Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 4689

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө, Техник Импорт ХК-ийн байр, 206 тоотод байрлах, “Эм Жэй Партнерс” ХХК /РД:5742307/

Эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд “Цүёоса” ХХК-ийг эрэн сурвалжлах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дариймаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.           

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч “Эм Жэй Партнерс” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Эм Жэй Партнерс” ХХК нь “Цүёоса” ХХК-тай 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс бизнесийн хамтын ажиллагаатай байж харилцан итгэлцэж, бараа бүтээгдэхүүн нийлүүлж байсан. Гэтэл “Цүёоса” ХХК итгэл алдан, өнөөдрийг хүртэл хугацаанд авсан барааныхаа үлдэгдэл үнэ 1.150.730 төгрөгийг төлөхгүй байсаар лангуугаа татан буулгаж, өөрсдөө барьж байсан 99068336, 99105372 утсаа авахгүй, оршин суух хаяг нь тодорхойгүй болсон. Иймд “Цүёоса” ХХК-иас 1.150.730 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

 

            Нэхэмжлэгч “Эм Жэй Партнерс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дариймаа нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эм Жэй Партнерс” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Цүёоса” ХХК-д холбогдох иргэний хэргийн хариуцагч “Цүёоса” ХХК нь нэхэмжлэлд дурдсан Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2а-15 тоот хаягтаа байрладаггүй, үйл ажиллагаа явуулдаггүй болох нь тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгч “Эм Жэй Партнерс” ХХК нь “Цүёоса” ХХК-ийн хаягийг өөрсдөө олж тогтоох боломжгүй, хаягийг мэдэхгүй тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагчийг эрэн сурвалжлуулах болгон өөрчилж байна. Иймд эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд “Цүёоса” ХХК-ийг эрэн сурвалжилж, оршин байрлах хаягийг тогтоож өгнө үү гэв.

 

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Эм Жэй Партнерс” ХХК нь шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ хариуцагч “Цүёоса” ХХК-иас 1.150.730 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Цүёоса” ХХК-ийг эрэн сурвалжлах тухай хүсэлт гаргасныг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.

          Шүүх нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, нэхэмжлэлд дурьдсан хариуцагч “Цүёоса” ХХК-ийн Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2а-15 тоот хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд тус хаягт “Цүёоса” ХХК нь бүртгэлгүй бөгөөд байрладаггүй, үйл ажиллагаа явуулдаггүй байх бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн тайлбар, хүсэлт, бичиг хүргэгчийн тайлбар, хорооны тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

Хэрэгт нэхэмжлэгч “Эм Жэй Партнерс” ХХК болон хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Цүёоса” ХХК хоорондын “тооцоо нийлсэн акт” авагдсан байх бөгөөд үүгээр нэхэмжлэгч нь хариуцагчаар оролцвол зохих этгээдүүдтэй эрх зүйн харилцаанд оролцсон гэж дүгнэх үндэслэл тогтоогдож байна.

            Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд  “Цүёоса” ХХК-ийн оршин байрлах хаяг тодорхойгүй, байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзлээ.  

            Хүсэлт гаргагч “Эм Жэй Партнерс” ХХК нь “Цүёоса” ХХК-ийг олж болох эх сурвалжийг нэрлэн заах боломжгүй гэснийг дурдах нь зүйтэй.  

            Хүсэлт гаргагч “Эм Жэй Партнерс” ХХК-тай холбоо барих утас 99895805, 70009929 болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон                                                                                                                                 

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хүсэлт гаргагч “Эм Жэй Партнерс” ХХК-ийн хүсэлтээр эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд “Цүёоса” ХХК-ийг эрэн сурвалжилж, түүний хаягийг олж тогтоох ажиллагааг Тахарын ерөнхий газрын Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газарт үүрэг болгосугай.

 

2. Нэхэмжлэгч “Эм Жэй Партнерс” ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлснийг дурдаж, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар уг шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                        Хүсэлт гаргагч “Эм Жэй Партнерс” ХХК-тай

холбоо барих утас 99895805, 70009929 болно.

                           

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ж.КУЛЬДАНА