| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 183/2022/03711/И |
| Дугаар | 210/МА2025/00253 |
| Огноо | 2025-01-31 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 210/МА2025/00253
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2024/04622 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч ******* ХХК, *******, ******* нарт холбогдох
2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн SHH-02-05-27 дугаар хөрөнгө оруулалтын гэрээ, 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1367 дугаар бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, *******ын нэр дээрх *******дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл, орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай хариуцагч ******* ХХК, *******тус бүрийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч ******* өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.******* нь 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр *******ХХК-ийн захирал *******тай Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Шинэ хороолол, ******* байр, 6 давхар, *******од байрлах, 31.5 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг 59,850,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, охин А.*******ийн хамт тус орон сууцны төлбөрийг хэсэгчлэн төлж барагдуулсан.
1.2.Орон сууцыг ашиглалтад орсон цагаас эхлэн өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчийн охин ******* ашиглалтын төлбөрийг төлж амьдарч байгаа бөгөөд нэхэмжлэгч нь орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж авах талаар *******ХХК-ийн захирал *******д удаа дараа хандахад удахгүй танай орон сууцны гэрчилгээг чинь гаргаж өгнө гэсээр тодорхой үр дүнд хүрээгүй өнөөдрийг хүрсэн.
1.3.Орон сууцыг ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* нь ******* ХХК-аас 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ЅHH-02-05-27 дугаар хөрөнгө оруулалтын гэрээний дагуу 27,090,000 төгрөгөөр худалдан авч, 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, улмаар 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1367 дугаар бэлэглэлийн гэрээний дагуу иргэн *******д шилжүүлсэн. 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр *******ын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсан байна. Уг бэлэглэлийн гэрээг байгуулахаас өмнө нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцны үнийг төлж худалдан авсан.
1.4.Хөрөнгө оруулалтын гэрээнд орон сууцны 1 м.кв-ын үнийг 900,000 тооцож, нийт 27,090,000 төгрөгөөр худалдан авсан нь үндэслэлгүй бөгөөд *******, ******* нар нь маргаан бүхий орон сууцыг Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэх боломжгүй. Учир нь хариуцагч ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болсон 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн элс, хайрга худалдах, худалдан авах гэрээгээр дээрх орон сууцны үнийг 59,850,000 төгрөгөөр тогтоосон байтал ******* нь маргаан бүхий орон сууцыг 27,090,000 төгрөгөөр худалдан авсан нь хөрөнгө оруулалтын гэрээг бодит бус, хуульд нийцээгүй гэрээ болохыг илтгэж байна.
Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2. 56.1.4-т заасныг үндэслэн ******* ХХК, ******* нарын байгуулсан 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн SHH-02-05-27 дугаар хөрөнгө оруулалтын гэрээ, *******ХХК-ийн захирал *******, ******* нарын байгуулсан 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1367 дугаар бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр*******ын нэр дээр гарсан ******* дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож, маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр *******ыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хариуцагч *******ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1.*******нь 2019 оноос *******ын аав *******тэй цуг явах болсон. 2019 онд урьдчилгаа 20,000,000 төгрөг төлөөд үлдэх төлбөрийг тодорхой хугацаанд хуваан төлөх нөхцөлөөр ******* гэх хүнтэй гэрээ байгуулсан. Гэтэл энэ хүн манай компанид төлбөр төлөөгүй, *******д төлбөрөө төлөхийг шаардаж удаа дараа албан бичиг явуулсан. Бидний зүгээс төлбөрөө төлөхгүй удаан хугацаа өнгөрсөн учраас түүний төлсөн 20,000,000 төгрөгийг буцааж өгөөд байраа буцааж авъя гэхэд ******* хариу өгөөгүй. Бид шүүхэд хандсан боловч *******ийн хаягийг олж чадаагүй.
2.2.******* төлбөрөө төлөөгүй учраас ******* ХХК нь ******* ХХК-д өртэй байсан учраас бид төлбөртөө тооцон маргаан бүхий орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр *******д өгсөн. Учир нь ******* ХХК нь 2014 онд Баянхошуунд төсөл хэрэгжүүлээд гэр хорооллын айлуудын газрыг чөлөөлөхдөө *******ын газрыг чөлөөлж байшинг нь нураасан. Бид *******д байр өгч чадаагүй учраас дээрх байрыг *******д шилжүүлсэн. ******* нь газраараа төлбөрөө бүрэн төлсөн учраас тухайн байрны шударга өмчлөгч юм гэжээ.
