| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/05910/И |
| Дугаар | 4654 |
| Огноо | 2016-07-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 4654
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамжид байрлах, Хас банк /РД:2578697/
Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 хороолол, 41 байр, 42 тоотод оршин суух, Буриад овогт Нэргүйн Нармандах /РД:ЧЗ71101360/
Зээлийн гэрээний үүрэгт 69.360.455 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахыг шаардсан иргэний хэргийг 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Эрдэнэбаатар, хариуцагч Н.Нармандах, түүний өмгөөлөгч Д.Жигмэд /шүүхэд төлөөлөх эрх-0224/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Н.Нармандах нь Хас банктай 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 1480009598 дугаартай зээлийн гэрээ, 1480009598-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээг тус тус байгуулан 42.500.000 төгрөгийн орон сууц барьцаалсан зээлийг 12 сарын хугацаатай, жилийн 36 хувийн хүүтэйгээр зээлдэж авсан. Зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг 3 дугаар хороо 2 дугаар хороолол 41 дүгээр байр 42 тоот улсын бүртгэлийн Ү-2205037051 дугаартай, 000246531 гэрчилгээний дугаартай 30 мкв 2 өрөө орон сууцыг барьцаалуулсан. Зээлдэгч Н.Нармандах нь 1480009598 дугаартай зээлийн гэрээний 1 дүгээр хавсралт дахь эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч төлөлгүй хугацаа хэтрүүлж 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон. 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар зээлдэгч Н.Нармандахын зээлийн гэрээний дагуу төлбөл зохих зээлийн төлбөр нийт 69.360.455 төгрөг болсон тул түүнээс гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Эрдэнэбаатар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 69.360.455 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг төлөх график гарган 2016 оны 08 дугаар сарын 20-нд 5.000.000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 20-нд 5.000.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 20-нд 10.000.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 20-нд 10.000.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр үлдэх 39.360.455 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн. Төлбөрийг хугацаанд төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангахыг зөвшөөрсөн. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхэд татгалзахгүй. Уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, гомдол гаргах эрхгүй гэдгийг ойлгож байгаа гэв.
Хариуцагч Н.Нармандах шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Н.Нармандах нь өөрийн танил Б.Батболдын гуйснаар түүнд итгэж өөрийн хувийн өмч болох Баянгол дүүрэг 3 дугаар хороо 41 дүгээр байр 42 тоот улсын бүртгэлийн Ү-2205037051 дугаартай өмчлөх эрхийн 000246531 тоот гэрчилгээтэй 30 мкв талбайтай 2 өрөө орон сууцаа барьцаалан 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Хас банктай 1480009598 дугаар зээлийн 1480009598-1 тоот барьцааны гэрээ байгуулан 42.500.000 төгрөг зээлж авч өгсөн нь үнэн. Энэ мөнгийг иргэн Б.Батболд хүлээн авч дангаар захиран зарцуулсан бөгөөд гэрээнд заасан хугацаанд гэрээний үүргийн гүйцэтгэлийг ханган биелүүлж миний байрыг барьцааны гэрээнээс үүрэг итгэлцлийн үндсэн дээр ам хэлцлээр хүлээсэн бөгөөд энэ тухайгаа зээлдүүлэгч Хас банкинд 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр гаргасан хүсэлтээр хүлээн зөвшөөрч нотолсон. Иргэн Б.Батболдын авч ашигласан зээлийн би хариуцах чадваргүй учир хүлээн зөвшөөрөхгүй. Иймд Б.Батболдыг гэрчээр дуудуулж мэдүүлэг авах, хамтран хариуцагчаар татан оролцуулах хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч Н.Нармандах шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хас банкны нэхэмжлэлийн үнийн дүн 69.360.455 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Банктай тохиролцон график гарган эхний төлөлтийг 2016 оны 08 дугаар сарын 20-нд 5.000.000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 20-нд 5.000.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 20-нд 10.000.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 20-нд 10.000.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр үлдэх 39.360.455 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн. Төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангахыг зөвшөөрсөн. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэхэд татгалзахгүй. Уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, гомдол гаргах эрхгүй гэдгийг ойлгосон гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банк хариуцагч Н.Нармандахд холбогдох гэрээний үүрэгт 69.360.455 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг шаардсан нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч Н.Нармандах нь 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 1480009598 дугаартай зээлийн гэрээ, 1480009598-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээг тус тус байгуулан 42.500.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, жилийн 36 хувийн хүүтэйгээр, зээлийн барьцаанд Баянгол дүүрэг 3 дугаар хороо 2 дугаар хороолол 41 дүгээр байр 42 тоот улсын бүртгэлийн Ү-2205037051 дугаартай, 000246531 гэрчилгээний дугаартай 30 мкв 2 өрөө орон сууцыг барьцаалж зээлдэж авсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, зээлийн гэрээ, баталгаат ипотекийн гэрээ, барьцаа хөрөнгийн жагсаалт, дансны хуулга гэсэн баримтуудаар тогтоогдож байна.
Зээлийн болон баталгаат ипотекийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан хүчин төгөлдөр хэлцэл байна.
Шүүх хуралдааны шатанд хариуцагч Н.Нармандах нэхэмжлэлийн шаардлага 69.360.455 төгрөгийг төлөхийг бүхэлд нь зөвшөөрч, зохигч тохиролцон график гарган эхний төлөлтийг 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 5.000.000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 5.000.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 10.000.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 10.000.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр үлдэх 39.360.455 төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн. Төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангахыг зөвшөөрч, талууд хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул гэрээний үүрэг 69.360.455 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг зөвшөөрсөн хариуцагч Н.Нармандахын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 504.753 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Н.Нармандахаас хангаж буй үнийн дүнд ногдох хураамж гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Н.Нармандах нь нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлийн шаардлага 69.360.455 төгрөгийг бүрэн хүлээн зөвшөөрч, үүнээс 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 5.000.000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 5.000.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 10.000.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 10.000.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр үлдэх 39.360.455 төгрөгийг төлж барагдуулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 504.753 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Н.Нармандахаас 504.753 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хас банкинд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА