| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 183/2023/02675/И |
| Дугаар | 210/МА2025/00264 |
| Огноо | 2025-02-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 210/МА2025/00264
*******,*******,*******
*******
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2024/01740 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч *******,*******,************** нэхэмжлэлтэй
Хариуцагч *******,******* ТББ-д холбогдох
2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн БАЗ-05-№01 дугаар тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, SZLH-400 маркийн 1 цагт 6-9 хүртэл тонн малын тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн тоног төхөөрөмжийг буцаан хүлээн авах, тоног төхөөрөмж түрээслэн олох байсан орлого 173,600,000 төгрөг, шинжээчийн ажлын хөлсөнд төлсөн 2,200,200 төгрөг, тоног төхөөрөмжид үзлэг хийлгэсэн албан томилолтын зардал 174,000 төгрөг, нийт 175,974,000 төгрөгийг хариуцагч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахим/, хариуцагч *******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа нь******* ТББ-тай 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ байгуулан, 217,000,000 төгрөгийн үнэ бүхий SZLH-400 маркийн 1 цагт 6-9 хүртэл тн малын тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн. Тус гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т Түрээсийн төлбөр нэг жилд тэжээлийн үйлдвэрийн үнийн дүнгийн 10-15%-иас доошгүй байна гэж заасны дагуу жилд 21,700,000 төгрөгийг төлөх үүргийг******* ТББ хүлээсэн.
1.2.Гэтэл түрээслэгч гэрээний үүргээ огт биелүүлээгүй ба тус захиргаанаас *******ТББ-д 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 21 дугаар албан бичгээр гэрээний үүргээ биелүүлэхийг мэдэгдсэн боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Улмаар манай байгууллага нь 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр цагдаагийн байгууллагад гомдол гаргасан ба хэрэг бүртгэлтийн******* дугаар хэрэг үүсгэн шалгаад, Сүхбаатар дүүргийн *******газрын 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2437 дугаар хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол гарсан. Уг тогтоолд Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа нь өөрт учирсан хор уршгийг иргэний журмаар жич нэхэмжилж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй..., мөн ******* нь 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ******* ТББ-тай тоног төхөөрөмж түрээслэх гэрээ байгуулахдаа төрийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх журам болон Засгийн газрын 134 дүгээр тогтоолыг зөрчиж түрээслэгчийг сонгон шалгаруулалт зарлахгүйгээр SZLH-400 маркийн 217,000,000 төгрөгийн үнэтэй малын тэжээлийн үйлдвэрийг бусдад тоног төхөөрөмж түрээслэх гэрээ байгуулан шилжүүлж өгсөн болох нь тогтоогдсон байна... гэж дурдсан.
*******ы дээрх үйлдэл нь ******* ТББ-д давуу байдлыг бий болгож өгсөн нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгө түрээслэх журмын 8, 9 хэсэгт тус тус заасныг зөрчсөн нь хэрэг бүртгэлтийн явцад тогтоогдсон.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч ******* ТББ-ын татгалзал, тайлбарын агуулга:
2.1.******* ТББ нь Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаатай 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр БАЗ-05-№01 дугаар тоног төхөөрөмж түрээслэх гэрээг байгуулсан ба тус гэрээний дагуу хариуцагч нь 2012 онд үйлдвэрлэгдсэн малын тэжээл үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг хүлээн авах гэсэн боловч нэхэмжлэгч байгууллагын агуулахын хашаанд олон жил ил задгай байдалтай хадгалагдаж байсан тоног төхөөрөмж нь бусад төрлийн үйлдвэрийн тоног төхөөрөмжтэй холилдсоны улмаас ялгаж салгаж хүлээн авах боломжгүй нөхцөл байдал үүссэн.
Хариуцагч нь тоног төхөөрөмжийг үйлдвэрлэсэн БНХАУ-ын үйлдвэртэй харилцаа тогтоож, улмаар 2015 оны 11 дүгээр сард өөрсдийн зардлаар мэргэжилтэн урьж ирүүлэн ил задгай хураасан, гурван үйлдвэрийн төхөөрөмжүүдийг ялгаж ангилах үед агуулахын хашаанд олон жил удаан хугацаагаар хадгалагдсан, тоног төхөөрөмжийн иж бүрдэл ихээхэн дутуу, зэвэрсэн, дамжуулагч конвейер дамжуулах анги эвдэрсэн, төхөөрөмжийг суурилуулах үйлдвэрийн барилгын рам карказ болон тавцан байхгүй байдалтай байсан бөгөөд БНХАУ-ын мэргэжилтэн тоног төхөөрөмжийг бүрэн гүйцэт болгосны дараа угсарч ашиглалтанд оруулах боломжтой талаар зөвлөгөө өгсөн.
