| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2019/0203/Э |
| Дугаар | 211 |
| Огноо | 2019-05-28 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 211
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,
Хохирогч М.Т,
Шүүгдэгч Б.Л нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Л холбогдох эрүүгийн 1918000000205 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.Л, 1972 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн Октябрийн 3-18 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн Октябрийн 8-13 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох М.Т хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн Октябрийн 8-13 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох М.Т хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч Б.Лийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “….2019 оны 4 дүгээр сарын 8-ны орой 19 цагийн орчим Төв аймгаас манай хамтран амьдрагч М.Тын хоёр найз ирээд бид дөрөв “Өүшин” баарны караокед орж пиво ууж байгаад дараа нь бааранд нь орж пиво уугаад шөнийн 23 цагийн орчим баарнаас гараад М.Тын хоёр найз явсан. М.Т бид хоёр 18-н буудлаас таксинд суугаад тосгоны эцсийн буудал дээр буугаад гэртээ харих гэж явах замаараа би М.Тоос “гэртээ орохдоо нэг шил архи аваад орьё, мөнгө байна уу?” гэж асуусан чинь “мөнгө байхгүй” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би “мөнгө байгаа байж надаас мөнгө харамлаад байхдаа яадаг юм бэ ?”гэж уурлаад М.Тыг түлхэж унагаад нүүр лүү нь нэг удаа өшиглөөд түрүүлээд гэртээ орсон бөгөөд миний араас М.Т нүүрнээс нь цус гарсан байдалтай гэрт орж ирсэн юм. Тэгээд гэрт орж ирээд маргалдаад би М.Тыг хоёр удаа алгадсан.
...миний буруу. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа.” гэх мэдүүлэг,
-Хохирогч М.Тын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн үед найзууд ирээд хамт бааранд сууж байгаад харих замдаа дэлгүүр орох гэхэд дэлгүүр хаачихсан байсан. Гэтэл Б.Л “пиво аваад өг” гэхээр нь би “пиво авч өгөхгүй” гэхэд намайг унагаад өшиглөсөн юм. Гэрт орж ирсний дараа мөн 2 удаа алгадсан.
...Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,
-Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 3/,
-Насанд хүрээгүй гэрч Л.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 4 дүгээр сарын 8-ны орой гэртээ хичээлээ хийгээд сууж байхад гаднаас аав согтуу орж ирсэн. Удалгүй араас нь ээж гэрт орж ирсэн бөгөөд ээжийн зүүн нүдний дээд талаас цус гарсан байсан. Тэгээд аав, ээж 2 гэрт орж ирээд хоорондоо хэрүүл маргаан хийж байснаа аав ээжийг 2 удаа алгадаад авахаар нь би цагдаа дуудсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 8/,
-“М.Тын биед зүүн хөмсөгт шарх, дух, зүүн нүдний зовхи, баруун шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 329 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 10/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч нь хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар шүүгдэгч, хохирогч нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд мөн бөгөөд шүүгдэгч Б.Лийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т хамаарч байх тул түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг зөв байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Лид гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч М.Тын биед “зүүн хөмсөгт шарх, дух, зүүн нүдний зовхи, баруун шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учирсан боловч хохирогч М.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт “...одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлж байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Б.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн Октябрийн 8-13 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох М.Т хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Лийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Л нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч Б.Л анх удаа гэмт хэрэгт холбогдсон, бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, ар гэрийн амьдралын болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Лид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд сар бүр 50000 төгрөгөөр тооцож, хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Л-ийг гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.Л-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар торгох ялын 500000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 10 сарын хугацаанд сар бүр 50000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Б.Л-д үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Б.Л-д анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.ТУУЛ