Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2020/0157

 

 

   “Э г г” ХХК-ийн гомдолтой захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Б.М-ийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “Э г г” ХХК-ийн гомдолтой, Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.М, Э.Ж нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд  

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 11 дүгээр шийдвэрээр:

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5, 3.5 дугаар зүйлийн 4, 4.1 дүгээр зүйлийн 1, 4.4 дүгээр зүйлийн 2, 4.15 дугаар зүйлийн 1, 6.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Э г г” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.М, Э.Ж нарын тогтоосон 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1102201814 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

          Хариуцагч Б.М давж заалдах гомдолдоо: “ ... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3-д тус тус зааснаар хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахыг хуулиар тогтоосон.

          Нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хууль бусаар ашиглаж уг албан татварыг ногдуулаагүй бараа ажил үйлчилгээнд ногдсон мэтээр холбогдох бичилт хийж, худалдан авалтын хасалт хийсэн зөрчил нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1-д хамаарах тул татварын улсын байцаагч нар хялбаршуулсан журмаар зөрчлийг шийдвэрлэсэн.

          Анхан шатны шүүх дээрх хуульд заасан зөрчлийг хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх нөхцөл бүрдээгүй байхад хяналт шалгалт хийж шийтгэлийн хуудас үйлдсэнийг хууль бус гэж үзсэн атлаа зөрчил гаргасан аж ахуй нэгж борлуулалтын орлогоос төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараа бууруулсан зөрчлийг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй. Энэ маргааны гол үйл баримт нь НӨАТ-ын падаан ашиглаж албан татварын хасалт хийсэн, тэр нь тайлангаар нотлогдож байгаа үйлдэл юм.

          Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулинд 27 салбарын зөрчлийг нэгтгэн журамласан нь салбарын онцлогоос хамааруулж “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой” нөхцөл байдлыг ойлгож байна. Тухайлбал, тээврийн хэрэгслийн жолооч улаан гэрлээр нэвтэрсэн нь хэнд ч ойлгомжтой зөрчил мөн бөгөөд энэ тохиолдолд цагдаагийн албан хаагч зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэнэ. Үүнтэй адил татвар төлөгч өөрийн төлөх татвараа тайландаа бууруулж тайлагнасан нь ил тодорхой зөрчил мөн.

          Гомдол гаргагч хуулийн этгээд НӨАТ-ын тайланд хасалт хийсэн үйл баримтыг  хүлээн зөвшөөрдөг. Үүнтэй талуудын хэн алин ч маргаагүй. Гагцхүү бид хуурамч гэдгийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэдэг тайлбарыг хяналт шалгалт хийгдэх үеэр болон шүүх хуралдаанд дээр хэлсээр байхад шүүх энэ тайлбарыг анхаарч үзэхгүй зөрчлийн хэрэг нээгээгүй гэх үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон нь татвар төлөгчийн хууль бус үйлдлийг дэмжиж дахин энэ төрлийн зөрчил гарах “үүд хаалга-ыг нээжээ.

          Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хийсэн нь татвар төлөгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Учир нь зөрчлийн хэрэг нээсэн тохиолдолд хэрэг бүртгэлийн хугацаа нийт 58 хоног боловч хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн ажиллагааны хугацаатай ойролцоо байгаа нь татвар төлөгчийн хуулиар тогтоосон эрхээ хэрэгжүүлэх боломжийг хангалттай олгосон хугацаа гэж үзэхээр байна.

          Борлуулагч гэх компани бараа, ажил үйлчилгээндээ НӨАТ ногдуулж, худалдан борлуулдаггүй болохыг нотолсон нотлох баримт хэрэгт цугларсан боловч шүүх түүнийг хэрхэн үнэлж няцаалт хийсэн нь тодорхойгүй нөхцөл байдал зэрэг нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэхэд эргэлзээ төрүүлж байна.

          Татварын албан татварын улсын байцаагч татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, зөрчлийн хэрэг нээхгүй хялбаршуулсан журмаар шийдвэрлэснийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасантай нийцнэ гэж үзэж байна.