Нэхэмжлэгч нь тоног төхөөрөмжийн дутуу эд ангийг шинээр худалдан авахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг нэн даруй шийдвэрлэж хүлээлгэн өгнө гэсэн боловч ямар нэгэн арra хэмжээ авч шийдвэрлээгүй болно.
2.2.Хариуцагчийн зүгээс санал санаачилга гарган нэхэмжлэгчтэй харилцан санал солилцож асуудлыг шийдвэрлэх хүсэлт тавьж байсан боловч нэхэмжлэгчээс ямар нэгэн шийдвэр өгөөгүй тул 2018 онд дутуу эд анги бүхий тэжээлийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг буцаан өгөх хүсэлт гаргасан.
Гэтэл нэхэмжлэгч нь малын тэжээл үйлдвэрлэх тоног төхөөрөмжийн хадгалалтад хайнга хандсан, үрэгдүүлсэн, хууль зөрчсөн гэрээ байгуулсан гэх үндэслэлээр хариуцагч ******* ТББ, ******* нарт холбогдуулан Авлигатай тэмцэх газар, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст хандан гомдол гаргасан ба мөрдөн шалгах ажиллагаанд хариуцагч нь тоног төхөөрөмжийн хадгалалтад хайнга хандсан нөхцөл байдал тогтоогдоогүй. Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа нь гэрээ байгуулсан цаг хугацаанаас хойш 6 сарын дараа тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөхдөө эд анги дутуу буюу үйлдвэрийн тавцангууд нь байхгүй тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн, дээрхи тоног төхөөрөмжүүдтэй холбогддог үйлдвэрийн тавцангууд нь малын тоног төхөөрөмжинд угсрагдаагүй тохиолдолд үйлдвэрийн үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон тул Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн болно.
2.3.Манай байгууллага нь малын тэжээл үйлдвэрлэх тоног төхөөрөмжийн бүрэн байдлыг 2016 оны 02 дугаар сараас эхлэн хадгалж хамгаалж байгаа болно.
Иймд нэхэмжлэгч нь хариуцагчид бүрэн цогц малын тэжээл үйлдвэрлэх үйлдвэрийг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3.Хариуцагч *******ы татгалзал, тайлбарын агуулга:
3.1.*******нь тухайн үед ажил үүрэг гүйцэж байхдаа нэхэмжлэгч талыг төлөөлж гэрээ байгуулсан. ******* нь *******,*******, хөнгөн үйлдвэрийн сайд *******гийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б-11 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн.
3.2.Гэрээний 2 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар тухайн тоног төхөөрөмж өөрөө ажиллаж, тэжээл үйлдвэрлэсэн байх шаардлагатай ба тэжээл үйлдвэрлэснийхээ 10-15%-ийн буюу 20,000,000 төгрөгийн тэжээлийг тухайн үедээ улсад тушаах маягаар тоног төхөөрөмжийг лизинг маягаар худалдаж авах зохицуулалттай гэрээ байгуулагдсан.
Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-д зааснаар шаардах эрх 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр үүссэн байна. Үүнээс хойш 2021 он хүртэл ямар нэгэн байдлаар шүүхэд хандаагүй. Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д хөөн хэлэлцэх хугацааг гэрээтэй холбогдолтой үүргийн харилцаанд 3 жил гэж заасан. Түрээсийн гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэхэд дууссан байна.
3.3.Нэхэмжлэгч сонгон шалгаруулалтгүйгээр түрээсэлсэн учраас О.Баярсайханыг буруутай гэж үзэж байна. *******ыг гэм буруутай эсэхийг шүүхээс тогтооно. ******* гэм буруутай гэж шүүхээр тогтоогдсон нөхцөлд хохирол, гэм хорын асуудал яригдах ёстой гэж үзэж байна.
