| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2019/0585/Э |
| Дугаар | 599 |
| Огноо | 2019-07-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 599
2019 07 29 2019/ШТ/599
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,
улсын яллагч Н.Булганчимэг,
шүүгдэгч Ө.Д, Ө.О, И.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дайчин овогтой Өнөрболдын Дуламсүрэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Суврага овогтой Ишсүрэнгийн Ганзориг, Дайчин овогтой Өнөрболдын Орхонтуяа нарт холбогдох эрүүгийн “1811034990620” дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн 1990 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, эмэгтэй, 29 настай, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо Өнөр хороолол, 23 дугаар байрны 344 тоотод оршин суух хаягтай,
урьд 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 969 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан Дайчин овогтой Ө.Д, /РД: ............
Монгол Улсын иргэн, 1985 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, эмэгтэй, 34 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 эх, нөхөр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын г/13 дугаар гудамжны 234 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Дайчин овогтой Ө.О., /Р.....
Монгол Улсын иргэн, 1975 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 44 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Юник ХХК-нд захирал ажилтай, ам бүл 5 хадам эх, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын г/13 дугаар гудамжны 234 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Суврага овогтой И. Г, /........
Шүүгдэгч Ө.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,
Шүүгдэгч Ө. Орхонтуяа, И.Г нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ө.Д нь 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-13 дугаар гудамжны 234 тоотод Ө.Ог зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгч Ө.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үеэр анх мэдүүлэг өгөхдөө болсон зүйлийн талаар би бүгдийг хэлсэн. Би хамгийн анх эгчтэйгээ маргалдсан шалтгаан нь намайг мах авсан гэхэд чи махтай байж яагаад мах аваад байгаа юм бэ? Яасан шуналтай юм бэ гэж хэлснээс болсон. Би мөнгөтэй байгаа дээрээ мах авах гэж байна гэдгээ хэлсэн. Энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны үеэр өгсөн. Гэтэл миний өгсөн мэдүүлэгт биш эгч Ө.Огийн өгсөн мэдүүлэгт оруулж бичсэн байсан. Би тухайн үедээ эгчийг над руу орилоод байхаар нь дуугүй бай гээд байхад зогсохгүй үглээд байхаар нь дуугүй байгаа ч гээд идэж байсан талхаа шидсэн. Тэр үед ээж намайг дуугүй бай гэж хэлэхээр нь юу гэсэн үг юм бэ? Та өөрөө эгчийг хараач гэж хэлсэн. Би эгч рүүгээ цай цацсан нь үнэн. Цай цацах үед манай хүргэн И.Г босож ирээд намайг цохисон. Тэгэхээр нь би босож ирээд зөрүүлж И.Гийг цохиод бид хоёр зодолдсон. Бид хоёрыг зодолдож байхад эгч бид хоёрын голоор ороод болиоч гэж хэлээд надтай үсдэлцээд бид хоёр газар унасан. Энэ үед манай ээж, Бадамхатан хоёр бид хоёрын дундуур орж бид хоёрыг салгасан. И.Г намайг ална гээд дайрахад ээж И.Гийг болиоч дээ наад хоёр чинь маргалдаж байхад чи болиоч гэж гэхэд наадах чинь өөрөө манай эхнэрийг зодоод байна гээд миний араас үсдэж авахад нь бид хоёр дахиад зодолдсон. Тэгээд бөөн юм болж байхад намайг миний дүү тайвшир гээд намайг ах тэврээд гаргасан. Би гадаа тамхи татаад зогсож байхад цагдаа нар орж ирсэн. Би цагдаа нарын араас гэр рүү орох гэхэд намайг оруулахгүй байхаар нь уурлаад чулуу шидэж цонхны шил хагалсан нь үнэн. ...” гэх мэдүүлэг
