Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2025/00265

 

  

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, бүрэлдэхүүнд шүүгч Д.Нямбазар, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2024/04598 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******ад холбогдох

Гэрээний үүрэгт 2,471,950 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Миний бие *******ад өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуарангийн 12 дугаар гудамжинд байрлах амины орон сууцныхаа ******* өрөөг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нэг сарын төлбөрт 360,000 төгрөг, мөн энэхүү төлбөр дээр нэмж сар бүр хэрэглэсэн цахилгаан болон цэвэр ус, халуун ус, хог, бохир ус зайлуулах, усны суурь үнэ нэмж төлөхөөр харилцан тохиролцон хөлслүүлсэн. ******* нь 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байранд орсон бөгөөд үүнээс 2024 оны 03, 04, 05, 06, 07, 08 дугаар сарын төлбөрөө төлөөгүй. Түрээс 2,160,000 төгрөг, цахилгаан 191,950 төгрөг, ус халаалт 2023 оны 08 дугаар сараас одоог хүртэл төлөөгүй 120,000 төгрөг, нийт 2,471,950 төгрөгийг төлөлгүй одоог хүртэл амьдарсаар байгаа. Иймд хариуцагч *******аас 2,471,950 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Миний бие Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуарангийн 12 дугаар гудамжинд байрлах нийтийн байрны ******* өрөөг түрээсэлж суудаг нь үнэн. Анх гэрээ хийхдээ 260,000 төгрөгөөр хийсэн бөгөөд үндэслэлгүйгээр байрныхаа түрээсийг 100,000 төгрөгөөр нэмж, мөн 2024 оны 03, 04, 05 дугаар сарын байрны түрээс хэрэглээний мөнгийг өгсөн байхад нэхэмжилсэн байна. Түрээслүүлэгч талаас байрны ашиглалт болох 00-ын өрөө стандарт шаардлагын дагуу байлгаагүй, мөн түрээсийн өрөөнд элдэв хортон шавж, бясаа үүрэлснийг хэлэхэд үл тоосон. Тиймээс ор, тавилга, матрас эд хөрөнгөөр маш их хохирсон бөгөөд өөрийн мөнгөөр ариутгал 2 удаа хийлгэсэн. Одоо нэхэмжлэгчид миний тооцоогоор 06, 07, 08, 09 дүгээр сарын мөнгө болох 1,520,000 төгрөгийг өгнө. Одоо энэ мөнгийг өгөх бодолгүй байна, учир нь эд хөрөнгөөр маш их хохирсон. Энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасныг үндэслэн хариуцагч Б.*******аас 1,831,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 640,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,501.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 44,261.20 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

 

4.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 640,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр *******од *******шилжиж орсон. Өмнө нь байсан ******* өрөөний төлбөрөөс 06 дугаар сарын төлбөрөө өгөөгүй өөр хүнд хөлслүүлсэн. ******* өрөөнд ороод төлбөрөө өгөөгүй 10 сар болсон. 10 дугаар сараас хойш 2023 оны төлбөр 995,000 төгрөг дутуу байсан ******* өрөөнд байсан ******* гэдэг хүн 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 2 сарын төлбөрийг бөөнөөр өгсөн, 11 дүгээр сарын 10-ны өдөр 11 сарын төлбөрөө өгөөд гарсан. Гэхдээ 10, 12 дугаар сарын мөнгийг өөрөөс нь ав гэсэн бөгөөд 2023 оны 720,000 төгрөг өгөөгүй.

2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 385,000 төгрөг өгсөн бөгөөд уг мөнгийг 2023 оны 10 дугаар сарын мөнгөнд нөхөж бичсэн. ******* банкны дансаар 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 380,000 төгрөг хийснийг 2023 оны 12 дугаар сарын тооцоонд бичсэн.