3.4.Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа болон *******ТББ-ын хооронд гэрээний эрх, үүргийн харилцаа үүссэн. ******* гэдэг хувь хүнд ямар нэгэн гэрээний эрх, үүрэг үүсээгүй. Дээрх хоёр хуулийн этгээдийн хооронд гэрээ хэлцэл хийгдсэн тул уг 2 хуулийн этгээдийн хооронд эрх, үүрэг хариуцлагын асуудлыг яригдах ёстой гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Нийслэлийн прокурорын газрын тайлбарын агуулга:
4.1.******* ТББ болон Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа нарын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан ба хэрэгт авагдсан баримтаар ******* ТББ нь 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 2/121 дугаар албан бичиг ******* захиргаанд хүргүүлсэн байна. Тус албан бичигт өөрсдийн нөөцийг ашиглан компанитай дахин холбогдох, үйлдвэрийн бай металл эдийг тоног төхөөрөмжийг угсрах металл, эдэн суурь бэлдэн тэжээлийн үйлдвэрийг хэвийн ажиллуулахад шаардагдах хөрөнгө оруулалтыг бид санхүүжүүлэхэд бэлэн бөгөөд одоо үйлчилж байгаа гэрээ, хуулийн шаардлагад нийцүүлэн үргэлжлүүлэн гэрээ цуцалж байгаагаараа уламжилж байна гээд 2016 онд тухайн тоног төхөөрөмжийг авч ашиглаж байгаа, цаашдаа энэ гэрээгээ үргэлжлүүлэх боломжтой гэдэг хүсэл сонирхлоо илэрхийлж байсан байна.
4.2.******* ТББ нь 2018 оны үед дутуу эд ангийг буцаан өгөх талаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж байсан гэх боловч 2018 онд ******* захиргаа хүргүүлж байсан албан бичиг байдаггүй. Мөн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан албан бичгээс агуулгын хувьд зөрүүтэй байдаг. 2016 онд гаргаж байсан тайлбарын үндэслэлийг үндэслэлтэй байна гэж үзэж байна.
4.3.*******ТББ,******* хооронд байгуулагдсан гэрээ нь хот суурин газруудын иргэн, аж ахуйн нэгжүүдийн малын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх гол зорилготой иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд руу чиглэсэн нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүрэгтэй гэрээ болно.
4.4.Гэтэл байгуулагдсан цагаас хойш одоо өнөөдрийг хүртэлх хугацаанд ******* ТББ-аас гэрээ цуцлах, тоног төхөөрөмжийг ашиглахгүй байгаа, орлого олохгүй байгаа гэх мэт асуудлаар хандсан зүйл хэрэгт байхгүй. Мөн шинжээчийн дүгнэлтээр тухайн тоног төхөөрөмж нь хэвийн ажиллагаатай болох нь тогтоогдсон. Тэгэхээр нэхэмжлэгчээс тоног төхөөрөмжийн түрээсийн төлбөрөө төлөхгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа нь төр, хот суурин газрын иргэн, аж ахуйн нэгжүүдийг малын тэжээлээр хангах, нийтийн ашиг сонирхол зөрчигдөж байна.
4.5.Нэхэмжлэгчийн зүгээс прокурорын тогтоолыг үндэслэн ******* ыг хариуцагчаар нэмж тодорхойлсон. 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын тогтоолоор гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэг бүртгэх хэргийг хаасан. Уг тогтоолд дурдсан сонгон шалгаруулалт зарлахгүйгээр малын тэжээлийн үйлдвэрийг бусад тоног төхөөрөмж түрээслэх гэрээ байгуулан шилжүүлэн өгсөн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23 дугаар зүйлийн 23.5 дугаар зүйлд заасан хайнга хандах гэмт хэргийн шинжтэй байна. Гэвч эрүүгийн хариуцлага хүлээх буюу эрүүгийн хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэх, хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэдэг агуулгаар хэрэг бүртгэлтийн хэргийг хэрэгсэхгүй болгосон ба гэмт хэргийн шинжгүй гэдэг үндэслэлээр дүгнэж хэрэгсэхгүй болгоогүй гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэжээ.