3.Хариуцагч *******ын татгалзал, тайлбарын агуулга:
Би ээжийн хамт амьдардаг, эмээ маань 2019 оны 12 дугаар сард өөд болсон. ******* захирал 2022 оны 08 дугаар сард энэ байрны гэрчилгээг гаргаж өгсөн. Тухайн үед Энэ байранд ийм хүмүүс амьдарч байгаа, гэхдээ бид энэ асуудлыг зохицуулж өгнө гээд биднийг түрээсийн байранд оруулж өгсөн. Ээж бид хоёр 10 орчим жил түрээсийн байр дамжин амьдарч байна. Одоо Нийслэлийн орон сууцны корпорациас ээж бид хоёрыг гэрчилгээ бүхий байртай болчихсон тул түрээсийн байраа чөлөөлөхийг шаардаж байна. Бид өөрийн өмчлөлийн байрандаа хурдан орох хүсэлтэй байна гэжээ.
4.Хариуцагч *******ы татгалзал, тайлбарын агуулга:
*******ХХК болон ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан *******той байгуулсан гэрээний дагуу улсын бүртгэлийн байгууллагад хандан орон сууцны гэрчилгээ гаргуулсан. Улмаар *******д орон сууц бэлэглэлийн гэрээний дагуу тухайн орон сууцны гэрчилгээг шилжүүлэн өгсөн. Учир нь тухайн үед ******* ХХК нь орон сууц барих нөхцөлийн дагуу *******ын газрыг аваад түүнд орон сууц шилжүүлж өгөх ёстой байсан. ******* ХХК-ийн гүйцэтгэсэн барилгын төлбөр тооцооны хувьд ганцхан *******аас авсан газрын төлбөрийг төлөх асуудал үлдсэн байсан. ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан төлбөр тооцооны хэлцлийн дагуу ******* ХХК ганц төлбөр төлөгдөөгүй, орон сууц өгөгдөөгүй энэ айлд өгөх үүргийн хүрээнд энэ бэлэглэлийн гэрээг хийгээд *******д орон сууцны гэрчилгээг гаргаж өгсөн гэжээ.
5.Хариуцагч *******ХХК-ийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:
5.1.******* ХХК нь 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн CMTS-2019-004 дугаар элс, хайрга худалдах, худалдан авах гэрээний дагуу Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Шинэ хороолол, 6 дугаар давхар, ******* хаягт байрлах, 31.5 м.кв талбайтай орон сууцыг *******ХХК-аас бүтээгдэхүүний төлбөр 59,850,000 төгрөгт тооцуулан өөрийн өмчлөлд шилжүүлэн авахаар харилцан тохиролцож, тус гэрээний дагуу үүргээ биелүүлж орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэх нөхцөл бүрдсэн.
5.2.Дээрх орон сууцыг******* нь ******* ХХК-тай харилцан тохиролцож авсан бөгөөд 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг *******ын нэр дээр гарган өгсөн болно.
5.3.Гэвч өмнө нь тухайн байрыг ******* ХХК нь ******* гэх хүнд худалдахаар харилцан тохиролцсон боловч ******* уг байрны төлбөрийг төлөөгүй атлаа тухайн байранд одоог хүртэл амьдарч байна. Орон сууцыг чөлөөлөх талаар ******* ХХК-аас албан мэдэгдэл өгсөн боловч тодорхой хариу өгөхгүй, утсаар холбогдоход байрыг чөлөөлөхгүй талаар тайлбар өгсөн. *******ын хувьд байрны төлбөрийг бүрэн төлөөгүй бөгөөд төлбөрөө төлөх талаар удаа дараа шаардахад хариу өгөөгүй мөртлөө шүүхэд орон сууц өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Иймд *******ын өмчлөлийн орон сууцнаас албадан чөлөөлж өгнө үү гэжээ.
6.Хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:
6.1.*******болон түүний гэр бүл Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар хороо, Арьс ширний гудамж, тоот хаягт байрлах амины хашааны зориулалтын газар дээр 18 м.кв талбайтай 1 өрөө хувийн сууцанд амьдарч ирсэн. Тухайн үед үл хөдлөх эд хөрөнгө нь *******гийн өмчлөлд байсан. 2013 онд *******ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд манайх өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт ХХК-д шилжүүлэн тус компанитай 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 175 дугаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ хийж баталгаажуулсан.
