Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 209

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,

Хохирогч А.Н,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурай,

Шүүгдэгч А.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.А холбогдох эрүүгийн 1918001560204 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, А.А 1991 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн 45а байрны 59 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч А.А нь 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Баян-Идэр” худалдааны төвийн урд иргэн А.Нхувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч А.А нь 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Баян-Идэр” худалдааны төвийн урд иргэн А.Нхувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Шүүгдэгч А.Агийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Норсмаа гэх эмэгтэй нөхрийнхөө барьцаанд тавьсан утсыг авах гэж ирсэн. Надад “бичиг баримт, цүнхээ үлдээгээд утсаа авмаар байна.” гэхэд нь би “тийм боломжгүй, манайх бэлэн мөнгөөр үйлчилдэг, болохгүй бол дансаар шилжүүлж болно.” гэж хэлсэн. Өмнө нь Норсмаа утсаа барьцаанаас авах гэж ирээд “би мөнгө аваад ирье” гэж хэлээд ирээгүй 2 хоносон учир би утсыг нь өгөөгүй. Тэгээд би хүүхэд цэцэрлэгээс авах цаг болж байсан болохоор ажлаасаа гараад машинд суутал хохирогч өөрөө надад эхэлж халдаж, тээврийн хэрэгслийн хаалгаар намайг савж хаасан. Надад бага зэрэг гэмтэл учирсан боловч дүгнэлт гаргах хэмжээний гэмтэл биш байна гэсэн дүгнэлт гарсан. Хохирогч намайг маш их доромжилж, миний биед халдсан.

...тухайн үед хохирогчийн цээж рүү нь түлхсэн нь үнэн. Гэхдээ миний машины хаалгаар намайг эхлээд цохисон учир цээж рүү нь түлхсэн. Хохирогчийг хана руу мөргүүлсэн зүйл байхгүй.

...ийм асуудлаас болж эрүүгийн хариуцлага хүлээнэ гэвэл үнэхээр гомдолтой байна. Миний хувьд анхаасаа төрийн албан хаагч болно гэсэн бодолтой сургуульд сурч, мэргэжил эзэмшсэн юм.” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч А.Нгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр нөхрийнхөө барьцаанд тавьсан утсыг авахаар очсон. Би эхлээд очихдоо мөнгөгүй очоогүй, харин гэртээ картаа мартаад ирсэн байна гэдгээ хэлсэн. Тэгээд би “наад утсыг чинь авчихаад банк ороод мөнгө аваад ирээд өгье” гэж хэлсэн. Тэгтэл шүүгдэгч “би хүүхдээ авах гээд яараад байна, боломж байхгүй.” гэж хэлээд машиндаа суусан. Тэгээд машиндаа суугаад явах гээд байсан учир намайг яваад очиход миний цээж рүү түлхсэн. Намайг хэл амаар доромжилж “халтар хүүхэн минь” гэж янз бүрээр хэлсэн.

...Миний цээж рүү цохиж өшиглөсөн. “Баян-Идэр”-ийн шатны хэсэг дээр хойд дагзаараа хана мөргөсөн.

...Томографт толгойгоо 140000 төгрөгөөр харуулсан, зүүж яваад үрэгдүүлсэн гинжний үнэ 380000 төгрөг, эмчилгээний төлбөр 140000 төгрөг, 10 хоногийн цалин зэрэгт нийт 800000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Би гинжээ 2 жилийн өмнө 380000 төгрөгөөр худалдаж авч байсан юм.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 2/,

-Хохирогч А.Нгаас Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хэргийн 3/,

-Хохирогч А.Нгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 8-9/,

-Гэрч Ц.О, хохирогч А.Н нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хэргийн 15-18/,

 

-Гэрч Ц.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр найз Ариунзаяагийн ажил дээр буюу Дархан сумын 16 дугаар баг “Од” супер маркет дотор байдаг ломбард дээр очиход нэг эмэгтэй гар утсаа авах гэж байгаа бололтой зогсож байсан. Тэгээд тэр эмэгтэй мөнгөгүй байгаа бололтой өөрийнхөө барьж явсан гар утсаа оронд нь үлдээгээд утсаа авмаар байна гээд юм яриад байхаар нь Ариунзаяа нөгөө эмэгтэйд хандаж “би хүүхдээ авах цаг болчихлоо, чи мөнгөө олж ирээд гар утсаа аваарай.” гэж хэлээд бид хоёр гараад явахад уг эмэгтэй бид хоёрын араас дагаж явсаар байгаад “Баян-Идэр” худалдааны төвийн байранд байх “Капитрон” банкны харалдаа зогсоол дээр байсан машин дээр нь ирсэн. Бид хоёр машиндаа суугаад Ариунзаяа машиныхаа хаалгыг хаах гэхэд нөгөө эмэгтэй хаалгыг хаалгахгүй зогсоод “гар утсаа авмаар байна” гээд хэрэлдээд байхаар нь би “мөнгөө авч ирээд ав” гээд Ариунзаяа цээж рүү нь гараараа түлхэхэд зөрүүлээд түлхсэн. Тэгээд хаалгыг хаалгахгүй болохоор нь Ариунзаяа машинаасаа буухаар нь би машинаас нь буугаад тойроод очиход тэр хоёр нэгнийгээ заамдчихсан зогсож байхаар нь салгаад “чамайг мөнгөө авч ирээд гар утсаа ав гээд байгаа юм биш үү?” гэж хэлсэн. Тэгэхэд нөгөө эмэгтэй “манай эгч шүүгч, чамайг сонин болгоно оо” гээд орилж хашхираад янз бүрийн юм яриад байхаар нь бид хоёр машиндаа суугаад явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 19-20/,