2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр төлсөн 760,000 төгрөгийг 2024 оны 01, 02 дугаар сарын төлбөрт бичсэн ба 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш миний дансанд мөнгө хийгээгүй, бэлнээр ч мөнгө өгөөгүй. ******* 2024 оны 04 дүгээр сарын 26-ны мөнгийг бичээгүй, бэлэн мөнгө өгсөн тэр мөнгийг бичээгүй байна гэсэн. Шүүгч өөр цаасан дээр 760,000 төгрөгийг бичээд гарын үсгээ зур гэж хүчээр зуруулж авсан. ******* банкны хуулгыг үзүүлсэн тэрийг тооцоогүй. Шүүгч хэдэн төгрөг өгсөн, хэдэн төгрөг бэлнээр авсан талаар асууж лавлаагүй. Би чи хэдэн төгрөг хэдийд өгсөн хэрвээ бэлэн мөнгө өгсөн байгаа бол жижүүрт өгдөг тэнд тэмдэглэл хийгээд надад мөнгөө өгдөг гэж хэлсэн боловч надад хариулт өгөөгүй. Бидний маргаан энэ байсан, шүүгч маргаангүй гэж бичсэн байна. Шүүгчийн нарийн бичиг нар миний хэлсэн үгийг бүгдийг орхисон байна. Энэ хуралд нарийн бичгээр******* оролцсон, маргалдсан хэсгийг бичээгүй байна.

*******миний байшингийн зураг гэж үзүүлсэн зураг нь хоёулаа өөр байшингийн зураг байсан. Өөрийн өгсөн баримт *******ын өгсөн 2 хувь зураг үзье гэсэн, битгий үзүүл гэж булаан аваад зургийн нэг нь ч байхгүй болсон байна.

Хариуцагч эд зүйлсээ хог дээр хаясан хохирсон гэж хэлсэн. Би чи хүүхдийн өрөөсөн шаахай ч хаяагүй гэж хэлснийг бичээгүй байна.

Шүүгч хурал эхлэхээс дуустал намайг буруутгаж дарамталж байсан. Бэлэн мөнгөний талаар ******* дахиад нэг ч үг дуугараагүй, шүүгч ч задалж асуугаагүй. Харин захирамжид бэлнээр өгсөн мөнгөнд намайг маргаагүй гэж бичсэн байна. *******ыг урд нь сууж байсан ******* өрөөний 1 сарын төлбөрийг нэмж бичиж өгсөн тэрийг хүлээн авахаас татгалзсан. Хурал хаах болж 1,831,950 төгрөг гаргалаа болох уу гэж хариуцагчаас асуусан. Хариуцагч болно гэж хариулаад хэлэх үг байна уу гэсэн мөнгийг төлнө гэсэн. Надаас асуулт байна уу гэж асуугаагүй. Би хурлыг хойшлуулах бодолтой байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчийн нийтийн байранд амьдарч байх хугацаанд бясаа, жоом их байгаа талаар хэлж шаардлага тавихад амьдрахгүй байж болно гэж хэлсэн. Энэ байдлаас шалтгаалан хэл амаар доромжилдог байсан, нийтийн байрны оршин суугчид бүгд ******* гуайд дургүй. Шүүхийн шийдвэрээр гаргуулж шийдвэрлэсэн мөнгийг төлнө гэсэн бодол байдаг боловч түрээсийн байранд амьдарч байх хугацаандаа ор, дэр, гудас, хөргөгч зэрэг эд хөрөнгөөр хохирсон, тухайн хөрөнгүүдийг хорхой, шавж идсэн. Өмнө төлсөн мөнгийг буцааж нэхсэн нь үндэслэлгүй. Энэ талаар дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Иймд нэхэмжлэгч ******* илүү мөнгө нэхсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ. 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ад холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 2,471,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

3.******* нь Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран 12 дугаар гудамж, *******т байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байх бөгөөд ******* өрөөг *******ад хөлслүүлэхээр харилцан тохиролцжээ. Нэхэмжлэгч нь 2023 онд сарын хөлсийг 200,000 төгрөгөөр, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 360,000 төгрөгөөр тооцохоор талууд тохиролцсон гэж тайлбарласан.

Талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

4.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2024 оны 03, 04, 05, 06, 07, 08 дугаар саруудын төлбөр 2,160,000 төгрөг, тогны мөнгө 191,950 төгрөг, халаалтын зардал 120,000 төгрөг, нийт 2,471,950 төгрөг гаргуулна гэж тодорхойлсныг хариуцагч ...уг байр маш их бохирдолтой жоом, бясаа үүрэлдэг би энэ тухай хөлслүүлэгчид удаа дараа хэлсэн ч огт хүлээж авахгүй, эд хогшилд хохирол учруулсан, тог, халаалтын мөнгийг төлөхөд татгалзахгүй, 06, 07, 08 дугаар саруудын төлбөр төлөөгүй гэж тайлбарлажээ.

4.1.Нэхэмжлэгч нь Төлбөр төлсөн тэмдэглэл баримтад хариуцагчийн төлбөр тооцоог хөтөлдөг байх ба 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн 385,900 төгрөгийг 2023 оны 10 дугаар сард, 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төлсөн 383,000 төгрөгийг 2023 оны 12 дугаар сард, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр төлсөн 760,000 төгрөгийг 2024 оны 01, 02 дугаар сард тус тус тооцсон тухай тэмдэглэл үйлджээ.

4.2.Хэрэгт авагдсан ******* банк ХК дахь хариуцагчийн ******* тоот дансны хуулгаас үзэхэд 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 760,000 төгрөг 212 байр тог гэсэн утгаар шилжүүлсэн, 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 360,000 төгрөгийг бэлнээр авчээ. Хариуцагч нь 2023 оны 12 дугаар сарын мөнгийг төлөхгүй 5, 6 сар явна гэж байхгүй, тухай бүрд нь өгч явсан гэж тайлбарлаж байх боловч уг тайлбартай холбоотой баримт хэрэгт авагдаагүй.

Нэхэмжлэгч нь 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 360,000 төгрөгийг бэлнээр хүлээн аваагүй гэж маргасан ба уг мөнгийг нэхэмжлэгчид өгсөн болохоо хариуцагч нотолж чадаагүй байна. Анхан шүүх талуудыг уг гүйлгээний талаар маргаагүй гэж дүгнэж, улмаар хариуцагчийн үүргийн гүйцэтгэлд тооцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамд нийцээгүй.

4.3.Орон сууц хөлслөх гэрээний хөлслөгч нь хөлслүүлэгчид хөлс төлсөн болохоо нотлох үүрэгтэй байхад анхан шатны шүүх нотолгооны үүргийг буруу хуваарилж, нэхэмжлэгчийг 2024 оны 01, 02 дугаар сарын тооцоогоо нотлоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

4.4.Хариуцагч нь 00-ын өрөө стандарт шаардлагын дагуу байгаагүй, мөн түрээсийн өрөөнд элдэв хортон шавж, бясаа үүрэлсэн, ор, дэр, гудас, тавилга эд хөрөнгөөр маш их хохирсон, өөрийн мөнгөөр ариутгал 2 удаа хийлгэсэн гэж маргасан.

Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.1-д зааснаар хөлслүүлэгч нь хөлслөх хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгийг хөлслөгчид шилжүүлэх үүрэгтэй. Мөн эд хөрөнгийн доголдлоос болж эд хөрөнгийн ашиглалт буурсан бол уг хэмжээгээр хөлслүүлэгчид төлөх хөлсийг бууруулахаар тус хуулийн 290 дугаар зүйлийн 290.5 дахь хэсэгт заасан. Гэвч хариуцагч нь эд хөрөнгийн доголдолтой холбоотой тайлбараа баримтаар нотлоогүй тул уг татгалзлыг хүлээн авах боломжгүй.

Иймээс нэхэмжлэгч нь хариуцагчаас 2024 оны 03, 04, 05, 06, 07, 08 дугаар саруудын хөлс 2,160,000 төгрөг, цахилгааны зардал 191,950 төгрөг, халаалтын зардал 120,000 төгрөг, нийт 2,471,950 төгрөг гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасантай нийжээ.

5.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2024/04598 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******аас 2,471,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай. гэж, 2 дахь заалтын ...44,261.20... гэснийг 54,501 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 19,850 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД   Д.НЯМБАЗАР

 

Д.ЗОЛЗАЯА