Гэвч дээрх төсөл нь улсаас гэр хорооллын дахин төлөвлөлтийн дэд бүтцийг шийдэж чадаагүйн улмаас цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон бөгөөд *******ХХК-д шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлэх гэтэл тухайн газар дээрх бидний байшинг нураасан, төслийн барилгын 70 хувь баригдсан тул буцаан авч ашиглах боломжгүй болсон.
6.2.******* нас барсан учир *******нь ******* ХХК-тай харилцан тохиролцож, анх тохирч байсан байрны үнийн дүнтэй ойролцоо дээрх орон сууцыг нэр дээр шилжүүлж өгөхөөр шийдвэрлэсэн. Ингээд 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр улсын бүртгэлийн Ү-******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг *******ын нэр дээр гаргаж өгсөн.
6.3.Гэвч дээрх орон сууцыг *******ХХК нь ******* гэх хүнд худалдахаар тохирсон ч ******* нь уг байрны төлбөрийг төлөөгүй атлаа өөрийн ээж *******ын хамт тухайн байранд одоог хүртэл амьдарсаар байна. Түүнчлэн ******* ХХК, *******ХХК нь *******д дээрх орон сууцыг шилжүүлэх тал дээр ижил байр суурьтай байгаа бөгөөд *******ХХК нь *******" ХХК-д өгөх өглөгийн оронд тухайн орон сууцыг тооцож хаасан гэж тайлбарлаж, орон сууцны гэрчилгээг гаргаж өгсөн.
Харин *******, түүний ээж******* тухайн орон сууцыг нэн даруй чөлөөлүүлэх талаар албан мэдэгдэл өгсөн боловч тодорхой хариу өгөхгүй, утсаар холбогдоход байрыг чөлөөлөхгүй талаар тайлбар өгсөн болно.
Иймд *******ыг маргаан бүхий бүхий орон сууцнаас албадан чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
7.Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн гаргасан татгалзал, тайлбарын агуулга: Хариуцагч нарын сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.
8.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 110 дугаар зүйлийн 110.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.10, 56.5-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******ХХК болон *******, *******д тус тус холбогдуулан гаргасан ******* ХХК болон ******* нарын байгуулсан 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ЅHH-02-05-27 дугаар хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, *******ХХК-ийн захирал *******, ******* нарын байгуулсан 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1367 дугаар бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ******* нэр дээр гарсан ******* дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах, Нийслэлийн Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол /16095/, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, 85А байр, *******од байрлах, 30.1 мк.в талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр *******ыг тогтоолгох тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч *******ыг Нийслэлийн Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол /16095/, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, 85А байр, *******од байрлах, 30.1 мк.в талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс албадан чөлөөлж, хариуцагч ******* ХХК-ийн нэхэмжлэгч *******д холбогдуулан гаргасан орон сууц албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 896,150 төгрөгийг, хариуцагч *******ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг, хариуцагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******аас 70,200 төгрөг гаргуулж хариуцагч *******д олгож шийдвэрлэсэн байна.
9.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
9.1.Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, тус гэрээнд ******* нь 2019 онд төлбөрийг бүрэн төлсөн болно хэмээн дурдсан боловч ******* нь гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь *******ХХК-ийн захирал *******, ******* нар нь 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа 2019 онд орон сууцны үнэ бүрэн төлөгдсөн учир тус гэрээний 3 дугаар зүйлд 2019 онд төлбөр дууссан гэж тусган гэрээ байгуулсан. Тус гэрээг байгуулж байх үед ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал нь ******* байсан бөгөөд уг гэрээнд өөрийн гарын үсэг зурж, компанийн тамга дарсан. Мөн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч *******ХХК-ийн захирал *******нь тухайн орон сууцыг худалдахаар тохиролцож гэрээ байгуулсан, төлбөр нь 2019 онд хийгдсэн, тэр үед аав маань амьд байсан үлдэгдэл төлбөрийг надад өгсөн гэсэн учраас би хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, тамга дарсан гэж тайлбарласан.