 

-Гэрч М.Ө мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр намайг цонхоор хараад зогсож байхад машины зогсоол дээр байсан цагаан өнгийн приус маркийн авто машины хажууд 2 эмэгтэй хоорондоо маргалдаад нэг нэгнийхээ хувцаснаас зууралдаад, мөр, цээж хэсэгрүү нь түлхэлцээд байсан бөгөөд хажууд нь нэг эмэгтэй хараад зогсож байсан. Тэгээд би заалан доторх хүмүүсээ зохицуулж байгаад 10 орчим минутын дараа цонхоор харахад 1 эмэгтэй нь 16 давхар байрны зүг алхаад, нөгөө 2 эмэгтэй нь автомашиндаа суугаад хөдөлж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 24-25/,

 

-“Шинжлүүлэгч А.Н нь тархинд голомтот болон эзэлхүүнт өөрчлөлтгүй, 4 дүгээр ховдол ердийн, хажуугийн ховдол жигд нарийссан, дунд бүрдэл хазайлтгүй, субарахнойд зай 2 чамархай хэсгээр бага зэрэг өргөссөн, Сильвиев ховил бага зэрэг өргөссөн, дотор, гадна капсул, таламус орчимд өөрчлөлтгүй, тархины бор, цагаан эдийн ялгарал тод, атираа ховилын тодрол сул. Гавал, хацар, хамар, ухархайн ясанд гэмтэлгүй. Хамрын таславч тэгшхэн, дайвар хөндийнүүд цэвэрхэн.” гэх “Саран-Элит” клиникийн эмнэлгийн  дүрс оношлогооны тасгийн оношлогооны хуудас /хэргийн 26/,

 

-“А.Нгийн биед тархи доргилт, цээжний хэсэгт зулгаралт, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 206 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 28/

 

-“А.Агийн биед зүүн ташаан дахь цус хуралт тогтоогдлоо. Дээрх цус хуралт нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, хамрагдах талбай бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 217 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 32/,

 

-А.Нгийн Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хэргийн 61-63/,

-Хохирогч А.Нгаас гаргаж өгсөн хохирол, төлбөртэй холбоотой баримтууд /хэргийн 64-68/ болон хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч А.Нгийн эрүүл мэндэд “тархи доргилт, цээжний хэсэгт зулгаралт, зүүн гуянд цус хуралт” бүхий гэмтэл учирсан бөгөөд энэ нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болох Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 206 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хэргийн 28/ нотлогдож байх тул шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

 

Иймд шүүгдэгч А.Аг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч А.Нгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 206 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хэргийн 28/ нотлогдож байх бөгөөд хохирогч А.Н нь “хохирол болон эмчилгээний төлбөрт 800000 төгрөг” нэхэмжилж холбогдох нотлох баримтаа /хэргийн 66-68/ ирүүлжээ.

 

Хохирогч А.Нгийн гэм хорын төлбөр нэхэмжилж ирүүлсэн бичгийн баримтуудыг судалж үзэхэд эм тариа авсан 140000 төгрөг, томографийн зураг авахуулсан 135000 төгрөг /хэргийн 68/ нийт 275000 төгрөгийн баримт нотлох баримтын шаардлага хангаж байх тул шүүгдэгч А.Агаас 275000 гаргуулж,  хохирогч А.Нд олгох нь зүйтэй бөгөөд гэм буруугийн шүүх хуралдаан завсарлах хугацаанд шүүгдэгч А.А нь хохирогч А.Нд 275000 төгрөг шилжүүлж, хохирлыг төлсөн болно.

 

Харин хохирогч нь гинжний үнэ 380000 төгрөг нэхэмжилж байгаа боловч тухайн үед 380000 төгрөгийн үнэтэй монетон гинж зүүж явсан гэдгээ нотолж чадаагүй, мөн хаана ямар байгууллагад хэдэн төгрөгийн цалинтай ажил эрхэлдэг талаар нотлох баримт ирүүлээгүй байх тул иргэний нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч А.А нь 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Баян-Идэр" худалдааны төвийн урд иргэн А.Нхувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч А.Аг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч А.А нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч А.А нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 6 сарын хугацаанд сард 75000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч А.Ад анхааруулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч А.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч А.А-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар шүүгдэгч А.Ад оногдуулсан торгох ялын 450000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд сард 75000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч А.Ад үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч А.Ад анхааруулсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нь хохирогч А.Нд 275000 төгрөгийг гэм буруугийн шүүх хуралдаан завсарлах хугацаанд нөхөн төлсөн болохыг дурдаж, иргэний нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Я.ТУУЛ