Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 67

 

Х.П-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Анхбаяр, Г.Наранбаатар, хохирогчийн өмгөөлөгч Р.Машлай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/220 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ДШМ/152 дугаар магадлалтай, Х.П-д холбогдох 2107000390064 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Х.П, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Анхбаяр, Г.Наранбаатар нарын гаргасан гомдлыг үндэслэн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, ** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэн буудагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, ****** дүүрэг, * дүгээр хороо, *** дүгээр байр, ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Х-ын П,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/220 дугаар шийтгэх тогтоолоор Б овогт Х-ын П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн завшсаны улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Х.П-г 2 (хоёр) жил 4 (дөрөв) сарын хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.П-д оногдуулсан 2 (хоёр) жил 4 (дөрөв) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, түүнийг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.П-гаас 68.490.500 (жаран найман сая дөрвөн зуун ерэн мянга таван зуу) төгрөгийг гаргуулж хохирогч “Э” ХХК-д олгож,

Шүүгдэгч Х.П- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар тус хэргийн 2 дугаар хавтасны 56-59 дүгээр хуудас дахь 8 хэсэг ноорог цаас бүхий гар бичмэл, Onnuri community Church гэсэн бичиглэл бүхий гар ноорог дэвтрийг хавтаст хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалж шийдвэрлэжээ.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ДШМ/152 дугаар магадлалаар Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/220 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.П-, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарын гаргасан давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.П- нь 61 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Анхбаяр хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... Шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан Завших гэмт хэргийн итгэмжлэн хариуцах гэдэг ойлголтыг Монгол Улсын дээд шүүхээс хэрэг маргааныг шийдвэрлэхдээ дараах байдлаар албан ёсны тайлбаруудыг гаргаж байжээ. Үүнд:

1. Монгол Улсын Дээд шүүхийн 2021.04.07-ны өдрийн 192 дугаартай тогтоолд: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан завших гэмт хэргийн тухайд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг бөгөөд эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг хэлж буй гэж ойлгоно.”

2. Монгол Улсын Дээд шүүхийн 2021.03.19-ний өдрийн 136 дугаартай тогтоолд: "Эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг ойлгож болно."

3. Монгол Улсын Дээд шүүхийн 2020.10.09-ний өдрийн 555 дугаартай тогтоолд: "Ийнхүү үүрэг хүлээсэн байдгаараа хадгалуулсан буюу бусад зорилгоор итгэмжлэн өгсөн бусдын эд хөрөнгийг завших гэмт хэргийн субъектээс ялгагддаг бөгөөд энэ хэрэг нь өмчлөгчийн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд зохих зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн бүрэн бүтэн байдлаас ямар нэгэн хэсгийг тасдаж бусдад өгч Үрэгдүүлсэн, эсхүл өөрөө авч завшсан идэвхтэй үйлдлээр илэрнэ."

Шүүхийн шийдвэрийн цахим сан буюу www.shuuhk.mn сайт дээр дээр дурдсантай яг адилхан агуулгаар 2020.05.11-ний өдрийн 530 дугаартай тогтоол, 2020.06.02-ны өдрийн 680 дугаартай тогтоол, 2021.04.01-ний өдрийн 182 дугаартай тогтоолууд Улсын Дээд шүүхээс гарч байсан байна.

Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхүүд шүүгдэгч Х.П-д холбогдох эрүүгийн хэргийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэргийг шийдвэрлээд байна. Учир нь Х.П-д холбогдох хэргийн 2 дугаар хавтасны 246 дугаар хуудсанд байх хэлцлийг харвал Х.П- нь хохирогчийн шилжүүлсэн мөнгөөр самар худалдан авах буюу захиран зарцуулах эрхтэй болох нь тодорхой байна. Шүүгдэгч Х.П- нь хохирогчийн мөнгийг зарцуулж бусдаас самар худалдан аваад уг самраа хохирогч талд илгээх үүргийг хүлээсэн байна. Хэргийн энэхүү нөхцөл байдлыг Улсын дээд шүүхээс гаргасан “захиран зарцуулах эрхгүйгээр шилжүүлэн авах” гэх тайлбартай харьцуулбал маш их ялгаатай, бүр эсрэг утгатай болох нь тодорхой байна. Өмгөөлөгчийн зүгээс давж заалдах шатны шүүх хуралд Улсын дээд шүүхийн "захиран зарцуулах эрхгүйгээр шилжүүлэн авах" гэх тайлбарыг үндэслэлээ болгож маргасан байхад магадлалд өмгөөлөгчийн байр суурийг тухайлан няцаан үгүйсгэсэн үндэслэл дурдаагүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.П- нь итгэмжлэн хариуцсан этгээд биш, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан итгэмжлэн хариуцах гэдэг ойлголтод шүүгдэгч Х.П- нь хамаарахгүй байна хэмээн өмгөөлөгч миний хувьд маргадаг.

Дараагийн үндэслэл бол талуудын хооронд байгуулагдсан хэлцэл дээр хохирогч талыг төлөөлөн гарын үсэг зурсан этгээд болох Т.Г гэх хүн байдаг. Гэтэл Т.Г нь энэхүү хэргийн хохирогч С.Б-тай ямар ч хамааралгүй этгээд юм. Иргэн Т.Г нь хохирогч С.Б-аас түүнийг төлөөлөн бусадтай гэрээ, хэлцэл хийх эрхийг итгэмжлэн аваагүй бөгөөд энэ талаар хавтаст хэрэгт ямар ч нотлох баримт байдаггүй. Мөн хохирогч, шүүгдэгч хоёр хэзээ ч хоорондоо уулзалдаагүй буюу хохирогч Налайх дүүрэгт, шүүгдэгч Хөвсгөл аймагт байсан. Ингэхээр хохирогч С.Б нь өөрийн хөрөнгийг шүүгдэгч Х.П-д итгэмжлэн хариуцуулсан уу, талууд нэгэндээ хөрөнгө итгэмжлэх тохиролцоо, ойлголцол явагдсан уу гэдэг эргэлзээтэй юм.

Дээр дурдсан хоёр үндэслэлээс дүгнэхэд шүүгдэгч Х.П- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд биш болох нь тодорхой бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхүүд Улсын дээд шүүхийн итгэмжлэн хариуцсан этгээд нь захиран зарцуулах эрхгүйгээр шилжүүлсэн гэх албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэжээ.