5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 59.1.8-т зааснаар 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн БАЗ-05-№01 дугаартай тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т зааснаар малын тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн тоног төхөөрөмжийг нэхэмжлэгч ******* ******* захиргаанд буцаан хүлээлгэн өгөхийг хариуцагч ******* ТББ-д даалгаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-т зааснаар тоног төхөөрөмж түрээслэн олох байсан орлого 173,600,000 төгрөг, ******* ХХК-ийн шинжээчийн ажлын хөлсөнд төлсөн 2,200,200 төгрөг, шинжээчийг тоног төхөөрөмжид үзлэг хийлгэсэн албан томилолтын зардал 174,000 төгрөг, нийт 175,974,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул хариуцагч ******* ТББ-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,242,950 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж тус тус шийдвэрлэжээ.
6.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
6.1.Энэ асуудлыг эрүүгийн журмаар шалгаад эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай тогтоол үйлдсэн нь хэргийн материалд тодорхой байхад шүүхийн шийдвэрийн 10.3-т ...Прокурорын тогтоолоор ******* ыг гэм буруутайд тооцсон гэх үндэслэлгүй, гэрээг байгууллагыг төлөөлж байгуулсан байх тул түүнээс хохирол шаардсан нь үндэслэлгүй гэх ойлгомжгүй дүгнэлт хийсэн. Уг тогтоолыг шүүх гэм буруутайд тооцсон гэх үндэслэлгүй гэж хариуцагчийн талд тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.
6.2.Байгууллагыг төлөөлж бусадтай гэрээ байгуулсан, уг гэрээ нь хуульд заасан зохих зөвшөөрөл авах журмыг зөрчсөн үндэслэлээр хожим хүчин төгөлдөр бус гэж үзэх нь хохирол шаардах үндэслэл болж байгаа нь шалтгаант холбоог шүүх анхаарч хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Төрийн өмчийн эд хөрөнгө энэ 2 хариуцагчийн аль алины буруутай үйлдлээс болж ашиглалтгүй, үр дүнгүй олон жил болж байгаад хариуцагч нарыг гэм буруутай гэж үзэх хангалттай үндэслэл болно.
6.3.Талуудын хооронд байгуулсан гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-д Түрээслэгч, түрээслүүлэгч нар Монгол Улсын Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 27 дугаар зүйл, Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоол, Үйлдвэр,*******н сайдын 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/77 дугаар тушаал, холбогдох бусад хууль, дүрэм, журмыг мөрдлөг болгоно гэж анхнаасаа хууль, журмаа тодорхой зааж байгуулсан. Тодорхой хууль, журмын заалтуудыг мөрдлөг болгохоор гэрээ байгуулсан байх бөгөөд хариуцагч ******* ТББ шүүхэд огт үндэслэлгүй тайлбар гаргаж байгааг шүүх анхаарч үзээгүйгээр зогсохгүй шүүхийн шийдвэрийн 10.2-т гэрээг байгуулахад хариуцагчийн буруутай үйлдэл нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж ойлгомжгүй дүгнэлт гаргасан.
6.4.******* ТББ нь төрийн өмчийн хөрөнгийг түрээсэлж, өнөөдөр гэрээ байгуулах санал тавиагүй, зохих этгээдээс зөвшөөрөл авсан эсэх талаар бидэнд мэдэгдээгүй гэх огт үндэслэлгүй тайлбар гаргаж байгаад нь шүүх үндэслэлтэй хянан үзэж хууль зүйн дүгнэлт өгөөгүй ба талууд өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан гэрээний улмаас учирсан хохирлоо нэхэмжлэхэд хариуцагч нар буруугүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
Иймд давж заалдах шатны шүүхээс бүрэн эрхийнхээ хүрээнд хэргийг бүхэлд нь хянаж, манай нэхэмжлэлийн шаардлагын хохирол нэхэмжилсэн хэсгийг хангаж шийдвэрлэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
7.Давж заалдах гомдолд хариуцагч ******* ы итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
7.1.Давж заалдах гомдлыг хүлээж авсан процессыг буруу гэж үзэж байна. Шүүгчийн захирамжаар гомдол гаргах хугацааг сэргээсэн бөгөөд ямар үндэслэлээр сэргээсэн нь ойлгомжгүй. Анхан шатны шүүх хуралдаан 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр болсон. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3-т ...14 хоногийн дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй. гэж дурдсан байхад 2024 оны 04 дүгээр сараас хойш 5, 6 сарын дараа хэн зассан нь мэдэгдэхгүй засвар хийсэн дугтуйнд үндэслээд хугацаа сэргээснийг хүлээн зөвшөөрөхгүй.
