| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2019/0200/Э |
| Дугаар | 215 |
| Огноо | 2019-05-30 |
| Зүйл хэсэг | 12.1.1., |
| Улсын яллагч | Д.Энхтуяа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 215
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,
Шүүгдэгч О.М /өмгөөлөгч авахгүйгээр шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт О.Мд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1818006250232 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, О.М 1994 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, төмөр замчин мэргэжилтэй, Говьсүмбэр аймгийн Чойр сум дахь Улаанбаатар төмөр замын 3 дугаар ангид замчин ажилтай, ам бүл 3, эх, дүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн Баяндавааны 12 дугаар гудамжны 5 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч О.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Өвсөн цехийн хажууд иргэн Б.Э хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндэхийг завдсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.М нь согтууруулах ундааны хэрэглэсэн үедээ 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Өвсөн цехийн хажууд иргэн Б.Э хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндэхийг завдаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч О.Мгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...миний шорт, пудболкийг авчихсан байсан. Түүнийгээ булааж авсныг санаж байна. Мөн тэр эмэгтэй ус руу орсныг санаж байгаа. Хохирол төлбөрөө бүгдийг төлж барагдуулсан.
...миний буруу. Би буруутай үйлдэл хийсэн. Ар гэрт маань надаас өөр ажил хийдэг хүн байхгүй учир амьдралын нөхцөл байдлыг харгалзан хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 8/,
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 9-13/,
-Шүүгдэгч О.Мгийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 14-17/
-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 18-21/,
-Хохирогч Б.Э биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 22-23/,
-Хохирогч Б.Э мөрдөн байцаалтын шатанд хохирогч болон гэрчээр өгсөн: “...би голын ус руу ороод өмсөж явсан хувцасаа тухайн үед норгочихоод байж байхад дээрх хэдэн залуу ирээд нэг нь надад шортоо тайлж өгөхөөр нь би түүнийг нь өмссөн. Хэн гэдгийг нь мэдэхгүй. Харин дараа нь шортыг нь өгөх гээд тайлаад өөрийнхөө нойтон хувцасыг өмстөл намайг хүчиндэх гээд байсан юм.
...тухайн үед манаач дээр очих үедээ доогуураа дотуур хувцастайгаа, урт футволкатайгаа явж очсон. Би өөрийнхөө хувцасыг өмссөн байхад тухайн намайг хүчиндэхийг завдсан залуу миний өмссөн шортыг тайлчихсан юм.
...тухайн үед миний гар утас миний машины голд байсан. Би одоо бодоход яг ямар хүн авсан талаар мэдэхгүй байна. Намайг машинаас тэр үед бууж суухад унасан байж магадгүй. Тэр үед би өөрөө согтууруулах ундаа хэрэглэсэн байсан юм.
...би 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 20 цагийн орчимд ганцаараа агаарт гарч унтаж амрах гээд Дархан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “католон” /хиймэл нуур/-ын ойролцоо өөрийн эзэмшлийн 3849 ДАХ улсын дугаартай Чейзер маркын тээврийн хэрэгсэлтэй очоод байж байхад 3 залуу миний хажууд ирэхээр нь “би ганцаараа баймаар байна, та нар явцгаана уу” гэхэд нөгөө 3 залуу юм ярихгүй надаас холдоод яваад өгсөн. Нөгөө 3 гурван залуу явахдаа миний Iphone 6 маркын саарал өнгөтэй гар утсыг аваад явсан байсан. Тэгснээ 2 залуу нь машиндаа суугаад яваад өгсөн. Нэг залуу нь үлдээд над руу хүрээд ирсэн. Тухайн залуу нь эрээн цоохор шорттой, улаан өнгөтэй пудволктой байсан. Уг залуу над дээр ирээд “хамт байя” гэж хэлэхээр нь би зөвшөөрөөгүй, эсэргүүцсэн чинь миний хоолойг боогоод “би шорон оронгоор зөндөө явсан, чамайг алаад хаячихна шүү.” гээд