Иймд хяналтын гомдлыг хүлээн авч, анхан шатны шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...1. Өмгөөлөгчийн зүгээс давж заалдах шатны шүүхэд 3 үндэслэл бүхий гомдлыг гаргасан. 1. Гэмт хэргийн шинжийг бүгдийг нь агуулсан эсэх, 2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн бодитой тогтоосон эсэх, 3. Гэмт хэрэг хаана гарсан, үйлдэгдсэн талаарх гомдлуудыг тус тус гаргасан.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахаар хуульд заасан. Гэтэл давж заалдах шатны шүүхээс “Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-т заасан "гэмт хэрэг хаана” үйлдэгдсэн талаарх дүгнэлтийг огт хийгээгүй. Өөрөөр хэлбэл мөнгө шилжүүлсэн газар болох Налайх дүүргийн төвд байрлах захын хажуугийн Хаан банкны салбар дээр очиж 4 удаагийн гүйлгээ хийсэн гэж тайлбарлан мэдүүлсэн боловч “Э” ХХК-ийн 50********** дугаартай данснаас "50********** тоот данс pyy 2020 оны 09 дүгээр сарын 15, 09 дүгээр сарын 18, 09 дүгээр сарын 21, 09 дүгээр сарын 24-ний өдрүүдийн гүйлгээний хуулгаар тус тус интернэт банкаар шилжүүлж данс хоорондын гүйлгээний хураамжийн шимтгэл 200 төгрөг данснаас автоматаар хасагдсан болох нь "Э" ХХК-ийн 50********** тоот дансны хуулгаар нотлогддог тул шүүхийн харьяаллыг Налайх дүүрэг гэж үзэх боломжгүй. Хэргийн үйл явц Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт эхэлж тухайн газар төгссөн байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокуророос мөрдөн шалгах ажиллагаа явуулах, хяналт тавих прокурорын газрын харьяаллыг тогтоосноос бус шүүхийн харьяаллыг тогтоогоогүй. Гэтэл Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг мөнгө шилжүүлснээр хэрэг үйлдэгдсэнд тооцож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэргийг уг хэрэг гарсан газрын харьяалах шүүх хянан шийдвэрлэнэ”, мөн зүйлийн 9-т “Эрүүгийн хэргийн оролцогч, гэрчийн олонхи байгаа газарт, эсхүл дагнасан чиг үүрэгтэй алба, нэгжийн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан эрүүгийн хэргийн шүүхийн харьяаллыг прокурорын саналыг үндэслэн Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн өөрчлөн тогтоож болно.” гэсэн заалтуудыг зөрчсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн ноцтой зөрчил гэж тооцохоор байхад тухайн гомдлын агуулгад дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн. Энэхүү хуульчлагдсан журам, хэлбэрийг чанд сахих нь шүүхийн өмнөх болон шүүхийн шатанд мөрдөгч, прокурор, шүүгч, шүүхээс гаргаж буй аливаа шийдвэр хуульд нийцсэн эсэхээс хамаарч Эрүүгийн хууль болон бусад хууль тогтоомжийг зөв хэрэглэх зайлшгүй нөхцөл болдог ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил юм.

2. Эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанд гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байгаа эсэхийг тогтоох нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх бас нэг үндсэн нөхцөл юм.

Гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг шууд учирсан. тийм хор уршиг учрах бодит боломж бүрдүүлсэн бол шалтгаант холбоотой гэж үздэг ба гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь тухайн тохиолдолд үүссэн хэргийн нөхцөл байдал, өөрийн үйл явцаар, гадны өөр ямар нэг нөлөөгүйгээр тэр хор уршгийг бодитойгоор учруулсан, түүнд шууд хүргэсэн байдаг. Учир нь гэмт хэргийн хор уршиг нь зөвхөн тухайн этгээдийн гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас, чухамхүү түүний шууд үйлчлэлээр зайлшгүй үр дагавар нь болж учирсан байх нь гэмт хэргийн шалтгаант холбооны үндсэн шинж бөгөөд тухайн хор уршиг нь бусад этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой учирсан бол шалтгаант холбоо үгүйсгэгддэг. Х.П-н хувьд урьд арилжаа наймаа хийж үзээгүй, тооцоо судалгаагүй, эдийн засгийн мэдлэггүйн улмаас 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хийсэн хэлцэл нь талуудын эрх, үүргийг тодорхой заагаагүй байхад самар бэлтгэн нийлүүлэхээр тохиролцож хохирогчоос шилжүүлсэн мөнгийг захиран зарцуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Шүүхээс шүүгдэгчийг "Э” ХХК-ийн мөнгөөр 21 тн 285 кг-аас илүү самар бэлтгэсэн гэх дүгнэлт нь хэт хийсвэр, зөвхөн ашиг сонирхлын зөрчилтэй гэрч Г-ийн мэдүүлэгт үндэслэн дүгнэх боломжгүй юм. Завших гэмт хэргийн хувьд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг. Гэтэл шүүгдэгчийн зүгээс хохирогчийн шилжүүлсэн мөнгийг ямар ч тооцоо судалгаагүй зарцуулж, самар бэлтгэн нийлүүлэх өртгийг бодитой тооцолгүй бэлтгэн нийлүүлснээс хэлцэлд заасан 50 тонн самрыг нийлүүлэх боломжгүй болсон. 2020 оны 10 дугаар сараас “Э” ХХК-ийн шилжүүлсэн төлбөр дуусан талаар гэрч В мэдэгдэж дахин самар нийлүүлэх боломжгүй болсон. Харин тухайн үед самрын ченж М-тэй тохиролцож түүний хөрөнгөөр 20 гаруй тонн самар бэлтгэж нийлүүлсэн болох нь тогтоогдож шүүгдэгчийн субъектив талын шинж няцаагддаг. Өөрөөр хэлбэл “Э” ХХК-ийн мөнгөөр 21 тн 285 кг-аас илүү хэдэн тн, хэдэн кг самар бэлтгэснийг тогтоогоогүй байхад шүүхээс 68.490.500 төгрөгийн самрыг нийлүүлээгүйн улмаас бусдад их хэмжээний хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэх үндэслэлгүй ба гэмт үйлдэл нь хүний идэвхтэй үйл ажиллагаа төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго, сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг онцлогтой. П-н хувьд шунахай зорилгоор, гэм буруугийн санаатай хэлбэрээр, завшсан гэж үзэх нөхцөл байдал буюу гэмт хэргийн шинж хөдөлбөргүй тогтоогдоогүй буюу “Э” ХХК шүүгдэгч Х.П- нарын хооронд үүсэн иргэний эрх зүйн харилцааг эрүүжүүлэн гэм буруутайд тооцон ял шийтгэл оногдуулах боломжгүй юм. Мөн анхан шатны шүүхээс 68.490.500 төгрөгийг хохирол учруулсанд гэм буруутайд тооцон байхад давж заалдах шатны шүүхээс 75.377.550 төгрөгийн үнэ бүхий самрыг нийлүүлэлгүй тухайн мөнгийг зөвшсөн гэж зөрүүтэй ойлгомжгүй дүгнэснийг дурдах нь зүйтэй.