7.2.Мөн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Учир нь 2015 онд тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ байгуулагдсан. Энэ гэрээнд зөвхөн ******* бус тус байгууллагын нярав, нягтлан, мэргэжилтэн гэх мэт 3-4 хүний гарын үсэг зурагдсан. Тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгөх процессыг мөн адил тухайн байгууллагын төлөөллүүд хийсэн. 2015 онд гэрээ байгуулагдсаны дараа 2016 онд ******* ажлаа хүлээлгэж өгсөн. 2016 онд дутуу нийлүүлсэн тоног төхөөрөмжийн бүрдлийг бүрдүүлж өгөөгүй бөгөөд өгөх үүрэг нь дараагийн даргад нь очсон учраас ******* аас ажил хүлээж авсан дарга болон байгууллагад ажиллаж байгаа мэргэжилтнүүдийн үүрэг юм. Гэтэл энэ үүргээ биелүүлээгүй. Ямар нэгэн байдлаар түрээсийн гэрээнд зөрчил үүссэн гэж үзвэл жил бүр гэрээг дүгнэх ёстой боловч дүгнээгүй, гэрээг цуцлаагүй.
Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлүүдийн талаар зөв дүгнэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
8.Давж заалдах гомдолд хариуцагч ******* ТББ-ын гаргасан тайлбарын агуулга:
8.1.Хариуцагч ******* ТББ-ын зүгээс хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг зөвшөөрч, үйлдвэрийн тоног төхөөрөмжийг хүлээн авсан хэлбэрээр буцаан олгож, түрээсийн төлбөрийг нөхөж олгох боломжгүй гэж үзсэн. Учир нь цагдаагийн байгууллагаар төрийн өмчийг үрэгдүүлж, шамшигдуулсан гэх үндэслэлээр 2017 оны сүүлээс 2021 оныг дуустал шалгасан. Сүхбаатар дүүргийн прокурорын байгууллагын зүгээс эд зүйлд үзлэг хийгээд үйлдвэрийн зарим нэг эд зүйл дутуу байсныг тогтоосон прокурорын тогтоол гарсан.
8.2.Мөн нэхэмжлэгчийн зүгээс давж заалдах гомдолд хохирол гэж дурдсан нь үндэслэлгүй. Анх нэхэмжлэл гаргахдаа түрээсийн төлбөр нэхэмжилсэн. Түрээсийн гэрээ нэгэнт хүчин төгөлдөр бус хэлцэл учраас түрээсийн төлбөр төлөх боломжгүй.
8.3.Түүнчлэн үйлдвэрийн хамгийн гол эд зүйл болох 2 давхар суурилуулах тавцанг манай байгууллагад хүлээлгэж өгөөгүй. Энэ тавцан дутуу байсан талаар Хятад улсын мэргэжилтнүүдээс уг тавцанг худалдан авахад 120,000,000 төгрөгийн дахин нэмэлт хөрөнгө оруулах шаардлагатай талаар нэхэмжлэгч талд мэдэгдсэн.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.
9.Давж заалдах гомдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан тайлбарын агуулга:
9.1.Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны даргаар ******* ажиллаж байх хугацаандаа тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээг байгуулсан. Анхан шатны шүүхээс тухайн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн. Тодруулбал, Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа нь тоног төхөөрөмжийг бусдад түрээслүүлэхдээ сонгон шалгаруулалтын журмаар түрээслэгчийг сонгох, ийнхүү түрээслүүлэхдээ Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас зөвшөөрөл авах гэсэн үндсэн хоёр шаардлагыг хангаагүй гэж үзсэн.
