Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 62

 

Г.Эрдэнэбат, Г.Балжидмаа нарын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүгч П.Долгормаа даргалж, шүүгч Н.Насанжаргал, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 143/ШШ2016/00368 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Г.Эрдэнэбат, Г.Балжидмаа нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч К.Баярцэнгэлд хариуцагдах

“Мөнгөн төлбөрт 5.000.000 төгрөг гаргуулах тухай” үндсэн, “Мөнгөн төлбөрт 1.923.780 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны  09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.           

            Шүүх хуралдаанд:

            Нарийн бичгийн дарга Б.Ренчиндорж оролцов.

            Нэхэмжлэгч Г.Эрдэнэбат, Г.Балжидмаа нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: К.Баярцэнгэл нь 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Төрийн банкны Өмнөговь салбарын захирал Ж.Тунгалагтай 950 дугаартай Барьцаат зээлийн гэрээг байгуулж 7000000 төгрөгийг жилийн 19,2 хувийн сарын 1,6 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатайгаар цалингийн зээл хийлгэж миний бие Г.Эрдэнэбат, хамтран зээлдэгч Г.Балжидмаа нарын нэр дээр гаргуулж аман гэрээгээр 2 сарын дараа гэхэд бүрэн төлж дуусгана гэж авсан боловч 2015 оны 09 дүгээр сараас хойш огт төлөлт хийгдээгүйн улмаас Төрийн банк нь Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд өргөдөл гаргаж үндсэн зээл 2130596 төгрөг, үндсэн хүү 96230 төгрөг нэмэгдүүлсэн хүү 2041 төгрөг нийт 2228865 төгрөг болон 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагад үндсэн хүү 75108 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7967 төгрөг нийт 83075 төгрөгийг нэмж 2311940 төгрөг төлөх шийдвэр гарч, мөн 08 дугаар сард зээлээ төлөөгүйн улмаас Балжидмаа миний бие банкны байнгын дарамт шахалтанд орж дансаа хаалгахгүйн тулд 258000 төгрөгийг төлөхийн тулд хувь хүн \ломбарднаас\ 10 хувийн хүүтэй мөнгө зээлж төлсөн боловч одоо болтол хүүгээ өгөөд үндсэн мөнгөө төлөөгүй нийт 1 сарын хүү нь 25800 нийт 08 дугаар сарын хүү болох 206400 төгрөг, үндсэн мөнгө, хүү нийт 464400 төгрөг мөн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Төрийн банкнаас цалингийн зээл дээрээ нэмж зээл авах материалаа бүрдүүлж өгөхөд 11 дүгээр сарын 18-ны өдөр Төрийн банкны салбарын зээлийн хорооны шийдвэр нь гэр бүлийн хүн Эрдэнэбат нь цалингийн зээлтэй зээл олгох боломжгүй түдгэлзэв гэсэн хурлын шийдвэр гарч надад зээл олдоогүйн улмаас мөн л ломбарднаас мөнгө зээлсэн.

             Үүнээс хойш 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Хаан банкнаас малчны зээлийг Л.Энхмаагаар зээл гаргуулж, өөрөө хамтран үүрэг гүйцэтгэгчээр нь гарын үсэг зурж энэ хүнээс 2500000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр 5 сар 18 хоногийн хугацаатайгаар авсан. Сарын хүү 250000 төгрөг,  5 сарын хүү 1250000 мянган төгрөг болж байгаа учир зөвхөн хүү мөнгөө гаргуулах хүсэлтэй байна.

            Г.Эрдэнэбат миний бие нь тухайн үед Каахүү овогтой Баярцэнгэлд маш их итгэж найдсан. Би өөрийн амьдралыг чадан ядан авч явж байсан ч гэсэн К.Баярцэнгэлд хүн чанар гаргаж, сайхан сэтгэлээр итгэж найдсанаас болж өнөөдөр ийм байдалд хүрсэн. Миний бие нь эдийн засгийн бодит хохирлоос гадны сэтгэл санаа элэг бүтэн амьдрах эрхээ хасуулж ямар нэгэн байдлаар банк санхүүгийн байгууллагад хандах боломжгүй болтлоо хохирсон. Гэтэл К.Баярцэнгэл өчүүхэн ч гэсэн хүн чанар гаргаж энэ тусыг бодож зээлээ цаг хугацаанд төлж байсан бол ийм байдал үүсэхгүй байсан. Хэдийгээр би ингэж хохирсон ч гэсэн Төрийн банкыг хүндэтгэж өндөр хүүтэй мөнгө ломбарднаас зээлж, өөрийн боломжит бүх байдлаар К.Баярцэнгэлийн өмнөөс төлж байсан.