заналхийлж байснаа миний машиныг асаагаад хөдлөх гэхээр нь би машиндаа суусан. Тэгээд нөгөө залуу миний машинаар 200 орчим метр газар яваад зогссоноо “би чамтай унтана” гэж хэлэхээр нь би “чи ингэж болохгүй шүү дээ, намайг яагаад ингээд байгаа юм бэ?” гэхэд миний хоолойг дахин боогоод намайг машинаас чирч гаргаад миний хувцсыг ураад намайг хүчиндэхийг завдсан. Тэгэхэд нь би зугтаад хэсэг газар гүйгээд баригдсан ба намайг ална гэж хэлээд хоолойг минь боогоод хэсэг ноцолдож байгаад би зүгтаагаад “НИК” буюу “Петровис” ХХК-ийн агуулахын хамгаалагч нар дээр очиж тусламж гуйгаад зогсож байхад нөгөө залуу миний араас хөөж яваад хамгаалагч нарт баригдсан. Тэгээд Цагдаагийн газарт мэдэгдсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 25-29/,
-Гэрч Ш.-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Дархан нефтийн агуулах дээр хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байх үед 23 цагийн орчим вагоны хаалгаар дээгүүрээ урагдсан нимгэн сарпанчиктай, доогуураа дотуур хувцаснаас өөр хувцасгүй хөл нүцгэн уйлчихсан гүйж ирэхээр нь би тосож аваад юу болсон талаар лавлахад надад уйлаад ямар нэг зүйл хэлэхгүй байсан болохоор нь би тухайн үед ахалж байсан Даваадорж дээр дагуулж ороход ахлах “тэр эмэгтэйд халуун цай өг, тэгээд цагдаа дууд.” гээд цагдаа дуудсан. Тэгээд агуулахын байранд тэр эмэгтэй уйлаад “сая намайг нэг залуу хүчиндэх гэлээ” гээд уйлаад байсан. Тэгээд цагдаа ирэх хооронд агуулахын өмнө засмал замаар нэг жижиг биетэй бор залуу алхаж явахаар нь хамт үүрэг гүйцэтгэж байсан хамгаалагч Ганбаттай би гадагш гараад тэр залууг “цаг хэд болж байна, гал байна уу? тамхи асаах гэсэн юм.” гэж шалтаглаж дуудахад хүрээд ирсэн. Тэгэхээр нь бид 2 барьж аваад “чи нэг эмэгтэй хайгаад яваад байна уу? гэж асуутал “мэдэхгүй” гэхээр нь би харуулынхаа гаваар нэг гарыг нь гавлаад дотор уйлж ирсэн эмэгтэйтэй уулзуулахад тэр эмэгтэй “энэ залуу сая миний машины түлхүүрийг гол руу шидсэн, мөн намайг хүчиндэх гээд байсан залуу мөн байна.” гээд уйлж сандарсан байдалтай хэлж хэлж байсан. Тэгээд цагдаа нар ирээд бид нар тухайн залууг цагдаад хүлээлгэж өгсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 32/,
-Гэрч Д.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр нөхөр Сумъяагийн хамтаар хар хөх марк-2 маркийн машинтай 2 хүүхдийн хамтаар өөрсдийн тарьж байгаа ногоон дээрээ ажиллуулах Амарсанаа, Мөнхтулга, О.М нарыг авч Баяндаваанд байдаг ногоо руугаа явах гээд дээрх 3 хүний нэг рүү нь манай нөхөр 18 цагийн орчим залгахад “өвсөн цехийн цаад талын Хараа голын эрэг дээр байна, эндээс ирээд аваад явчих.” гэж хэлэхээр нь бид нар тэнд нь яваад очиход Амарсанаа нь голын эрэг дээр унтчихсан, харин Мөнхтулга, О.М бас нэг танихгүй эрэгтэй, эмэгтэй нар хар ногоон өнгийн чазер маркийн машины хажууд суучихсан пиво ууж байсан. Тэд нар дээр манай нөхөр очоод Мөнхтулга, О.М нарыг явъя гэхэд Мөнхтулга нь хувцасаа өмсөөд байж байсан, харин Амарсанаа дээр манай нөхөр очоод ундааны саваар толгой дээр нь ус асгахад босоод ирсэн. Тэгээд Амарсанаа, Мөнхтулга нарыг аваад ногоо руугаа явах гэхэд тэнд байсан танихгүй эмэгтэй О.Мтэй тэврэлдэж зогсож байгаад хоёулаа хамтдаа голын ус руу унаад гарч ирж чадахгүй живж байгаа юм шиг хөвөөд яваад байхаар нь араас нь Мөнхтулгийг манай нөхөр оруулахад Мөнхтулга тэр эмэгтэйг голын нөгөө талын эрэг рүү гаргасан юм. Харин О.М голын наад талын эрэг рүү гарчихаад дахиад гол руу орж тэр эмэгтэй рүү очсон. Тэгээд байж байхад тэр эмэгтэй өвсөн цехийн хашааны зүг рүү яваад харин О.