Тухайн асуудлаар Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанаас цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулсан. Үүнтэй холбоотойгоор Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хайнга хандах гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулаад гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Уг тогтоолд******* даргаар ажиллаж байсан ******* нь гэрээг байгуулахдаа холбогдох журам тогтоолыг зөрчиж, тоног төхөөрөмжийг шилжүүлж өгсөн болох нь тогтоогдсон гэж дүгнэсэн байна. Мөрдөн шалгах ажиллагаа явуулахад холбогдох баримтаар******* даргаар ажиллаж байсан ******* нь холбогдох журмыг зөрчиж гэрээ байгуулсан нь тогтоогдсон. Үүний улмаас хэлцэл хүчин төгөлдөр бус болсон байна.
9.2.Хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээгээр тоног төхөөрөмжийг ашиглах боломжтой, мөн суурилуулсны үндсэнд зориулалтын дагуу ашиглалтад оруулж, цаашид ашиглах боломжтой, тоног төхөөрөмжийг ашиглаагүй, хадгалалтын байдалтай байсныг дүгнэсэн. Хариуцагч ******* ТББ нь тоног төхөөрөмжийг зориулалтын дагуу ашиглах бүрэн боломжтой байсан боловч тоног төхөөрөмжийг зориулалтын дагуу ашиглаагүй хугацаа өнгөрсний улмаас нэхэмжлэгч талд олох ёстой байсан орлого буюу тоног төхөөрөмжийн үр шимийг хүртэж чадаагүй гэх байдлаар дүгнэлт гаргасан.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байгаа бөгөөд хариуцагч нар хохирлыг зардлын хамт төлөх нь зөв гэж үзэж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.
2.Нэхэмжлэгч ******* харьяа ******* захиргаа нь хариуцагч ******* , ******* ТББ-д тус тус холбогдуулан 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн БАЗ-05-№01 дугаар тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, SZLH-400 маркийн 1 цагт 6-9 хүртэл тонн малын тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн тоног төхөөрөмжийг буцаан хүлээн авах, тоног төхөөрөмж түрээслэн олох байсан орлого 173,600,000 төгрөг, ******* ХХК-ийн шинжээчийн ажлын хөлсөнд төлсөн 2,200,200 төгрөг, тоног төхөөрөмжид үзлэг хийлгэсэн шинжээчийн албан томилолтын зардал 174,000 төгрөг, нийт 175,974,000 төгрөгийг хариуцагч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Нийслэлийн прокурорын газар нь нэхэмжлэгчийн байр суурийг дэмжсэн агуулгаар тайлбар гаргажээ.
3.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, маргааны зүйл, хэргийн үйл баримтыг зөв тогтоосон, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
4.******* захиргаа нь ******* ТББ-тай 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр БАЗ-05-№01 дугаар тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр түрээслүүлэгч Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа нь SZLH-400 маркийн 1 цагт 6-9 хүртэл тонн малын тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн тоног төхөөрөмжийг 2015 оны 05 дугаар сараас 2022 оны 05 дугаар сарыг хүртэл 84 сарын хугацаатай түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч ******* ТББ нь нэг жилд тэжээлийн үйлдвэрийн үнийн дүнгийн 10-15%-аас доошгүй түрээсийн төлбөрт бүрэн найрлагат тэжээл нийлүүлэхээр харилцан тохиролцсон байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагджээ.
5.Нэхэмжлэгч ******* захиргаа нь хариуцагч ******* ыг тус байгууллагын захирлаар ажиллаж байхдаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгө түрээслэх журмыг зөрчиж, сонгон шалгаруулалт зарлахгүйгээр ******* ТББ-тай гэрээ байгуулсан, гэрээ хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь Нийслэлийн прокурорын газрын прокурорын тогтоолоор тогтоогдсон гэж тайлбарлажээ.
5.1.Анхан шатны шүүх нэхэмжлэгч болон хариуцагч ******* ТББ-ын хооронд байгуулагдсан гэрээ нь хуулийн хориглох хэм хэмжээг зөрчөөгүй учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарахгүй гэж зөв дүгнэжээ. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгө түрээслэх журмын 8-д Төрийн өөрийн өмчийн тухайн эд хөрөнгийг хоёр буюу түүнээс дээш этгээд түрээслэх бол түрээсийн гэрээний нөхцөлийг түрээслэгч, түрээслүүлэгч харилцан тохиролцоно. Харин төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг зөвхөн нэг этгээдэд түрээслүүлэх бол түрээслэгчийг сонгон шалгаруулна гэж заасан ба нэхэмжлэгчээс түрээсийн гэрээг хариуцагчтай байгуулахдаа тус журмыг баримтлаагүй нь гэрээг хүчин төгөлдөр бус гэж дүгнэх үндэслэл болохгүй.