            Иймээс Г.Эрдэнэбат миний бие нь К.Баярцэнгэлээс төрийн банкны зээл 2311940 төгрөг, шүүхэд хандсан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55165 төгрөг. Булган сумаас Даланзадгад ирж буцсан унааны зардал 890.000..... нийт 5000000 сая төгрөгийг нэхэмжилж байна. Миний нэхэмжлэлийн шаардлагыг шалган үзэж шийдвэрлэн миний амьдрал ахуйд гүн туслалцаа үзүүлнэ үү гэжээ.

            Хариуцагч К.Баярцэнгэл шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: К.Баярцэнгэл би 2013 онд хамт ажиллаж байсан Г.Эрдэнэбатаас туслалцаа хүсч, банкнаас 7000000 төгрөгийн зээл авхуулсан нь үнэн бөгөөд уг зээлийг Төрийн банкинд 2015 оны 8 дугаар cap хүртэл cap бүр хуваарийн дагуу тасралтгүй төлж байсан. Эрдэнэбат, Балжидмаа нарт боломжтой болохоороо бүгдийг нь төлнө хоёул хоёулаа ажилгүй байгаа болохоор cap сард нь яаж ийгээд төлөөд явж байна... гэж үнэн байдлаа хэлж учирлаж байсан. ...Эдийн засгийн хямрал, гэр бүлийн орлогогүй байдал, Баярцэнгэл миний үйл ажиллагаа явуулах эрх хуулиар хязгаарлагдсан, эхнэр Хандармаагийн хүүхэд асрах чөлөөгөө дуусгаад ажилдаа орох гэхэд үндсэн ажилд нь эргүүлж авахгүй байсан зэрэг хүндрэлтэй бодит нөхцөл байдал үүссэнээс 2015 оны 7 дугаар сараас хойш зээлүүдээ төлж чадахгүй нөхцөлд гарцаагүй байдлаар хүрсэн тул хашаа газраа зарж, өр зээлээ төлөх гэж 13 жил амьдарсан газраасаа нүүсэн. Тухайн үед манайх орон сууцны зээлээс гадна нийт 17810000 төгрөгийн зээлтэй байсан.

            Би эхнэр Хандармаагийн хамт энэ өр зээлээ төлөхөөр 2015 оны 9 дүгээр сарын 15-24-ний өдрүүдэд Хүрмэн сумын малчин Э.Батбаярт Оюутын 2-33 тоот өмчлөлийн газрыг бэлэглэх, уг газрын урд талын залгаа Оюутын 1-3 тоот газрыг зах зээлийн ханшаар 18000000 төгрөгөөр бэлэн мөнгөөр худалдахаар харилцан тохиролцож, эхнэр Хандармаа нь Батбаяртай гэрээ байгуулж нотариатчаар гэрчлүүлсэн. Батбаяр нь Улсын Бүртгэлийн хэлтэст материалаа өгөхөд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч М.Оюун-Эрдэнэ нь Балжидмааг дуудаж уг бичиг баримтын хураалгуулсан байсан. Оюун-Эрдэнэ, Балжидмаа нь бүлэглэн төрийн албан тушаалаараа илүүрхэж бидний энэ худалдах, худалдан авах харилцаанд хөндлөнгөөс оролцсноос Батбаяртай хийсэн наймаа буцаж манай гэр бүлийн хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн, өр зээл шийдвэрлэгдэх байсан боломжууд хаагдсан. Энэ тухай Засгийн газрын “Иргэдээ сонсъё” 1111 утас руу залгаж гомдлоо  гаргахад “таны гомдлыг УБЕГ руу явуулна” гэсэн боловч ямар нэг хариу хэлээгүй.

            Балжидмаа 2015 оны 9 сарын 25-нд ирж загнахад “та нарын энэ үйлдэл чинь ёс зүйн зөрчил, дээд газрын Ёс зүйн Хороо, Төрийн албаны Зөвлөл, цагдаа шүүхэд хандана. Биднийг хохироосон юм чинь тэр мөнгөө өөрөө төл, чамайг төлнө гэвэл яахав гомдол чирэгдэл гаргаж энэ тэр гэхээ болъё” гэсэн. Тухайн үед Балжидмаа “миний буруу л даа” гээд уг зээлийн үлдэгдлийг “уг нь ч гайгүй 2 сая орчим төгрөг үлдсэн байгаа ” гэж хэлээд уг мөнгийг өөрөө төлөх ойлголт өгснөөр бидний зүгээс холбогдох газруудад гомдол гаргахгүй байхаар тохирсон. Үүнээс хойш дахиж ирээгүй, Төрийн банкны зээлийг  Балжидмааг өөрөө төлсөн гэж ойлгож байсан.