Иймд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд уг шаардлагыг анхан шатны шүүх хангаагүй, давж заалдах шатны шүүх зөвтгөн залруулж чадаагүй байх тул Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 220 дугаартай шийтгэх тогтоол, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ДШМ/152 дугаартай магадлалыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т зааснаар тус тус хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Х.П- хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... Би анхнаасаа самар бэлтгэн нийлүүлэх ажил эцсийн эцэстээ ийм байдалд хүрнэ гэж огт бодоогүй. Надад самар бэлтгэж өгөөд ашиг авах сонирхол байсан болохоос биш байгууллагыг хохироох бодол огт байхгүй. Тиймдээ ч эдний өгсөн мөнгөөр самрыг авч нийлүүлсэн. Тухайн үед самрын үнэ цаг өдрөөр өсөөд байна гэдгийг өдөр бүр утсаар Ц гэгчтэй ярьж “авах уу” гэхэд “хүн авч байгаа юмыг ав” гэж хэлдэг байсан тул миний бие болон Г тухайн үеийн ханшаар самрыг бэлтгэж дууссан. Миний бие дээрх зүйлийг дутуу шалгасанд гомдолтой байна. 1. Зах зээлийн үнийг зөв гаргаж хохирлыг зөв тооцоогүй.

2. Миний бие тухайн үед хэлцэл хийхэд үнийг огт тохироогүйгээс гадна 6500, 7500 төгрөг гэдэг үнийг нэг ч удаа ярилцаагүй. Гэтэл самар хүлээж аваад нөгөө талаас гэнэт ийм үнэ гаргаж ирж хүчээр ийм үнийн дүнд миний бэлтгэж нийлүүлсэн самрыг тооцсон. Тухайн үед самрыг Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумаас агуулахад гаргах үед миний бие Улаанбаатар хотод самар авч байсан бусад ченжээс самрын үнийг асуухад 8500-9500 төгрөгийн хооронд байсан.