5.2.Мөн Үйлдвэр,*******н Сайдын 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/100 дугаар тушаалаар Монгол мал үндэсний хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаар худалдан авсан малын тэжээлийн үйлдвэрийн техник, тоног төхөөрөмжийн иж бүрдлээс ******* захиргааны балансад 2 техник, тоног төхөөрөмжийг шилжүүлж, тухайн техник, тоног төхөөрөмжийг иргэн, хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу түрээслүүлэхийг үүрэг болгосны дагуу нэхэмжлэгч нь түрээсийн гэрээг хариуцагчтай байгуулжээ.
Шүүх Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгө түрээслэх журмын 9 дэх заалт, нэхэмжлэгч болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хооронд байгуулсан Төрийн өмчийг эзэмшүүлэх гэрээний 2.7, 3.10 дахь заалтуудыг үндэслэн гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн, хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасантай нийцсэнгүй. Учир нь, тухайн журам болон гэрээний заалтууд нь түрээслэгчээс түрээсийн зүйлийг бусдад дамжуулан түрээслэхэд авах зөвшөөрлийн талаар, мөн нэхэмжлэгчийн эд хөрөнгө илүүдэлтэй байгаа тохиолдолд мөрдөгдөх зохицуулалт байх бөгөөд талуудын маргаанд хамааралгүй хэм хэмжээ байна.
Гэвч хариуцагч ******* ТББ нь гэрээ хүчин төгөлдөр бус гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд маргаагүй, мөн тоног төхөөрөмжийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхэд татгалзахгүй гэж тайлбарлажээ.
Иймээс анхан шатны шүүх талуудын байгуулсан түрээсийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хүчин төгөлдөр бус гэж дүгнэж, мөн хуулийн 56.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас тоног төхөөрөмжийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэнд зохигч гомдол гаргаагүй учир давж заалдах шатны шүүхээс талуудын зарчмын дагуу уг шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.
6.Мөн нэхэмжлэгч нь олох байсан орлого, шинжээчийн ажлын хөлс, албан томилолтын зардал нийт 175,974,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсаныг хүчин төгөлдөр бус хэлцэл хийхэд буруугүй гэсэн агуулгаар хариуцагч нар төлөхөөс татгалзжээ.
6.1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэж заасан ба хэргийн баримтаар гэрээ байгуулахад хариуцагч нарын буруутай үйлдэл нөлөөлсөн гэх байдал тогтоогдоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь ... ******* нь 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Монголын үхэр үржүүлэгчдийн холбоотой тоног төхөөрөмж түрээслэх гэрээ байгуулахдаа Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх журмыг зөрчсөн, улмаар 217,000,000 төгрөгийн үнэ бүхий ...тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч дахин ашиглах боломжгүй болгуулж, улсын өмчийг хамгаалахад хайнга хандсан, их хэмжээний хохирол учруулсан гэх агуулгатай өргөдлийг цагдаагийн байгуулллагад гаргаснаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа 2018-2021 онуудад явагдсан байх ба энэ хугацаанд хариуцагч ******* холбоо нь түрээсийн зүйлийг ашиглаагүй болох нь шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
6.2.Түүнчлэн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2437 дугаар тогтоолоор хариуцагч ******* ы гэм буруу тогтоогдоогүйг анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэж заасан тул прокурорын дээрх тогтоолоор хариуцагчийн гэм бурууг тогтоосон гэж дүгнэх үндэслэлгүй.
Дээрх үндэслэлээр хариуцагч нараас хохирол 175,974,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах агуулгаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах боломжгүй.
7.Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 59.1.8 гэж техникийн шинжтэй алдаатай бичигдсэн, мөн хохиролд холбогдох хэсэгт хэнээс гаргуулахаар шаардсаныг тусгаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасанд нийцээгүй байх тул залруулах нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2024/01740 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 59.1.8 ... гэснийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 гэж өөрчилж, ... Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-т зааснаар ... гэсний дараа хариуцагч ******* , ******* ТББ нараас гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* харьяа ******* захиргааны нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Д.ЗОЛЗАЯА