            Хэрэв Балжидмааг шалгуулсан бол энэ байтугай зүйлийг төлөх байсан. Иймд дээрх болсон нөхцөл байдал, бидэнд учруулсан хохирол, Балжидмаагийн өөрөө зээлийн үлдэгдлээ төлөх талаарх тохиролцоог үндэслэн 5000000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

            Балжидмаа, Оюун-Эрдэнэ нарын хууль бус үйлдлээс болж өрөө төлж чадаагүйгээс хоёр хүүхдийн хадгаламж цуцлагдаж, хадгаламжаас олох орлого алга болсон. Аав Каахүүгээр зээл авхуулж хүүнд нь 313541 төгрөг төлөх нөхцөл байдлыг үүсгэж хохирсон гэжээ.

            Хариуцагч К.Баярцэнгэл нь Ц.Хандармаатай хамтран гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Оюун-Эрдэнэ, Балжидмаа нар бидний өмчид халдсан хууль бус үйлдэл хийснээр наймаа буцаж, 2015 оны 9 сард төлөх байсан өрүүдээ төлж чадаагүйгээс өнөөдөр 2 хүүхдийнхээ хадгаламжийг цуцлуулж, энэ хугацаанд хадгаламжаас олох байсан 267576 төгрөг +267663 төгрөг, нийт 535239 төгрөгний орлого алдагдсан. Мөн Хаан банкинд 1075000 төгрөгийн хүү, аав Д.Каахүүгээр 2,7 сая төгрөгийн зээл авхуулах болж, хүүнд нь 313541 төг төлөх нөхцөл байдлыг үүсгэж хохироосон. Иймд бид Оюун-Эрдэнэ, Балжидмаа нараас болж төлөх болсон зээлийн хүү 1388541 төгрөг, хадгаламжаас олох байсан орлого 313541 төгрөг, нийт 1923780 төгрөгийг Оюун-Эрдэнэ, Балжидмаа нараас гаргуулж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч Г.Эрдэнэбат, Г.Балжидмаа нар сөрөг нэхэмжлэлд ирүүлсэн хариу тайлбартаа: К.Баярцэнгэл нь 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдөр цалингийн зээл авсан цагаас хойш л cap бүрийн 25 -ны өдөр төлөгдөх ёстой гэдгийг мэдэж байсан боловч 2015 оны 9 сарын 2 өдрөөс хойш сарын төлөлтөө хийгээгүй. Ингээд 9 сарын дундуур ажил дээр эхнэр Хандармаагийнх газрыг худалдан авсан Батбаяр гэдэг хүн нь гэрчилгээ солиулах гэж яваатай нь Балжидмаа миний бие таарч учир байдлаа ойлгуулж, газрын гэрчилгээг нь асуудлаа шийдүүлэх зорилгоор авч үлдсэн боловч маргааш нь Хандармаа нь Засгийн газрын 1111 дугаарт болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын 1690 утсанд гомдол гаргасан байсан.

            Иймд дээрх нөхцөл байдал, болсон үйл явдалыг нягтлан шалгаж, үнэн зөвийг олж, хуулиас дээгүүр эрх мэдэлтэй юм шиг ааш араншин гаргаж яваа К.Баярцэнгэл, Ц.Хандармаа нарын үнэн учрыг олж, К.Баярцэнгэл, Ц.Хандармаа нараар Төрийн банкны зээлийн төлбөрийг бүрэн төлүүлэх болон гарч байгаа бодит хохирол зэргийг нягтлан шалгаж үнэн зөвийг тогтоон шийдвэрлэж миний амьдралд гүн туслалцаа үзүүлнэ үү гэжээ.

            Нэхэмжлэгч Г.Эрдэнэбат анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн ч буруудахааргүй байна. Би хот явж 2 сая төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Хариуцагч хуурамч тодорхойлолт хийлгэсэн байсан. Яаж хийлгэсэн талаар мэдэхгүй. Барагтай бол тааралдахгүй. Гудамжинд таарахаар цаашаа утсаар ярьж байгаа дүр эсгээд яваад өгдөг. Би хөдөө орон нутгаас ирдэг. Сар болгон шахуу ирж байна. Нийт нэхэмжилж байгаа үнийн дүн дээрээ нэмээд 890.000 төгрөг гаргуулах саналтай байна гэжээ.