М, Амарсанаа, Мөнхтулга нар үлдээд байж байхад нөгөө евсөн цехийн хажуу талын хар усан дээр очоод ус руу ороход манай нөхөр “наад эмэгтэй чинь ус руу ороод үхчихнэ шүү, наадахаа гаргаж ир” гэж хэлэхэд Мөнхтулга араас нь очиж ус руу ороод нилээд удаж байж гаргаж ирсэн. Тэгээд гаргачихаад тэр эмэгтэйг орхиод явах гэхэд тэр эмэгтэйн машин нь голын эрэг дээр тулаад зогссон байхаар нь манай нөхөр тэнд байсан Мөнхтулга, Амарсанаа нараас “энэ машинд өөр жолооч байгаа юм уу?” гэж асуухад “байхгүй, тэр эмэгтэй өөрөө барьж явж байгаа” гэж хэлэхэд манай нөхөр “алив наад машиныг чинь энд үлдээх юм бол машинаа барих гэж байгаад гол руу машинтайгаа унана, тийм болохоор тэр машиныг Амарсанаагаар бариулаад өвсөн цехийн хажууд аваачаад машины түлхүүрийг тэр эмэгтэйд өөрт нь үлдээгээд ногоо руу О.Мг аваад явъя” гэтэл О.Мг явахгүй болохоор нь тэр эмэгтэйтэй үлдээгээд Мөнхтулга, Амарсанаа нарыг аваад явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 33-34/,
-Гэрч Д.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэгэхэд машин ирэх хооронд тэр эмэгтэй “би үхнэ, амиа хорлоно” гээд хар ус руу үсрээд орохоор нь би дахиад Мөнхтулгийг араас нь явуулж уснаас чирч эрэг дээр гаргуулсан. Энэ хооронд Амарсанаа тэр эмэгтэйн машины түлхүүрийг аваад машинаас нь бууж ирэхээр нь би Амарсанаад хандаж “наад хүүхэндээ түлхүүрийг нь өг, явцгаая” гэсэн. Тэгэхэд Амарсанаа эмэгтэйд машины түлхүүрийг нь өгсөн. Тэгээд бид нар явах гэтэл О.М найз Амарсанаа, Мөнхтулга нартаа хандаж “та нар намайг орхиод явлаа, хогийн юмнууд” гээд байсан. Тэгээд бид явцгаасан.” гэх мэдүүлэг /хэргийн 40-41/,
-Гэрч Н.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдөр НИК-ийн төв агуулах дээр 24 цагаар харуулын үүрэг гүйцэтгэж ажилласан ба шөнийн 23 цагийн орчим вагон хаалгаар эмэгтэй хүн орж ирснийг хамгаалагч Бат-Эрдэнэ, Ганбат нараар авчруулж учир шалтгааныг тодруулахад 30 орчим насны эмэгтэй хүн айж сандарсан байдалтай байсан ба уг эмэгтэй “намайг нэг залуу хүчиндэхийг завдаад хөөгөөд байна” гэж хэлсэн. Би цагдаад дуудлага өгсөн бөгөөд удалгүй цагдаа нар ирээд нөгөө эмэгтэйг авсан. Уг эмэгтэйтэй уулзаж байхад манай хамгаалагч Ганбат гадна цоохор шорттой нэг залуу явж байна гэхээр нь хамгаалагч нараар авчруулахад нөгөө эмэгтэй “энэ залуу намайг хүчиндэх гээд байсан залуу мөн байна.” гэж таньсан.” гэх мэдүүлэг /хэргийн 42-43/,
-Гэрч Ч.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэгээд Сумъяа Амарааг дуудаад “наад эмэгтэй чинь их согтуу байна, аягүй бол машинтайгаа гол руу орчихоно, цагдаа дуудаад өгье” гэхэд тэр эмэгтэй “яах юм, би одоо ингээд явлаа” гээд байхаар нь цагдаа дуудалгүй Сумъяа ах Амарсанаагаар машиныг нь бариулаад өвсөн цехийн ойролцоо очоод машиныг нь зогсоогоод Сумъяа ахтай Амарсанаа бид нар явах гэхэд нөгөө эмэгтэй машинаасаа буугаад тэнд байсан хар ус руу ороод тэндээ хөл алдаад дахиад живж байхад Сумъяа ах намайг “хурдан ус руу орж тэр эмэгтэйг гаргаж ирээч, наадах чинь үхлээ” гэж хэлэхээр нь би ус руу орох үед намайг даваад дээшээ гар гарч ирэхгүй байсан. Тэгэхээр нь сэлж тэр эмэгтэй дээр очоод хөлнөөс нь татаад эрэг рүү чирээд эрэг дээр очоод уснаас өргөж гаргачихаад явахдаа би О.Мг “алив Сумъяа ахтай хамт явъя” гэж хэлтэл О.М тэр эмэгтэйтэй юм ярьж байгаад өмсүүлсэн шорт подволкоо авъя гэтэл өгөхгүй байсан. Тэгээд тэр 2 ярилцаж байгаад үлдэхээр болохоор тэр хоёрыг үлдээгээд явсан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хэргийн 47-48/,