Энэхүү процессыг мэдэх хүн нь Г илтэд худал зөрүүтэй мэдүүлэг өгч, нөгөө талд үйлчилсэн мэдүүлэг өгсөөр байтал үүнийг эс анхаарсан. Хэрвээ 6500, 7500 төгрөгөөр тооцож авсан юм бол яагаад урсгал зардал болох 30.000.000 төгрөгийг хасахгүйгээр миний биеийг үлэмж их хэмжээний хохирол учруулсан гэж 2 жил 4 сарын хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэнд үнэхээр гомдолтой байна.

Иймд миний энэхүү гомдлыг сайтар шалгаж, хэрвээ учирсан хохирлыг үнэн зөв гаргаж өгсөн тохиолдолд хохирлыг үнэн зөвөөр төлж барагдуулах болно.

Би одоогоор өөрийн хамтарсан тавилгын үйлдвэрийг ажиллуулж хөл дээрээ босож байсан үйлдвэр минь түрээс төлөх, цаашид үйл ажиллагаа явуулахад бэрх болоод байна. Би эхнэр, 3 нялх хүүхдийн хамт амьдардаг тул миний энэхүү гомдлыг минь хүлээн авч хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Анхбаяр хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа “... Улсын дээд шүүхийн тайлбараас харахад “Завших гэмт хэргийг үйлдэж байгаа гэмт этгээд тухайн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан буюу цаашид захиран зарцуулах эрхгүйгээр...” гэж тусгасан байсан. Хэргийн үйл баримт, нотлох баримтуудыг харахад энэ хэргийн хохирогч нь эсрэгээрээ шүүгдэгчид миний мөнгийг захиран зарцуул /самар худалдаж ав/ гэж өгөөд байгаа юм. Шүүгдэгч буцаагаад худалдаж авсан самраа хохирогчид хүргүүлэх ийм л харилцаа үүссэн. Тэгэхээр Эрүүгийн хуульд заасан завших гэмт хэргийн гол шинж болох “итгэмжлэн хариуцсан” харилцаа болохгүй болчхоод байгаа юм. Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж болохгүй. Хохирогч, шүүгдэгч нар нь уулзалдсан тухай баримт хавтаст хэрэгт огт байдаггүй. Цаг хугацаа, орон зайны хувьд Налайх дүүрэг, Хөвсгөл аймагт байдаг. Шүүгдэгч Х.П-г итгэмжлэн хариуцсан этгээд биш, харин иргэний хэргийн хариуцагч гэж үзэж байгаа. Бичгээр дэлгэрэнгүй гаргасан бөгөөд хяналтын журмаар гаргасан гомдлоо дэмжиж оролцож байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн гэдэг агуулгаар гомдлоо гаргасан. Хэдийгээр хавтас хэрэгт бичгийн баримтууд цугласан боловч тухайн үндэслэлийг бүрэн тогтоосон баримт байхгүй. Гэмт хэрэг хаана гарсан бэ гэдгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж тогтоогоогүй. Прокурорын шатанд мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой маргаан үүссэн ба Улсын ерөнхий прокурорын газарт хэргийн харьяалал тогтоолгохоор шилжүүлж, Налайх дүүргийн прокурорын газарт хэргийг шилжүүлж шийдвэрлэсэн. Зөвхөн мөрдөн шалгах ажиллагааны харьяалал тогтоосон болохоос биш шүүхийн харьяаллыг тогтоосон зүйл огт байхгүй. Гэтэл Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх харьяаллыг зөрчиж хэргийг хянан шийдвэрлэсэн. Мөн гэмт хэргийн хохирлыг бүрэн бодитой тогтоогоогүй. Анхан шатны шүүхээс Х.П-г 68.000.000 төгрөгийн хохирол “Э” ХХК-д учруулсан гэдэг байдлаар дүгнэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх 75.377.550 төгрөгийн хохирол учруулсан гэж зөрүүтэй дүгнэсэн. Хохирлын хэмжээ яагаад өссөн талаар тооцоолол хийгээгүй. Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор уг хэргийн гэрч Б.Гийг оролцуулж өгнө үү гэсэн хүсэлтийг хоёр удаа гаргасан боловч хэргийг хянан шийдвэрлэсний дараа иргэний хариуцагчаар татах асуудлыг шийднэ гэдэг байдлаар шийдсэн. Гэмт хэрэгт хамтран оролцоогүй, гэмт хэрэг үйлдэхэд санаа зорилгоороо нэгдээгүй боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцах этгээд нь гэрч Б.Г юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Г “Э” ХХК-иас шилжүүлсэн 230.000.000 төгрөгөөс ашиг гэж 18.000.000 төгрөгийг авсан. Гэхдээ ашиг гэж авсан учраас “Э” ХХК болон Х.П-д төлөхгүй гэдэг байдлаар тайлбарласан бөгөөд шүүх дээрх асуудлыг авч хэлэлцэлгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхэд ээдрээтэй, шүүгдэгчид ашигтай шийдвэрлэх нотлох баримтууд хэрэгт авагдсан байгаа учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн гомдлыг гаргасан” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Р.Машлай хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа “... Прокуророос хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2-д зааснаар зүйлчилж шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх Х.П-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Өмгөөлөгчийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн нотлогдсон гэж үзэж байна. 2019 оны 08 дугаар сард самар нийлүүлэх, мөнгөөр дэмжлэг үзүүлэх талаар яригдаж эхэлсэн байдаг. Тухайн компани нь шууд самар бэлтгэх эрхгүй байсан учир “Н” ХХК-ийн зөвшөөрлийг ашиглан тохиролцсоны үндсэн дээр Х.П- самрыг Хөвсгөл аймгаас бэлтгэхээр тохиролцож дээрх мөнгийг авсан. Хэлцлээс болоод Х.П-д ашиггүй, үр дүнгүй байсан бол тухай бүрд нь нийлүүлсэн самартай холбоотой мөнгийг буцаан өгөх боломжтой байсан. Тэр мөнгө бол Х.П- зөвхөн самар худалдаж аваад манай компанид нийлүүл, бид бүхэн чамаар бэлтгүүлье гэсэн ажил байсан. Харин самраа нийлүүлсэн боловч тодорхой хэмжээнд маргаан гарсан гэж өөрсдөө тайлбарладаг. 6500, 7500 төгрөгөөр самрыг нийлүүлж байсан талаар гэрч, хохирогч, шүүгдэгч өөрөө мэдүүлсэн. Х.П-н хувьд М гэдэг хүнтэй таараад “өндөр үнэтэй боллоо” гэхээр өөр хүнд нийлүүлж эхэлсэн үйл баримтууд байдаг. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Нэмж хэлэхэд давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдагдсан 75.000.000 төгрөгийн хувьд прокурорын яллах дүгнэлт үйлдэж байх үеийн ханштай холбоотой баримтыг дурджээ гэж ойлгосон, гэхдээ дүгнэх хэсэгт 68.490.500 төгрөгийн хохирол учруулсан гэж бодитой дүнг тавьсан байгаа” гэв.

Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... “Э” ХХК нь өөрийн хамтран ажилладаг түнш болох “Н” ХХК-ийн тусгай зөвшөөрөл болох самар бэлтгэх эрхийг ашиглан 50 тн самар бэлтгүүлэхээр шүүгдэгч Х.П-тай харилцан тохиролцож, хэлцэл байгуулж, тухайн ажлыг хийж гүйцэтгүүлэхээр Х.П-н Хаан банкны дансанд 230.000.000 төгрөгийг 4 удаагийн үйлдлээр шилжүүлснээс 68.490.500 төгрөгийг өөртөө завшиж, “Э” ХХК-нд хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна. Учир нь хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.А, гэрч Б.Г нарын мэдүүлэг, эд мөрийн баримтаар хураагдсан гар бичмэл бүхий дэвтэр зэргийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон анхан болон давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий болсон байна. Өөрөөр хэлбэл хууль ёсны өмчлөгчтэй тохиролцсон чиг үүргийн хүрээнд тухайн 230.000.000 төгрөгийг ашиглах, захиран зарцуулахдаа самар нийлүүлэх үүргээс өөрөөр захиран зарцуулах эрх шүүгдэгч Х.П-д олгогдоогүй байсан. Гэтэл үүнийг мэдсээр байж тухайн компанийн зөвшөөрөлгүй хууль бус эргэлтэд оруулан 68.490.500 төгрөгийг хувьдаа завшсан болох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүхээс шүүгдэгч Х.П-д Эрүүгийн хуульд заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Иймд анхан шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.Шүүгдэгч Х.П-, түүний өмгөөлөгч О.Анхбаяр, Г.Наранбаатар нарын гаргасан гомдлыг үндэслэн Х.П-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзээд тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй байна гэж үзэв.