            Нэхэмжлэгч Г.Балжидмаа анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

  Эрдэнэбаттай санал нэг байна. Одоо К.Баярцэнгэлээс банкны зээлийн мөнгө 2311940 төгрөг, шүүхэд хандсан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55165 төгрөг, Булган сумаас Даланзадгад ирж буцсан унааны зардал 890.000 төгрөг, ломбардаас 464400 төгрөг, Энхмаагаар авахуулсан зээлийн 5 сарын хүү 1250000 төгрөг нийт 4971505 төгрөгийг нэхэмжилж, 28495 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

     Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар К.Баярцэнгэлээс 2311940 төгрөг гаргуулан Г.Эрдэнэбат, Г.Балжидмаа нарт олгож, Г.Эрдэнэбат, Г.Балжидмаа нарын нэхэмжлэлээс илүү нэхэмжилсэн 2659565 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Г.Эрдэнэбат, Г.Балжидмаа нар нь 28495 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурдаж,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Эрдэнэбат, Г.Балжидмаа нарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 94950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч К.Баярцэнгэлээс 51941 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Эрдэнэбат, Г.Балжидмаа нарт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт зааснаар К.Баярцэнгэлийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэгч К.Баярцэнгэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45730 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

   Нэхэмжлэгч Г.Эрдэнэбат, Г.Балжидмаа нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

 Нэхэмжлэгч Г.Балжидмаа миний бие 2015 оны 8 сард хугацаа хэтэрсэн зээлийн сарын эргэн төлөлтийн хуваарийн дагуу 258000 төгрөг төлөхийн тулд “Ундрал Илч” ломбарднаас 10 хувийн хүүтэй мөнгө зээлэн одоог хүртэл хүүг нь төлөөд явж байгаа ба хэргийн материалд энэ талаарх нотлох баримтаа өгсөн байхад шүүх Төрийн банкнаас авсан зээлд төлсөн гэдгээ нотлоогүй гэж хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.   Энэ зээлд оруулсан мөнгө, хүү нийт 464400 төгрөгийг хариуцагч К.Баярцэнгэлээс зайлшгүй гаргуулах мөнгө гэж үзэж байна.

Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын иргэнии хэргийн анхан шатны шүүхиин 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн №143/1111112016/00368 дугаар шийдвэрээр К.Баярцэнгэлээс 2311940 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн мөнгөн дээр нэмж ломбарднаас хүүтэй зээлж, зээл төлсөн 258000 төгрөгийг хүүгийн хамт нийт 464400 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Энэ нь хэд хэдэн нэхэмжлэгч нэхэмжлэл гаргасан байх ба тэдгээр нь хамтран нэхэмжлэл гаргасан буюу нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь нэг хүсэл сонирхолтой эсэх нь тодорхойгүй, мөн хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн хувьд шүүхийн дүгнэлт хуульд нийцээгүй, хариуцагчаас нотлох баримт бүрдүүлэхээр гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй зэрэг болно.

Тодруулбал: 1. Нэхэмжлэгч Г.Эрдэнэбат, Г.Балжидмаа нар нь хариуцагч К.Баярцэнгэлд холбогдуулж 5000000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Г.Балжидмаа нь 28495 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байна.

Хариуцагч К.Баярцэнгэл нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч 1923780 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 09-ны өдрийн 143/шш2016/00132 тоот шийдвэр, “Уран биндэр” ХХК-ий Нүнжиг ломбардын барьцаат зээлийн гэрээ, “Ундрал илч” ЗБН Барьцаат үйлчилгээний гэрээ, иргэн Л.Энхмаа болон Г.Балжидмаа нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ зэргийг үндэслэсэн байна.

Харин нэхэмжлэлийн шаардлагын талаар анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Эрдэнэбат “...нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн ч буруудахааргүй байна...” гэж тайлбарласан бол нэхэмжлэгч Г.Балжидмаа “...шүүхийн шийдвэрээр Төрийн банкинд төлөх болсон 2311940 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55165 төгрөг, Булган сумаас Даланзадгад ирж буцсан унааны зардал 890.000 төгрөг, ломбардаас 464400 төгрөг, Л.Энхмаагаар авахуулсан зээлийн 5 сарын хүү 1250000 төгрөг нийт 4971505 төгрөгийг нэхэмжилж, 28495 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна...” гэж тайлбарласан байна. /хэргийн 108 дугаар тал/

Нэхэмжлэгч Г.Эрдэнэбат, Г.Балжидмаа нар нь нэхэмжлэлийн шаардлагынхаа мөнгөн дүнг  зээл, зээлийн хүүгийн талаарх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт заасан мөнгө, унааны зардал, бусдаас зээлсэн мөнгөний хүү гэж тайлбарлаж нэхэмжилсэн байхад шүүх шаардлагын үндэслэл тус бүрийн шаардах эрхийн үндэслэлийг тодруулбал унааны зардал 890000 төгрөгийн талаар дүгнэлт хийгээгүй, шийдвэрийн тогтоох хэсэгтээ шаардлагыг хангасан, хэрэгсэхгүй болгосон хууль зүйн үндэслэлийг зааглаагүй, нийт нийлбэр дүнгээр бичснээс шүүхийн шийдвэр тодорхой бус гарсан байна.