Хохирогч Ө.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 11 цагийн үед охин Энгүүний хамт ирсэн. Орж ирээд цай уугаад сууж байгаад манай ээж хөдөө рүү хонины мах захисан гэж хэлсэн чинь эд нар яахаараа дандаа үнэгүй мах иддэг юм гэж бид нарыг хэлэхээр нь яахаараа үнэгүй байдаг юм бэ 100.000 төгрөгөөр авч байгаа гэж хэлсэн. Тэгтэл Дуламсүрэн надад ч гэсэн хямдхан мах олж өгөхөд яадаг юм бэ гэж барьцсан. Манайд ч үхэр адууны мах байгаа л даа гэхээр нь би тэгвэл танайд мах байгаа юм байна ш дээ хонины махаар яах гэж байгаа юм бэ гэсэн чинь чамд ямар хамаатай юм бэ гэж хараал хэлээд ууж байсан аягтай цайгаа миний нүүр лүү цацаж идэж байсан талхаа шидсэн. Дуламсүрэн бид хоёр барьцалдаж аваад үснээсээ зулгаалцаж зодолдож байсан чинь манай нөхөр Ганзориг голоор орж ирээд салгаад манай хоёр хүүхэд уйлаад байсан чинь Ганзориг хоёр хүүхдээ аваад дээд давхарт гарсан. “...ууж байгаа цайгаа надруу цацсан манай нөхөр уурлаад босож ирээд түүнтэй барьцалдаад зууралдаад авсан...” мэдүүлэг/хх-ийн 18-19х/,
Шүүгдэгч И.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг: “ ... 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гэртээ байж байсан чинь 11 цаг болж байхад эхнэрийн дүү Ө.Д гаднаас хүүхэдтэйгээ орж ирсэн. Хэрүүл хайгаад хадам ээж рүү үг сөрөөд байхаар нь манай эхнэр ээжийгээ өмөөрөөд хэрэлдэж эхэлсэн. Хэрүүл нь сүүлдээ ширүүсээд өөд өөдөөсөө харж сууж байгаад Дуламсүрэн ууж байсан аягатай цайгаа манай эхнэрийн нүүр рүү цацаад барьцалдаж авахаар нь би гүйж очоод салгах гэж ноцолдсон. Манай хоёр хүүхэд уйлаад хадам ээж ирээд намайг боль боль гэж салгахаар нь би хоёр хүүхдээ аваад дээд давхарт гарсан. Тэгээд манай эхнэр дүүтэйгээ нэг нэгнийхээ үснээс зулгаалцаад салах шинжгүй болохоор нь гадаа барилга барьж байсан хоёр хүнийг цонхоороо дуудсан. Дуламсүрэн амиа хорлоно гэж шүүгээнээс хутга хайгаад байхаар нь би цагдаа дуудсан... гэх мэдүүлэг /хх-ийн 23-24х/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №14303 дугаартай “...Ө.Огийн биед шуу, бугалга, гуяны цус хуралт, мөрний арьсны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ..гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” дүгнэлт /хх-ийн 33х/
Яллагдагч Ө.О, И.Г нар бүлэглэж 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-13 дугаар гудамжны 234 тоотод Ө.Дг зодож эруүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгч Ө.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Ө.Д манай гэрт ирээд байнга хэрүүл хийдэг. Манай аавыг өнгөрснөөс хойш Ө.Д надтай хэрүүл хийж эхэлсэн. Манай аав амьд байхдаа Ө.Дг барьдаг байсан юм байна гэдгийг мэдсэн. Ө.Д манай аавын зулын 25-ны өдөр хүртэл манай гэрт ирээд хэрүүл хийж байсан. Нэгэнт ийм хэрэг гарснаас хойш Ө.Дтэй дахиж уулзалдахгүй байна гэж бодож байгаа. Бид нар адилхан харилцан зодолдсон...” гэх мэдүүлэг