-Гэрч Н.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдөр өөрийн найз О.М, Мөнхтулга нарын хамтаар Дархан сумын 3 дугаар багт байрлах өвсөн цехийн цаад талын “Хараа” голын эрэг дээр очсон. Тэндээ очоод 2 найзын хамтаар 1 шил 0.75 литрийн “Хараа” нэртэй архи, 2.5 литрийн савалгаатай 2 пивийг хувааж уусан. Тэгээд би согтоод унтчихсан байсан. Тэгтэл тэр өдөр Мөнхтулга бид хоёрыг ажилд авч явах байсан Сумъяа ах өөрийнхөө машинтай ирээд намайг сэрээсэн. Тэр үед бид нарын анх очсон газраас нэг их холгүй миний танихгүй нэг эмэгтэй голын усанд живэх гэж байхад Сумъяа Мөнхтулгаар тэр эмэгтэйг уснаас гаргаж ирж байсан. Тэгээд Сумъяа ах Мөнхтулга бид хоёрыг авч явах гэж байснаа гэнэт “наад эмэгтэй чинь согтуу байгаа болохоор голын эрэг дээр байгаа машинтайгаа гол руу орчихож магадгүй, цагдаа дуудъя” гэж хэлтэл тэр эмэгтэй бид нараас “цагдаа дуудаад хэрэггүй, би зүгээр” гээд байсан. Тэгэхээр нь Сумъяа ах тэр эмэгтэйн 3849 улсын дугаартай Тоёота Чайзер макын тээврийн хэрэгслийг надаар бариулаад голоос холдуулж өвсний ойролцоо тавиулаад О.М тэр эмэгтэй хоёрыг үлдээгээд бид нар Сумъяа ахын машинтай явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 54-55/,
-“Үнэлгээнд хамрагдсан 1 ширхэг гар утас, МР3 тоглуулагч, Тоёота чейзер маркийн автомашины урд хайцагны эвдэрсэн хаалт солих, автомашины цахилгааны гэмтэл зэрэг гэмтлийг засах зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн байдлаар 580000 /таван зуун наян мянга/ төгрөг байна.” гэх 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 63-65/,
-“Б.Э биед баруун нүдний зовхи, хүзүү, баруун, зүүн шилбэний цус хуралт, баруун, зүүн өвдөг, шилбэ, бүсэлхий нурууны зулгаралт тогтоогдлоо. Дээрх цус хуралт, зулгаралт нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 807 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 70/,
-“Хамрын таславчинд зүүн тал руу мурийлт үүссэн.” гэх “Саран-Элит” эмнэлгийн рентген оношлогооны хуудас, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 71-72/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд шүүгдэгч нь хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.
Шүүгдэгч О.М нь согтууруулах ундааны хэрэглэсэн үедээ 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Өвсөн цехийн хажууд иргэн Б.Э хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндэхийг завдаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч О.Мг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Эд 580000 төгрөгийн хохирол учирсан болох нь 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалтаар /хэргийн 63-65/ нотлогдож байх бөгөөд хохирогч Б.Эд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэж мэдүүлсэн /хэргийн 124/ байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч О.Мгээс гаргуулах төлбөргүй байна.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч О.М нь согтууруулах ундааны хэрэглэсэн үедээ 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Өвсөн цехийн хажууд иргэн Б.Э хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндэхийг завдаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч О.Мг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч О.М нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч О.М нь бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байх ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэр бүлээсээ ганцаараа ажил хийж, ар гэрээ тэжээн тэтгэдэг, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар тэнссэн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нь энэ хэрэгт 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нийт 2 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч О.Мг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндэхийг завдаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч О.Мг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт үүрэг болгосугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар шүүгдэгч О.Мд тэнссэн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч О.Мд анхааруулсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч О.М нь энэ хэрэгт 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нийт 2 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.ТУУЛ