9.2.Анхан шатны шүүхээс Ингээд нийт 43,490,000 төгрөгийг хариуцагч "*******" ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан *******болон *******ын дансанд шилжүүлсэн гэж дүгнэсэн мөртлөө *******д БНХАУ-ын Эрээн хотод явж байхдаа бэлнээр 16,360,000 төгрөгийг өгсөн гэх боловч энэхүү 16,360,000 төгрөгийг өгсөн гэх баримт хэрэгт авагдаагүй болно гэж дүгнэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасны дагуу *******нийг гэрчээр асуусан ба гэрчээс маргаан бүхий орон сууцны төлбөрийг 2018-2019 оны хооронд төлсөн, 2019 оны 09 дүгээр сарын 27-29-ний өдрийн хооронд БНХАУ-ын Эрээн хотод хамт явж байгаад 16,360,000 төгрөгийг бэлнээр өгч, *******нь шинэ эхнэртэй болж, шинэ орон сууцандаа тавилга авсан гэж мэдүүлсэн. Гэрчийн мэдүүлгийг нотлох зорилгоор 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр БНХАУ-ын хилээр орж, гарч байсан эсэх талаарх лавлагааг Хил хамгаалах ерөнхий газраас гаргуулах тухай хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх хүсэлтийг хүлээж авалгүй хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан. Уг хүсэлт нь хэрэг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байсан, шүүх энэ байдлыг анхаарч үзээгүй.
9.3.2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ******* ХХК-ийн захирал ******* нь маргаан бүхий орон сууцад *******нийг орох тухай зөвшөөрлийг ******* ХХК-д олгосон нь нэхэмжлэгч ******* болон түүний охин *******нийг маргаан бүхий орон сууцыг шударгаар олж авсныг хангалттай нотолдог.
9.4.Шүүх худалдан авагч үнийг бүрэн төлөөгүй, талуудын хооронд өмчийн хэлцэл байгуулагдаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хэдийгээр Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар өмчлөх эрх нэхэмжлэгч *******д шилжээгүй ч орон сууц шилжүүлэх үүргээ хариуцагч ******* ХХК-ийн захирал ******* биелүүлээгүйг анхаарах ёстой. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д заасны дагуу маргаан бүхий орон сууцны өмчлөгч нь ******* юм.
Нэхэмжлэгч *******, түүний охин ******* нар нь худалдан авсан орон сууцаа шилжүүлэн авах гэж 2021 оноос хойш өнөөдрийг хүртэл маргаж өдий хүрсэн. Гэтэл тухайн үед төлбөр төлөгдөөд дууссан байтал ******* ХХК-ийн захирал, *******гийн охин ******* нь өөрийн аавыг нас бармагц хэлсэн ярьсан зүйлээсээ буцаж, иргэдийг хохироож байхад анхан шатны шүүх дахин олон жил шүүх хуулийн байгууллагаар явахад энэхүү шийдвэр саад болохгүй гэсэн ойлгомжгүй шийдвэр гаргасан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
9.5.Шүүх *******ын нэр дээр гарсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгох эсэх асуудлыг хувийн эрх зүйн маргааны хүрээнд буюу иргэний хэргийн шүүх шийдвэрлэхгүй буюу шүүхийн харьяалал зөрсөн гэж үзсэн. Нэхэмжлэгч ******* нь захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэртэй холбоотой нэхэмжлэл гаргаагүй, талууд хувийн эрх зүйн харилцаанд орж, тэдгээрийн хооронд хийсэн үйлдэл, эс үйлдэхүй нь хууль болон зан заншил, ёс суртахууны хэм хэмжээнд нийцээгүй, анхнаасаа хууль бус, хүчин төгөлдөр бус хэлцэл бол шүүх иргэнийхээ эрхийг сэргээн эдлүүлэх эрхийг Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох хууль тогтоомжоор хуульчилсан.
9.6. Анхан шатны шүүх *******ХХК нь иргэн *******той 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 17Г дугаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээг байгуулж, иргэн ******* нь өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, АШУН 120 дугааp гудамж, *******тоотод байрлах 26 м.кв талбай бүхий нийтийн зориулалттай орон сууц, мөн 39 м.кв талбай бүхий, нэгж талбарын *******дугаартай, эзэмших эрхтэй газрыг ******* ХХК-д шилжүүлж, төлбөрт нь 35 м.кв талбай бүхий орон сууц авахаар тохиролцсон байна гэж дүгнэжээ.