Шүүгдэгч И.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би эгч, дүү нарын хэрэгт өмнө нь огт оролцдоггүй байсан. Өмнө нь маргаан гарч л байдаг байсан. Би юунаас болж энэ хэрэг гарсныг нь мэдээгүй байж байгаад сүүлд цагдаагийн хэлтэс дээр очоод учрыг нь олсон. Хэрэг гарах үед намайг зурагт үзээд хэвтэж байхад хоорондоо маргалдаад эхлэхээр нь за энэ хоёр ингэж байгаад барьцалдаж авдаг даа битгий тийм юм болоосой гээд бодож байхад гэнэт Ө.Д манай эхнэр рүү цай цацаад эхэлсэн. Тэгэхээр нь манай эхнэрийг илт доромжлоод байгаа юм шиг санагдаад би очиж цохиж, зууралдсан нь үнэн. Манай 4 настай, 2 настай хүүхдүүд бид нарыг ноцолдож байхад хоёулаа зэрэг уйлаад байсан. Тухайн үед нь Ө.О, Ө.Д хоёр нэг нэгнийхээ үсийг зулгаалцсан байсан учраас Ө.О хүүхдүүд дээрээ очих боломжгүй би сул байсан болохоор 2 давхар руу хүүхдүүдээ аваад гарсан. Дээд давхарт байж байхад маргаан нэлээн даамжраад түчигнэхэд хадам ээж маань хутга, заазуураа далд хийгээд эхлэхээр нь би айгаад цагдаагийн газар дуудлага өгсөн. Цагдаа нарыг ирэх хүртэл би хүүхдүүдтэйгээ 2 давхраас буугаагүй, цагдаа нарыг ирэх үед нь л би буусан...” гэх мэдүүлэг
Хохирогч Ө.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ээжийндээ барилгачдын хоол хийх гээд 11 цаг өнгөрч байхад очсон. Очиход эгч Орхонтуяа, ээж Дашхорол, хүргэн Ганзориг 2 хүүхдийн хамт дүү Бадамаа нар байсан. Би ямар хоол хийх бэ гээд байж байсан чинь эгч Орхонтуяа наад ажилчдын чинь хоолны мах дууссан байна чи хэлээч гэж уурласан чинь би яаж мэддэг юм бэ манай махнаас аваад дараа нь авч өгнө гэдэг ш дээ тэгээд би эндээс хийгээд байгаа ш дээ гэж хэлсэн. Манай эгч махны талаар яриад байхаар нь хэрүүл хийгээд дуугүй байгаач гээд идэж байсан талхаа нүүр рүү нь шидэхэд үглээд байсан. Чи цай цацуулах гээд байгаа юм уу гэсэн чинь чаддаг юм юм бол цац гээд байхаар нь ууж байсан аягатай цайгаа цацсан. Хүргэн дуугүй бай гэхээр нь чи өөрөө эхнэрээ дуугүй болгооч гэж хэлсэн чинь хүргэн ярвайгаад суугаад байсан. Намайг эгч рүү цай цацсан чинь хүргэн Ганзориг босож ирээд намайг цохиж үсдэхээр би зөрүүлээд цохьсон. Ээж эгч хоёр голоор орж ирж салгасан. Тэгээд би эгч рүү дайраад хоорондоо үсдэлцээд байж байсан чинь Ганзориг хойноос өшиглөж хана руу шахаж хоолой боосон .” мэдүүлэг /хх-ийн 15-16, 21-22х/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №14287 дугаартай “...Ө.Дгийн биед баруун нүдний салст, нкүүр, хүзүү, баруун, зүүн шуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” дүгнэлт /хх-ийн 32х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Ө.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Ө.О, И.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгч Ө.Дд ял шийтгэхдээ түүний хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх, шүүгдэгч Ө.Од анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох, шүүгдэгч И.Гт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Г, Ө.О нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Хохирогч нар нь эмчилгээний зардлын баримт хэрэгт хавсаргаагүй болно.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дайчин овогтой Ө.Д. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Дайчин овогтой Ө.О., Суврага овогтой И. Г. нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Дг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ог 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөг, шүүгдэгч И.Гийг 600 нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга / төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Дд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Дд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.О, И.Г нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарласугай.
6. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч нар, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.АРИУНБОЛД