| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2019/0199/Э |
| Дугаар | 208 |
| Огноо | 2019-05-27 |
| Зүйл хэсэг | 11.5.2., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 208
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Атарбямба,
Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б холбогдох эрүүгийн 1918002270195 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, М.Б 1987 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Завхан аймгийн Сант суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч М.Б нь 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн нутаг дэвсгэрт иргэн Ж.Цхувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар уурганы үзүүрээр зүүн нүдний доор нь хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Б нь 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн нутаг дэвсгэрт иргэн Ж.Цхувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар уурганы үзүүрээр зүүн нүдний доор нь хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч М.Б ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...хохирогч манай аав руу томорсон. Би “хөгшин хүнийг яагаад байгаа юм бэ?” гэж хэлж маргалдаад би уурандаа хохирогчид гар хүрсэн.
...би хохирогчид хохирол төлбөр болгож 100,000 төгрөгийг төлсөн. Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй, миний буруу.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 2/,
-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт Ж.Цаас гаргасан өргөдөл /хэргийн 3/,
-2 метр, 13 см урттай, бор шаргал өнгийн шилбүүр модыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хэргийн 6/,
-Хохирогч Ж.Цийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Дархан сумын Малчин багийн Чулуун карьерийн Даваагийн худаг дээр морио услах гээд очиход Мөнхцогт гуай малаа услаад зогсож байхаар нь хажуугаар нь ороод унаж ирсэн морио усалж байхад Мөнхцогт гуай надад хандаж “намайг мал усалж байхад дундуур орж ирж морио битий услаад байгаарай” гэж хэлэхээр нь “хонин дунд морь услахаар ер нь яах вэ дээ?” гэж хэлэхэд над руу есөн шидээр дайраад байхаар нь морио унаад явахдаа “шар Мөнхөөг ална” гэж хэлээд явахад Мөнхцогтын хүү М.Б нь над дээр морьтойгоо давхиад ирэхээр нь би мориноосоо буухад М.Б “чи манай аавыг яагаад байгаа юм бэ?” гэж асуухад нь би “чи ааваасаа асуу” гэж хэлтэл барьж явсан уурганыхаа бөгсөөр миний зүүн нүд рүү нэг удаа хатгачихаад давхиад яваад өгсөн. Миний нүдний доод зовхиноос цус гараад зогсохгүй байхаар нь Алтаншагайн гэрт орж цусаа угааж, тогтоож аваад малруугаа явсан. Орой 22 цагийн орчимд аймгийн Нэгдсэн эмнэлэг орж, зүүн нүднийхээ доод зовхинд 3 оёдол тавиулсан.” гэх мэдүүлэг /хэргийн 8-9/,
-Гэрч Ж.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 08 цагт аймгийн төвд нөхөр Жамгансүрэнг эмнэлэгт үзүүлэхээр орж ирсэн. Тэгээд 11 цагийн орчимд хүү Ж.Ц руу залгахад “нүднээс цус гараад зогсохгүй байна, та хурдан хүрээд ирээч” гэж ярихаар нь юу болсон талаар нь асуухад “би худаг дээр морио услах гээд очиход Мөнхцогт гэх хүн мал үргээлээ гээд загнахаар нь би өөдөөс нь эсэргүүцээд чанга дуугаар ганц хоёр үг хэлчихээд мал руугаа явж байхад араас Мөнхцогтын хүү Бааска гэх залуу ирээд маргалдаж байгаад уурганы бөгсөөр зүүн нүдний доод зовхи руу цохичихоод яваад өгсөн.” гэж надад хэлсэн. Тэгээд би 17 цагийн орчимд гэртээ очоод малаа хашиж янзалчихаад Мөнхцогтын гэрт нь очсон.
... 22 цагийн орчим Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасагт очиж, Ж.Цын зүүн нүдний доод зовхинд 3 оёдол тавиулсан.” гэх мэдүүлэг /хэргийн 11/,
-Гэрч Ж.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 3 сарын 21-ний өдрийн 13 цагийн орчимд Дархан сумын малчин баг, Чулуун карьер гэх газарт байрлах Даваагийн худаг дээр бог малаа услаад байж байтал Ж.Ц морь уначихсан, 3 шар нохойгоо дагуулаад худаг дээр ирээд морио усалчихаад явахад нь би Ж.Цад хандаж “чи намайг мал усалж байхад битгий мал үргээгээд байгаарай” гэж хэлэхэд “би чамайг малаа усалж байхад чинь байнга дундуур чинь орж ирж үхэр, адуугаа услах болно” гэх мэтээр над руу дайраад “шар Мөнхөөг ална” гээд орилж байгаад явсан. Тэгэхэд манай хүү М.Б Ж.Ц дээр морьтойгоо давхиж очоод маргалдаж байснаа морин дээрээсээ нэг удаа цулбуураар нуруугаар нь ороолгоход Ж.Ц мориноосоо буухад М.Б барьж явсан уурганыхаа бөгсөөр нүүр рүү нь хатгачихаад давхиад явахад Ж.Ц араас нь морьтойгоо очоод тэр хоёр хоорондоо заамдалцаад түлхэлцэж байхад нь би очиж салгахад Ж.Цын зүүн нүдний доод зовхиноос цус гарчихсан байхаар нь би М.Б ыг загнаад “хүний нүд сохлох нь байна шүү дээ.” гэж хэлээд дагуулаад явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 12/,
-Гэрч Т.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”...би 2019 оны 3 дугаар саын 21-ний өдөр гэртээ буюу Дархан сумын малчин багийн Шийрийн задгайд байхад 11 цагийн орчим саахалт айлын Ж.Ц орж ирээд “утсаа цэнэглэчихээд, аяга цай уучихаад морио усалчихаад ирье.” гэж яваад удалгүй буцаж ирэхдээ зүүн нүдний доод зовхиноос нь цус гарсан байдалтай ирэхээр нь юу болсон талаар асуухад “Бааска намайг зодчихлоо, худаг дээр жаахан маргалдаад” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 13-14/,
-“...зүүн нүдний доод зовхи 1.5 см орчим гүн язарсан шархтай.” гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хэргийн 18/,
-“Ж.Цийн биед зүүн нүдний доод зовхины шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Ж.Цийн биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 275 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 19/ болон хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Цийн эрүүл мэндэд “нүдний доод зовхины шарх” бүхий гэмтэл учирсан бөгөөд энэ нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 275 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хэргийн 19/ нотлогдож байх тул түүний үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч М.Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хохирогч Ж.Цад хурлын тов мэдэгдэхэд “...надаас М.Б нь уучлалт гуйсан тул надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй болно. Би хуралд оролцохгүй” гэж мэдэгдсэн /хэргийн 74/ өгсөн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч М.Б аас гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч М.Б нь 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн нутаг дэвсгэрт иргэн Ж.Ц тхувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар уурганы үзүүрээр зүүн нүдний доор нь хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч М.Б ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч М.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч М.Б нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, ар гэрийн амьдралын болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 5 сарын хугацаанд сард 100000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч М.Б д анхааруулж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 метр 13 см урттай бор шаргал өнгийн шилбүүр модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэсэн болохыг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч М.Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч М.Б д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар шүүгдэгч М.Б д оногдуулсан торгох ялын 500000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд сард 100000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч М.Б д үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч М.Б д анхааруулсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 метр 13 см урттай бор шаргал өнгийн шилбүүр модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.ТУУЛ