Хэрэгт авагдсан баримтаар ******* ХХК нь иргэн *******той байгуулсан дээрх гэрээнд маргаан бүхий орон сууцыг ******* өгөхөөр талууд огт тохиролцоогүй, мөн хэрэгт авагдсан ******* ХХК-ийн *******д гаргаж өгсөн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 31 дугаар баталгаанд Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд баригдаж буй 102 дугаар байранд оруулах ба барилга ашиглалтад ормогц үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг ямар ч саадгүй гаргаж өгнө гэж талууд тохиролцсон байна.
Маргаан бүхий орон сууцыг *******л болон өөр этгээдэд шилжүүлэн өгөх тухай гэрээ хэрэгт огт авагдаагүй байхад анхан шатны шүүхээс хийсвэр дүгнэлт хийж, 1 өрөө орон сууцыг *******д өгөхөөр талууд тохиролцсон нь нотлох баримтаар тогтоогдсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
9.7.Анхан шатны шүүх ******* нь 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс хойш ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар бүртгэгдсэн байх бөгөөд энэхүү эрх хэмжээнийхээ хүрээнд хариуцагч *******тай бэлэглэлийн гэрээ байгуулж, маргаан бүхий орон сууцыг бэлэглэжээ гэж дүгнэсэн. Маргаан бүхий орон сууцыг *******ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу захиран зарцуулах эрхтэй байтал 2019 оны 11 дүгээр сарын 07-ний өдөр ******* ХХК, ******* нарын хооронд байгуулсан SHH-02-05-27 дугаар хөрөнгө оруулалтын гэрээний 2 дугаар зүйлд орон сууцны 1 м.кв-ын үнийг 900,000 төгрөг, орон сууцны нийт төлбөр 27,090,000 төгрөг гэж тохирсон. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий орон сууцыг ******* ХХК хүлээн авч захиран зарцуулаагүй, иргэн ******* захиран зарцуулсан. Тодруулбал, ******* нь 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр *******ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон байж 2019 оны 11 дүгээр сарын 07-ний өдөр ******* ХХК-тай хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, улмаар 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр *******тай бэлэглэлийн гэрээг байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн өгсөн нь хуульд нийцэхгүй байна. Мөн маргаан бүхий орон сууцыг ******* ХХК нь 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр элс, хайрга худалдах худалдан авах гэрээгээр 59,850,000 төгрөгийн төлбөрт нь тооцуулан орон сууцыг авахаар тохиролцсон ба тус гэрээнд 1 м.кв-ыг 1,900,000 төгрөг байхаар тохиролцсон байхад ******* ХХК, ******* нарын хооронд байгуулсан 900,000 төгрөгөөр зарж байгаа нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч байна.
Нөгөө талаас дээр дурдсан гэрээнүүдийн он, цаг дарааллын хувьд 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ******* нь орон сууцыг өөрийн нэр дээр авсан нь маргаан бүхий орон сууцыг анхнаасаа ******* болон түүний охин ******* нарт өгөх санаа зорилго байхгүй, сүүлд *******ын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаснаас тодорхой харагдаж байна.
2020 оны 05 дугаар сарын 29-ны өдөр ******* нь *******ХХК-ийн захирал болж, маргаан бүхий орон сууцыг захиран зарцуулах эрхтэй ч өмнөх захирал *******ын байгуулсан 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр байсаар байтал 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр *******тай бэлэглэлийн гэрээ байгуулан улмаар 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр өмчлөх эрхийг гэрчилгээг гаргаж өгсөн, бэлэглэлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл юм.
