ийг *******тай байгуулсан гэрээнээс татгалзсан нь хуульд нийцээгүй болохыг дүгнэж *******ийг өмчлөгчөөр тогтоосон тул хариуцагч ******* нь түүнд нэхэмжлэгчээс буцаан шилжүүлсэн 17,500,000 төгрөгийг тус шүүхийн шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгч ******* банк ХК-д төлөх үүрэгтэй. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн энэ хэсгийг хангаж шийдвэрлэсэнд хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй.

4.Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ өөрийн худалдан авсан эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсны улмаас 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл 761 хоног өөр дулаан авто зогсоолыг өдрийн 25,000 төгрөгөөр хөлсөлж нийт 19,025,000 төгрөг төлж хохирсон гэж тайлбарласан.

4.1.Талуудын байгуулсан гаражийн захиалгын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт захиалагч нь төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд гаражаа өөрийн өмчлөлд шилжүүлэн авах, ашиглах, захиран зарцуулах эрхтэй, 4.4 дэх хэсэгт захиалагч нь төлбөр тооцоогоо бүрэн дуусгаж, гүйцэтгэгч нь гараж ашиглалтад хүлээлгэж өгсний дараа гүйцэтгэгчтэй гараж хүлээлцэх акт үйлдэж, өөрийн эзэмшилд хүлээж авах үүрэгтэй гэж тус тус заасныг захиалагч гэрээний үнээс 5,000,000 төгрөг төлсөн эсэх, уг төлбөрийг гүйцэтгэгч ******* ХХК-д орон сууц захиалгын гэрээгээр илүү төлсөн 6,741,000 төгрөгөөс суутган тооцох эсэх асуудлаар гэрээний 3 тал маргаж шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан нөхцөл байдалтай харьцуулбал, сөрөг нэхэмжлэлд дурдагдсан хугацаанд гаражийг хариуцагч эзэмших эрхтэй байсан гэж дүгнэх үндэслэлгүй. Анхан шатны шүүх уг үйл баримтыг зөв дүгнэж чадаагүйг залруулна.

4.2.Түүнчлэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хариуцагч өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжтой тул тухайн цаг хугацаанд бусдын авто зогсоол хөлсөлснийг хохиролд тооцох боломжгүй.

Иймд хариуцагч нь гэрээнээс үндэслэлгүй татгалзсаны хохиролд 19,025,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүрэн хангуулах агуулгаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй, харин сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасныг хэрэгсэхгүй болгуулах агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

5.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчаас 17,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан 19,025,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2024/05833 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч *******аас 17,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 5,000,000 төгрөгт холбогдох хэсгийг болон нэхэмжлэгч ******* банк ХК-д холбогдуулан гаргасан 19,025,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтад ...улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 270,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 160,950 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс илүү төлсөн 140,400 төгрөгийг тус тус гаргуулж хариуцагчид олгосугай. гэснийг улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч *******аас 245,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХК-д олгож, Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс илүү төлсөн 140,400 төгрөгийг гаргуулж хариуцагч *******т олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 160,950 төгрөг, хариуцагчийн төлсөн 232,950 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Д.ЗОЛЗАЯА