2.Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Х.П-г 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд “Э” ХХК-ийг төлөөлж Т.Г-той тухайн үеийн ханшаар 50 тонн самар нийлүүлэх хэлцлийг байгуулж, улмаар 1 кг самрыг 6.500-7.500 төгрөгийн хооронд нийлүүлэхээр тохиролцсоны дагуу “Э” ХХК нь 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкнаас өөрийн эзэмшлийн 5********* тоот дансаар дамжуулан 230.000.000 төгрөгийг 4 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн боловч Х.П- нь дээрх мөнгөнөөс 75.377.550 төгрөгийн үнэ бүхий самрыг нийлүүлэлгүй бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завшсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэн түүнд уг зүйл, хэсэгт зааснаар 2 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй байна.

3.Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг шүүх шийдвэрлэхдээ гэм буруугийн сэдэлт, санаа зорилго, түүнийгээ хэрэгжүүлсэн арга хэрэгсэл, гэм буруутай хүн болон хохирогчийн хувийн байдал, тэдгээрийн хоорондын харилцааны түүх зэрэг нөхцөл байдлуудад зөв дүгнэлт хийж, яллах болон цагаатгах нотлох баримтыг нэгэн адил цуглуулан, хэргийг бүх талаас нь шалгаж бүрэн бодитой тогтоох ёстой.

4.Шүүх нь хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, нотолгооны ач холбогдолтой, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд хоёр шатны шүүх шүүгдэгч Х.П-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ үйл баримтыг бодитой, зөв тогтоогоогүйн улмаас эрх зүйн алдаатай дүгнэлт хийж, улмаар түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “Хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.

5.Хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, гэрээ хэлцэл зэргээр хууль ёсны өмчлөгчөөс тогтоон олгогдсон албаны бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд зохих зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн уг эд хөрөнгө, түүний эрхийг шунахай сэдэлтээр, шууд санаатайгаар хувьдаа авах, бусдын эзэмшил, өмчлөлд шилжүүлэх нь завших гэмт хэргийн үндсэн шинж байдаг бөгөөд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг онцлогтой.

Итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд ингэхдээ бусдын эд хөрөнгийг өмчлөгчид нь тогтоосон хугацаанд буюу хяналт шалгалтгүйгээр буцаан өгөхгүй байх, үнэ хөлсийг нь төлөөгүй, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоосон зэрэг аргаар завшдаг юм.

6.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Э” ХХК нь өөрийн хамтран ажилладаг түнш болох “Н” ХХК-ийн хуш модны самар бэлтгэх зөвшөөрлийг /1 дүгээр хавтаст хэргийн 88 дахь тал/ ашиглан 50 тонн самар бэлтгүүлэхээр харилцан тохиролцож, “Н” ХХК-ийг төлөөлөн Т.Г нь 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Х.П-тай хэлцэл /1 дүгээр хавтаст хэргийн 82 дахь тал/ хийжээ.

Уг хэлцэлд “Н” ХХК-ийн төлөөлөгч нь тухайн үеийн ханшаар самар авах мөнгийг 10 тонн тутамд бүрэн шилжүүлж, татвар хураамжийн төлбөрийг хариуцахаар, харин иргэн Х.П- нь 10 тонн самар гүйцсэн тухай бүр ачааг бүрэн гүйцэд тээвэрлэх, тээвэрлэлтийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааг хангасан байх ба энэ үеийн эрсдэлийг 100 хувь хариуцахаар тохиролцсон байна.