Хариуцагч *******нь шударга өмчлөгч биш, маргаан бүхий орон сууцыг *******аас шаардах эрхгүй юм. Маргаан бүхий орон сууцад өнөөдрийн байдлаар нэхэмжлэгч ******* бус, ******* нөхөр, хүүхдийн хамтаар оршин сууж эзэмшиж байгаа болно. Ийнхүү шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой байх, хариуцагч *******нь *******д холбогдуулан орон сууцыг хууль эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргах нь хуульд нийцэх бөгөөд ******* нь маргаан бүхий орон сууцны шударга эзэмшигч тул хариуцагч *******м нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар маргаан бүхий орон сууцыг *******аас шаардах, өмчлөх эрхгүй юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
10.Давж заалдах гомдолд хариуцагч *******ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
10.1.Анхан шатны шүүх хэргийг зөв шийдвэрлэсэн. *******ХХК нь ******* ХХК-д элс, хайрга нийлүүлж, төлбөрт нь 2 байр авахаар гэрээ хийсний дагуу материал нийлүүлж, нэг байр авснаар гэрээ хэрэгжсэн. *******ХХК нь *******ХХК-ийн барьж гүйцэтгэж буй байрыг санал болгосон ба байрыг авахад гэрчилгээ нь гарах болоогүй байсан, мөн манай компаниас элс, хайргаа бүрэн нийлүүлж дуусаагүй байсан.
10.2.2019 онд манай аав уг байрыг худалдаж авах хүн олсон, 20,000,000 төгрөгтэй юм байна, энэ мөнгийг нь аваад байранд нь оруулчих, аавынх нь таньдаг хүний хүүхэд гэж ярьсан. Тухайн үедээ би тус болох үүднээс гэрчилгээ гарах хүртэл төлбөрөө төлөөд амьдарч болохыг *******д зөвшөөрч бичиг бичиж өгөөд оруулсан. Манай аав 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нас барсан.
10.3.Манайх элс, хайргаа 2022 онд нийлүүлж дууссан. Байрны гэрчилгээгээ авахад ******* ХХК нь компанид татварын өр үүсдэг учраас үнийн дүнгээ багасгаж гэрээнд гарын үсэг зуруулъя гээд тухайн үед он, сар, өдрийг 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөр орон сууц захиалан бариулах гэрээнд 900,000 төгрөгөөр бичүүлээд *******ХХК, ******* хоёрын хооронд улсын бүртгэлд бүртгүүлэхдээ хийсэн гэрээ нь энэ гэрээ. Анх *******ХХК болон ******* ХХК-ийн хийсэн гэрээнд бид 59,000,000 төгрөгийн бараа материал нийлүүлсэн. Зөрүүд нь 59,000,000 төгрөгийн үнэ бүхий байрыг авсан.
10.4.*******ын ээж *******д бид 2013 онд газрыг нь чөлөөлөөд байшинг нь нураагаад газар дээр нь барилга барьсан боловч тухайн барилга нь одоо болтол ашиглалтад ороогүй бөгөөд дулааны шугамд холбогдох боломжгүй дутуу барилга байдаг. Бид заавал тэр байрнаас байр өгнө гэсэн нөхцөл байхгүй. *******нь байргүй байсан. Энэ хооронд бид ******* рүү танай байрны төлбөр дутуу байна, одоо байрныхаа төлбөрийг төл, төлж чадахгүй бол бид өгсөн мөнгийг чинь буцааж өгөөд байрнаас гаргана гэх байдлаар бичиг явуулахад хариу өгдөггүй. Байртай холбоотой төлбөр тооцоо төлсөн асуудал байхгүй. Манай аавтай бизнесийн харилцаатай байсныг байрны төлбөр болгосон гэх байдлаар тайлбар хэлдэг. Манай аавын нэр дээрх машиныг нас барахаас нь 2, 3 сарын өмнө өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан, мөн аавын нэр дээрх гараажийг төлбөр мөнгө төлөхгүйгээр өөрийн нэр дээр шилжүүлж авсныг аавыг нас барсны дараа би өв залгамжлалаар дансны хуулгыг нь авч үзэхэд байр, гараажны мөнгө гүйцэт төлөгдөөгүй байдаг. Энэ байдлаар янз бүрийн төлбөрийн асуудал байгааг байртай холбож төлсөн гэдгээр буруу тайлбарлаж компаниар дамжуулж ******* гэх иргэнийг хохироосон гэжээ.
11.Давж заалдах гомдолд хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
11.1.Анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Манайх 2013 оноос хойш орон гэргүй, байргүй явсан, анхан шатны шүүх уг орон сууцыг өмчлөх эрхтэй гэж шийдвэрлэсэн. Орон сууцыг дахин төлөвлөлтийн гэрээний үндсэнд өмчлөх эрхийг нь шилжүүлж авсан ч түүнийхээ үр шимийг хүртэж чадахгүй, тухайн орон сууцанд амьдарч чадахгүй нөхцөл байдалтай байна.