 Г.Балжидмаа, Г.Эрдэнэбат нар нь хамтран нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлд “...Г.Эрдэнэбат миний бие ...Булган сумаас Даланзадгад ирж буцсан унааны зардал 890000 төгрөг ...нэхэмжилж байна.” гэж бичсэн,  шүүх хуралдаанд Г.Эрдэнэбат “...нийт нэхэмжилж байгаа үнийн дүн дээрээ нэмээд 890000 төгрөг гаргуулах саналтай..” гэж тайлбарласан зэргээс унааны зардал 890000 төгрөгийг гаргуулах шаардлагыг Г.Эрдэнэбат дангаараа гаргасан гэж үзэхээр байна. Мөн нэхэмжлэгч Г.Балжидмаагийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсан хэсгийн талаар нэхэмжлэгч Г.Эрдэнэбат ямар нэг тайлбар хийгээгүй байх тул  нэхэмжлэлийн шаардлага 5000000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэгч нар нь ямар хэмжээгээр хуульд заасан эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлоо  зөрчигдсөн гэж үзэж байгаад шүүх дүгнэлт хийх шаардлагатай байсан. 

2. Сөрөг нэхэмжлэл гаргах эрхийг хариуцагч эдэлж, түүнийг нэхэмжлэгчид холбогдуулж гаргах ба шүүх хариуцагчийн шаардлагыг сөрөг нэхэмжлэл гэж үзсэн тохиолдолд түүний талаар дүгнэлт хийж шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т заасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ гэсэнтэй нийцнэ.

Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагч К.Баярцэнгэлийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, түүний төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Гэтэл сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч Г.Эрдэнэбат, Г.Балжидмаа нарт гардуулах ажиллагааг шүүхээс явуулсан атлаа шийдвэрийн үндэслэх хэсэгтээ сөрөг нэхэмжлэлийн хариуцагч нь үндсэн нэхэмжлэлийн нэхэмжлэгч биш тул К.Баярцэнгэлийн нэхэмжлэлийг сөрөг нэхэмжлэл гэж үзэх үндэслэлгүй байна гэсэн дүгнэлт хийжээ.

Ингэж шүүхийн дүгнэлт нь шийдэлтэйгээ зөрчилдөж байх тул шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэх боломжгүй байна.

Мөн К.Баярцэнгэлийн гаргасан сөрөг нэхэмжлэл гэх баримтад нэхэмжлэгч биш М.Оюун-Эрдэнэ хариуцагчаар, хариуцагч биш Ц.Хандармаа нэхэмжлэгчээр нэрлэн бичигдсэн байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т заасан “...хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй...” гэсэнтэй нийцээгүйг шүүх анхаараагүй байна./хэргийн 50, 56 дугаар тал/

3. Хариуцагч К.Баярцэнгэл нь тайлбартаа “... камерийн бичлэг, утасны биллийг хувь хүн миний зүгээс хандаж авах боломжгүй учир шүүхийн журмаар гаргуулж, нотлох баримтанд авхуулах хүсэлтэй байна...” гэсэн хүсэлтийг гаргажээ. /хэргийн 68 дугаар тал/ Гэвч уг хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол  хэрэгт авагдаагүй тул шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т заасан “...шийдвэр гаргаснаас бусад тохиолдолд...шүүгч захирамж гаргана.”, 123.3-т заасан“...хянан шийдвэрлэж байгаа асуудлаар ...шүүгчийн захирамжийг бичгээр гаргана.” гэж заасан шаардлагыг биелүүлээгүй гэж үзэв. /хэргийн 68 дугаар тал/

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасан үндэслэл тогтоогдсон, анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн дээрх зөрчлүүдийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1.  Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 143/ШШ2016/00368 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд нь буцаасугай. 
  1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар Г.Эрдэнэбат, Г.Балжидмаа нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 14580 төгрөгийг Өмнөговь аймгийн Татварын газрын ХААН банкны 5585042119 тоот данснаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              П.ДОЛГОРМАА

                                 ШҮҮГЧИД                                             Н.БАТЧИМЭГ    

                                                                                     Н.НАСАНЖАРГАЛ