Дээр дурдсан хэлцэл нь харилцан тодорхой үр дүнд хүрэхийн тулд талуудын чөлөөт байдал, тэгш эрхийн зарчимд тулгуурлан өөрсдийн хүсэл зоригийг илэрхийлж хийгдсэн байх ба самар бэлтгэн нийлүүлэх явцад үнийг тохирч чадаагүйгээс маргаан үүсэж, улмаар талууд гэрээний биелэлтийг дүгнээгүй атлаа “Э” ХХК нь цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ.

Байгуулагдсан хэлцлийн үндсэн дээр “Э” ХХК нь 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд өөрийн эзэмшлийн 5*********** тоот дансаар дамжуулан 4 удаагийн гүйлгээгээр нийт 230.000.000 төгрөгийг Х.П-н эзэмшлийн 5******* тоот дансанд шилжүүлж, харин Х.П нь 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 10 тонн 128 кг, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 11 тонн 157 кг самрыг тус тус бэлтгэн, нийт 21 тонн 285 кг самрыг “Э” ХХК-д нийлүүлсэн байх ба иргэн, аж ахуй нэгжийн хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр хэлцлийн биелэлтийг дүгнээгүй, гарсан зөрчлийг арилгах боломжоор хангаагүй байхад уг асуудлыг Эрүүгийн хуулиар хамгаалагдсан харилцаанд хохирол учруулсан гэмт хэрэг гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

Мөн гэрч Т.Г-ын “... Авч байгаа хүмүүсийг өөрсдөө ашгаа ол гэсэн юм шиг байна лээ. Зардлаа хасаад хангалттай ашиг олохоор юм байна гэж л харсан” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 19 дэх тал/, гэрч Б.Гийн “... Энэ хужаа мөнгөтэй. Мөнгөөр нь хоёулаа хямд самар олоод эд нарт зарж дундаас нь ашиг олно гэж хэлж хужааг ятгаж байгаад самар авахаар болж хөрөнгө гаргуулахаар тохирсон. Ашгаа 50/50 хувиар гэж тохирсон” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 13 дахь тал/, гэрч B-ийн “...2020 оны намар 8 сарын сүүлээс эхлэн манай компанитай хамтран ажиллаж байсан Пүрэвдалай гэгч нь энэ жил самар их гарсан, манай Хөвсгөлд самар цуглуулбал ашиг их олох гээд байна, та хөрөнгө оруулаач, би хямдхан түүгээд танд нийлүүлье, би ч ашиг унагааж чадна, та ч бас ашиг олно гэж удаа дараа гуйсан” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 21 дэх тал/ зэргээс үзэхэд Х.П нь тус компанийн шилжүүлсэн мөнгийг самар бэлтгэх үйл ажиллагаандаа захиран зарцуулж, бэлтгэсэн самраа нийлүүлээд, дундаас нь ашиг олох тохиролцоотой байсан тул түүнийг уг мөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд гэж үзэхгүй.

7.Дээрхээс үзвэл уг асуудлыг Иргэний хуульд заасны дагуу шийдвэрлэх бүрэн боломжтой буюу энэ хэрэг нь гэрээнд заасан үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргаан байхад хоёр шатны шүүх Х.П-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр Х.П-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж, өмгөөлөгч О.Анхбаяр, Г.Наранбаатар нарын гаргасан гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/220 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ДШМ/152 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн  хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр Х.П-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, цагаатгаж, түүнийг даруй сулласугай.

 

ДАРГАЛАГЧ                                            Ч.ХОСБАЯР

ШҮҮГЧ                                                     Б.АМАРБАЯСГАЛАН

Б.БАТЦЭРЭН

М.ПҮРЭВСҮРЭН 

Б.ЦОГТ