          Иймд Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хянаад хүчингүй болгож, гомдол гаргагч “Э г г” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

          Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар нь “Э г г” ХХК-ийн үйл ажиллагааны 2015, 2016 оны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд анхан шатны болон нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын ногдуулалт, тайлан, хөндлөнгийн мэдээ болон бусад баримтад тулгуурлан хяналт шалгалт хийж, 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1102201814 дүгээр шийтгэлийн хуудсаар Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг зөрчиж, 2015 онд нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа татвар ногдох орлогыг бууруулсан зөрчилд 36,363,636.36 төгрөгийн нөхөн татвар, 10,909,090.91 төгрөгийн торгууль, 14,527,272.73 төгрөгийн алданги ногдуулжээ.

          Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, “хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн” гэх үндэслэлээр гомдлыг хангаж, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон гэх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлтэй байна.

          Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т “зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол” зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр заажээ.

          “Э г г” ХХК-ийн худалдан авалтдаа тусгаж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцох үндэслэл болсон “М г э и” ХХК-иас 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 0018954487 дугаартай, 363,636,363.64 төгрөгийн барилгын материал худалдан авахдаа нэмэгдсэн өртгийн албан татварт 36,363,636 төгрөг төлсөн гэх бичилт хийсэн падаан нь хий бичилттэй, хуурамч болох нь Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт арга зүйн газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 07/778, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн 2018 оны 10/д30/827 дугаар албан бичиг, Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн тогтоол зэргээр тогтоогджээ.

          Дээрх баримтуудаас гадна татвар төлөгч “Э г г” ХХК нь тухайн ажил гүйлгээг бодитой хийсэн буюу “М г э и” ХХК-иас барилгын ямар материал, хичнээн хэмжээтэй худалдан авч, уг барилгын материалаа ямар үндсэн үйл ажиллагаандаа хэрхэн ашиглаж, зарцуулсан талаар зөрчлийг үгүйсгэсэн нотлох баримтаа гаргаж шүүхэд ирүүлээгүй байх тул татварын улсын байцаагчийн зөрчилд хариуцлага ногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар “хялбаршуулсан журмаар” шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.

          Мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд “Э г г” ХХК-ийн нягтлан бодогч Х.Догоог оролцуулж, 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлэг авсан, уг бараа материалыг худалдан авсантай холбоотой аж ахуйн нэгжийн хасагдах зардал, холбогдох бүртгэлд тусгагаагүй, энэ талаар баримтгүй, зөрчлийг хүлээн зөвшөөрчээ.

          Түүнчлэн татварын улсын байцаагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд компанийн захирлыг оролцуулаагүй боловч татварын хяналт шалгалтын ажиллагаанд  компанийн нягтлан бодогч Х.Догоог оролцуулсныг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хуулийн этгээдийн эрх бүхий этгээд оролцуулж болохоор заасныг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

          Учир нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн тухай /2015 оны/ хуулийн 18 дугаар зүйлийн 18.5-д “Нягтлан бодогчийн нэг орон тоотой аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байгаа нягтлан бодогч, эсхүл гэрээт нягтлан бодогч нь ерөнхий нягтлан бодогчийн үүрэг гүйцэтгэнэ”, ерөнхий нягтлан бодогч нь мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1-д “энэ хуулийн 17.1-д заасан эрх бүхий этгээдийн хууль ёсны шаардлагыг цаг тухайд нь бүрэн хэрэгжүүлэх”, 20.2.4-д “нягтлан бодох бүртгэл хөтлөлт нь энэ хууль болон санхүүгийн бусад хууль тогтоомжид заасан шаардлагад нийцэж байгаа эсэхийг хянах”, 20.2.9-д “аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага болон санхүүгийн тайлан хэрэглэгчдийг цаг хугацаанд нь үнэн, зөв мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах” үүрэг хүлээхээр заасны дагуу нягтлан бодогчийн хувьд татварын хяналт шалгалтын ажиллагаанд оролцож татварын байцаагч болон өөрийн удирдлагаа үнэн, зөв мэдээллээр хангах үүрэгтэй.

          Харин  татварын улсын байцаагч нар нь шийтгэлийн хуудсанд татвар төлөгчийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзсэн атлаа хуулийн заалтыг 14.5 гэж тавьсан нь алдаатай болсон боловч энэ нь шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болохооргүй байна.

          Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдалд буруу дүгнэлт хийж /хэлбэрийн зөрчил нь агуулгыг өөрчлөх үндэслэл болохооргүй байхад/,  дээрх хуулийн заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж, зөвхөн зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

          Иймд “Э г г” ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай 2006 оны хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж заасныг зөрчиж хий бичилттэй падаанд үндэслэн татвар бууруулсан нь тогтоогдсон байх тул гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх үзлээ.