11.2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлд заасан үндэслэлүүдээс аль үндэслэлээр гомдол гаргаж байгаа нь ойлгомжгүй. Шүүх хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэсэн. ******* нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасан өмчлөлийн эрх олж авах үйл явцыг дуусгаж чадаагүй. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт орон сууц өмчлөх тохиолдолд үнийг төлсөн байхыг шаарддаг. Мөн хэрэгт авагдсан *******ын нэр дээрх өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан буюу Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасан бүртгэл үнэн зөв байх гэх шаардлагыг хангасан зэрэг үйл баримтыг үндэслэн хуульд нийцүүлэн шүүх шийдвэр гаргасан.
11.3.Орон сууцны үнийг төлсөн талаар баримтууд нь эргэлзээтэй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгч *******аас ******* ХХК-д орон сууцны төлбөрийг төлдөг байсантай холбоотой баримт авагдаагүй, түүний охин нь шүүх хуралдаанд гэрчээр оролцсон бөгөөд *******эс мөнгө шилжүүлж байсан баримтууд хэрэгт авагдсан. Нэхэмжлэгч шүүх хуралдааны өдөр Хил хамгаалах ерөнхий газрын баримт шаардлагатай гэх зүйлийг ярьсан. Энэ баримт нь хэргийн шаардлага татгалзалтай холбоогүй учраас шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн. Гомдолд дурдсанчлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил, хууль хэрэглээний алдаа гаргасан гэдэг нь үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн зарим дүгнэлтийг залруулж, шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК, *******, ******* нарт холбогдуулан ******* ХХК болон ******* нарын хооронд байгуулагдсан 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн SHH-02-05-27 дугаар хөрөнгө оруулалтын гэрээ, ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1367 дугаар бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр *******ын нэр дээр гарсан *******дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч ******* ХХК, ******* нар нь орон сууцыг нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.
3.******* болон ******* ХХК-ийн хооронд 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч ******* ХХК нь Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол /16095/, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, ******* байрны 6 давхарт байрлах, 30.1 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 900,000 төгрөгөөр тооцон 59,850,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч ******* үнийг төлөхөөр харилцан тохиролцжээ.
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан талаар зөв дүгнэсэн. Мөн уг гэрээ хүчин төгөлдөр бөгөөд энэ талаар зохигч маргаагүй.
4.Худалдан авагч нь орон сууцны үнийг худалдагчид төлсөн эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.
4.1.Хэргийн баримтаар хариуцагч нь нэхэмжлэгчээс 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 20,000,000 төгрөгийг дансаар хүлээн авсан байх ба нэхэмжлэгчийг уг орон сууцанд орох зөвшөөрлийг 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 17 тоот албан бичгээр олгосон байна.
4.2.Нэхэмжлэгч нь 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хугацаанд ******* банк ХК дахь *******ийн ******* тоот данснаас 5 удаагийн гүйлгээгээр нийт 38,660,000 төгрөгийг *******гийн эзэмшлийн ******* тоот дансанд шилжүүлсэн,*******гийн эзэмшлийн зуслангийн байрны засварын зардалд 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хооронд нийт 4,830,000 төгрөг төлсөн, мөн *******д 2019 оны 09 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд БНХАУ-ын Эрээн хотод хамт байхдаа 16,360,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэж тайлбарласныг хариуцагч татгалзаж, итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын аав *******тэй холбоотой төлбөрүүдийг гэрээний үнэд тооцохгүй гэж маргажээ.
4.3.Талуудын байгуулсан гэрээний 3 дахь заалтад Худалдан авагч тал 2019 онд төлбөрийг бүрэн төлсөн болно гэж тусгагдсан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******нь аав ******* гэрээнд гарын үсэг зурчих, мөнгө нь дараа нь орчихно гэж хэлээд гэрээнд гарын үсэг зуруулсан гэж тайлбарлаж байх боловч уг тайлбарыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.
4.4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь харьцуулж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамтай бөгөөд үүний дагуу дээрх баримтуудыг талуудын байгуулсан гэрээтэй харьцуулж үзвэл, төлбөр тооцоо хийгдсэн цаг хугацаа нь бичгээр гэрээ байгуулсан 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө байх тул тухайн баримтуудыг хэрэгт хамааралтай гэж үнэлэх үндэслэлтэй.
Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн ... нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно гэж заасан ба дээрх төлбөр тооцоог үүрэг гүйцэтгүүлэгч ******* ХХК зөвшөөрч, худалдан авагч төлбөрийг бүрэн төлсөн гэсэн нөхцөлийг гэрээнд тусгасан гэж үзэхээр байна.
4.5.Иймээс худалдах, худалдан авах гэрээний үнэ 59,850,000 төгрөгийг бүрэн төлсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй ба хариуцагч нь төлбөр бүрэн төлөгдөөгүй үндэслэлээр гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасантай нийцээгүй байна.
5.Дээр дурдсанаас дүгнэхэд, худалдан авагч ******* нь орон сууцыг түүний өмчлөлд шилжүүлэхийг худалдагч ******* ХХК-аас шаардах эрхтэй боловч дараах үндэслэлээр түүнийг өмчлөгчөөр тогтоох боломжгүй байна. Үүнд:
5.1.2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ Ч.*******д олгогдсон байна.
5.2.Улсын бүртгэлийн баримтаар орон сууцны өмчлөх эрх ******* ХХК-аас 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хөрөнгө оруулалтын гэрээгээр *******д, *******оос 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр *******д тус тус шилжсэн байна.
******* нь Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн гэрээний дагуу Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар хороо, АШУН 120 дугаар гудамж, *******тоот хаягт байрлах, нэгж талбарын ******* дугаартай, 39 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, уг газар дээрх 26 м.кв талбайтай нийтийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг орон сууцаар солих нөхцөлөөр хариуцагчийн хамаарал бүхий ******* ХХК-ийн өмчлөл, эзэмшилд шилжүүлсэн *******ын өвлөгч болох нь тогтоогдсон бөгөөд уг эрх зүйн харилцааны хүрээнд маргаан бүхий орон сууцыг *******ын өмчлөлд шилжүүлжээ.
Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно, мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно гэж заасан бөгөөд хэргийн баримтаар ******* нь *******ы нэр дээрх бүртгэл буруу ташаа, мөн ******* ХХК болон ******* нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулсан талаар мэдэж байсан, мэдэх боломжтой байсан гэж дүгнэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Иймд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж зааснаар *******ын өмчлөх эрх хуулиар хамгаалагдана.
Нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр орон сууцыг эзэмшиж байгаа боловч үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд урьдчилсан тэмдэглэгээ хийлгэж өмчлөх эрхээ хамгаалаагүй байна.
5.3.Түүнчлэн *******ХХК нь нийлүүлсэн элс, хайрганы төлбөрт ******* ХХК-аас орон сууц шилжүүлэн авах хүрээнд ******* болон ******* ХХК-ийн хооронд 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хөрөнгө оруулалтын гэрээ хийгдсэн нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хөндөхгүй учир уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар нэхэмжлэгч маргасан нь үндэслэлгүй.
Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй алдааг дээрх байдлаар залруулж дүгнэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
6.Иймд хариуцагч нарт холбогдуулан гаргасан ******* ХХК болон *******ы хооронд байгуулагдсан 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн SHH-02-05-27 дугаар хөрөнгө оруулалтын гэрээ, ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* болон *******ын хооронд байгуулагдсан 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1367 дугаар бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, *******ын нэр дээр гарсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдлийг хэвээр үлдээв.
7.Хариуцагч *******ХХК-ийн гаргасан орон сууцыг нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба үүнд хариуцагч *******ХХК давж заалдах гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй болно.
8.Хариуцагч ******* нь маргаан бүхий орон сууцны өмчлөгч тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар орон сууцыг нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардсан нь үндэслэлтэй, уг сөрөг нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.
9.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан ба нэхэмжлэгч талаас *******гийн хилээр орж, гарч байсан эсэх лавлагааг Хил хамгаалах ерөнхий газраас гаргуулах талаарх хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар шүүхэд гаргаагүй, мөн хуулийн 38.9 дэх хэсэгт заасан нотлох баримт бүрдүүлэх зохицуулалт нь шүүхийн бүрэн эрхэд хамаарах тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.
10.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2024/04622 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 896,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Д.ЗОЛЗАЯА